Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2017/00151

 
     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-16-55 тоотод оршин суух Боржгон овгийн Ламжавын Энхбат /ГЮ70010216/-ийн хүсэлттэй

"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.Энхбат, гэрч Д.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Энхбат шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Энхбат миний бие нь 1995 онд Цагдаагийн байгууллагад орж өдийг хүртэл цагдаагаар тасралтгүй ажилласан. 1995 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаар тушаалаар 1995.06.25-ны өдрөөс 1995.10.01-ний өдрийг хүртэл УБҮ-ийн дэргэдэх цагдаагийн хэсгийн харъяа дотоод цэргийн харуулаар, 1995.10.01-ний өдрөөс 2014.05.14-нйи өдрийг хүртэл эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар ажиллаж байсан үеийн тушаал баримт олдохгүй байгаа тул намайг 1995.06-25-ны өдрөөс 1995.10.01-ний өдрийг хүртэл УБҮ-ийн дэргэдэх цагдаагийн хэсгийн харъяа дотоод цэргийн харуулаар, 1995.10.01-ний өдрөөс 2014.05.14-ний өдрийг хүртэл эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ламжавын Энхбат нь шүүхэд хандан “1995.06-25-ны өдрөөс 1995.10.01-ний өдрийг хүртэл УБҮ-ийн дэргэдэх цагдаагийн хэсгийн харъяа дотоод цэргийн харуулаар, 1995.10.01-ний өдрөөс 2014.05.14-ний өдрийг хүртэл эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.

Л.Энхбат нь “...1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар ажиллаж байсан...” гэж тайлбарласан.

Л.Энхбат нь 1995 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаартай Эрдэнэт хотын Цагдаагийн хэтсийн даргын тушаалаар 1995 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн УБҮ-ийн дэргэдэх Цагдаагийн хэсгийн харьяа Дотоодын цэргийн харуулаар томилж, дэд ахлагч цол олгосон болох нь дээрх тушаалаар нотлогдож байна.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2003 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 66 дугаартай тушаалд: ...УБҮ-ийн гэрээт цагдаагийн тасгийн цагдаа а/ч Л.Энхбатыг цагдаагийн ахлах ахлагч цолоор шагнасан, Цагдаагийн газрын даргын 1/90 дугаартай тушаалаар /хэргийн 26 дугаар хуудас/ Л.Энхбатыг 2006 оны 9 дүгээр сарын 11-ны өдрөөс УБҮ-ийн гэрээт Цагдаагийн хэсгийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс хэв журмын цагдаагаар шилжүүлэн томилжээ. Эндээс үзэхэд Л.Энхбатыг 2003 он болон 2006 оноос өмнө нь УБҮ-ийн гэрээт цагдаагийн тасагт ажиллаж байсан гэж үзэхээр байна.

Хэргийн 21 дүгээр хуудас дахь баримт нь хэзээний ямар тушаалын ямар хавсралт болох нь тодорхойгүй байна.

Л.Энхбатын хөдөлмөрийн дэвтэрт 1995 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар УБҮ-ийн Цагдаагийн хэлтсийн харьяа Дотоод цэргийн харуулаар томилж, 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн газрын даргын тушаалаар УБҮ-ийн Цагдаагийн хэлтсийн цагдаагаар томилсон, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагийн газрын хэв журмын цагдаагаар шилжүүлэн томилсон, 1995 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын хэв журмын цагдаагаар /эрүүлжүүлэх баривчлах байрны/ томилсон, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эрүүлжүүлэх байрны цагдаагаас чөлөөлж харуулын цагдаагаар шилжүүлсэн гэж бичигдсэн байна.

Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдлуудыг нотолсон тушаал шийдвэрүүдийг хэрэгт ирүүлээгүй, 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдөр УБҮ-ийн Цагдаагийн хэлтсийн цагдаагаар томилогдсон гэсэн боловч 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хэв журмын цагдаагаар шилжүүлэн томилсон, 1995 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын хэв журмын цагдаагаар /эрүүлжүүлэх баривчлах байрны/ томилсон гэж бичигдсэн байгаа нь зөвхөн 1995 оны 10 дугаар сард л гэхэд 3 тушаалаар өөрөөр хэлбэл, 10-нд эхэлж цагдаагаар томилчоод, 01-нд дахиад өөр газарт шилжүүлсэн нь ойлгомжгүй, мөн 04-нд дахин хэв журмын цагдаагаар томилсон, мөн Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 1/90 дугаартай тушаалаар Л.Энхбатыг 2006 оны 9 дүгээр сарын 11-ны өдрөөс УБҮ-ийн гэрээт Цагдаагийн хэсгийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс хэв журмын цагдаагаар шилжүүлэн томилсон нь нэхэмжлэгчийн тайлбараас зөрүүтэй, эргэлзээтэй байх ба хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийснийг нэхэмжлэгч өөрөө тайлбарласан.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Л.Энхбат нь 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар ажиллаж байсан болох нь гэрчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар нотлогдоогүй, 2003 оны 07 дугаар сарын 09-нд УБҮ-ийн гэрээт цагдаагийн тасгийн цагдаагаар ажиллаж байхдаа ахлах ахлагч цолоор шагнагдсан, 2006 оны 9 дүгээр сарын 11-ны өдрөөс УБҮ-ийн гэрээт Цагдаагийн хэсгийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс хэв журмын цагдаагаар шилжүүлэн томилсон нь Л.Энхбатын тайлбартай зөрүүтэй, нэхэмжлэгч нэхэмжлэлээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийгдсэн байх бөгөөд, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн зүйлүүд эргэлзээтэй, тэдгээрийг нотолсон баримтуудыг ирүүлээгүй тул Л.Энхбатын нэхэмжлэлийг нотлогдоогүй гэж үзнэ. Иймд Л.Энхбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                           

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар баримтлан Боржгон овгийн Ламжавын Энхбат /ГЮ70010216/-ыг “1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА