| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1137/Э |
| Дугаар | 1161 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 1161
2020 06 23 2020/ШЦТ/1161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч М.Батзаяа,
шүүгдэгч У.П. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э. овогт У.гийн П.ид яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 1468 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Увс аймагт 1978 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй, “Их үйлс” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, Э. овогт У.гийн П..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.П. нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн зүүн талын хаалганы хөдөө орон нутаг руу явах автомашины зогсоол дээр иргэн Ц.Тэлмүүнтэй маргалдаж, улмаар толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөж, хамар ясны баруун болон зүүн хажуу ханын зөрөөтэй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.П. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Ц.Тэлмүүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нарантуул олон улсын худалдааны төвийн зүүн талын хөдөө орон нутаг руу явдаг машины зогсоол дээр машинаа шахаж зогсоогоод бараагаа том машинд ачуулж байсан юм. Тэгсэн урд талаас микро автомашин ухарч байгаад миний машины бөгсөн хэсэгт нь мөргөчихөөд чигээрээ яваад өгсөн. Тэгээд би араас нь очоод жолоочийн хаалга талаар очоод жолоочид машин мөргөчихлөө гэсэн чинь жолооч нь цаашаа бай, би ажилтай байна гээд машины цонхоо хаачихсан. Би машины цонхоо онгорхой орхичихсон байсан учраас машин дээрээ очиж машины цонхоо хааж машинаа түгжчихээд буцаад нөгөө машин дээр очсон. Тэгсэн жолооч нь машинаасаа буучихсан бараа буулгаад зогсч байсан. Та машин мөргөчихөөд цагдаа дууд гэсэн чинь өөдөөс уурлаад өөрөө ард зогсч мөргүүлчихээд дуугүй цаашаа яв гээд уурлаад байсан. Тэгэхээр нь бас уурласан. Тэгээд бид хоёр маргалдсан. Тэгсэн цаанаас тэрэгтэй бараа түрсэн залуу хүрч ирээд над руу мөн адил уурлаад болиоч гээд гараараа хүзүү рүү боогоод, хойшоо түлхсэн. Тэгэхээр нь та яагаад байгаа юм бэ гээд өөдөөс нь очсон чинь хамар луу нэг удаа мөргөсөн. Тэгсэн хамарнаас цус гараад байхаар нь би доошоо тонгойж цусаа тогтоосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
- Гэрч Б.Цэрэндаваагийн өгсөн: “Миний ард ухарч байсан цагаан жижиг тэрэгний жолооч бололтой залуу хүрч ирээд та яах гэж байна гэхээр нь би эндээ зогсч байсан, чи өөрөө миний араас ирээд мөргөчихсөн юм биш үү гэсэн. Тэгсэн нөгөө залуу надтай маргаан хийгээд байсан. Тэгж байхад борлуулагч У.П. ирээд юу болоод байгаа юм гээд хэрүүл болсон. Тэгээд би ачаагаа ачиж байх хооронд тэр хоёр хоорондоо маргаж байгаад манай У.П. гэх залуу тэр Ц.Тэлмүүн гэх залууг толгойн тус газар нь хамар хэсэгт нь мөргөсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6322 тоот:
1. Ц.Тэлмүүний биед хамар ясны баруун болон зүүн хажуу ханын зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас У.П. нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн зүүн талын хаалганы хөдөө орон нутаг руу явах автомашины зогсоол дээр иргэн Ц.Тэлмүүнтэй маргалдаж, улмаар толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөж, хамар ясны баруун болон зүүн хажуу ханын зөрөөтэй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул У.П.ид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
У.П. нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 13:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн зүүн талын хаалганы хөдөө орон нутаг руу явах автомашины зогсоол дээр иргэн Ц.Тэлмүүнтэй маргалдаж, улмаар толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөж, хамар ясны баруун болон зүүн хажуу ханын зөрөөтэй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Тэлмүүний мэдүүлэг, гэрч Б.Цэрэндаваагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6322 тоот дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч У.П.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч У.П.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 64/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч У.П.ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э. овогт У.гийн П.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.П.ид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА