Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0770/З |
Дугаар | 139 |
Огноо | 2018-03-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 139
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан Ц.Бын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: Ц.Б
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай
Хариуцагч: Нийслэлийн газрын алба
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу ., Ц.Жигжиджавын гудамж-./.
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилд томилогдсоноос хойшхи цалин хөлс олгоогүй Нийслэлийн газрын албаны даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамж гарах хүртэлх Баянзүрх дүүргийн газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хугацааны цалин 1.509.429 төгрөг, мөн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин 4.528.284 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувь, хоол, унааны мөнгө нийт 7.160.307 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн газрын албанд даалгах”.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар тус дүүргийн Газрын албаны даргаар томилогдсон юм. Томилогдсоноос хойш Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар дүүргийн Газрын албаны даргаар хууль бусаар томилогдон ажиллаж байсан иргэн Д.Бнь Газрын албаны тамга, албан бланкуудыг хүлээлгэж өгөхгүй дур мэдэн төрийн байгууллагын албан байрнаас гаргаж, авч явж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан. Нэгэнт эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон тул албан үүргээ гүйцэтгэж, ажиллаж байтал Нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр захирамж гаргаж, намайг томилсон дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон нь миний хууль ёсоор хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/624 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслээд, Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь тус албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр иргэн Ц.Быг томилсон нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, сумд газрын даамалтай байна”, мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6-д “тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамал, дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно. Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.3-д заасныг тус тус зөрчсөн” гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6-д “Аймаг, нийслэлийн Газрын алба тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамал, дүүргийн Газрын албаны даргыг томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй байна” гэж заасан байх боловч тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “аймаг, нийслэлийн Газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн Газрын албаны даргыг нийслэлийн Газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх” гэсэн өөрчлөлт 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орсон байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу дүүргийн Газрын албаны даргыг дүүргийн Засаг дарга томилох, чөлөөлөх эрхтэй тул миний бие хууль ёсоор томилогдсон болно.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 18 дугаарт “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй” гэж заасан.
Иймд хууль тогтоомж зөрчиж гарсан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар эгүүлэн тогтоож өгнө үү.
Дүүргийн Засаг даргын захирамжаар ажилд томилогдсоноос хойш Нийслэлийн Газрын албанаас цалин огт олгоогүй тул Нийслэлийн Газрын албаны даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хууль тогтоомжийн дагуу ажилласан 2 сарын хугацааны цалин 1.509.429 төгрөг, Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгох, дээр дурдсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Газрын албаны даргад даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ц.Бын гаргасан нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргын 2017 оны А/624 дүгээр захирамжийн иргэн Ц.Бад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг түр орлон гүйцэтгэж байхад тус албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр иргэн Ц.Быг тухайн дүүргийн Засаг дарга томилсон нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчаас Төрийн албаны тухай хуулийн 17-дугаар зүйлийн 17.1 дэх заасны дагуу сонгон шалгаруулж томилно гэж заасан.
Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, сумд газрын даамалтай байна гэж заасан, мөн зүйлийн 23 дугаар зүйлийн 23.3.6-д “Аймаг, нийслэлийн Газрын албаны дарга тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэнд чөлөөлж томилно’’ гэж заасан.
Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1, 3.2, 3.3- т заасныг зөрчсөн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны Б/32 дугаар захирамжийг нийслэлийн Засаг дарга хүчингүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Газрын албаны дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ц.Бын нэхэмжлэлтэй Ц.Быг Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноос хойшхи цалин хөлс олгоогүй Нийслэлийн Газрын албаны даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, томилогдсоноос хойшхи 2 сарын хугацааны цалин болох 1.509.429 төгрөг, нийслэлийн Засаг даргын захирамж гарснаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговрыг олгуулах эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагад доорх тайлбарыг гаргаж байна.
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/224 дүгээр тушаалаар Нийслэлийн Газрын албаны бүтэц, орон тооны хязгаарыг, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/223-А/677 дугаар тушаал захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албаны дүрмийг баталсан.
Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6-д “Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог батлах” гэж заасны дагуу бүтэц орон тоог батлах, эрх хэмжээтэй, нэгдмэл, төвлөрсөн удирдлага бүхий төсвийн төвлөрүүлэн захирагч байгууллага юм.
Нийслэлийн Газрын албаны дүрмийн хоёрдугаар бүлэгт Газрын албаны удирдлага зохион байгуулалтыг тодорхой зааж өгсөн ба дүрмийн 2.3-т “Газрын албаны дарга нийслэлийн болон дүүргийн Газрын албаны албан хаагчид, орлогч болон дүүргүүдийн Газрын албаны даргыг томилж чөлөөлж ажиллах талаар тусгасан байна. Мөн дүрмийн гуравдугаар бүлэгт Газрын албаны чиг үүргийг тодорхойлохдоо 3.1.14-т “Дүүргийн Газрын албыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, хяналт тавих, шаардлагатай мэдээ мэдээллийг гаргуулан авах” чиг үүрэгтэй гэж заасан байна.
Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилсон ба Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас’’ Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно” гэж заасны дагуу Нийслэл дэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалаар Д.Быг Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар томилсон байна.
Ийнхүү томилсон нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчөөгүй, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын тушаалын дагуу батлагдсан орон тоо, төсөвт багтаан томилсон, уг томилсон тушаалыг хүчингүй болгосон ямарваа нэгэн эрх зүйн акт байхгүй тул Ц.Бад цалин хөлс олгох боломжгүй юм.
Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/32 дугаар захирамж нь холбогдох хууль тогтоомжийг зөрчин мэргэжлийн бус хүнийг зөвшилцөлгүйгээр, давхардуулан томилсон нь хууль бус байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар эгүүлэн тогтоож, ажилд томилогдсоноос хойшхи цалин хөлс олгоогүй Нийслэлийн Газрын албаны даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, томилогдсоноос хойшхи болон дээрх захирамж гарснаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Газрын албаны даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилд томилогдсоноос хойшхи цалин хөлс олгоогүй Нийслэлийн газрын албаны даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамж гарах хүртэлх Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хугацааны цалин 1.509.429 төгрөг, мөн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин 4.528.284 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувь, хоол, унааны мөнгө нийт 7.160.307 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Газрын албанд даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
1. “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоох” шаардлагын тухайд:
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний Б/21 тоот захирамжаар Б.У ыг Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсны дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдох чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албанд шилжүүлсэнтэй холбоотой 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Газрын албаны даргын Б/08 “Ажилд томилох тухай” тушаал гарчээ. Тушаалын нэгдүгээр заалтаар “Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан газрын харилцаатай холбогдох чиг үүрэг нь Нийслэлийн Газрын албанд хамаарах болсон тул дээрх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан нэр бүхий албан хаагчдыг хавсралтад заасны дагуу Нийслэлийн Газрын албанд томилсугай” гэжээ. Тушаалын хавсралтад зааснаар Баянзүрх дүүргийн Газрын албаны орон тоо нийт 14 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр батлагдаж, тус дүүргийн Газрын албаны даргаар Д.Б томилогдож, харин Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өмнө нь томилогдон ажиллаж байсан Б.У ыг тухайн Газрын албаны газар зохион байгуулагчаар томилсон нь тогтоогдож байна.
Мөн Б.Унь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Газрын албаны Захиргаа удирдлагын хэлтэст гаргасан хүсэлтдээ “...Австрали улсын Сидней хотын их сургуульд магистрын сургалтад суралцахаар болсон тул төрийн албаны хуульд зааснаар чөлөө олгож өгнө үү” гэснийг Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар “...Б.У ын хүсэлтийг харгалзан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас түр чөлөөлсүгэй” гэжээ.
Дээрх байдлаас дүгнэхэд Б.Унь төрийн албанаас түр чөлөөлөгдөх үедээ Баянзүрх дүүргийн Газрын албаны мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “... Б.У ажлаас чөлөөлөх тушаал 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарсан тул дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар Б.У ын оронд Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон...” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг дүүргийн Засаг даргын захирамжаар тухайн албан тушаалд томилогдох үед Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар Д.Б ажиллаж байсан нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Тухайлбал, Нийслэлийн газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 тоот тушаалаар Д.Быг Баянзүрх дүүргийн газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Улмаар Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Газрын албаны албан тушаалд Б.Б-У ыг томилуулахаар нэр дэвшүүлснээр Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний Б/100 тоот тушаалаар Б.Б-У ыг тус дүүргийн Газрын албаны даргаар 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилжээ.
Энэхүү нөхцөл байдлаас дүгнэхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга 2017 оны Б/32 дугаар нэхэмжлэгч Ц.Быг Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тушаал нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэл хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ”, 3.2-т “Эзгүй байгаа албан хаагч гэдэгт дараахь тохиолдлыг ойлгоно”, 3.3-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан гэдэгт дараахь тохиолдлыг тооцно” гэх заалтыг тус тус зөрчсөн, мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “... дүүргийн Газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх...” мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “... дүүргийн Газрын албаны даргыг нийслэлийн Газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх” гэж заасныг тус тус зөрчсөн гэх хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Улсын Дээд шүүхийн 1996 оны 216 дугаар “Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын Нэг. 1. “..."зөвшилцөх" гэдгийг хууль тогтоомжид өөрөөр тодорхойлоогүй ... хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно”, 4. “...”зөвшилцөнө" гэдгийг ... бичгээр танилцуулан түүний саналыг бичгээр авах хэмээн ойлгоно”, 7. “...зохих шийдвэр, санал дүгнэлт гаргуулахыг ойлгоно”, 9. “... зөвшилцөгч талууд нэгдсэн саналд хүрсэн байвал зохих бөгөөд харин хуульд заагаагүй бусад тохиолдолд заавал нэгдсэн саналд хүрэхийг шаардахгүй”, 11.“Хэрэв хууль тогтоомжид тусгайлан заагаагүй бол зөвшилцлийг энэ тогтоолд заасан журмаар явуулах бөгөөд харин зөвшилцлийг биечлэн уулзаж явуулсан бол зохих журмын дагуу тэмдэглэл хөтөлсөн байна”.
Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуульд заасан "зөвшилцөх" тухай ойлголт, зөвшилцөх журмыг тухайн актад өөрөөр тодорхойлоогүй бол түүнийг энэ тайлбарын дагуу адилаар ойлгож явуулж байхаар тогтоосугай” гэжээ.
Дээрхээс дүгнэвэл “зөвшилцөх” гэдэг нь санал солилцох, бичгээр танилцуулж, саналыг бичгээр авах, зохих шийдвэр, санал дүгнэлт гаргуулах, нэгдсэн саналд хүрэх гэх зэргээр ойлгох бөгөөд гагцхүү хуульд заагаагүй бусад тохиолдолд нэгдсэн саналд хүрэхийг шаардахгүй байхаар байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/2426 тоот албан бичгээр “... Иймд Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын тушаалын дагуу батлагдсан орон тоо, төсөвт багтаан дүүргийн Газрын албаны даргыг хууль, дүрмийн дагуу томилсон тул төрийн албыг хэвийн тасралтгүй явуулах нөхцөлөөр хангаж хамтран ажиллана уу” гэх саналыг Баянзүрх дүүргийн Засаг даргад хүргүүлж байжээ. Aлбан бичгийн агуулгаас дүгнэхэд тухайн үед дүүргийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Д.Бнь холбогдох хууль, дүрмийн дагуу томилогдсон тул хамтран ажиллахыг хүссэн болохоос дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч Ц.Быг тус албан тушаалд томилоход Нийслэлийн газар албаны даргатай зөвшилцөж, ирүүлсэн санал гэж үзэхээргүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны Б/32 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “... дүүргийн Газрын албаны даргыг нийслэлийн Газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх” гэснийг зөрчиж, өөрөөр хэлбэл хуулиар тусгайлан заасан “зөвшилцөх” гэсэн урьдчилсан нөхцөл, шаардлагыг хангаагүй нь захиргааны актын материаллаг болон формаль шаардлагад нийцэхгүй байна.
Улсын Их Хурлын Тамгын газраас орон нутгийн босоо тогтолцоог зохицуулсан хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал, танилцуулга, хуралдааны тэмдэглэлийг шүүх нотлох баримтаар авсан. Тухайн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалын нэгд зааснаар “... нийт судалгаанд оролцогчдын 83.9 хувь нь боловсон хүчний асуудлыг тухайн шатны Засаг дарга дээд шатны байгууллагын удирдлагатай зөвшилцөж томилдог, чөлөөлдөг байх нь зүйтэй гэж хариулсан”, дөрөвт зааснаар “орон нутагт ажиллаж байгаа босоо тогтолцоотой удирдлагын асуудлыг зохицуулсан 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарах болно” гэжээ. Орон нутгийн босоо тогтолцоог зохицуулсан хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийн танилцуулгад “...одоогийн мөрдөгдөж байгаа 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар, 8 хуульд шинээр нэмэлт оруулж байгаа бөгөөд өмнө нь дээрх хуулиудад боловсон хүчний томилгооны талаарх зохицуулалт байхгүй байсан болно” гэсэн байна.
Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний 15/195 тоот албан бичигт “...2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6 дахь заалтад 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон. ... Түүнчлэн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6 дахь заалт, мөн зүйлийн 23.3.6 дахь заалт нь хуулийн заалт хоорондын давхардал үүсээгүй байна” гэснийг дурдах нь зүйтэй юм.
Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/224 дүгээр тушаалаар Нийслэлийн Газрын албаны бүтэц, орон тооны хязгаарыг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/223-А/677 дугаар тушаалаар Нийслэлийн Газрын албаны дүрмийг баталжээ.
Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6-д “Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог батлах” гэж заасны дагуу бүтэц, орон тоог батлах эрх хэмжээтэй, нэгдмэл, төвлөрсөн удирдлага бүхий төсвийн төвлөрүүлэн захирагч байгууллага байна.
Нийслэлийн Газрын албаны дүрмийн 2.3-д “Газрын албаны дарга, нийслэлийн болон дүүргийн Газрын албаны албан хаагчдыг томилж чөлөөлөх бөгөөд албаны дарга, орлогч дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана”, дүрмийн 3.1.14-т “Дүүргийн Газрын албыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, хяналт тавих, шаардлагатай мэдээ мэдээллийг гаргуулан авах” гэж заажээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/32 дугаар захирамж гарах үед Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын тушаалын дагуу батлагдсан орон тоо, төсөвт багтаан томилсон Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 “Ажилд томилох тухай” тушаал хүчин төгөлдөр хэвээр байсан. Тухайн үед дүүргийн Газрын албаны даргаар Д.Б ажиллаж байхад холбогдох хууль тогтоомжийг зөрчин мэргэжлийн бус хүнийг босоо, нэгдмэл удирдлагатай байгууллагатай зөвшилцөлгүйгээр давхардуулан нэхэмжлэгч Ц.Быг дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захиргааны актыг дээд шатны Засаг дарга хүчингүй болгосон А/624 дүгээр тушаал нь нэхэмжлэгч Ц.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/624 дүгээр захирамж нь Улсын Дээд Шүүхийн 2010 оны 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 18 дугаарт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум дүүргийн засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн засаг дарга ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй” гэж заасныг зөрчсөн гэж маргаж байгаа.
Нийслэлийн Засаг даргын А/624 дүгээр захирамжийн агуулгаас дүгнэхэд холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж, сул орон тоо гараагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэж байхад нь давхардуулан мэргэжлийн бус хүнийг хуульд заасан дээд шатны байгууллагатай зөвшилцөлгүйгээр томилсон буруутай үйл ажиллагааг зөвтгөсөн, өөрөөр хэлбэл, тус дүүргийн иргэдийн газар эзэмших, ашиглах эрхийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх чиг үүргийг хурдан шуурхай хэрэгжүүлэхэд тулгараад байсан асуудлыг арилгасан, зорилгодоо нийцсэн захиргааны акт гэж дүгнэхээр байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр “...“А/624 дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг барьсан нь техникийн алдаа болсон, 29.2 байхыг 29.3 гэж бичсэнийг техникийн алдаа байна гэж хүлээн зөвшөөрч байна” гэж хэлснийг тэмдэглэх нь зүйтэй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Б нь тухайн Газрын албаны даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй, мэргэжлийн бус гэдгээ хүлээн зөвшөөрсөн, хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт зарлагдаад шаардлага хангасан мэргэжлийн хүн нь томилогдвол тухайн албан тушаалаас чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг өмнөх болон тухайн шүүх хуралдаан дээр хийсэн бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүхийн шийдвэрийн салшгүй хэсгийн хувьд нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг.
Иймд маргаан бүхий А/624 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул хүчингүй болгож, дүүргийн Газрын албаны даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагч ажиллаж байхад нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
2. “Ажилд томилогдсоноос хойшхи цалин хөлс олгоогүй Нийслэлийн газрын албаны даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамж гарах хүртэлх Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хугацааны цалин 1.509.429 төгрөг, мөн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин 4.528.284 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувь, хоол, унааны мөнгө нийт 7.160.307 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ц.Б 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/32 дугаар захирамж гарсны дараа 29-ний өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд ажлаа хүлээлцэхээр очиход тухайн албан тушаалд Д.Б ажиллаж байсан. Захирамжийг танилцуулж ажлаа хүлээн авах гэтэл “би нийслэлийн Газрын албанаас томилогдсон, тамга тэмдгийг хүлээлгэн өгөх боломжгүй гэж хэлээд гараад явсан. Түүнээс хойш нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 624 дүгээр захирамж гарах хүртэл тус дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул энэ хугацааны цалинг Нийслэлийн газрын албанаас олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, цалин хөлсийг нөхөн олгохыг даалгахаар маргасан.
Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.Б нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон нь Газрын тухай хуулийн холбогдох заалтууд, мөн Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох” журмын холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн нь нотлогдож байгаа талаар дээр дурдсан.
Мөн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр Баянзүрх дүүргийн Газрын албаны холбогдох албан хаагчдаас гэрчийн мэдүүлэг авахад газар зохион байгуулагч Д.О “... амралтаа аваад 07 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа ороход дарга нарын хооронд ийм харилцаа үүсч Ц.Б даргын өрөөнд байсан, энэ хүнийг даргаар томилсон албан ёсны шийдвэр, захирамж танилцуулаагүй учир хамтарч ажиллаагүй, ... ганц нэг цохолт хийсэн харагдаж байсан, надад албан ёсоор цохож, төлөвлөсөн бичиг баримт байхгүй, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байгаагүй, хуучин даргын өрөөний цоожны голыг сольсон байсан...”, газар зохион байгуулагч Г.Б “...Ц.Б дарга гэнэт л ороод ирсэн, ... өргөдөл, гомдолд цохолт хийдэг байсан, ... газар зохион байгуулалтын төлөвлөгөөг эхлээд төслөөр оруулж танилцуулдаг байсан, тухайн төсөл нь бэлдсэн төсөл байсан, бидэнд дарга солигдох гэж байгаа талаар ямар нэгэн байдлаар мэдэгдэж санал аваагүй, Д.Бдарга чиглэл өгч ажилладаг байсан, Ц.Б төрийн алба зогсолтгүй үргэлжлэх ёстой гэдэг утгаараа өргөдөл гомдолд цохолт хийдэг байсан, өглөө ирээд орой явдаг байсан, өөрийн ойлгохгүй байгаа талаараа байцаагч нараа дуудаад мэргэжлийн талаар асууж лавладаг байсан, бидэнд чиглэл өгч мэргэжил, арга зүйгээр хангаж байгаагүй...”, төлбөрийн байцаагч Ж.Э “...Ц.Бтай 20-оод хоног ажиллаж байсан, ээлжийн амралтаа дуусгаад ирэхэд ажиллаж байсан, Ц.Быг томилсон захирамж, шийдвэр танилцуулагдаагүй, ажил хэргээр өдөр тутам харьцаж байсан зүйл байхгүй, би нийслэлийн газрын үнэлгээний хэлтсээс ажлын чиг үүргээ авч хэрэгжүүлдэг байсан, биднийг Нийслэлийн Газрын алба руу яваад ирэхэд даргын өрөөний цоожны голыг сольсон байсан, дарга өрөөгүй болсон учир Нийслэлийн Газрын алба дээр байсан, шаардлагатай тохиолдолд холбогдох чиглэл авдаг байсан...”, Газрын албаны нягтлан бодогч Ч.Б “...Ц.Б даргыг дүүргийн Газрын албаны даргаар томилогдсон тухай Нийслэлийн Газрын албанаас танилцуулсан зүйл байхгүй учир Д.Бдаргаас чиглэл авч байсан, аль нь дарга талаар мэдэхгүй байсан, шаардлагатай зүйлээ Д.Бдаргаас асуудаг байсан, өрөөндөө суух боломжгүй болсон тул нийслэл рүү явсан. Өрөөг нь лацдаад орох боломжгүй болсон тул өнөөдрийг хүртэл 3 номерын байцаагч нарын өрөөнд сууж байгаа. Ц.Б дарга би энд ажиллаж байгаа учир цалин авах ёстой, цагийн бүртгэлд нэр бичээд явуул гэсэн, нэрийг нь бичээд явуулсан боловч энэ хүнийг томилсон шийдвэр байхгүй гэсэн, цагийн бүртгэлийг нийслэлээс татаж авдаг, би давхар бүртгэл хийдэг, ... Ц.Б даргаас бусад хүнд цалин нь олгогдсон”, бичиг хэрэг Н.Н “... би хороод хариуцсан хүмүүсийн нэрээр цохоод даргад оруулсны дагуу гарын үсэг зурдаг байсан, Ц.Б дарга өрөөндөө суугаад ажлаа хийж байсан, гэхдээ албан ёсны чиглэлийг Д.Бдаргаас авч байсан,
Ц.Б дарга албан бичиг дээр ямар нэгэн цохолт хийгээгүй, Газрын албаны даргын өрөөнд сууж байсан ч бидэнд чиг үүрэг өгч байгаагүй Д.Бдарга ирээд хаасан, Д.Бдаргыг ирснээс хойш газрын албаны ажил хэвийн явагдаж эхэлсэн” гэж тус тус мэдүүлжээ.
Эдгээр гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд нэхэмжлэгч Ц.Б нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажлаа хүлээж авахаар дүүргийн Газрын албанд ирж үүнээс хойш 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамж гарах хүртэлх хугацаанд Газрын албаны даргын өрөөнд сууж, иргэдээс ирсэн хүсэлт гомдлыг дүүргийн холбогдох хорооны газар зохион байгуулагч нарт цохолт хийж, иргэдтэй уулзаж байсан нь тогтоогдож байх боловч Газрын албаны даргын хэмжээнд газрын албаны албан хаагчдад мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлж байгаагүй байна гэж дүгнэхээр байна.
Ийнхүү тухайн албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхад холбогдох хууль, тогтоомж зөрчиж, мэргэжлийн бус хүнийг давхардуулан дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа нь төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх, хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна.
Баянзүрх дүүргийн хот төлөвлөлтийн даргын орлогч Т.Б шүүх хуралдаан дээр хийсэн гэрчийн мэдүүлэгтээ “...Ц.Б ажлаа хүлээлцэж авснаас хойш Баянзүрх дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй байсан, уг төлөвлөгөөг 2017 оны дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлуулсан, энэ төлөвлөгөөний төслийг Ц.Б болон Газрын албаны ажилчид хамтран төслийг нь боловсруулсан...” гэжээ. Нэхэмжлэгч хэдийгээр 2017 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлуулсан гэх боловч нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/12 тоот “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх ба нэхэмжлэгч Ц.Б 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр өмнө нь газар зохион байгуулагч нараас санал мэдээлэл авч бэлдсэн байсан төлөвлөгөөний төслийг танилцуулж батлуулсан талаар тайлбар хийснийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой юм. Мөн шүүх хуралдаан дээр гэрч Т.Боос хариуцагч Нийслэлийн Газрын албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...сул орон тоо гарсан гэж үзээд нэхэмжлэгчийг дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм бол сонгон шалгаруулалт зарласан уу” гэж асуухад тэрээр “сонгон шалгаруулалт зарлаагүй” гэж хариулсан болно.
Нэхэмжлэгч Нийслэлийн Газрын албаны даргад холбогдуулан түүнд цалин олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин, төрийн алба хаасны нэмэгдэл, хоол, унааны мөнгө нийт 7.160.307 төгрөгийг нөхөн олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхаар, мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь дээрх хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон байхаар тодорхойлсон тул нэхэмжлэгч Ц.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Нийслэлийн Газрын албаны даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул дээр дурдсанаар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, нэхэмжлэгчийг дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр давхардуулан томилсон Баянзүрх дүүргийн Засаг даргын буруутай үйл ажиллагааг Нийслэлийн Газрын албаны даргад хариуцуулж, цалинг нөхөн олгохыг хариуцагчид даалгах боломжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй юм.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын тушаалын дагуу батлагдсан орон тоо, төсөвт багтаан томилсон Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны Б/08 “Ажилд томилох тухай” тушаал хүчин төгөлдөр хэвээр, Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар Д.Б ажиллаж байхад холбогдох хууль тогтоомжийг зөрчин мэргэжлийн бус хүнийг хуульд тусгайлан зааснаар босоо, нэгдмэл удирдлагатай дээд шатны байгууллагатай зөвшилцөлгүйгээр дүүргийн Засаг даргаас давхардуулан томилсон нэхэмжлэгч Ц.Бад цалин олгоогүйд Нийслэлийн Газрын албаны даргыг буруутгах боломжгүй байна.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ямар хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох, цалин хөлсөө буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг энэхүү шүүхийн шийдвэрээр хязгаарлаагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.8, 20.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Бын “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилд томилогдсоноос хойшхи цалин хөлс олгоогүй Нийслэлийн Газрын албаны даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/624 дүгээр захирамж гарах хүртэлх Баянзүрх дүүргийн газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хугацааны цалин 1.509.429 төгрөг, мөн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин 4.528.284 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувь, хоол, унааны мөнгө нийт 7.160.307 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн газрын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН