Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1158

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         06          23                                       2020/ШЦТ/1158

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

улсын яллагч О.Баярсайхан,

шүүгдэгч М.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт М.ын Б.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 01669 1310 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1983 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 827 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Б. овогт М.ын Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б. нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Начин заан” барьцаалан зээлдүүлэх төвөөс үйлчлүүлээд гарч ирсэн иргэн М.Сарантуяагийн халааснаас 740.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 740.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч М.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би өнөөдөр өглөө буюу 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 10:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” төв 2 гэх газрын 1 давхарт байрлах “Начин заан” ломбарданд өөрийн эзэмшлийн монетон ээмэг, бөгж тавиад 740.000 төгрөг авсан ба ломбарднаас өгсөн баримтанд нь мөнгөө боогоод баруун халаасандаа хийсэн. Тэгээд үүдэнд утас дуугарахаар нь зүүн халаасандаа байсан утсаа аваад утсаар яриад машиндаа суугаад халааснаасаа мөнгөө гаргах гэтэл мөнгө байхгүй болсон байсан. Би утсаар яриад машиндаа суух гэж байгаад хулгайд алдсан. Би гомдолтой байна. Хохирол мөнгөө барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

М.Б. нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Начин заан” барьцаалан зээлдүүлэх төвөөс үйлчлүүлээд гарч ирсэн иргэн М.Сарантуяагийн халааснаас 740.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 740.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Сарантуяагийн мэдүүлэг, М.Б.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б.ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б.од прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогчид баримтаар 740.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.Б.од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээсдээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 827 дугаартай Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор 1 жил 4 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, энэ өдрөөс хойш цагдан хоригдож, хорих ялаа эдэлж байсан, 2020 оны 5 дугаар сарын 21-ны өдрөөс яллагдагчаар шилжүүлэн цагдан хоригдож байсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 10 хоногийн хорих ялыг нэмж, нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б. овогт М.ын Б.ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б.од 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б.од  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 827 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус тус зааснаар М.Б.од оногдуулсан 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.Б.оос 740.000 төгрөгийг гаргуулан хохирогч Цаатан овогт Мархаагийн Сарантуяа /РД:МС80092503/-д олгосугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,М.Б.од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА