Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2017/00179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг 42-40 тоотод оошин суух, Сурчин овгийн Банзрагчийн Өлзийтуяа /ЕП80010204/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг 22б тоотод оршин суух, Боржигон овгийн Пүрэвжавын Батжаргал       /ФМ65052011/-д холбогдох 

“368 200 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Өлзийтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Өлзийтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Батжаргал нь ах нь хувиараа ажил хийдэг. Одоо ажил ид эхэлж байна. Чамаас ажилчдын хоол хүнсний бараа зээлээр аваад мөнгө орж ирэхээр өгье гээд хүнсний бараа зээлээр авдаг байсан. Би өөрөө дэлгүүр түрээслэж ажиллуулдаг. 2016 оны 02 сараас эхлэн бараа авч хагаслаж төлдөг байсан. Ингээд 2 сараас 6 сар хүртэл хүнсний зүйл авсаар байгаад түүний өр 528 200 төгрөг болсон. Үүнээс надад 160 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө нэхэхээр өнөөдөр орой өгнө, маргааш өгнө, одоо очиж уулзъя гэх мэтээр худлаа хэлсээр байгаад өнөөг хүргэлээ. Иймд энэ хүнээс миний үлдэгдэл мөнгө болох 368 200 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч П.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Батжаргал надаас иргэн Б.Өлзийтуяа нэхэмжилсэн 368 000 төгрөгнөөс 300 000 төгрөгийг төлнө. Үүнээс 12 сард 100 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 200 000 төгрөгийг төмс1 килограммийг нь 450 төгрөгөөр тооцож өгөх гэсэн боловч аваагүй. Тийм учраас уг төмсийг хүмүүст зээлсэн. Төмс авсан хүмүүс маань 2017.02.15-нд мөнгөө өгнө гэсэн. Тийм учраас үлдэгдэл 200 000 төгрөгийг 2017.02.15-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Өлзийтуяа нь хариуцагч П.Батжаргалд холбогдуулан “368 200 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, 100 000 төгрөгийг нэхэмжлэл өгснөөс хойш өгсөн тул хасаж тооцно гэсэн.

Хариуцагч П.Батжаргалд шүүх хуралдааны товыг хүргэсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Хариуцагч П.Батжаргал нь нэхэмжлэлд дурьдсан 368 200 төгрөгийн хүнсний барааг зээлээр авсан гэсэн тайлбарыг үгүйсгээгүй байх ба, 300 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, түүнээсээ шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 100 000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбараар нотлогдсон байна.

Хариуцагч тайлбартаа ...200 000 төгрөгт нь төмс өгөх гэсэн боловч аваагүй, тэр төмсийг хүмүүст зээлсэн тэр хүмүүсээс мөнгө авч байж төлнө... гэсэн тайлбар гаргажээ.

Нэгэнт хариуцагч нь Б.Өлзийтуяагаас хүнсний зүйл зээлж авсан болох нь нотлогдож байх тул үнийг төлөх үүрэгтэй бөгөөд, нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагч, нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

Иймд хариуцагч П.Батжаргалаас 268 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Өлзийтуяад олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11 696 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагаас 8 696 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч П.Батжаргалаас 268 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Өлзийтуяад олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11 696 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 8 696 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА