Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 611

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч О.Б, Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

1. Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод  төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 0, эх, дүү, охины хамт Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар 0, хөнгөн хүнсний 0 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 242 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 267 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 202 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 242 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 01 дүгээр сарын 06-нд хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 5 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2004 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 8 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт эдлэх ялыг 8 жил 6 сарын хорих ялаар тогтоож, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2228 дугаар тогтоолоор 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 26 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 349 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар LG LU6800 маркийн гар утсыг хурааж, 10 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хуулийн тэгштгэлээр суллагдсан, /РД:00000000/ З овогт Д.М.

 

2. Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Зүүн Нарангийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын Сум дундын шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 02 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 01 жил 5 сар 11 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД:0000000/ Ц овогт О.Б нарт холбогдох эрүүгийн 2005018771089 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.М, О.Б нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө-1 кинотеатрын автобусны буудлын орчим хохирогч Б.А- автобусанд суух үед нь цүнхнээс нь хэтэвчтэй бичиг баримт, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 647.381 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч  Д.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.А- мөрдөн байцаалтанд: “2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн орчим Өргөө кино театрын автобусны буудлаас автобусанд суугаад 3, 4 дүгээр хорооллын эцэст автобуснаас буугаад цүнхээ үзтэл цахилгаан нь онгорхой байсан. Тэгээд цүнхэн доторхи эд зүйлээ бүртгэхэд түрүүвчтэй 600.000 орчим мянган төгрөг алдагдсан байсан. Миний түрүүвчинд бэлэн 600.000 орчим төгрөг, иргэний үнэмлэх, банкны карт зэрэг байсан. ...автобус их хүнтэй байсан, би арай гэж багтаж, их шахцалдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/,

 

Гэрч Б.Б- мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр манай найз О.Б намайг дуудаад хоол хийж идье гэсэн. ...намайг Өргөө кино театрын автобусны буудлын тэнд очиход Д.М- байхгүй байсан ба Б-уулзаж байсан чинь Д.М- цаанаас гараад ирсэн. Тэр үед нэг автобус хүмүүсээ шилжүүлээд суулгаж байсан чинь О.Б, Д.М- хоёр автобус руу гүйгээд орчихсон. Тэгээд би яасныг нь мэдээгүй хүлээгээд сууж байсан чинь утас дуугараад намайг цагдаа дээр хүрээд ир гэж О.Б дуудсан. Очиход түрүүвч хулгайлчихсан гэж байсан. ...Би тэр хоёрыг түрүүвч хулгайлах үед нь хамтран оролцоогүй. Би хулгай хийсэн гэдгийг нь мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,

Damno хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “6.47.381 төгрөгөөр үнэлэгдсэн” байна.  /хх-ийн 21-22/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23-24/,

 

Яллагдагчаар Д.М мөрдөн байцаалтанд: “2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би Б-утсаар яриад Өргөө дээр хүрээд ирээч гээд дуудсан. Тэгээд 12 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын буудал дээр очиж уулзахад О.Б, Б- нар хамт байсан. Тэгээд бид гурав автобусны буудал дээр байж байхад нэг автобус эвдэрсэн зогсож байхад өөр автобус ирээд зорчигч нарыг сэлгээд суулгаж байсан. Тэгэхээр нь би Б-хамт гол хаалгаар нь гүйж ороод суучихсан. Тэгэхэд автобусны шатан дээр нэг эмэгтэй зогсож байхад нь шар өнгийн цүнхнээс нь үзмэн ягаан өнгийн хэтэвчийг нь суйлж аваад О.Бд дамжуулаад өгсөн. Тэр эмэгтэй хорооллын эцсийн буудал дээр буусан. О.Б бид хоёр гэмтлийн автобусны буудал дээр буусан ба буудал дээр байсан энгийн хувцастай цагдаа нар О.Бг бариад авсан. Би тэгээд араас нь өөрөө цагдаа дээр очиж хэргээ хүлээсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81/,

Яллагдагчаар О.Б мөрдөн байцаалтанд: “2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед манай найз Д.М- залгаад Өргөө дээр хүрээд ирээч гэж залгасан. Тэгээд дараа нь би Баттулгыг хүрээд ирээч гэж хэлээд Өргөө дээр эхлээд Б-тай уулзаад дараа нь Д.М- ирсэн. Тэгээд бид гурав тэр хавиар явж байгаад буцаад Өргөөгийн буудал дээр ирсэн чинь нэг автобус буудал дээр зогсоод хүмүүсээ нөгөө автобус руу сэлгээд суулгаж байсан. Тэгэхэд нь Д.М- бид хоёр тэр хүмүүс сууж байсан автобус руу очоод суусан. Д.М- гүйгээд суухад нь би араас нь дагаж ороод суусан. Тэгээд автобус хөдлөөд явж байгаад голын хаалганы орчим Д.М- надад эмэгтэй хүний түрийвч өгөөд далд хийчих гээд өгсөн. Тэгэхэд нь би учрыг нь мэдэхгүй аваад халаасандаа хийгээд авч явж байгаад гэмтлийн буудал дээр буусан чинь гэнэт энгийн хувцастай цагдаа нар хэдэн хулгайч нарыг барьчихсан бас намайг бариад авсан. ...Д.М-ын өгсөн хэтэвчийг би хараагүй, шууд халаасандаа хийсэн том урт хэтэвч байсан. Тэр хэтэвчийг цагдаа нарт баригдаад хураалгасан. Хохирогчид хүлээлгэн өгч хохиролгүй болгосон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86/, шүүгдэгч Д.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/, шүүгдэгч О.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.М, О.Б нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө-1 кинотеатрын автобусны буудлын орчим хохирогч Б.А- автобусанд суух үед нь цүнхнээс нь хэтэвчтэй бичиг баримт, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 647.381 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.А-ын: “2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн орчим Өргөө кино театрын автобусны буудлаас автобусанд суугаад 3, 4 дүгээр хорооллын эцэст автобуснаас буугаад цүнхээ үзтэл цахилгаан нь онгорхой байсан. Тэгээд цүнхэн доторхи эд зүйлээ бүртгэхэд түрүүвчтэй 600.000 орчим мянган төгрөг алдагдсан байсан. Миний түрүүвчинд бэлэн 600.000 орчим төгрөг, иргэний үнэмлэх, банкны карт зэрэг байсан. ...автобус их хүнтэй байсан, би арай гэж багтаж, их шахцалдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/, гэрч Б.Б: “...2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр манай найз ...О.Б, Д.М- хоёр автобус руу гүйгээд орчихсон. Тэгээд би яасныг нь мэдээгүй хүлээгээд сууж байсан чинь утас дуугараад намайг цагдаа дээр хүрээд ир гэж О.Б дуудсан. Очиход түрүүвч хулгайлчихсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/, гэсэн мэдүүлэг болон  Damno хөрөнгийн үнэлгээний тайлангаар “647.381 төгрөгөөр үнэлэгдсэн” үнэлгээ /хх-ийн 21-22/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Д.Мын“...би Б-хамт гол хаалгаар нь гүйж ороод суучихсан. Тэгэхэд автобусны шатан дээр нэг эмэгтэй зогсож байхад нь шар өнгийн цүнхнээс нь үзмэн ягаан өнгийн хэтэвчийг нь суйлж аваад О.Бд дамжуулаад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81/, О.Бы: “...Д.М- надад эмэгтэй хүний түрийвч өгөөд далд хийчих гээд өгсөн. Тэгэхэд нь би учрыг нь мэдэхгүй аваад халаасандаа хийгээд авч явж байгаад гэмтлийн буудал дээр буусан чинь гэнэт энгийн хувцастай цагдаа нар хэдэн хулгайч нарыг барьчихсан бас намайг бариад авсан” гэсэн мэдүүлгүүдээр давхар батлагдаж байх тул тэдгээрийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.М, О.Б нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.М, О.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.М, О.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна мөн хохиролгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, хохирогч нь “алдсан эд зүйлээ буцаан авсан” гэх тэмдэглэл, шүүгдэгч нарын хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д дөрвөн зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч О.Бд гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг тус тус танилцуулсныг тэдгээр нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Д.М-, Ц овогт О.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

                 - Шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгч Д.М, О.Б нарт мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М, О.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

  

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ