Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 644

 

 

 2020         07           03                                   2020/ШЦТ/644     

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

           Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,   

Шүүгдэгч: Д.Х /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурлууд овгийн Д Хд холбогдох эрүүгийн 2009000000763 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд терсөн, 18 настай, зрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Шидэт шал” ХХК-нд бригадын дарга ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 33 дугаар гудамжны 1773 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Буурлууд овгийн Дэийн Х, /РД:П4/,

Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 578 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мариат гэх зочид буудалд иргэн Б.Баярмаатай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2009000000763 дугаартай хэргээс:

           Шүүгдэгч Д.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…намайг орон дээр хэвтэж байтал Баярмаа ирээд намайг ухаан алдчихаж гээд алгадаад байхаар нь би уурлаад маргалдаад тэгээд эвлэрээд нэг орон дээр хэвтсэн. Тэрнээс хойш яаснаа санахгүй байна. Маргааш нь Хосбат надад өчигдөр Баярмаа та хоёр хэвтэж байгаад Баярмаа орилсон Х намайг цохичхлоо гээд орилсон би босоод гэрэл асаасан чинь Баярмаагийн нүд нь хавдсан, хамраас нь цус гарсан чиний хамар бас бага зэрэг шалбарсан байхаар нь би чамайг яагаад эмэгтэй хүн цохиж байгаан вэ гэж хэлээд өрөөнөөс гаргах гэж ноцолдсон тэгээд буудлаас гарцгаасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 03-04 дүгээр хуудас/,

 

                 Хохирогч Б.Баярмаагийн "...Х миний нүд хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Би ухаан алдаж байгаа юм байна гэж бодоод хацар хэсэгт нь 1 гараараа олон удаа /яг хэдэн удаа хүрснээ санахгүй байна/ зөөлөн хүрсэн чинь босож ирээд намайг шууд цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар хуудас/,

 

                 Гэрч Б.Хосбатын “...Баярмаа орилоод Х миний нүдийг цохичихлоо гээд орилсон. Бид босоод гэрэл асаасан чинь Баярмаагийн нүд хавдсан хамарнаас нь бага зэрэг цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

                 Гэрч Б.Энхбатын “...Би сэрээд Хосбатаас тэд нарыг асуусан чинь Баярмаа Хг алгадаад тэр хоёр маргалдаад хэвтэж байгаад Х Баярмаагийн нүдийг цохиод тэд нар явсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №5274 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:  

            1. Б.Баярмаагийн эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 17-18 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мариат гэх зочид буудалд иргэн Б.Баярмаатай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Баярмаагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5274 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Хгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Д.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Хг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас” /хх-33 дугаар хуудас/-аар, хохирогч Б.Баярмаа нь хохиролд 2.000.000 төгрөг авсан ба шүүгдэгч Д.Хтэй эвлэрсэн талаар хүсэлтийг шүүхийн шатанд гаргаж өгсөн /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа. 

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн зүгээс гаргасан үйлдэл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Х нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч нь хохиролд 2.000.000 төгрөг авсан ба шүүгдэгч Д.Хтэй эвлэрсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Буурлууд овгийн Дэмчигийн Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг  шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв / сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

             5. Шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

             6.   Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

    7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН