Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ариунтуяа,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1119 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Ариунтуяагийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Э.Год холбогдох 1708006620022 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

.....................н овгийн .....................йн ....................., 1997 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /регистрийн дугаар: ..................... /,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн “Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай” шүүгчийн 229 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 1 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлсэн, /цагдан хоригдсон 117 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон/,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлсэн, /цагдан хоригдсон 192 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон/,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 502 дугаартай “Ялаас чөлөөлөх тухай” захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 2 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 426 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, /уг хорих ялыг эдлэж байгаа/.

Э.Г нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өглөөний 6 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 402 тоотод оршин суух иргэн .....................йн гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд 2 давхарын тагтаар дамжин цонхоор нь нэвтэрч орон 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Гранд” загварын гар утас, 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Ай Фоне 6” загварын гар утас, 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Скай” загварын гар утас, нийт 3 ширхэг гар утсыг хулгайлж 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Э.Гын үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл: “Нотолбол зохих байдал”-ын 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг хэн үйлдсэн, 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг зөв тогтоох шаардлагатай байна. Учир нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч А.Рагчаа нь “...тус хэргийг үйлдэхэд 3 хүн хамт яваад 1 нь өргөтгөл дамжиж ороод гарч ирж байгаа, нөгөө хоёр нь доор хараад зогсож байгаа бичлэг байсаныг би цагдаад хэлж авахуулсан байдаг. Гэтэл одоо 1 хүнийг холбогдуулан оруулж ирж байгаа нь харагдаж байна. Бусдыг нь шалгаагүй байна. Уг асуудлыг дутуу шалгасан, эдгээр хүмүүсээс хохирлоо гаргуулж авмаар байна” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа “...би шүүхийн шатнаас Э.Гын өмгөөлөгчөөр оролцож байна, мөрдөн байцаалтын шатанд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй.

Э.Г нь ээж, ах, эгч нарын хамт амьдардаг гэж байна, гэтэл түүний хувийн байдлыг тодруулаад ар гэрээс нь нэг ч хүн байцаагаагүй, хэрэгт авагдсан хаяганд амьдардаггүй талаар сая ярьсан, мөн түүнтэй хулгай хийх үед хамт байсан гэх Дээлт, Хөдөө гэх хочтой хүмүүсийг хэн болохыг тодруулаагүй, тэдгээр хүмүүсийг эрэн сурвалжлах ажиллагаа огт хийгээгүй. Хэдийгээр миний үйлчлүүлэгч Э.Г нь ганцаараа үйлдсэн гэж байгаа боловч тэр дээлт буюу Ариунболд, хөдөө буюу Мөнхтулга гэх хүмүүс нь хамтран үйлдсэн харагдаж байна. Ажиллагаа дутуу хийгдсэн байна. Э.Г нь энэ 2 хүний дарамтанд орж хулгай хийсэн байхыг үгүйсгэхээргүй байна.” гэсэн санал хүсэлтүүдийг гаргасан.

Мөн шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан камерын бичлэгт 3 хүн бичигдсэн байх ба жижиг биетэй Э.Г нь голд, хоёр захад нь өндөр нуруутай залуус явцгаах бөгөөд улмаар Э.Г нь төмөр сараалжин хашааны голоор орон өргөтгөлөөр дамжин тус айлд орж байгаа, үлдсэн 2 залуугийн 1 нь суусан, нөгөө залуу нь Э.Гын орсон төмөр хашаа руу орсноо хэсэг хугацааны дараа гарч ирсэн, төд удалгүй Э.Г гарч ирэн хамтдаа явж буй бичлэгтэй байна.

Дээрх байдлаас үзвэл, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн буюу хамтран оролцооны асуудлыг шалгуулах, тэдгээрийн хувийн байдлыг тогтоолгох” тухай гаргасан санал, хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь, тус хэргийг гардаж үйлдсэн хүнийг хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа атлаа хамт явсан, хулгайн үйлдэл хийхэд нь таслан зогсоогоогүй, эс үйлдэхүйгээр буюу хүн харах, бусад байдлаар дэмжлэг үзүүлж буй хүмүүсийг гэмт хэрэг үйлдээгүй гэж шууд үнэлэлт дүгнэлт өгч, өргөөсгөл байдлаар хандаж байгаа нь учир дутагдалтай байна.

Иймд Э.Гтой хамт явсан дээлт буюу Ариунболд, хөдөө буюу Мөнхтулга гэх хүмүүсийг олж тус хэргийг Э.Гтой хамтран үйлдсэн эсэх асуудлыг шалгах, Э.Г болон бусад хүмүүсийн хувийн байдлыг тогтоох, тус хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь юу болох, Э.Г нь хэн нэгний дарамт шахалтанд орж тус хэргийг үйлдсэн эсэх зэрэг асуудлуудыг шалгаж ирүүлэх нь зүйтэй. Тус хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны тодорхойлолт нь ямар нэгэн огноо, дугааргүй байх бөгөөд тус хаяганд Э.Г нь амьдардаг болох нь эргэлзээтэй байна.

Шүүх нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үедээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “асуудлыг” өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгээс анхан шатны шүүх хуралдаанд шилжүүлсэн ба уг шилжүүлсэн асуудал нь анхнаасаа хэргийг буцааж болох тус хуулийн 33.3 дугаар зүйлийн зохицуулалтад хамаарч буй учраас шүүх хуралдаанаас нэгэн адил хэргийг буцааж болох үндэслэлтэй байна гэх үндэслэлээр шүүгдэгч Э.Год холбогдох 1708006620022 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Ариунтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны  шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаас хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Э.Год холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1119 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаас гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ хэргийг прокурорт буцаасан нь буруу болжээ.

Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Э.Год холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүхийн “шүүгдэгч Э.Гтой хамт явсан гэх хүмүүсийг олж шалгаж... илрүүлэх” талаар заасан дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэв.

Иймд прокурор Ц.Ариунтуяагийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1119 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Гагцхүү шүүгдэгч Э.Г нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад өөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 426 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж одоо уг ялыг эдэлж байгаа ажээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг зохицуулаагүй орхигдуулсан тул шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр боломжгүй юм.

 

Иймд Э.Год холбогдох хэргийг дээрх үндэслэлээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлүүлэн холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1119 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Год холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Э.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 ШҮҮГЧИД                                                      Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                               

Ц.ОЧ