Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 601

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 0000  оны 0 дугаар сарын 0-нд Дундговь аймагт  төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл 0, найз охины хамт  Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Буянт ухаагийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:0000000/ М овогт Г.Д-т холбогдох 2005018790993 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Г.Д нь 2020 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Хасбаатар гудамжны 1 тоотод маргааны улмаас Ж.Д- нүүрэн тус газарт цохиж дээд үүдэн зүүн 1,2-р  шүдний булгарал дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, эрүүний ясны баруун булангийн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн гэм буруу дээр маргахгүй. Хохирогч Ж.Д- эхлээд 750.000 төгрөг, дараа нь 5.000.000 төгрөг нийтдээ 5.750.000 төгрөг өгсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.

 

 

         Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Д мөрдөн байцаалтанд: “...2020 оны 5 дугаар сарын 17-ны орой 19 цаг өнгөрч байхад манай ажил тарсан. Ингээд найз С-той уулзаад хамт архи уухаар болсон. Бид 16 дугаар хороолол орж усанд орчихоод Соёмбийн гэр болох хорооллын эцсийн арын байранд очсон. Хэддүгээр байрны хэдэн тоот болохыг мэдээгүй. Ингээд 22 цагийн үед С- хамт гэрт нь ороход С- эхнэр Ц- хоёр эмэгтэй найзын хамт сууж байсан. Бид 2 гаднаас орохдоо 0,5 литрийн 8 лааз пиво, 1 литрийн голд чингис нэртэй архи авч орсон. Ингээд бид 5 нийлээд архи, пиво ууцгаасан. Шөнө дунд С- нилээд муудаад согтоод унтаад өгсөн. Ингээд бид 4 сууж байтал хажууд сууж байсан махлаг, нүдний шилтэй хүүхэн согтуурхаад толгойд гараараа хүрсэн. Тэгэхээр нь би уурлаад “миний толгойд хэн ч гар хүрдэггүй юм, чи яагаад миний толгойд хүрч байгаа юм” гэж хэлээд цээж хэсэг рүү нь 2 гараараа түлхээд түлхээд холдуулсан. Тэгтэл тэр хүүхэн согтуудаа намайг зодоод байна гээд найз залуу руугаа ярьсан. Ингээд тэр хүүхэнтэй маргалдаад байж байтал гаднаас найз залуу нь гэх эрэгтэй хүн орж ирээд “хэн чамайг цохисон бэ” гэж асуусан. Тэр үед эхнэр нь найзтай муудалцсан хүн яваад өгчихлөө гэж хэлж байсан. Тэгтэл тэр залуу лавлаж асууж байгаад намайг түлхсэнийг мэдээд шууд хүрч ирээд уруул, дээд үүдэн шүдний хэсэгт гараараа 1 удаа цохисон. Ингээд ухаан балартаад хэвтсэн. Намайг цохисон залуу хажууд юм яриад зогсоод байсан. Ингээд С- гэрт хоносон. Намайг цохисон залуу найз хүүхнээ аваад гараад явсан. Би 1-р эмнэлэгт үзүүлж эрүүний хагалгаанд орсон. Ор хоногийн мөнгө, хагалгааны төлбөр нийлээд 761.000 төгрөг болсон. Эрүүний чиг төмөрийг 150.000 төгрөгөөр авсан. 67.000 төгрөгөөр эм тариа авсан. Бусад эмийн зардалд 60.000 төгрөг, шинжилгээний төлбөр 75.000 төгрөг зарцуулсан байгаа. Одоогоор нийтдээ 1.103.000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгөний 750.000 төгрөгийг нь намайг зодсон Г.Д- гэх залуу төлсөн байгаа. Одоо цаашид эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулагдахыг мэдэхгүй байна. Эмчилгээний баримтууд байгаа. Цаашид гарах эмчилгээний баримттай нийлүүлж байгаад шүүх хурал дээр гаргаж тавих болно. Ер нь бол Г.Д- гэсэн залуу миний эмчилгээний зардалд 10.000.000 төгрөг өгье гэсэн. Би Г.Д-аас 10.000.000 төгрөг авсан тохиолдолд ямар нэг санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/,

 

Гэрч Д.Д- мөрдөн байцаалтанд: “ Би оюутан байхдаа Ц- гэх охинтой найзалж найз нөхдийн холбоотой байх болсон. 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед Ц-той /0000000/ утсаар холбогдоод хорооллын эцэст байрлах гэрт нь очсон. Очиход Ц- ганцаараа байсан. Ингээд бид 2 хоол хийж идээд юм ярьж сууж өдрийг өнгөрөөсөн. Орой 22 цаг болж байхад Х- гэх найз маань ирсэн. Бид 3 юм яриад сууж байтал удалгүй гаднаас Ц-гийн нөхөр С-, Д- гэх залуутай орж ирсэн. Д-ийн нэрийг орж ирсний дараа танилцаад мэдсэн. Ингээд бид нар пиво уугаад архи ууцгаасан. Шөнө 23 цаг болж байхад Х- яваад өгсөн. Ц-, С-, Д- бид 4 хамт суугаад уусан. Шөнө 2 цаг болж байхад С- архиндаа согтоод тасраад унтаад өгсөн. Бид 4 юм яриад сууж байтал Д-, Ц- 2 хоорондоо үнсэлцээд эхлэхээр нь би болиоч гээд уурлаад Ц-г цохиж аваад Д-ийг алгадаад авсан чинь “ миний толгойд хүрдэг хэн бэ чи” гэж хэлээд намайг түлхээд алгадаад авсан. Тэгэхээр нь уурандаа найз залуу болох Г.Д-тай утсаар яриад хэлсэн. Г.Д- ороод ирэхээр би зодоон болчих байх гэж бодоод намайг алгадсан хүн гараад явсан гэж хэлсэн. Тэгээд байж байтал Д- согтуудаа ёжилсон үйлдэл гаргаад байхаар нь чи алгадсан биз дээ гээд хэлчихсэн. Тэгтэл манай найз залуу Г.Д- нь Д-ийг барьж аваад баруун гараараа уруул, шүд хэсэгт нь цохиж аваад зүүн гараараа баруун шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгтэл Д-ийн амнаас нил цус гараад эхэлсэн бөгөөд ус авчраад цусыг нь угааж өгөөд хонуулсан. Г.Д- бид 2 гэр рүүгээ харьсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/,

 

Яллагдагчаар Г.Д мөрдөн байцаалтанд: 2020 оны 5 дугаар сарын 17-ны орой найзтайгаа уулзчихаад гадуур явж байтал шөнө 01 цаг 30 минутын үед найз охин Д- утсаар залгаад “ би хүнд зодуулчихлаа хүрээд ир” гэсэн. Би байгаа газар нь залгаад яваад очтол байрны /амины орон сууц/ нэг залуу согтуу хэвтэж байсан. Дотогш яваад Д- нэг залуутай маргалдаад зогсож байсан. Би Д-аас хэн зодсон талаар нь асуутал зугтаагаад явчихсан гэсэн. Ингээд би лавлаад дахин дахин асуутал энэ цохисон гээд хэрэлдээд зогсож байсан залуугаа заасан. Би тэр залуу руу дөхөж очоод баруун гараараа эгц урдаас нь ам хэсэгт нь 1 удаа цохисон. Зүүн гараараа баруун шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь 1 цохисон. Тэгтэл шүд нь хугараад унасан. Ингээд нил цус гараад усаар угаасан. Би Д-ыг аваад гараад явсан. Өөр зүйл болоогүй. Маргааш нь над руу зодуулсан гэх залуу холбогдоод уулзах санал тавихаар нь уулзсан. Тэгтэл эрүү хугарсан 2 шүд хугарсан 4 сая төгрөг нэхсэн. Тэгтэл одоо 10.000.000 төгрөг нэхээд байгаа юм. Энэ мөнгийг өгвөл санал гомдолгүй цагдаагаас өргөдлөө авна гэж хэлсэн. Би энэ мөнгийг нь өгөх санаатай байгаа. Саяхан эрүүний хагалгаанд ороход нь 750.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6122 дугаартай “Ж.Д- биед дээд үүдэн зүүн 1,2-р шүдний булгарал, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, эрүүний ясны баруун булангийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан  хугацаагаар сариулах тул гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 48/

Хохиролтой холбогдох  баримтууд  /хх-ийн 50-52/

Хавтаст хэргийн 55 дугаар талд “Ж.Д- миний бие яллагдагч Г.Д-аас 5 сая төгрөг авч өөрт учирсан хохиролоо нөхөн төлүүлсэн тул гомдол саналгүй. Иймд Г.Д-т оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд оролцохгүй бөгөөд гомдол саналгүй болно” гэсэн хүсэлт /хх-ийн 55/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 32/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаар шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Д 2020 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Хасбаатарын гудамжны 1 тоотод маргааны улмаас Ж.Д- нүүрэн тус газарт цохиж дээд үүдэн зүүн 1,2-р  шүдний булгарал дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, эрүүний ясны баруун булангийн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Г.Дын“...Би тэр залуу руу дөхөж очоод баруун гараараа эгц урдаас нь ам хэсэгт нь 1 удаа цохисон. Зүүн гараараа баруун шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь 1 цохисон. Тэгтэл шүд нь хугараад унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, хохирогч Г.Дын“...тэр залуу лавлаж асууж байгаад намайг түлхсэнийг мэдээд шууд хүрч ирээд уруул, дээд үүдэн шүдний хэсэгт гараараа 1 удаа цохисон. Ингээд ухаан балартаад хэвтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/, гэрч Д.Д-ын“...Д-ийг алгадаад авсан чинь миний толгойд хүрдэг хэн бэ чи гэж хэлээд намайг түлхээд алгадаад авсан. Тэгэхээр нь уурандаа найз залуу болох Г.Д-тай утсаар яриад хэлсэн...Тэгтэл манай найз залуу болох Г.Д- Д-ийг барьж аваад баруун гараараа уруул, шүд хэсэгт нь цохиж аваад зүүн гараараа баруун шанаа хэсэгт нь 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/ болон шинжээчийн 6122 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 48/, хохиролтой холбогдох  баримтууд  /хх-ийн 50-52/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Д нь найз охин Д.Д-ыг өмөөрснөөс  Ж.Д- нүүрэн тус газарт цохиж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд хяналтын прокуророос Г.Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Г.Дыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Г.Дыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтас хэрэгт хохирогч Ж.Д-“...Г.Д-аас 5 сая төгрөг авч учирсан хохиролоо нөхөн төлүүлсэн тул гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг бичгээр үйлдэж  хэрэгт хавсаргуулсныг үндэслэн шүүгдэгч Г.Дыг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  нь зүйтэй.

 

 

Шүүгдэгч Г.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Г.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу найз охин Д.Д- нь  “би бусдад зодууллаа, хүрээд ир”  гэснээр очиж түүнийг өмөөрч  хүний эрх, эрх чөлөө бие махбодид халдаж Ж.Д- эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хохирогчид нийт 5.750.000 төгрөг төлсөн, үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа  хувийн байдал зэргийг  нь харгалзан түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. М овогт Г.Д-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Г.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ