Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2017/00178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Баруун бүрэн сум 1-р баг Ивэн хөдөөд оршин суух, Далх овгийн Дорждамбын Октябрь /МВ60022111/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 31-01 тоотод оршин суух, Боржигин овгийн Нямхүүгийн Буянцогт /ГН87080911/-т холбогдох

“6 114 082 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Октябрь, хариуцагч Н.Буянцогт, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Октябрь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2015 оны 02 дугаар сарын 27-нд Газар капитал партнерс ББСБ-аас О.Эрдэнэбүрэнгийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 1-р баг Чулуутын 3-22 тоотод 894.0 мкв хэмжээтэй хашаа байшинг барьцаалан 5 000 000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийг Батсүхийн Эрдэнэчимэгийн нэрээр авсан байдаг бөгөөд уг зээлсэн мөнгө болох 5 000 000 төгрөгийг хүргэн байсан Н.Буянцогт нь тухайн үед бүгдийг авсан. Миний бие Д.Октябрь уг зээл болон зээлийн хүүг 100% өөрөө төлж барагдуулсан юм. Иймд энэхүү зээл болон зээлийн хүү болох нийт 6 114 082 төгрөгийг Н.Буянцогтоос гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Буянцогт шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Миний бие Нямхүү овогтой Буянцогтод нэхэмжлэл гаргаж байгаа шаардлага нь өнгөрөгч оны 11 сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн захирамж гарсан асуудал юм. Энэхүү үл хөдлөх хөрөнгө гээд байгаа Дархан сум 2-р баг чулуутын 3-22 тоотод байшин хашааг Буянцогт миний бие өөрийн аав ээжээр цалингийн зээл авч оролцуулж хөрөнгө гарган авсан. Үнийн дүнгийн 50% болох мөнгийг өөрсдийн тавьсан саналын дагуу шүүх хурал болоод дууссан байтал ийм зүйл бичээд ор утгаггүй намайг тэрхүү байшинг ББСГ-т барьцаалж зээлсэн мөнгийг авч зугтсан мэтээр гүтгэж нэхэмжлэл гаргаж байгаад маш их гомдолтой байна. Тэр ч байтугай хамтран амьдрагч байсан охин болох Эрдэнэбүрэн бид 2-ын дундаас гарсан охин хүртэл миний аав ээж дээр маань байдаг. Миний бие охиноо харж ажилгүй байж байгаад саяхан Орхон аймагт ажилд орсон. Хамтрагч Хаан банкны зээлээ хүртэл төлж дуусаагүй хугацаа хэтэрч яваа надад ийм зүйлээр аав болох хүн нь нэхэмжлэл гаргаж байгаад миний бие болох Буянцогт нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин ч охин Эрдэнэбүрэн нь надтай хамтран Хаан банкны зээл 3 удаа авсан одоо дуусаагүй байна. Энэхүү нэхэмжлэлийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Октябрь нь хариуцагч Н.Буянцогтод холбогдуулан “6 114 082 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа “...2015 оны 02 дугаар сарын 27-нд “Газаркапитал партнерс” ББСБ-аас охин Эрдэнэбүрэн маань найз Б.Эрдэнэчимэгээрээ дамжуулж 5 000 000 төгрөгийн зээл авахуулсан. Энэ 5,0 сая төгрөгийг Н.Буянцогт нь авч машин авсан, тэр мөнгийг нь би төлж дуусгасан. Иймд 5,0 сая төгрөгийг Н.Буянцогтоос гаргуулна...” гэж тайлбарласан.

2 Б.Эрдэнэчимэг, хамтран зээлдэгчээр О.Эрдэнэбүрэн нар нь 5,0 сая төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Газаркапитал партнерс” ББСБ-с ээлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дээрх гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээ, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна. 

Дээрх зээлийг нэхэмжлэгч Д.Октябрь төлж дуусгасан гэсэн баримт хэрэгт авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан. Энэ үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй.

Түүнчлэн Б.Эрдэнэчимэг, О.Эрдэнэбүрэн нарын авсан зээлийн гэрээний үүргийг Д.Октябрь нь Н.Буянцогтоос шаардах эрхгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Д.Октябрь, Н.Буянцогт нарын хооронд ямар нэгэн эрх үүргийн харилцаа үүсээгүй байна.   

Хэрэв Д.Октябрь нь охиныхоо /Эрдэнэбүрэнгийн/ өмнөөс уг зээлийг төлсөн гэж үзэж байгаа бол энэ мөнгийг Эрдэнэбүрэнгээс шаардах эрх нь нээлттэй байна.

Нөгөөтэйгүүр Б.Эрдэнчимэг, О.Эрдэнэбүрэн нарын зээлж авсан дээрх 5,0 сая төгрөгийг хариуцагч Н.Буянцогт нь авсан гэсэн нөхцөл байдал нотлогдоогүй болно. 

Иймд дээрх үндэслэлээр Д.Октябрийн, Н.Буянцогтоос 6 114 082 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 112 776 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа. 

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Буянцогтоос 6 114 082 төгрөг гаргуулах тухай Д.Октябрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 776 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА