Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 0058

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Уад холбогдох эрүүгийн 1905044881241 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.У нь 2019 оны 10 дугаар сарын 20-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны 428 дугаар байрны гадна Б.Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, хүзүүг нь боож биед нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

мөн 2019 оны 11 дүгээр сарын 05-нд Баянгол дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр байрны орцонд Х.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж биед нь духанд зулгаралт хаван бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн.  Эгийн хохиролд 800.000 төгрөг өгсөн гэв.

 

        Хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Б.Г мөрдөн байцаалтанд: “Манай найз болох Төгөлдөрийн дүү Амкаг Ууганаа гэх залуу дарамталж дээрэлхээд байгаа.

Төгөлдөрийн найз охин Хуланг бас тэр Ууганаа гэдэг хүүхэд оролдоод байгаа гээд Төгөлдөр надад хэлж байсан юм. Тэгэхээр нь би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн үед найз Тэмүүлэн, Далай хоёрын хамт Ууганаа гэх хүүхэдтэй уулзахаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхонд очоод Ууганааг дуудаж орцонд нь уулзсан. Ууганаа гарч ирээд шууд Тэмүүлэн рүү дайрч “чи хэн юм бэ пизда минь, намайг дуудаж гаргаж ирдэг пизда минь” гэж хэлээд духан дээр нь тулаад байхаар нь би Ууганаагийн мөр рүү нь түлхээд холдуулаад “хөөе чи найзын найз охиныг яагаад байгаа юм бэ” гэж хэлээд болсон асуудлын талаар хэлсэн. Тэгсэн чинь “та нар ер нь юу юм бэ, гараад байж бай” гэж хэлээд гэртээ орж дээд талын куртикээ тайлж тавьчихаад гарч ирээд шууд Хулангийн гэр рүү нь орчихоод гараад ирсэн. Бид гурав гадаа нь хүлээж байсан ба гарч ирээд Тэмүүлэн бид хоёр руу дайраад “Тэр Төгөлдөр чинь хаана байна” гэж байснаа шууд халааснаасаа цаасны хутга гаргаж ирээд миний хоолойнд тулгаад хэл амаар доромжилохоор нь би “за больё” гэсэн чинь хоолойнд тулгаж байсан хутгаа аваад намайг тэвэрч авсанаа нуруунд хутгаа тулгаад нэг удаа урсан. Тэгж байснаа шууд намайг хананд тулгаад газар унагаагаад байж байсан чинь Ууганаагийн ээж нь гараад ирсэн чинь шууд цаасны хутгаа өөр тийшээ шидээд миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон. Миний нүд юм харж болохгүй байсан ба би сандал дээр суугаад байж байсан чинь Ууганаа дахиж хүрч ирээд  “наад нүд чинь яасан юм бэ” гэхээр нь би “хүрээд үзээрэй” гэсэн чинь миний толгой руу хоёр удаа дахиж цохисон. Тэгээд байж байсан чинь цагдаа нар ирээд Ууганаа бид хоёрыг авч явсан. Сүүлд Ууганаагийн ээж нь манай Хангай гээд найзыг нэг удаа алгадсан. Цагдаагийн машинд суугаад явж байхад Ууганаа надад хандаж “Би цагдаагийн газарт очоод үсрээд хоёр цаг болно. танай найзуудыг очиж байгаад бүгдийг нь ална, би цагдаа нарын ам уруу нь хэдэн цаас чихээд л гараад ирнэ, ахын дүү хэдэн төгрөг авмаар байна, чи тэрийг шийддэггүй юмаа, шүүх эмнэлэг шийддэг юм, сая төгрөг болох уу, манай ээж тэр хотхоны захирал би маргааш тэр хагалсан шилээ төлчихнө” гэж сүрдүүлсэн” /хх-ийн 48/ гэсэн мэдүүлэг

 

Насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэн мөрдөн байцаалтанд: “Би 2019 оны 10 сарын 20-ны өдөр би сургуулийнхаа аялалаас ирээд Олимп хороололд байдаг ахынхаа гэр рүү орж байсан чинь орцонд манай байрны Г, Далайцэрэн хоёр таараад уулзаад зогсож байсан чинь миний урьд нь харж байсан зүс мэдэх Ууганаа гэх банди гэрээсээ гарч ирээд намайг шатан дээр зогсож байхад миний дух руу духаа нийлүүлээд чи юу юм гээд байсан. Тэгсэн хажуу талаас манай найз Г, Ууганаагийн мөрнөөс татаад надаас холдуулахад Ууганаа за байж байгаарай гээд гэр рүүгээ орохоор нь бид гурав орцноос гараад хүүхдийн тоглоомны талбайн хажууд байж байсан чинь Ууганаа араас гарч ирээд куртикээ тайлж шидсэнээ над руу дахиж духаараа тулж дайраад дараа нь Г  дээр очиж заамдаж аваад газар унагаж дээр нь гарч суугаад хаанаас ч юм цаасны хутга гаргаж ирээд далайсан. Тэгэхэд Ууганаагийн ээж нь гэрээсээ  гараад ирсэн чинь  Ууганаа цаасны хутгаа хаяад Гийг нэд удаа цохиход ээж нь татаж салгаад гэр рүүгээ авч орсон. Тэгээд Г нүдээ бариад сандал дээр сууж байсан чинь Ууганаа гарандаа гинж ороож нэг давхарынхаа цонхны торыг урж гарч ирээд Гийг дахиад нэг удаа цохисон.  Ээж нь дахиж  гарч ирээд салгаад аваад орсон” /хх-ийн 61/ гэсэн мэдүүлэг,

           

            Насанд хүрээгүй гэрч Ц.Далайцэрэн мөрдөн байцаалтанд: “Би 2019 оны 10 сарын 20-ны өдөр би найз Хангайдаа нохойных нь эрүүл мэндийн дэвтрийг өгөх гэж Олимп хороололд очсон чинь Г, Тэмүүлэн хоёр саравчинд сууж байсан. Тэр хоёртой юм яриад байж байсан чинь тэр хорооллын Амка гэх жоохон хүүхэд намайг дээрэлхээд байна гэж хэлэхээр нь Г ах нь уулзъя хамт явъя гээд бид гурав орц руу нь ороод би 3 давхарт Хангайтай утсаар ярьж байгаад Г, Тэмүүлэн хоёр дээр очсон чинь Г миний урд нь харж байсан нэрийг нь мэдэхгүй нэг хүүхдийг мөр рүү нь түлхэж байсан. Тэгсэн мөр рүүгээ түлхүүлсэн хүүхэд за та гурав байж байгаарай гээд байрнаасаа гараад өөр орц руу орсон. Тэгээд бид нар орцноос нь гараад зогсож байсан чинь тэр хүүхэд дахиж гарч ирээд Гыг заамдаж авч дагуулж яваад “Сувд” салоны ард очоод газар унагаагаад цаасны хутга гаргаж ирж хүзүүнд нь тулгаад та нар намайг гэрээс дуудаж гаргаж ирдэг яасан том юм бэ? Гээд орилоод байсан. Тэр үед Тэмүүлэн салгах гээд очсон чинь ойртвол ална шүү гээд цаасны хутгаараа Тэмүүлэн рүү хойшоо савсан чинь  хоолойных нь урдуур зөрж өнгөрөхөөр нь би хамгаалагчид нь очиж хэлсэн чинь хамгаалагч нар нь бид нар сонссон гээд очихгүй байсан. Би эргээд тэд нар дээр очсон чинь Гын нүд нь хөхөрчихсөн цаасны хутгатай байсан хүүхдийн ээж нь салгаад хүүхдээ гэр рүүгээ авч орж байсан. Тэгээд бид нар сандал дээр суугаад байж байсан чинь нөгөө хүүхэд чинь дахиж гартаа гинж ороож цонхоороо гарч ирээд наад нүд чинь тэгээд яасан юм бэ “ гэж Гоос асуусан. Тэгсэн чинь Г уурлаад надад дахиж битгий хүрээрэй гэсэн чинь дахиад хацар руу нь хоёр удаа цохисон. Удаагүй ээж нь гарч ирж тэр хүүхдийг салгаад гэр рүүгээ авч орох үед тэр хүүхэд орцныхоо хаалганы цонхыг хагалаад орсон” /хх-ийн 64/ гэсэн мэдүүлэг

 

Насанд хүрээгүй гэрч А.Хангай мөрдөн байцаалтанд: “...манай байрны хүүхдүүд бужигналдчихсан байхаар нь юу болсоныг хүүхдүүдээс асуусан чинь Гыг Ууганаа гэх хүүхэд цохисон гэж хэлсэн. Тэгээд би байрныхаа хүүхдүүд болон Тэмүүлэнгээс юу болсон талаар дэлгэрүүлж асуугаад хамт зогсож байсан чинь Ууганаа гэх хүүхэд цаанаас ууртай ирээд Гыг 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Тэр үед ээж нь гарч ирээд Ууганааг алгадаад дагуулаад гэр рүүгээ орсон, Тэгсэн орцны хаалганы шил тас тас гээд хагарах шиг чимээ гарахаар нь би харсан чинь шил нь хагарсан байсан. Тэгээд би Г, Тэмүүлэн хоёртой байж байсан чинь Ууганаа гэрийнхээ нэг давхарын цонхыг нээгээд шумуулны торыг нь эвдэж гарч ирснээ дахиад Г руу чиглээд алхахаар нь би болиулах гээд урдуур нь орсон чинь тэр Ууганаа гэх хүүхэд миний нохойг өшиглөхөөр нь би уурлаад тэр хүүхдийг нэг удаа цохисон. Тэгсэн чинь тэр Ууганаагийн ээж нь гарч  ирээд хүүхдээ дагуулаад гэртээ орсон” /хх-ийн 67/ гэсэн мэдүүлэг,

 

Э.У мөрдөн байцаалтанд: “2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн үед би гэртээ хоолоо хийгээд байж байсан чинь хаалга тогшихоор нь очоод нээж өгсөн чинь манай байрны хоёр жаахан хүүхэд байсан ба “Таныг Баагий ах дуудаж байна” гэхээр нь би ээжид гарч Баагийтай уулзчихаад ирье гэж хэлээд гарсан чинь нэг давхарт нэг үл таних гурван залуу байсан. Тэгээд би очоод юу болсон талаар асуусан чинь “Чи хэн юм бэ, чи яагаад найзын найз охин Хулантай яваад байгаа юм бэ, чи Хулангийн юу юм бэ” гэхээр нь би Хулангийн сайн найз нь байна, та нар надтай Хуланг бол хардахгүй шүү” гэж хэлсэн. Би тэндээс гараад Хулантай уулзахаар түүний 430 дугаар байрны 1-р орцны 10 давхарт  Хулангийн гэрт нь очиж уулзаад “Найз бандийнхаа дугаарыг өгдөө” гэж хэлсэн чинь найз бандийнхаа дугаарыг өгөөд би тэр залуутай нь утсаар ярьсан. Би тэр залууд “Чи хурдан хүрээд ирээ, би нэг найзыг чинь зодчихсон шүү, чамд ирэх 5 минут байна шүү” гэж хэлсэн. Тэгж хэлчихээд гадаа гараад ирсэн чинь нөгөө гурван хүүхэд чинь гараад ирсэн байсан ба би очоод “За юу болсон юм бэ, яасан юм бэ, та нар надтай Хуланг хардаад байгаа юм уу гэсэн чинь “Тийн, чи ямар том юм бэ” гэж хэлэхээр нь би “Тэгвэл энэ байрны арагшаа орье гэж хэлээд бид нар явцгаасан. Би Хулангийн гэрээс асуудал буруугаар эргэх юм бол ашиглана гэж бодоод улаан иштэй цаасны хутга бариад гараад ирсэн юм. Тэгээд манай хотхоны “Цагаан сувд” нэртэй салоны үүдэнд тэр гурван залуу над руу дайрахаар нь цаасны хутгаа гаргаж ирээд өөрийгөө хамгаалсан ба нэг залуу нь миний гар руу цохиод цаасны хутгаа алдчихсан. Тэгэхээр нь би нэг залууг нь барьж аваад боож байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь ээж хүрч ирээд салгасан ба ээж намайг аваад гэр рүү орсон. Би буцаж гэрийнхээ цонхоор гадагшаа гарсан чинь Хангай гэх манай найз ирчихсэн байсан ба тэр гурван залууг өмөөрөөд надтай маргалдаад миний нүүр рүү нэг удаа цохиод авсан. Миний хамарнаас маш их цус гарсан ба миний уур хүрээд би гэр руугаа орж байхдаа би орцны хаалганы шилийг баруун талын гараараа нэг удаа цохиж хагалчихаад цаашаа гэр рүүгээ орсон. Тэгээд цусаа цэвэрлэчихээд дахиж гарахад Г сандал дээр сууж байхаар нь би өмдөндөө зүүдэг гинжийг гартаа ороож байгаад дахиад нэг удаа хацрыг нь хальт шүргэж цохиод өнгөрсөн чинь тэнд байсан хүмүүс салгасан. Удаагүй цагдаа ирсэн” /хх-ийн 57-58/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12694 дугаартай “Б.Гын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 69/

 

Насанд хүрээгүй хохирогч Х.Э мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би хичээлээ тараад шийдэн дээр очиж сагс тоглох гэж байтал үл таних нэг өндөр эрээн өнгийн подволктой ах миний цамцны малгайнаас татаад 1-р байрны орц руу оруулаад 3 давхарт гаргаад намайг ханатай хавсарч алгадсан. Би манараад доошоо суусан чинь миний элэг рүү баруун гараараа нэг удаа цохиод эрүүнээс барьчихаад алалцая гээд байсан. Тэгээд тэр ах орцны шатаар буухаар нь би араас нь дагаад буутал над руу эргэж харсанаа миний дух руу гараараа хүчтэй цохисон. Би газар унаад босож ирээд зугтаатал дахиад намайг барьж аваад найзуудаа бүгдийг нь дууд ална шүү гээд байсан...Манай найз Анужин гэж охин файсбүүкийн нэг групп чат нээсэн байсан. Намайг яагаад тэр чатанд нэмсэнийг мэдэхгүй нэг мэдсэн намайг нэмсэн байсан. Тэр чатанд Ууганаа гэж хүн та нарыг бүгдийг чинь зодно гэсэн байхаар нь би алалцая гээд бичсэн тэрнээс болж намайг зодсон байх.  Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна.  Энэ гэмтлийг У гэх ах миний биед учруулсан. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна” /хх-ийн 9/ гэсэн мэдүүлэг,

 

Э.У мөрдөн байцаалтанд:” Би энэ гэмтлийг Эд учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Эг 13 дугаар сургуулийн хажуу талын 9 давхар цагаан байрны орцны 6 давхарт гаргаж байгаад Эгийн нүүр рүү нэг удаа цохисноос болж энэ гэмтэл учирсан. /хх-ийн 14/

...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай хэсэг таньдаг хүүхдүүдийн чатанд миний зүс таних Э гэх хүүхэд чамтай алалцъя сургууль дээр хүрээд ир гэсэн байсан. Тэгэхээр нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар сургууль дээр 13 цагийн орчимд очоод Этэй уулзаад Эг дагуулаад 13 дугаар сургуулийн зүүн талд байрлах байрны орц руу ороод 3 давхарт гаргаад чи надтай алалцъя гэсэн үү одоо алалцъя гэж хэлээд би эхлээд нэг удаа Эг алгадсан чинь Э доошоо газар суусан. Би шатаар доошоо буух гэтэл Э миний араас явах гэхээр нь би эргэж хараад Эгийн дух руу нь гараараа нэг удаа хүчтэй цохичихоод доошоо буусан” /хх-ийн 33/ гэсэн мэдүүлэг,

     

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13469 дугаартай “Х.Эгийн биед духанд зулгаралт хавантай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 18/

Х.Эгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 11/

Хохиролтой холбогдох 240.000 төгрөгийн баримтууд /хх-ийн 24-25/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Э.Уын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Нэг. Шүүгдэгч Э.У 2019 оны 10 дугаар сарын 20-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны 428 дугаар байрны гадна Б.Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, хүзүүг нь боож биед нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:       

насанд хүрээгүй хохирогч Б.Гын”... Ууганаа халааснаасаа цаасны хутга гаргаж ирээд миний хоолойнд тулгаад хэл амаар доромжилохоор нь би “за больё” гэсэн чинь хоолойнд тулгаж байсан хутгаа аваад намайг тэвэрч авсанаа нуруунд хутгаа тулгаад нэг удаа урсан...миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон...Ууганаа дахиж хүрч ирээд  “наад нүд чинь яасан юм бэ” гэхээр нь би “хүрээд үзээрэй” гэсэн чинь миний толгой руу хоёр удаа дахиж цохисон...” /хх-ийн 48/, насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэнгийн”...Ууганаа араас гарч ирээд...Г  дээр очиж заамдаж аваад газар унагаж дээр нь гарч суугаад хаанаас ч юм цаасны хутга гаргаж ирээд далайсан...Г нүдээ бариад сандал дээр сууж байсан чинь Ууганаа гарандаа гинж ороож нэг давхарынхаа цонхны торыг урж гарч ирээд Гыг дахиад нэг удаа цохисон...” /хх-ийн 61/, насанд хүрээгүй гэрч Ц.Далайцэрэнгийн”...тэр хүүхэд дахиж гарч ирээд Гыг заамдаж авч дагуулж яваад “Сувд” салоны ард очоод газар унагаагаад цаасны хутга гаргаж ирж хүзүүнд нь тулгаад та нар намайг гэрээс дуудаж гаргаж ирдэг яасан том юм бэ гээд орилоод байсан...би эргээд тэд нар дээр очсон чинь Гын нүд нь хөхөрчихсөн...дахиад хацар руу нь хоёр удаа цохисон...” /хх-ийн 64/, насанд хүрээгүй гэрч А.Хангайн “... Ууганаа гэх хүүхэд цаанаас ууртай ирээд Гыг 2-3 удаа нүүр рүү нь цохисон...” /хх-ийн 67/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн  Э.Уын “...Би Хулангийн гэрээс асуудал буруугаар эргэх юм бол ашиглана гэж бодоод улаан иштэй цаасны хутга бариад гараад ирсэн юм. Тэгээд манай хотхоны “Цагаан сувд” нэртэй салоны үүдэнд тэр гурван залуу над руу дайрахаар нь цаасны хутгаа гаргаж ирээд өөрийгөө хамгаалсан ба нэг залуу нь миний гар руу цохиод цаасны хутгаа алдчихсан. Тэгэхээр нь би нэг залууг нь барьж аваад боож байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон...Г сандал дээр сууж байхаар нь би өмдөндөө зүүдэг гинжийг гартаа ороож байгаад дахиад нэг удаа хацрыг нь хальт шүргэж цохиод өнгөрсөн чинь тэнд байсан хүмүүс салгасан...” /хх-ийн 57-58/ гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12694 дугаартай дүгнэлт /хх-ийн 69/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хоёр. Шүүгдэгч Э.У 2019 оны 11 дүгээр сарын 05-нд Баянгол дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр байрны орцонд Х.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж духанд зулгаралт хаван бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Х.Эгийн”... намайг ханатай хавсарч алгадсан би манараад доошоо суусан чинь миний элэг рүү баруун гараараа нэг удаа цохиод эрүүнээс барьчихаад алалцая гээд байсан.  Тэгээд тэр ах орцны шатаар буухаар нь би араас нь дагаад буутал над руу эргэж харсанаа миний дух руу гараараа хүчтэй цохисон. Би газар уначихаад босож ирээд зугтаатал дахиад намайг барьж аваад найзуудаа бүгдийг нь дууд ална шүү гээд байсан...” /хх-ийн 9/ гэсэн мэдүүлэг болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Э.Уын“...би эхлээд нэг удаа Эг алгадсан чинь Э доошоо газар суусан би шатаар доошоо буух гэтэл Э миний араас явах гэхээр нь би эргэж хараад Эгийн дух руу нь гараараа нэг удаа хүчтэй цохичихоод доошоо буусан...” /хх-ийн 33/ гэсэн мэдүүлэг,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13469 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/, хохиролтой холбогдох 240.000 төгрөгийн баримтууд /хх-ийн 24-25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Э.У насанд хүрээгүй Х.Э, Б.Г нарын бие махбодид халдаж тэдгээрийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Э.Уад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Э.Уыг “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Э.Уыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүрэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохиролын тухайд насанд хүрээгүй хохирогч Б.Г түүний хууль ёсны төлөөлөгч нар хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбогдох баримт хэрэгт гаргаагүй байна.

Насанд хүрээгүй хохирогч Х.Эгийн хохиролтой холбогдох 240.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх ба шүүгдэгч Э.Уын ар гэрээс  800.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт хэрэгт хавсаргагдсаныг үндэслэн Э.Уыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.Уыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Э.Уад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирогч Х.Эгийн хохиролыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Э.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болон хувийн байдал зэргийг харгалзаж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг Э.Уад мэдэгдсүгэй.

 

4. Э.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Уад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ