| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01505/и |
| Дугаар | 142/ШШ2017/00174 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 142/ШШ2017/00174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдава даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-10-46 тоотод оршин суух, Боржигон овгийн Бавуужавын Үүрцайх /УС58021545/
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-10-47 тоотод оршин суух Мэнгэт овгийн Сосорбарамын Эрдэнэцэцэг /ФД79080605/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг,Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-10-49 тоотод оршин суух Дархан овгийн Цэдэнгийн Наранцогт /ФМ56010753/,
Хариуцагч: “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК
Хариуцагч: “Тулга-4” СӨХ-д холбогдох
“Ус алдсанаас учирсан гэм хорын хохирол 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Үүрцайх, хариуцагч Ц.Наранцогт, хариуцагч “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга, хариуцагч “Тулга-4” СӨХ-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Дэлгэр, гэрч Н.Эрдэнэболд, Ц.Эрдэнэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Үүрцайх, С.Эрдэнэцэцэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Үүрцайх тайлбарлахдаа: 2016.10.11-ны өдөр 4-10-49 тоот айл ус алдсаны улмаас 4-10-46 тоотын жижиг өрөөний хана дагаж ус гоожсоны улмаас 2 талын ханын обой норж хуурсан, таазанд их хэмжээгээр шарлалт үүссэн. Шалны хивс норж өмхийрч дарайсан. Мөн энэ айл орсон цагаас хойш удаа дараа ус алдаж ванны өрөө, 00-н өрөө, том өрөөнүүд шохой нь шарлаж нурсан байдалтай байна. Манайх 3 жилийн өмнө их засвар хийсэн байсан. Энэ айлаас болж удаа дараа хохирч дахин их засвар хийх болчихоод байна. Засвар хийхэд хамгийн багадаа 500 000 төгрөг шаардлагатай байгаа тул энэ хохиролыг барагдуулж өгнө үү гэсэн. Мөн 4-10-47 тоотын коридорын хэсгийн тааз болон обой нурж хуурсан, тааз нь шарласан, коридорийн хананд байх тавилганы арын ариглит нь норсны улмаас төмбийж хатсан тул коридорийн хэсэгт засвар хийх, обой нь солих тавилганыхаа ариглитийг сольж янзлуулахад 200 000 төгрөг шаардлагатай байгаа тул хохиролыг барагдуулж өгнө үү. Нийт 700 000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Ц.Наранцогт шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016.10.11-ны өдрийн 10 цагийн орчим “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” компанийн диспетчерт дуудлага өгсний дагуу тус компаний сантехникч Пүрэвжамц, Эрдэнэболд гэж нэрээ хэлсэн засварчид ирж крант солихоор ирсэн. Сантехникч ахлагч Пүрэвжамц нь подвольд ус хаахаар явсан боловч крант бүрэн хаагдахгүй гэсэн тул крантийг солихоор болж ус алдаж эхэлсэн. Энэ хугацаанд тус байранд амьдрагч нэр нь үл мэдэх 46 тоот авгай орж ирж өөрийн биеэр үзсэн. Мөн тус байранд амьдрагч 45, 47 тоотод амьдардаг хүмүүс өөрийн биеэр ус алдаж байхад үзсэн болно. Би энэ талаар өөрсдөд нь хэлж та нар албан байгууллагад хэлээрэй өөрсдөө үзэж харлаа шүү гэж хэлсэн. Манай гэрт хүргэн, охин, хүүхдүүд ирсэн. Энэ бүгдийг гэрчилнэ. Ус алдсан нь сантехникийн буруугаас болсон болохоор бид уг хохиролыг өөрсдийн буруугаас болоогүй учир уг хохиролыг төлөхөөс татгалзаж байна. Миний бие болон гэр бүлийн хөгшин бид 2 тэтгэврийн хүмүүс. Албан байгууллага болон сантехникчдын буруу учир төлбөрөөс татгалзаж байна. Бид өөрсдөө чадахгүй учир мэргэжлийн байгууллагад л хандсан, анхнаасаа усаа хаачаад орж ирсэн бол ийм асуудал гарахгүй байсан. Манайх гал тогооноосоо уян хоолойгоор коридортоо гаргасан, ингэхдээ зохих газраас нь зөвшөөрөл аваагүй гэжээ.
Хариуцагч “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Эрдэнэцэцэг нарын гэм хорын хохирол 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар оролцож байгаа "Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хэргийн хариуцагч Ц.Наранцогт энэ хэрэгт манайх холбогдолгүй харин “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-ны слесарь Эрдэнэболд, Пүрэвжамц нар хариуцна. Тэд нар дуудлагаар ирж засвар хийхдээ ус алдуулсан гэжээ. Ц.Наранцогтын тайлбар, Б.Үүрцайх, С.Эрдэнэцэцэг нарын нэхэмжлэлийг хүлээж авах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Диспетчерийн дуудлагын дэвтэрт 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 4-10-49 тоотоос дуудлага өгсөн ба анх диспетчерийн албаны засварчин Батсум очсон ба гал тогооны крант солих шаардлагатай гэж тэр өдрийн мастер Баясгаланд шилжүүлсэн ба Баясгалан засварчин Эрдэнэболд, дадлагын оюутан Пүрэвжамц нарыг явуулсан байна. Засварчин Эрдэнэболд дадлагын оюутны хамт мастер Баясгалангаас наръяад /даалгавар/ аваад 4-10-49 тоотод очиход уг айл нь арктай 1 өрөө байсан ба гал тогоогоо коридортоо шилжүүлж сантехникийн шугам сүлжээг РУЗ /пластмассан уян хоолой/ хоолойгоор хийсэн бөгөөд уг хоолойноос ус шүршиж байхад нь Эрдэнэболд ус зогсоохоор винтелийг эргүүлэхэд винтель нь босоо шугаманд орсон резватай хэсгээр тасран унаж ус алдсан байна. Тухайн үед засварчин Эрдэнэболд подвальд орж босоо шугамын хаалтыг хаахад олигтой бариагүй тул нөгөө орцны подвальд орж орууллагын бөмбөглөгөн хаалтыг хааж усыг зогсоон 49 тоотод засвар хийж өгөөд резбагаараа хугарсан винтель /хаалт/, ус гоожиж шүүрсэн уян хоолой, босоо шугамнаас авсан холболтын зургийг авч баримтжуулсан байна. Энд засварчин Эрдэнэболдын буруутай үйлдлээс болж айлд ус алдсан гэх ямарч үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүрч байгаа усыг тогтоохын тулд засварчин юуны урьд аваарийн хаалт буюу винтелийг хаах учиртай. Энэ үйлдлийн үед винтель резбагаараа тасарч унасан байна. Байрны гал тогоог коридорт шилжүүлэхдээ 1-рт зориулалтын металл трубагаар хийгээгүй 2-рт холболт хийсэн уян хоолойны резбатай хэсэг нь удаан хугацааны эдэлгээний явцад зэвэрч муудсан зэргээс болсон гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч “Тулга-4” Сөх шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхэд нэхэмжлэл гаргасан Б.Үүрцайх, С.Эрдэнэцэцэг нарын материалтай танилцлаа. Уг материалд манай СӨХ-ны харьяа 4-р микрийн 10-р байрны 49 тоотод оршин суугч Ц.Наранцогтынд 2016.10.11-ны өдөр гал зуухны шугамнаас ус алдаж доод айл болох 4-10-р байрны 46, 47 тоот айлуудад ус орж хохирол учирсан байна. Тэр өдөр гарч байсан дуудлагын слесарь Эрдэнэболдтой уулзахад тухайн үед 4-10-49 тоот айл нь урд өдөр нь “Эрдэнэт Ус” ДТС-д дуудлага өгсөн. Тэр өдрөө хийгдээгүй маргааш өдөр нь мастерын дуудлагаар очсон. Очиж үзэхэд 49 тоот нь гал зуухны шугамаа коридортоо шилжүүлсэн. Шилжүүлэхдээ төмөр турбагаар татаж вентиль тавьсан. Тавьсан пепси холбоо нь дундуураа тасрах шахсан ус гоожиж байсан. Пепси холбогч дээр тавьсан вентилийг хаах гэсэн чинь вентиль нь задарч ус алдсан тэгэхээр нь доошоо подволд орж оруулган дээр байгаа бөмбөлгөн хаалтыг хааж усыг зогсоож уг айлаар нь материалыг авахуулж засаж янзалж өгсөн гэж хэлсэн. 4-10-46 тоотод оршин суугч Б.Үүрцайхын гэрт орж уулзахад манай дээрээс ус алдсан нь үнэн. СӨХ-г яагаад дуудаж үзүүлээгүй юм бэ? гэхэд мэдэхгүй тухайн үед ус гоожоод сандарсан гэж хэлсэн. Тэр айл жижиг өрөө ванн жорлонгийн өрөөний тааз хана шарласан байдалтай байсан. Үүрцайх нь 4 давхарын айл үргэлж манайх руу ус алдаж байдаг гэж хэлсэн. Та дээд айлтай зохицоод тааз ханаа засуулж янзлуулаад авч болохгүй юм уу гэхэд үгүй ээ шүүх нь шийднэ биз гэсэн. 4-10-49 тоотод орж Наранцогт гуайтай уулзахад манайх ус алдсан доод айл руу гоожсон үүний буруу “Эрдэнэт ус”-ын слесарийн буруу эхлээд усаа хаачихаад ирсэн бол ийм болохгүй байх байсан гэж хэлсэн. Та манай СӨХ-д гомдолтой юу гэж асуухад гомдолгүй ээ би СӨХ-д гомдолтой гэж хэлээгүй “Эрдэнэт ус”-ын слесарьд гомдолтой гэж шүүхэд хэлсэн гэж ярьлаа. Та нар хоорондоо зохицоод асуудлаа шийдэж болохгүй юм уу гэхэд шүүхээр шийдүүлнэ гэв. 4-10-47 тоотын айлтай уулзах гэсэн боловч хүнгүй байв. Тухайн үедээ СӨХ-өө дуудахгүй яасан юм бэ? гэхэд Наранцогт гуай СӨХ хамааралгүй байх гэж бодоод дуудаагүй гэж хэлсэн. Иймд Тулга-4 СӨХ нь энэ нэхэмжлэлийн хариуд СӨХ-оос шалтгаалсан зүйлгүй юм байна гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Үүрцайх, С.Эрдэнэцэцэг нар нь Ц.Наранцогт, “Эрдэнэ-Ус” ДТС ОНӨХК, “Тулга-4” СӨХ-д холбогдуулан ус алдсанаас учирсан гэм хорын хохирол 700 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Эрдэнэцэцэг шүүх хуралдааны товыг авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагч нар нэхэмжлэгч С.Эрдэнэцэцэгийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэцэцэгийн эзгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-10-49 тоот Ц.Наранцогтын гэрээс ус алдаж, 4-10-46 тоот Б.Үүрцайхын гэрт, 4-10-47 тоот С.Эрдэнэцэцэгийн гэрт хохирол учирсан талаар талууд маргахгүй байна.
2016.10.11-ний өдөр хариуцагч Ц.Наранцогтын крантнаас ус дусаж байсан тул засуулахаар “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” компанид дуудлага өгч, түүний дагуу сантехникч Пүрэвжамц, Эрдэнэболд нар ирсэн. Ингээд уг крантыг /винтель/ засах явцад буюу усыг хаагаад эргэхэд винтель хугарч унасан /усны даралтыг даалгүй/. Үүний улмаас Ц.Наранцогтыхоос ус алдсан үйл баримт болсон болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохиролыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар гэм хорын хохиролыг буруутай этгээдээс шаардах эрхтэй.
Хариуцагч Ц.Наранцогт болон хариуцагч “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК, хэн аль нь гэм буруугийн талаар өөрсдийн буруу байгаагүй гэж мэтгэлцсэн.
Дээрх болсон үйл баримт, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Ц.Наранцогтых гал тогоогоо коридортоо шилжүүлж, сантехникийн шугам сүлжээг уян хоолойгоор хийсэн, ингэхдээ зохих байгууллагаас зөвшөөрөл аваагүй, зориулалтын бус мартериалаар холболт хийсэн буруутай, харин “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн засварчид дуудлагын дагуу очиж засвар хийх явцдаа ус алдуулсаныг зөвтгөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд хариуцагч Ц.Наранцогт, “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК хоёр ус алдсанаас учруулсан хохиролыг адил хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин “Тулга-4” СӨХ-ны буруутай үйлдэл эс үйлдэхүйгээс болж нэхэмжлэгч Б.Үүрцайх, С.Эрдэнэцэцэг нарын эд хөрөнгөд хохирол учирсан нь тогтоогдоогүй тул “Тулга-4” СӨХ-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“Далайван Аудит” ХХК нь, нэхэмжлэгч Б.Үүрцайхынд ус алдсаны улмаас учирсан хохиролыг 136 500 төгрөг, нэхэмжлэгч С.Эрдэнэцэцэгийнд ус алдсаны улмаас учирсан хохиролыг 221 200 төгрөг гэж гаргасан тул дээрх үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн бөгөөд, нэхэмжлэгч С.Эрдэнэцэцэг 200 000 төгрөг нэхэмжилсэн тул дээрх хэмжээгээр хариуцагч Ц.Наранцогт, “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-с тэнцүү хуваан гаргуулж, үлдэх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжаар Б.Үүрцайхад 4 745 төгрөг, С.Эрдэнэцэцэгт 6 650 төгрөг гаргуулан олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Наранцогт, “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-с тус бүр 68 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Үүрцайхад, 100 000 төгрөг гаргуулан С.Эрдэнэцэцэгт олгож, Б.Үүрцайхын нэхэмжлэлээс 363 500 төгрөгийг, “Тулга-4” СӨХ-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас нараас Б.Үүрцайхад 4 745 төгрөг, С.Эрдэнэцэцэгт 6 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Р.ҮҮРИЙНТУЯА