Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1160

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         06          23                                       2020/ШЦТ/1160

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,  

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Д.Ө., түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М. овогт Д.гийн Ө.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 10035 1423 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            М. Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мацу мода” автоломбардны зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М. овогт Д.гийн Ө..

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Д.Ө. нь “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 21 дүгээр байрны 24 тоот 36.68 м.кв 2 өрөө байрыг өгнө...” гэж хуурч, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Х.Буянгийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48В байрны 28 тоот 1 өрөө 32 м.кв орон сууцыг нь 25.000.000 төгрөгийн барьцаанд 2 сарын хугацаатай барьцаалуулж, 25.000.000 төгрөгийг, мөн газраа шилжүүлж авсан ба дахин “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 21 дүгээр байрны 24 тоот 36.68 м.кв 2 өрөө байрны гэрчилгээ гараагүй байна...” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвд өмнө барьцаалсан 48В байрны 28 тоот 1 өрөө 32 м.кв байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бусдын /барьцаалагчийн/ нэр дээр шилжүүлж, 13.400.000 төгрөг нэмж аваад, нийт 38.400.000 төгрөгийг төлөлгүй, түүнд 49.265.537 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                          /яллах дүгнэлт бичсэнээр/

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ө. мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Х.Буянгийн өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр миний танил Д.Ө. над дээр ирээд “багын найзынхаа барилгын ажлыг авчихаад мөнгө төгрөг хүрэхгүй ажлыг нь алах гээд байна, чи байраа барьцаанд тавиад мөнгө гаргаад өгөөч, чамд энэ байрнаас чиний байр шиг м.кв-тай 2 өрөө байр аваад өгье, би өөрөө бас 56 м.кв байр авна” гэхээр нь би зөвшөөрөөд, тус болъё гээд байрныхаа гэрчилгээг аваад, Д.Ө.ыг дагаад Ц.Алтанцэцэг гэх эмэгтэйтэй “Хос гутал” худалдааны төвийн 4 давхарт уулзаад, миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48В байрны 28 тоот 1 өрөө 32 м.кв байрыг нь 25.000.000 төгрөгийн барьцаанд 2 сарын хугацаатай тавьсан. 25.000.000 төгрөгийг Д.Ө. дансаараа шилжүүлж авсан. Ингээд барилгын ажил дээр нэг материал авах хэрэг гараад, мөн зээлийн хүүг төлж чадахгүй байж байтал 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр миний эзэмшлийн байрыг Д.Ө. Ц.Алтанцэцэгт зарчих, чи энэ байрнаас авчих юм чинь санаа зоволтгүй гэхээр нь би байраа хүүг нь төлөөд 13.400.000 төгрөг авч зарахаар болсон. Энэ мөнгийг Д.Ө.ы “Хаан” банкны 5064237677 дансаар шилжүүлж авсан юм. Ингээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 36 айлын орон сууцны гадна фасад, дотор шал цутгалтын ажил, дээврийн ажлыг бүрэн хийж гүйцэтгээд Н.Мөнхбаясгалан надад тус 21 дүгээр байрны 36.68 м.кв 2 өрөө байрны түлхүүрийг өгсөн. Би байранд нүүж орсон. 2018 оны 04 дүгээр сард Ц.Алтанцэцэг гэх миний байрыг худалдаж авсан эмэгтэй над руу залгаад Д.Ө. чиний амьдарч байгаа байрны гэрчилгээг өөр дээрээ гаргаад, 25.000.000 төгрөгийн барьцаанд надад тавьсан байгаа, одоо энэ залуу хүүгээ өгөхгүй алга болсон, чи олж өг гэхээр нь би Н.Мөнхбаясгалантай уулзах гэтэл утсаа авахгүй алга болсон. Д.Ө.тай ярихад “тийм ээ, би танай байрны гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулаад барьцаанд тавьсан, мөнгөний хэрэг гараад тавьчихлаа, уучлаарай, би мөнгө орж ирэхээр аваад өгье” гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ц.Алтанцэцэг өөрийн байрны гэрчилгээг барьцаалж, нийт 25.000.000 төгрөгийг Ц.Алтанцэцэг Д.Ө.ы “Хаан” банкны дансанд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, “Сансар” худалдааны төвийн хажууд байдаг нотариатчийн газарт гэрчилгээ барьцаалсан гэрээг батлуулж, мөнгийг мөн нотариатчийн газарт байхдаа шилжүүлсэн. Тэгээд Д.Ө. 2 сар гаруй хугацаанд Ц.Алтанцэцэгээс зээлсэн мөнгөний хүүг төлөхгүй болсон учраас Д.Ө. надаас байранд оруулж өгье, Ц.Алтанцэцэгт барьцаанд тавьсан байраа зараад зөрүү мөнгийг нь зээлчих гээд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, “Сансар” худалдааны төвийн хажууд байдаг нотариатчийн газарт Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Ц.Алтанцэцэгтэй батлуулж, зөрүү 13.400.000 төгрөгийг нэмж, Д.Ө.ы данс руу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ц.Алтанцэцэгийн нэр дээр шилжүүлж, үлдэгдэл мөнгийг Ц.Алтанцэцэг Д.Ө.ы данс руу хийнэ гээд явсан” гэх мэдүүлэг /187, 189/,

- Гэрч Ц.Алтанцэцэгийн өгсөн: “Х.Буян, Д.Ө. нар манай оффис дээр ирээд Х.Буянгийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48В байрны 28 тоот 32 м.кв орон сууцны барьцаанд тавиад зээл авмаар байна гэхээр нь барьцаа хөрөнгө байгаа учраас 25.000.000 төгрөг сарын 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн юм. Ингээд зээлсэн мөнгөний хугацаа дуусахад Х.Буян, Д.Ө. нар ирж уулзаад байраа зарах гэж байгаа гээд намайг байр худалдаж авах гэхээр нь би Х.Буянтай ярилцаж, байран дээр чинь өр шир байгаа юу гээд лавлаж байгаад түүний байрыг 1 м.кв-ыг нь 1.100.000 төгрөгөөр бодоод 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Х.Буянтай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан орон сууцыг 38.400.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, өмнө зээлсэн мөнгө зэргийг бодоод Х.Буянд мөнгийг нь өгсөн юм. Ингээд Д.Ө. 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр ирээд мөнгө зээлээч, би барилгын ажил хийж байсан орон сууцнаасаа байр авсан байгаа юм, хэдэн төгрөг зээлээч гэхээр нь би түүнтэй зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулаад, тэгээд Д.Ө. үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг надад эх хувиар нь барьцаа болгож үлдээгээд надаас нийт 15.000.000 төгрөг “Хаан” банкны дансаар шилжүүлэн авсан. Ингээд тэр зээлсэн мөнгөнийхөө эхний 3 сарын мөнгийг өгөөд түүнээс хойш өгөөгүй. Тэгээд би түүн рүү хүүгээ яасан бэ гэж асуухад “барилгын ажлын мөнгө орно, удахгүй” гэхээр нь... Д.Ө. мөнгөө өгөхгүй байхаар нь нийт 37.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаад, 2018 оны 05 дугаар сард албадан гүйцэтгэх захирамж гарч, одоо материал шийдвэр гүйцэтгэгч Энхсоёл гэдэг хүн дээр байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

Д.Ө. Х.Буянгийн хамт ирээд Х.Буянгийн нэр дээр 1 өрөө байрыг барьцаалж мөнгө зээлж байсан. Тухайн он, сар, өдрийг сайн санахгүй байна. Дараа нь тухайн байраа надад худалдах санал тавьсныг хүлээн авч худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээг Натурын зам дагуу буюу Сансар худалдааны төвтэй байранд байдаг нотариатчаар батлуулж байсан ба мөнгийг нь уг газар байхдаа дансаар шилжүүлж байсан. Харин дараа нь Д.Ө.ы өөрийнх нь нэр дээрх Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 21 дүгээр байрны 24 тоот 36.68 м.кв 2 өрөө байрыг барьцаалж, үндсэн зээл, хүү, алдангитай нийлээд 37.000.000 төгрөгийг өгөхөөр болсон юм. Уг байр барьцаалсан болон зээлийн гэрээг Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу 107.5 ФМ-тэй байранд байдаг нотариатчаар батлуулж байсан ба мөнгөө энэ газраа дансаар шилжүүлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 237/,

- Гэрч Б.Баярхүүгийн өгсөн: “Барилгуудыг ашиглалтад орсны дараа байруудыг эзэмшигчид шилжүүлэх болсон чинь Н.Мөнхбаясгалан Д.Ө.д 2 байрыг нь гэрээнийх нь дагуу өгчихсөн. Д.Ө. цаашаа учраа олоод наад Х.Буян гэх хүндээ өгөг гэсний дагуу 2 байрыг Д.Ө.ы нэр дээр шилжүүлж өгөх гэрээ байгуулсан. Би ойлгохдоо Д.Ө.ыг Х.Буянд шилжүүлээд өгчих юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

Тухайн гэрээ хийсэн өдөр Д.Ө. надтай ирж уулзаад би Х.Буянд 2 өрөө байрныхаа нэгийг нь өгөх гэж байгаа юм. Тийм болохоор Н.Мөнхбаясгалантай яриад тохиролцсон байгаа учраас Х.Буянтай орон сууц захиалан бариулах гэрээ хийгээд өгөөч гэхээр нь би өөрийн 88112611 дугаарын утаснаас Н.Мөнхбаясгалангийн 99110302 дугаар луу ярьж тодруулахад Өлзийтэй ярьсан хэлснээр нь гэрээг нь хийгээд өг гэхээр  нь уг гэрээг хийж өгсөн. Гэрээнд гарын үсэг зурахад Д.Ө., Х.Буян бид 3 хамт байсан. Ингээд Н.Мөнхбаясгалан зөвшөөрсөн учраас итгэмжлэл хийхгүйгээр гэрээнд Н.Мөнхбаясгалангийн нэр дээр гарын үсэг зурсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 191/,

- Гэрч Н.Мөнхбаясгалангийн өгсөн: “Д.Ө. барилгын гадна фассадны ажил гүйцэтгэдэг бригадтай байгаа юм. Ингээд надтай уулзаад тухайн ажил гүйцэтгэх гэрээг байгуулаад гэрээний нөхцлөөр бартерт 2 өрөө бүхий 2 байр авахаар тохирч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ингээд гэрээний дагуу 2 ширхэг байрыг Д.Ө.д шилжүүлж өгсөн. Байр шилжүүлж өгсний дараа 2017 оны сүүлээр Д.Ө. над руу залгаад би чамаас авсан 2 байрныхаа нэгийг ажлынхаа нэг хүнд зарчихсан юм аа. Тэгээд тэр хүнд чи ажил гүйцэтгэл дуусаагүй, дээврийн ажил үлдсэн, ордерыг шилжүүлээгүй байгаа гээд хэлээд өгөөч гэж утсаар ярихаар нь ямар учиртай, юу болоод байгаа юм гэсэн чинь тэр хүнд өгөх байраа барьцаанд тавьчихсан юм аа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

Энэ гэрээний талаар огт мэдэхгүй байна. Надад утсаар болон бусад байдлаар энэ гэрээний талаар огт хэлж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 241/,

- Гэрч В.Батхүүгийн өгсөн: “...Н.Мөнхбаясгалангийн бариулж байгаа 36 айлын орон сууцны барилгатай холбоотой гэрээг урьдчилан хэвлэн бэлтгэж, 3 хувь үйлдэн ирүүлдэг байсан. Би тухайн үед Баярхүү Н.Мөнхбаясгаланг төлөөлөх итгэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баталсан байсан учраас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр уг гэрээг баталсан юм. Миний хувьд тухайн хүмүүс уг гэрээг хийхдээ ямар нөхцлөөр хийж, хэрхэн төлбөр тооцоогоо хийсэн, байранд орсон эсэх, төлбөр тооцоо төлж дууссан эсэхийг мэдэх боломжгүй учраас уг гэрээний байгуулсан он, сар, өдрийг чухал холбогдолтой биш гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 193/,

- Гэрч З.Өлзийгийн өгсөн: “Энэ гэрээний сар өдрийг санахгүй байна. Тухайн үед би хэвлэж гаргаж өгч байсан. Д.Ө. Н.Мөнхбаясгалантай утсаар холбогдоод гэрээ хийж болох эсэх талаар асууж байсан. Тэгээд гэрээ Х.Буян, Н.Мөнхбаясгалан нарын нэрээр гарсан, гэрээн дээр нь хэн нь гарын үсэг зурсан талаар мэдэхгүй байна. Энэ гэрээг хийхэд Д.Ө., Х.Буян, Б.Баярхүү бид дөрөв байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 246/,

- Хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 242/,

- Дансны хуулга /хх-ийн 89, 92/ болон бичгийн баримтууд /44-103/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

  Шүүгдэгч Д.Ө. нь “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 21 дүгээр байрны 24 тоот 36.68 м.кв 2 өрөө байрыг өгнө...” гэж хуурч, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Х.Буянгийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48В байрны 28 тоот 1 өрөө 32 м.кв орон сууцыг нь 25.000.000 төгрөгийн барьцаанд 2 сарын хугацаатай барьцаалуулж, 25.000.000 төгрөгийг, мөн газраа шилжүүлж авсан ба дахин “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 21 дүгээр байрны 24 тоот 36.68 м.кв 2 өрөө байрны гэрчилгээ гараагүй байна...” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвд өмнө барьцаалсан 48В байрны 28 тоот 1 өрөө 32 м.кв байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бусдын /барьцаалагчийн/ нэр дээр шилжүүлж, 13.400.000 төгрөг нэмж аваад, нийт 38.400.000 төгрөгийг төлөлгүй, түүнд 49.265.537 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Буянгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Алтанцэцэг, Б.Баярхүү, Н.Мөнхбаясгалан, В.Батхүү, З.Өлзий нарын мэдүүлэг, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Д.Д.гийн 5064237677 депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ө. нь хохирогч Х.Буянд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Ө. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир 97 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ө.ы цагдан хоригдсон 97 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож , түүнд оногдуулсан торгох ялаас хасч тооцож,торгох ялын хэмжээг тогтоосон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М. овогт Д.гийн Ө.г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө.д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Ө.ы цагдан хоригдсон 97 хоногийг 1.455.000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчийн торгох ялыг нийт 45 нэгж буюу 45.000 төгрөгөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ө. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

            6. Шүүгдэгч Д.Ө.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА