Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2017/00158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: “Олон зам” ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 2-76 тоотод оршин суух Зээрд адуу овгийн Ням-Осорын Сүхбаатар /ЕП42020611/-т холбогдох

“3 475 122 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Пүрэвдорж, хариуцагч Н.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Олон зам” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компанийн нэр дээр “Хрозопроз” ХХК-ий захирал Н.Сүхбаатар Шанд, Даваат багийн ажлын байр засварлахаар №БӨ2014/25 тоот гэрээ байгуулан засварын хөлс болох 17 375 612 төгрөгийг манай кампанийн Төрийн банкин дахь 130400402616 тоот дансаар авч ашигласан бөгөөд одоо ажлын гүйцэтгэл санхүүгийн нотлох баримт болон НӨАТ-ыг төлөхгүй байна. Хуульд заасны дагуу тооцож үзэхэд НӨАТ 1 737 561.2 төгрөг, ААНОАТ мөн 1 737 561.2 төгрөг нийт 3 475 122.4 төгрөгийг бид Н.Сүхбаатараас удаа дараа шаардаж байгаа боловч хохирлыг барагдуулж өгөхгүй байна. Иймд компанийн хохирол болох 3 475 122.4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Олон зам” ХХК-ний гүйцэтгэх захирал М.Пүрэвдорж захирал Г.Базарсүрэн бид 3 ярьж тохиролцсон нь М.Пүрэвдорж ажил байвал хамтарч хийе гэсэн санал тавьсан. Би болох юм гэж хариулсан. Манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан. Энэ үед Шанд, Даваат багийн ажлын байрны засварын ажлын тендер зарлагдсан. Бид хамтарч ярилцаад 17.365.612 төгрөгийн төсөвт өртөгтэй засварын ажил хийхээр тендерт оролцож шалгарч уул ажлыг хийхээр 2014 оны 09-р сарын 28-ний өдөр 14-А-42 тоот гэрээ байгуулж уг ажлыг гэрээт хугацаанд нь дуусгаж хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд 2 удаа санхүүжилт хийгдсэн. Гүйцэтгэгч “Олон зам” ХХК-ний 130400402616 тоот дансанд 2014 оны 10-р сарын 08-нд 13.892.000 төгрөг шилжиж ирсний 1572094 төгрөгийг НӨАТ-т авч үлдсэн. 2014 оны 12-р сарын 25-нд 3.133.113 төгрөг шилжсэн үүнээс хэдийг авч үлдсэнийг мэдэхгүй байна. Нэхэмжлэл дээр данс ашигласан гэсэн байна. Би хүний дансыг ашиглаж мөнгө луйвардаагүй. Энэ маш их муухай үг шүү. Ажлын гүйцэтгэл, санхүүгийн нотлох баримт болон НӨАТ төлөхгүй байна. Ажлын гүйцэтгэлгүйгээр санхүүжилт хийгдэнэ гэж байхгүй шүү дээ. НӨАТ төлөгдсөн гэж юу яриад байгааг би ойлгохгүй юм. ААНОАТ-ын тухай бид ерөөсөө яриагүй. Гэрээнд ч дурьдагдаагүй, гэхдээ би М.Пүрэвдоржид үйлчилгээний төвд байдаг Төрийн банкнаас санхүүжилтээ аваад үйлчилгээний төвийн арын машины зогсоол дээр байсан Базарсүрэнгийн машинд орж суугаад 1,0 сая төгрөг бэлнээр тоолж өгсөн. Авсан. За одоо өөр яриа байна уу? гэж надыг асуухад одоо яриа байхгүй гэж салж явчихаад 2,7 жилийн дараа ийм юм ярьж явааг би ойлгохгүй байна. Миний нэр төр, бизнесийн нэр хүндэд бүдүүлэг хандсан учир нэр төрөө сэргээлгэнэ гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Олон зам” ХХК нь хариуцагч Н.Сүхбаатарт холбогдуулан “3 475 122 төгрөг гаргуула”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.

“Олон зам” ХХК-ийн захирал гэх Г.Базарсүрэн нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргатай 14-А-42 тоот гэрээ байгуулан  Шанд, Даваат багийн офиссийн засварын ажлыг хийхээр гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээний дагуу гүйцэтгэлийн ажлыг Н.Сүхбаатар хийж гүйцэтгэсэнтэй талууд маргаагүй.

Хариуцагч, “...бид хамтарч ярилцаад 17.365.612 төгрөгийн төсөвт өртөгтэй засварын ажил хийхээр тендерт оролцож шалгарч уул ажлыг хийхээр 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 14-А-42 тоот гэрээ байгуулж уг ажлыг гэрээт хугацаанд нь дуусгаж хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд 2 удаа санхүүжилт хийгдсэн. Гүйцэтгэгч “Олон зам” ХХК-ийн 130400402616 тоот дансанд 2014 оны 10 дугаар сарын 08-нд 13.892.000 төгрөг шилжиж ирсний 1 572 094 төгрөгийг НӨАТ-т авч үлдсэн, ...ажлын гүйцэтгэл, санхүүгийн нотлох баримт болон НӨАТ төлөхгүй байна. Ажлын гүйцэтгэлгүйгээр санхүүжилт хийгдэнэ гэж байхгүй шүү дээ. НӨАТ төлөгдсөн гэж юу яриад байгааг би ойлгохгүй юм. ААНОАТ-ын тухай бид ерөөсөө яриагүй. Гэрээнд ч дурьдагдаагүй. Гэхдээ би М.Пүрэвдоржид Базарсүрэнгийн машинд орж суугаад 1,0 сая төгрөг бэлнээр тоолж өгсөн... за одоо өөр яриа байна уу? гэхэд одоо яриа байхгүй гэж салж явчихаад 2,7 жилийн дараа ийм юм ярьж явааг би ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хэргийн 7 дугаар хуудас дахь Төрийн банкны “Олон зам” ХХК-ийн дансны хуулгаар 2014 оны 10 дугаар сарын 08-нд “Олон зам” ХХК-ийн дансанд 14-а-42 тоот гэрээ гээд 13 892 000 төгрөг орж ирсэн байх ба түүнээс зарлагаар 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 592 000 төгрөгийг гаргасан байна. Энэ нь хариуцагчийн, эхний 13 892 000 төгрөгийн санхүүжилтээс 1 572 294 40 төгрөгийг дансандаа үлдээсэн гэсэн тайлбараар давхар нотлогдож байна.

Харин сүүлийн орлого буюу 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3 133 113 төгрөг “Олон зам” ХХК-ийн дансаар орж /14-а-42 тоот гэрээ гэж/ зарлагаар 3 133 000 төгрөг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Базарсүрэнгээр гарсан болох нь харагдаж байна. 

Гэсэн хэдий ч М.Пүрэвдорж, Г.Базарсүрэн нар нь өөрийсдийнхөө хүсэл сонирхолын дагуу өөрийнхөө компанийн нэрийн өмнөөс Н.Сүхбаатартай тохиролцож тухайн ажлыг хийхээр Баян-Өндөр сумын засаг даргатай гэрээ байгуулсан байх ба зохигчид ААНОАТ-ыг яах талаараа тохиролцоогүй, энэ талаар гэрээндээ ч тусгаагүй байна.

Түүнчлэн “Олон зам” ХХК нь дээрх маргаж буй үйл баримтын талаархи ААНОАТ болон НӨАТ-ын талаарх баримтуудаа шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн  492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Олон зам” ХХК-ий Н.Сүхбаатараас 3 475 122 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 552 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА