Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 0019

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Д.Пүрэвдагва

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, ........хамт Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр гудамжны  00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй,  урьд ял шийтгэлгүй, /РД:000000000/  И.М овогт Б.Б холбогдох эрүүгийн 1905043561269 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сод” хүнсний дэлгүүр дотор худалдагч Б.Бо- толгойн тус газар гараараа цохих, эд зүйл шидэж толгойг нь онох зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Хохирогчоос уучлал хүсэж хохиролд 305.000 төгрөг төлсөн гэв.

 

 

 

 

 

 

 

 

 

         Хавтаст хэргээс:

          Хохирогч Б.Бо- мөрдөн байцаалтанд: Би Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Со”д нэртэй дэлгүүрийг түрээслэж ажиллуулж байгаа юм. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай эхийг дэлгүүрт байх үед манай тэр хавьд амьдардаг гэх нэг үл таних залууд манай эх 16.500 төгрөгийн зээл өгөөд бичиг баримтыг нь аваад үлдсэн байсан. Гэтэл залуу орой 19-20 цагийн хооронд намайг дэлгүүртээ сууж байхад орж ирсэн. Тэгээд надаас дахин зээл авна гээд байхаар нь өмнөх авсан өрөө өг би чиний баримт бичгээр яах юм гээд хэлээд чамд зээл өгөхгүй гэхэд 20-30 минут орчим намайг шалгаагаад харааж зүхээд байсан. Тэгэхээр нь би чи яагаад хүн доромжлоод байгаа юм гээд нэг удаа гараараа зүүн хацар дээр нь алгадсан. Тэгсэн чинь текэн дээр байсан нэг шилтэй редбулл шүүрч аваад толгой дээр оночихсон.  Тэгснээ шууд гараа атгаад толгойн зүүн шанаа орчим нэг удаа цохисон. Тэгээд гарах гээд явахаар нь хөөе чи гээд цагдаа дуудсан чи байж бай гэтэл газраас нэг юм аваад шидсэн чинь манай дэлгүүрийн хаалгыг оночихсон. Тэгээд манай дэлгүүр шилэн вакум хаалга байсан тэр нь хагараад уначихсан. Би ойролцоо хэдэн хүүхэд явж байхаар нь наад хүнээ бариад ав гэхэд ална шүү гээд ойртуулахгүй байсан. Тэгээд нөгөө хүүхдүүд явсны дараа эргэж ирээд намайг гадаа хаалган дээрээ байж байхад цагдаа ирсэн.  Цагдаа нар явснаас хойш нөгөө залуу бичиг баримтаа авна гээд орж ирсэн. Тэгэхээр нь куртикнээс нь зуураад цагдаа руу гар утсаараа залгасан. Тэгээд цагдаа ирээд нөгөө залууг аваад явсан. /хх-ийн 30/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Бо- дахин байцаалтаар: Би өмнө нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Би хохирлын мөнгөө бэлнээр хүлээн авсан тул энэ хэрэг маргаантай холбоотой гомдол санал байхгүй. Миний хохирлыг барагдуулсан учир холбогдогчтой эвлэрсэн. /ххи-ийн 67/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 10 дугаар сарын 20-нд манай ажлын ойролцоо байдаг “Сод” дэлгүүрээс манай нэг найз ирээд хамт жаахан юм уух гээд иргэний үнэмлэхээ барьцаанд үлдээгээд 16500 төгрөгийн пиво, тамхи зээлээр авсан юм. Тэгээд орой 22 цагийн орчим дахиад юм авах гээд манай найз надад мөнгө зээл өгөх болоод би нөгөө дэлгүүрээс картаа нэмж үлдээгээд юм аваад мөнгөө орохоор нь буцаагаад авна гээд хэлсэн юм. Энэ үед нөгөө дэлгүүрийн худалдагч солигдсон өөр нэг арай залуу эмэгтэй байсан.  Тэгээд учир шалтгаанаа хэлэхэд өөдөөс архичин минь зайл энэ тэр гээд байсан тэгээд би өөдөөс нь уурлаад ганц нэг хараалын үг хэлсэн чинь миний нүүр рүү гараараа алгадсан. Тэгэхээр нь би уурлаад зөрүүлээд ширээн дээр нь байсан өрөөтэй эд зүйлээс аваад өөр рүү нь шидсэн. Гэтэл нөгөө эмэгтэй бараа зардаг хуйлаастай гялгар уут аваад намайг цохихоор нь би зөрүүлээд мөн ширээн дээр байсан жижиг шилтэй энергийн ундаа байсныг аваад  шидчихсэн. Гэтэл нөгөө эмэгтэйн толгой дээр нь оночихсон. Тэгтэл нөгөө эмэгтэй лангуугаа тойроод гараад ирэх гэхээр нь би гараад явсан. Нөгөө эмэгтэй ардаас элдвээр хараагаад байхаар нь эргэж ирээд орооч чи гэсэн намайг дээрэлхээд байгаарай энэ тэр гэсэн юм хэлээд байсан. Тэгэхээр нь газарт нэг лааз байхаар нь аваад шидчихсэн чинь хаалгыг нь оночихсон. Тэгээд байж байхад нөгөө эмэгтэй зөрөөд дэлгүүр орж байсан хэдэн залууг наадахаа бариад ав гээд байсан. Би зүгээр байгаарай гээд уурласан нөгөө хүмүүс над руу дайраагүй, би цаана ажил дээрээ байж байгаад гарч ирээд тамхи татаад байж байсан чинь нөгөө дэлгүүр дээр цагдаа ирчихсэн байхаар нь би очиж уулзаад мөнгө надад найз маань явуулсан байсан болохоор би очиж мөнгийг нь өгөөд учраа олох гээд очсон. Гэтэл намайг зодсон гээд цагдаад бариад өгсөн. Би Болор-Эрдэнийн хохирлыг барагдуулсан. /хх-ийн 38/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12873 дугаартай “Б.Бо- биед тархи доргилт, зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт,

 

“Хас үнэлгээ” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлангаар вакум цонхны үнэ 100.000 төгрөг /хх-ийн 23/,

шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод” хүнсний дэлгүүрт тус дэлгүүрийн худалдагч Б.Бо-тэй маргалдаж улмаар эд зүйл шидэж толгойг нь онож, мөн толгойн тус газар гараараа цохиж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бо-”... текэн дээр байсан нэг шилтэй редбулл шүүрч аваад толгой дээр оночихсон тэгээд шууд гараа атгаад толгойн зүүн шанаа орчим нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12873 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Б.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Б.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Б-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. И.М овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б-т мэдэгдсүгэй.

 

4. Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

 

            

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ