Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 602

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 0, ах, эгч, дүү нарын хамт, Баянгол дүүрэг 0 дугаар хороо 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:000000/ Б овогт Б.М-д холбогдох эрүүгийн 2005016670945 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.М- нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний орой Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны гадаа хохирогч С.С- биед халдан зодож, түүний эрүүл мэндэд баруун доод зовхинд цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.М- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн миний мэдүүлэг үнэн зөв. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид 1.500.000 төгрөг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ  гэмшиж байна” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч С.С- мөрдөн байцаалтанд “...2020 оны 04 дүгээр сарын 24-нд орой найз Ц-, О нартай уулзаад сааданд сууж байсан. ...Цаана хэдэн залуус байсныг хараад О тэд нарыг дуудаад ах нар нь тамхи татах гэсэн юм дүү карт авч яваад хэдэн тамхи аваад ир гэж хэлсэн. Тэгэхэд Б.М- гэх залуу нь тэгье гээд явсан.  Тэгээд цаана байсан найз нартайгаа уулзаад өөр нэг найзтайгаа хамт ирээд манай найз О-д “та найз битгий дээрэлхээд бай, бид нарт хоёр тамхи байна, энийг ав, тамхинд явж чадахгүй” гээд хэрүүл маргаан болсон. Тэд нар маргалдаад цээжээрээ өөд өөдөөсөө тулаад дайраад байсан. Хэн хэн нь нэгэндээ хүрээгүй. М, С гээд залуу нар зугатаагаад явсан. Харин Л, Б.М- нар үлдсэн байж байгаад найз нараа зугатахаар араас нь зугатаагаад явж байгаа харагдсан...Б.М- гэх залуу О картыг намайг ав гэхэд нь би чи өөрөө авсан биздээ өөрөө өг гэж хэлэхэд надад уурлаад байсан бөгөөд О ахтай дараа нь яаж таарах юм гэх зэрэг зүйл ярьж байсан. Нэг их сүртэй маргаан болоогүй байсан. Би чи өөрөө наад картаа О өг гээд байгаа юм биш үү гээд хэлэхэд намайг Б.М- нь толгойн баруун нүд орчим зүүн гараараа нэг, хоёр удаа цохиод авсан. Тэгээд цаашаа зугатаагаад явсан. Хамт байсан найз С нь намайг цохиогүй...маргааш нь цагдаад бүртгүүлээд гэмтэл орж зураг авахуулахад миний хамар яс хугарсан байсан...Би Төгс ялгуун эмнэлэгт 300.000 төгрөгөөр хамраа татуулсан байгаа бөгөөд эм тариа авсан зардал 100.000 гаран төгрөг болсон. Цаашид Төгс ялгуун эмнэлэгт хамар хэлбэр засах эмчилгээ хийлгэж хагалгаанд орно. Тэр нь 1.400.000 төгрөг болно” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 47/

 

Гэрч Б.Л мөрдөн байцаалтанд: “Бид нар Т- аваад 29 дүгээр байрны  Говь сауны тийшээ зугтаасан. Тэгтэл араас тэр 3 чулуу шидсэн. Шидсэн чулуу нь нэг машин онох шиг болсон. Бид нар зугтаж байгаад 29 дүгээр байрны 1 дүгээр орцны тэнд явж байтал Ц, танихгүй банди нар таарсан. Тэгтэл Ц С руу хамт явсан банди нь Т- руу дайраад байсан. Танихгүй жижиг биетэй банди нь Т- руу чамайг дүүгээ гэж бодсон юм, маргааш та нарыг ална гэж дайраад Б.М- руу цохих гэхэд нь Б.М- хамгаалаад зөрүүлээд нэг удаа нүүрэн тус газар нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

 

Гэрч О.Ц- мөрдөн байцаалтанд: “...хэрэг маргаан гарах үед С гэх хүнтэй маргаан хийж нэг удаа алгадсан. Өөр зодоон болсон зүйл байхгүй...маргаан гарах үед манай найз байрны дүү болох Мөнхтулгыг тамхи аваад ир гээд карт өгсөн. Тэрнээс болоод Мөнхтулгын найз нар нь чадахгүй гэж ирээд маргаан үүссэн. Зодоон гэх зүйл бараг болоогүй. Маргаж байгаад салсан ч С.Э-, Б.М- нар гэнэт ганц хоёр цохилцоод салсан. Тэгтэл ийм гэмтэл учирсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

 

Гэрч Д.О мөрдөн байцаалтанд: “...Б.М- гараад ирсэн тэгэхээр нь би хаан банкны картаа өгөөд тамхи захисан байсан учир карт өг гээд хэлсэн бөгөөд агаа одоо тамхи аваад ирье гэж байсан .Тэгээд би том болжээ та нар гээд нэг амбаардаад найз охиноо гэрт нь хүргэж өгөөд буцахдаа С.Э- дугаарт залгахад хамраа цохиулсан цагдаа дээр байна гээд хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5167 дугаартай “Б.М- биед уруулд өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 34/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5116 дугаартай “С.С-н биед хамар ясны хугарал, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт  /хх-ийн 36/

 

Яллагдагчаар Б.М- мөрдөн байцаалтанд: “...2020 оны 4 дүгээр сарын 24-нд би орой найз нар болох С, Л, М нартай хамт гадаа шийдэн дээр тоглож байгаад харих гээд явж байхад манай байрны ах болох О- найз нар нь гээд С.Э-, Ц- нартай хамт байсан...О ах надаас тамхи байна уу гэхэд нь надад тамхи байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд надад хандаад тамхи олоод ир гэж хэлсэн. Тэгээд би найз нар дээрээ очоод тамхи асуухад манай найз С өмнө нь Ц-ыг мэддэг байсан ба Ц одоо багаасаа найз нөхөд гэж явчихаад одоо нэгнээ тамхинд явуулаад байхдаа яадаг юм гэж хэлээд Цтой уулзсан. Тэгээд байж байхад О ах наашаа ир пизда минь гээд хувцасаа тайлаад өөдөөс явсан. Энэ үед Ц Сг холдуулаад жаахан зайтай юм яриад байх байхад Ц нь манай С гэх найзыг алгадаад авсан. Энэ үед би О ахтай уулзаад хүүе яаж байгаа юм ах аа гээд хэлсэн тэгсэн чинь О ах намайг гараараа цохисон. Тэгээд бид нар зугтаасан...Ц-, С.Э- нар урагшаа алхаад явж байсан тэгээд С одоо очиж уучлалт гуйя, дараа нь хэцүү гээд байсан. Тэгээд С, Л, М нартай хамт очиж уулзах гэтэл Ц уурлаад Сг цаашаа дагуулаад явсан. Энэ хооронд С.Э- надад хандаад бид нарын тамхинд гүйж байгаадаа баярлаж яв, дараа та нарыг бүгдийг чинь ална гээд занаад байсан. Тэгээд энэ үед над руу дайраад байхаар нь би нөхцөл бадал хүндрээд байна гэж үзээд цээж рүү нь түлхээд баруун гараараа зүүн нүдний орчим нь цохиод зугтаасан...надад тухайн үед жаахан хавдсан гэмтэл учирсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд гэмтлийн зэрэг хамаарахгүй гэсэн хариу гарсан. Надад гомдол санал байхгүй, С.Э- гэх залууд учирсан гэмтэл бэртэл, эмчилгээний бодит зардлыг нөхөн төлнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 61/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

               

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний орой Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны гадаа хохирогч С.С-н биед халдан зодож, түүний эрүүл мэндэд баруун доод зовхинд цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.М- “...цээж рүү нь түлхээд баруун гараараа зүүн нүдний орчим нь цохиод зугтаасан...надад тухайн үед жаахан хавдсан гэмтэл учирсан байсан...С.Э- гэх залууд учирсан гэмтэл бэртэл, эмчилгээний бодит зардлыг нөхөн төлнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/, хохирогч С.С-н“...намайг Б.М- нь толгойн баруун нүд орчим зүүн гараараа нэг, хоёр удаа цохиод авсан. Тэгээд цаашаа зугатаагаад явсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 47/, гэрч Б.Лийн “...Б.М- руу цохих гэхэд нь Б.М- хамгаалаад зөрүүлээд нэг удаа нүүрэн тус газар нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/, гэрч О.Ц-ын “...зодоон гэх зүйл бараг болоогүй. Маргаж байгаад салсан ч С.Э-, Б.М- нар гэнэт ганц хоёр цохилцоод салсан. Тэгтэл ийм гэмтэл учирсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/, гэрч Д.Оын “...С.Э- дугаарт залгахад хамраа цохиулсан цагдаа дээр байна гээд хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/ болон шинжээчийн 5116 дугаартай дүгнэлт  /хх-ийн 36/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.М-, С.С-н бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Иймд хяналтын прокуророос Б.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Б.М- “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирогч С.С- “Б.М-ас 1500.000 төгрөг буюу учруулсан гэмтлийн хохирлыг бүрэн хүлээн авсан, гомдолгүй” гэсэн хүсэлтийг” бичгээр үйлдэн нотариатаар батлуулан хэрэгт хавсаргасан байна. Иймд Б.М- бусдад  төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.  

Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтооогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна. 

Б.М- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзаж түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Б.М- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-д авсан 1.     хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

   

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ