Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2021/0681

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    М.М-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 646 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах  гомдлоор, М.М-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 646 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай A/294 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо: Дүүргийн Засаг даргын 2012 оны А/222 дугаар захирамжаар иргэн М.М-д 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв аймаг чиглэлийн авто замын урд, амины орон сууцны зориулалтаар 3200 мкв газрын эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 0293629 гэрчилгээний дугаартай нэгж талбарын 8025/5158 дугаар бүхий гэрчилгээг олгосон байдаг.

Нэхэмжлэгч М.М 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр М.М-тэй газар эзэмших эрх шилжүүлэх байгуулсан гэрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Төв аймаг явах замын урд газар эзэмших эрхийн гэрчилгээний 0293629 дугаартай, нэгж талбарын 8025/5158 дугаартай газрыг шилжүүлэхээр тохиролцож дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргасан байдаг.

Гэтэл Газрын албаны холбогдох албан тушаалтнууд дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Засаг даргын 2019 оны А/24 дүгээр захирамжаар нэхэмжлэгч М.М-д шилжүүлэхдээ эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчлөн шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл, хүсэлт болон эрх шилжүүлэх гэрээндээ Төв аймаг дахь авто замын урд байрлалтай газар харин захирамжаар төв аймаг явах авто замын зүүн талд байршуулсныг хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл эс үйлдэхүйгээр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу нягтлан шалгаж, шийдвэрлэснийг анхан шатны шүүх нотлох баримтыг буруу дүгнэж хуулийг буруу тайлбарлан шийдвэрийг хүчингүй болгосон.

Шийдвэрийн 7 дугаар талд нийслэлийн Газрын албаны газар чөлөөлөх хэлтсийн газар зохион байгуулагч О.Г-ийн хөтөлсөн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн протоколоос үзэхэд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй 33 км хурдны авто замын нөлөөлөлд өртсөн М.М-ийн нийт эзэмшиж буй 3200 мкв газраас нөлөөлөлд өртсөн 3200 мкв газрыг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэхээр шийдвэрлэж дүүргийн Засаг даргын 2019 оны А/24 дүгээр захирамжаар эрх шилжүүлэн байршил өөрчилсөн байна гэж дүгнэсэн.

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд газрыг гэрээний хугацааг дуусахаас өмнө солих буюу эргүүлэн авах тохиолдолд дүүргийн Засаг дарга иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай тохиролцон гэрээ байгуулан хэрэгжүүлдэг.

Гэтэл шүүхээс хуульд заасны дагуу хэрэгжээгүй хэн хэзээ, хэрхэн үйлдэж баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй протоколыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнэж нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болон зохицуулсан харилцаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх гэтэл шүүх маргаан бүхий актыг газар шилжүүлэх, байршил, өөрчлөх гэж захиргааны актыг буруу тайлбарлан шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу дагуу Захиргааны байгууллагын өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.3-д заасны дагуу гаргасан захиргааны актыг хууль буруу хэрэглэн хүчингүй болгосон.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.М-нээс Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/294 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Маргаан бүхий А/294 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн “...эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрын байршлыг өөрчилсөн байх тул дүүргийн Засаг даргын 2019 оны А/24 дүгээр захирамжийн иргэн М.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, .... газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан иргэн болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгож, ... иргэн М.М-д амины орон сууцны зориулалтаар эзэмших газрын байршлыг судалж танилцуулахыг Газар зохион байгуулалтын албан даалгаж” шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/222 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг явдаг замын урд байрлах, 3200 м.кв газрыг эзэмших эрхийг Ц.Э-аас М.М-д шилжүүлэн, амины орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/24 дүгээр захирамжийн хавсралтын 47 дахь хэсгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах, 1781110063 нэгж талбарын дугаар бүхий, 3200 м.кв газрын эзэмших эрхийг М.М-өөс М.М-д шилжүүлэн, амины орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, ингэхдээ дүүргийн Засаг даргын 2019 оны А/24 дүгээр захирамжийн хавсралтын 47 дахь хэсэгтээ 1781110063 гэж нэгж талбарын дугаар, кадастрын зураг, 000007757 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргээр М.М-д газар эзэмшүүлэхдээ газрын байршлыг өөрчлөн эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг “...газрын байршлыг өөрчилж эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд нь Засаг дарга бөгөөд Засаг дарга уг эрхийнхээ хүрээнд газрын нэгж талбарыг буюу байршлыг өөрчилж, 2019 оны А/24 дүгээр захирамжийг гаргасан атлаа эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчилсөн гэсэн үндэслэлээр дээрх А/294 дүгээр захирамжийг гаргасан нь ойлгомжгүй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” үндэслэлүүдийг заасан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай ойлголт нь хууль ёсны дагуу газар эзэмших эрх нь үүссэн газар эзэмшигчийн хувьд хэрэглэгдэх үндэслэл юм. Харин Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн нь захиргааны акт анхнаасаа хууль бус гарсан тохиолдолд хэрэглэгдэхээр байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг анхнаасаа гаргахдаа “...хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлаагүй...” гэж маргаж байгаа боловч маргаан бүхий актад “...уг газраа дахин шилжүүлэхдээ эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрын байршлыг өөрчилсөн” гэх үндэслэлийг зааж, маргаан бүхий газрыг зөвтгөж, газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан иргэн болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгосон нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасантай нийцжээ.

Тодруулбал, иргэн М.М, М.М нар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг руу явдаг замын “   урд” байрлалтай 3200 м.кв газартай холбоотой гэрээ байгуулсан, гэтэл хариуцагч дүүргийн Засаг даргын 2019 оны А/24 дүгээр захирамжаар Төв аймаг явах авто замын “   зүүн” талд байрлалтай газрын эзэмших эрх шилжүүлснийг хариуцагч дүүргийн Засаг даргын 2019 оны А/294 дүгээр захирамжаар зөвтгөснийг буруутгах үндэслэлгүй юм. 

Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/24 дүгээр захирамжаар зөвхөн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” гэж гарсан бөгөөд нэхэмжлэгч М.М-д шинээр Төв аймаг руу явах авто замын “зүүн” талд газар олгосон гэж үзэхээргүй байна.

Тиймээс маргаан бүхий А/294 дүгээр захирамжаар дүүргийн Засаг даргын 2019 оны А/24 дүгээр захирамжийн нэхэмжлэгч М.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан иргэн болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг руу явдаг замын урд байрлалтай 3200 м.кв газартай холбогдуулан зөвтгөж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 646 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.М-ийн “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/294 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаадлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН