Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 38

 

Ариг банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/1459/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 17 дугаар шийдвэртэй,  

            Ариг банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Гүнгэр овогтой Ц-гийн С-,

            Хариуцагч Гүнгэр овогтой С-ийн Б-,

            Хариуцагч Гүнгэр овогтой С-ийн Б- нарт холбогдох

            “Банкинд өмчлөлтэй байрнаас албадан чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг

            Хариуцагч Ц.С-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дулмаа, хариуцагч Ц.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ганхуягаас:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Цэнгэлдэхийн 3-31 тоот нь Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 535 тоот захирамжаар Ариг банк ХХК /хуучин нэрээр Эрэл банк/-ний өмчлөлд шилжсэн бөгөөд 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №286 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас ажиллагаа явуулж 000348626 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2003013348 тоот хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан болно. Хуулийн дагуу өмчлөх эрх шилжсэн, хувийн сууцанд өнөөдрийг хүртэл Ц.С-, С.Б-, С.Б- гэх иргэд нь оршин суусаар байгаа тул банкны өмчлөлийн хувийн сууцнаас албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ц.С-ээс:

Миний хүү С.Б- нь Эрэл банкнаас 15 сая төгрөгийн зээл авч Дархан сумын 15-р баг 1-85 тоот байрыг худалдан авахаар урьдчилгаа төлбөрт өгсөн. Зээл авсны дараа С.Б- нь автын осол гаргасны улмаас шүүхээс хорих ял авсан. Үүнээс болж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Маргаан бүхий хашаа байшин нь Л.Батхүү, С.Б-, С.Б-, Ц.С- бидний дундын хөрөнгө юм. Гэтэл хорих ангид очоод С.Б-гийн гарын үсэг зуруулаад явсан байсан. Хамтран өмчлөгч 3 хүнээс зөвшөөрөл аваагүй Ариг банкны өмчлөлд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Цэнгэлдэхийн 3-31 тоот хашаа байшинг хариуцагч Ц.С-, С.Б-, С.Б- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.С- давж заалдсан гомдолдоо:

            Миний хүү С.Б- нь Эрэл банкнаас 15 сая төгрөгийн зээл авч Дархан сумын 15-р баг 1-85 тоот байрыг худалдан авахаар урьдчилгаа төлбөрт өгсөн. Зээл авсны дараа С.Б- нь автын осол гаргасны улмаас шүүхээс хорих ял авсан. Үүнээс болж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Миний ах Батхүү нь элэгний хорт хавдартай. Би ахыгаа асарч, ажилгүй байсан учраас зээлийг төлөх боломжгүй байсан. Одоо зээлийн төлбөрийг нэн даруй барагдуулъя гэсэн боловч Ариг банк зөвшөөрөхгүй байгаад гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 3-д заасан шүүхийн шийдвэр нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ариг банк шүүхэд өөрийн өмчлөлийн  газар байшинг хууль бусаар  эзэмшиж байгаа этгээдүүдээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг банк хууль бусаар олж авсан гэж маргажээ.

            Маргааны гол агуулга нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн талаар байх бөгөөд нэхэмжлэгч хэдийгээр газар болон сууцны зориулалт бүхий байшинг өмчлөх эрхээ нотлохоор шүүхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн боловч хэрхэн ямар шийдвэрийн үндсэн дээр уг байрыг өмчлөх эрх үүссэн талаар баримт гаргаж ирүүлээгүй бөгөөд энэ үндэслэлийн талаар хариуцагч хариу тайлбараараа маргажээ

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Тухайлбал шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан  Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн  2012 оны 5  дугаар сарын 30-ны  өдрийн 535 дугаар захирамж болон  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтууд, өмчлөх эрхийг шилжүүлсэн тухай баримтууд хэрэгт авагдаагүй байхад шүүх дээрх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэжээ.

Хэргийн 16,17 дугаар талд авагдсан газрын болон сууцны зориулалттай орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь өмчлөх эрхийг олж авсан үндэслэлийн талаар маргасан тохиолдолд улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийн эх сурвалж нь шүүхэд дангаараа үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт болж чадахгүй.

            Эрхийн улсын бүртгэлийг баталгаажуулж олгосон гэрчилгээ нь энэ бүртгэл буруу ташаа талаар мэдэхгүй гуравдагч этгээдэд л үнэн зөв гэж тооцогдох эрх зүйн үр дагавар, ач холбогдолтой /ИХ-183.1/ тул уг бүртгэл болон гэрчилгээгээр баталгаажсан эрхийн талаар маргасан тохиолдолд шүүх өмчлөх эрх олж авсан үндэслэл хууль буюу гэрээнд нийцсэн эсэх талаар баримтад тулгуурлан өмчлөгч мөн эсэх,  түүний  шаардах эрх нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх учиртай.

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоож талуудын нотлох баримтаа бүрдүүлэн  мэтгэлцэх  боломжоор хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул хэргийг дахин  шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

            Хэргийг ийнхүү буцаасан тул  хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангаас шүүгчийн захирамжаар гаргуулж түүнд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                    

                               ДАРГАЛАГЧ                                       Л.АМАРСАНАА            

                                   ШҮҮГЧИД                                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                                           О.НАРАНГЭРЭЛ