Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2017/00166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 5-р хороо Үндсэн хуулийн гудамж 7 тоот “Си би Эйч Кейр” ХХК-ий нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг 16-11 тоотод оршин суух Ар гөрөөчин овгийн Ганзүрхийн Мөнх-Эрдэнэ /ГБ89121512/-д холбогдох,

“9 367 695 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхсувд, Д.Тогтохбаяр, хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Си би эйч кейр” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Мөнх-Эрдэнэ нь №14/18 дугаартай “Борлуулагчийн гэрээ’'-г байгуулан 2014 оны 09 сарын 19 -ны өдрөөс эхлэн “Си би эйч кэйр” ХХК-н Орхон аймаг дахь салбарт борлуулагчаар ажиллаж байсан болно. Гэрээний дагуу борлуулагч нь компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг хийж гүйцэтгэх, компани хөлс төлөхөөр харилцан тохиролцож, борлуулагч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон: Улсын бүртгэлийн Г-2101004920 дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Уртын голын 3-р гудамжны 32 тоот 630 м.кв талбай бүхий газар, Улсын бүртгэлийн Ү-2101012588 дугаарт бүртгэгдсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Уртын голын 3-р гудамжны 32 тоотод орших 63 м.кв талбайтай хувийн орон сууцыг тус тус барьцаалуулсан. Г.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 03 дугаар сард 488.255, 4 дүгээр сард 3.747.435, 5 дугаар сард 232.265 төгрөг, нийт 4.467.955 төгрөгний бараа, бэлэн мөнгөөр 4 дүгээр сард 645.605, 5 дугаар сард 343.540 төгрөг, нийт 989.075, зээлээр 1.875.510 бүгд 6.868.010 төгрөгний бараа, бэлэн мөнгөний өр, зөрчилтэй байсныг нь компанийн дотоод аудитын шалгалтаар тогтоосон юм. Г.Мөнх-Эрдэнээс түүнтэй байгуулсан “Борлуулагчийн гэрээ”-ний 3.8 болон 3.12 дахь хэсэгт заасныг, мөн тус компанийн нягтлангийн тооцож гаргасан тооцоог тус тус үндэслэн: 1. Дутаасан бараа, бэлэн мөнгө болох 6.468.084 төгрөг, 2. зээлийн өр төлбөр 550.250 төгрөг, 3. алданги. 1.649.361 төгрөг, 4. Хууль зүйн туслалцаа хүсэж өмгөөлөгчид төлсөн хөлс 700 000 төгрөг, бүгд 9.367.695 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дээр дурьдсан барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд дээр тайлбарлахдаа: “Си би Эйч Кейр” ХХК-ий нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ би дараах тайлбарыг гаргаж байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэл гаргах үндэслэл болсон аудитын шалгалт тайлан үндэслэлгүй гарсан гэж өмнө нь тухайн компанид 2015.05.11-нд өргөдөл өгч байсан тэгэхэд өргөдлийг хүлээн авч хөндлөнгийн аудит хийлгэж асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлээд одоо болтол чимээгүй байна. Тухайн аудитын дүгнэлт нь намайг бараа дутаасан гэж үзэж байна. Би Бадамцэцэгээс бараа авч дэлгүүрт өгдөг. Тэр хооронд ямар ч дутагдал гаргаж байгаагүй. Харин Бадамцэцэг миний гарын үсгийг дуурайлган зурж тоог засаж компанитай тооцоо хийдэг байснаас энэ дутагдал гарсан гэж үзэж байна. Үүнийг одоо болтол шалгаж тогтоож өгөөгүй би дунд нь хохирч байгаа юм. Тиймээс аудитын шалгалтын материал доторхи 2015.04.14-ний бараа шилжүүлэх баримт дахь гарын үсэг, мөн тооллогын эх хувийн материалд засвар хийсэн зэрэг Бадамцэцэгийн хууль бус үйлдлүүд байдаг. Миний хувьд зээлийн 550 250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Си би эйч кейр” ХХК нь Г.Мөнх-Эрдэнэд холбогдуулан “9 367 695 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлээс зээлийн 550 250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад хэсгээс нь татгалзсан. Шүүх нэхэмжлэлийг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.        

            Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хэргийн 10-17 дугаар хуудас дахь Дотоод аудитын шалгалтын тайлан, ерөнхий нягтлан бодогч Э.Ариунжаргалын “борлуулагч нарын өр төлбөр” гэсэн тооцоонд үндэслэсэн.

            Хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ нь 2014 оны 09 дүгээр сарын 19-нөөс, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл “Си би эйч кейр” ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн 4 дүгээр хуудас дахь “борлуулагчийн гэрээ”, хэргийн 190 дүгээр хуудас дахь Г.Мөнх-Эрдэнэтэй байгуулсан гэрээг цуцалсан “Си би эйч кейр” ХХК-ийн захиралын 6042 дугаартай тушаал, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.  

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа ...Г.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 03 дугаар сард 488 255 төгрөг, 4 дүгээр сард 3 747 435 төгрөг, 5 дугаар сард 232 265 төгрөг, нийт 4 467 955 төгрөгний бараа, бэлэн мөнгөөр 4 дүгээр сард 645 605 төгрөг, 5 дугаар сард 343 540 төгрөг, нийт 989 075 төгрөг, зээлээр 1 875 510 төгрөг бүгд 6 868 010 төгрөгний бараа, бэлэн мөнгөний өр, зөрчилтэй байсныг нь компанийн дотоод аудитын шалгалтаар тогтоосон. Иймд  “Борлуулагчийн гэрээ”-ний 3.8 болон 3.12 дахь хэсэг, компанийн нягтлангийн тооцож гаргасан тооцоог үндэслэн дутаасан бараа, бэлэн мөнгө болох 6 468 084 төгрөг,  зээлийн өр төлбөр 550 250 төгрөг, алданги 1 649 361 төгрөг, Хууль зүйн туслалцаа хүсэж өмгөөлөгчид төлсөн хөлс 700 000 төгрөг, бүгд 9.367.695 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

          Хариуцагч нь Дотоод аудитын шалгалтын тайланг хүлээн зөвшөөрөхгүй, дээрх тайлан тооцоог үндэслэн гаргасан зарим нэг баримтуудад гарын үсгийн шинжилгээ хийлгүүлсэн. Гарын үсгийн шинжилгээгээр хариуцагч Г.Мөнх-Эрдэнийн гарын үсэг зарим нэг баримт дээр зурагдаагүй, өөрөөр хэлбэл Г.Мөнх-Эрдэнийн гарын үсгийг дуурайлган хуурамч гарын үсэг зурсан болох нь нотлогдсон.

            Тиймээс нэхэмжлэгчийн, “Дотоод аудитын шалгалтын тайлан”, ерөнхий нягтлан бодогчийн “борлуулагч нарын өр төлбөр”-ийн тооцоонд үндэслэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн нотолсон гэж үзэх боломжгүй байна.

            Дотоод аудитын шалгалтын тайлан нь бараа шилжүүлэх зөвшөөрөл, сар бүрийн тооллогын баримтуудад үндэслэсэн байх бөгөөд эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан дахин нотлохгүй баримтууд биш, зөвхөн нэхэмжлэгч байгууллагын гаргасан тооцоо, дүгнэлтүүд юм.

            Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.01.04-ний өдрийн 7159 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Г.Мөнх-Эрдэнийн гарын үсэг зарим баримтанд зурагдаагүй байхад түүний гарын үсгээр бараа бүтээгдэхүүн хүлээн авсан гэж тус компанийн тооллого тооцоонд оруулсан нь Дотоод аудитын шалгалтын дүнг эргэлзээ бүхий байдал үүсгэхэд хүргэж байна.     

            Иймд “Дотоод аудитын шалгалтын тайлан”, ерөнхий нягтлан бодогчийн “борлуулагч нарын өр төлбөр”-ийн тооцоонд үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

            Мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа хүссэн гэж 700 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд өмгөөлөгчийг хэн нэг этгээд өөрийнхөө хүсэл сонирхол, сайн дурын үндсэн дээр авдаг тул өмгөөлөгчийн хөлсийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзалын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан үүргээ нэхэмжлэгчийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

            Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 550 250 төгрөгийг Г.Мөнх-Эрдэнээс гаргуулан “Си би эйч кейр” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8 817 445 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Хэрэгт хариуцагчийн хүсэлтээр Г.Мөнх-Эрдэнийн нийгмийн даатгалын дэвтэрийг гаргаж ирүүлсэн бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагчид нийгмийн даатгалын дэвтэрийг нь өгнө гэсэн тул уг дэвтэрийг хариуцагчид олгохоор заав.       

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 833 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 17 157 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Мөнх-Эрдэнээс 550 250 төгрөгийг гаргуулан “Си би эйч кейр” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8 817 445 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 164 833 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөнх-Эрдэнээс 17 157 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хэрэгт хариуцагчийн хүсэлтээр, нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн Г.Мөнх-Эрдэнийн нийгмийн даатгалын дэвтэрийг хариуцагч Г.Мөнх-Эрдэнэд олгосугай.              

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА