Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1163

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         06          23                                       2020/ШЦТ/1163

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Х.Еркебулан,  

шүүгдэгч Э.Э., түүний өмгөөлөгч М.Отгонцэцэг,

шүүгдэгч А.Б., түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц. овогт Э.ын Э., Х. овогт А.ийн Б. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 00250 0193 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин, мужаан мэргэжилтэй, “Би стайл” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, Ц. овогт Э.ын Э..

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1998 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Би стайл” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, ээж, эгчийн хамт оршин суух, Х. овогт А.ийн Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э., А.Б. нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 14 дүгээр гудамжны 254/А тоот байшинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э. мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б. мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Мөрдөгч хэрэг учралын газарт 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тухай “...Хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 17-254/А тоот гэх хаягтай байв. Хэргийн газрын үзлэгийн явцад хэрэгт ач холбогдолтой мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов” гэх тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 10-21/,

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 22-25, 26-29/,

- Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 35-36/,

- “Өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 60/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2484 тоот:

- А.Б. МЗ98031912 2020.04.23, Э.Э. МР99101312 2020.04.23 гэж хаягласан 2 ширхэг шээсний дээж тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн.

- Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөд бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 85-87/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2485 дугаартай:

- Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, Кока кола гэсэн бичиглэлтэй улаан өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйл, улаан өнгийн тагтай, хаяггүй хуванцар савтай ургамал мэт зүйл, шар өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай 1-3 хүртэл дугаарласан бор өнгийн нунтаг тоос мэт зүйл 3 ширхэг, цагаан өнгийн шаазан аяга, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас, хуйлсан 10 төгрөгийн 2 ширхэг мөнгөн тэмдэгт, хуйлсан 100 төгрөгийн мөнгөн тэмдэгт, бор өнгийн зүйлээр бохирлогдсон TDB гэсэн бичиглэлтэй карт, сим картны үүр, эвдэрсэн улаан, ногоон, цэнхэр өнгийн асаагуур 3 ширхэг, цэнхэр, улаан, ногоон өнгө бүхий асаагуур 1 ширхэг тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна.

- Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад хамаарна.

- Цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 175 грамм, цэвэр жин нь 166 грамм,

- Кока кола гэсэн бичиглэлтэй улаан өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйлийн савны хамт жин нь 121 грамм, цэвэр жин нь 96 грамм,

- Спрайт гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн хуванцар савтай ургамал мэт зүйлийн савны жин нь 208 грамм, цэвэр жин нь 184 грамм,

- Улаан өнгийн тагтай, хаяггүй хуванцар савтай ургамал мэт зүйлийн савны хамт жин нь 139 грамм, цэвэр жин нь 115 грамм,

- Шар өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйлийн савны хамт жин нь 171 грамм, цэвэр жин нь 135 грамм,

- Цагаан өнгийн гялгар ууттай 1 гэсэн дугаартай бор өнгийн нунтаг тоос мэт зүйлийн савны хамт жин нь 21.0035 грамм, цэвэр жин нь 14.3839 грамм,

- 2 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйлийн уутны хамт жин нь 11.4549 грамм, цэвэр жин нь 7.3032 грамм,

- 3 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйлийн уутны жин нь 3.4125 грамм, цэвэр жин нь 2.4263 грамм байсан ба шинжилгээнд дээж тус бүрээс 0.1 граммыг зарцуулав” гэх дүгнэлт, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 70-81/,

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 496 дугаартай дүгнэлт /хх-ийн 95-96/,

- Яллагдагч А.Б.ын: “Би 2019 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл тосгонд гэртээ очсон байх хугацаандаа найз Э.ы хамт юм ярингаа салхинд суух гэж сумын төвөөс жаахан зайтай тариалангийн талбай орчмоор явж байгаад хүүхдүүдийн яриад байдаг 5 салаа навчтай хэлбэр дүрс содон ургамал байхыг хараад Э.тай ярьж байгаад бид 2 уг өвснөөс түүгээд балгасан байшин дотор түүсэн өвсөө үлдээгээд явсан. Тэгээд Э. бид 2 нөгөө хатсан өвснөөсөө тамхины цаасанд ороож тамхи татаж хэрэглэсэн. Э. бид 2 өөр өөрийнхөө түүсэн гялгар ууттай өвсөө аваад Улаанбаатар хотод авч ирээд Баянзүрх дүүрэг, Монелын тэнд Э.ы төрсөн ахын гэрт хадгалсан. Дараа нь 2020 оны 02 дугаар сард би Э.ы гэрт очоод нөгөө Түнхэлээс авч ирсэн өвснөөсөө алчуур юм уу даавуунд хийж сэгсрээд доор нь тунасан нунтаг хэсгийг нь өөр саванд хийгээд тоосоо шавар болгоод Э. бид 2 тугалган цаасан дээр шатааж утааг нь хуйлсан мөнгөн дэвсгэрээр сорж хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103/,

- Яллагдагч Э.Э.ы өгсөн: “Бид хоёр юм ярингаа салхинд суух гэж сумын төвөөс жаахан зайтай гараад тал дээр сууж байхад өмнө нь интернэтээс харж байсан 5 салаа навчтай хэлбэр дүрс содон ургамал байхыг хараад гар утаснаасаа интернет орж харьцуулж харахад мөс байсан. Тэгэхээр нь Б. бид хоёр түүж хатааж аваад хэрэглэж үзэх гээд тэр хавиас гялгар уут олоод уг өвснөөс түүгээд сумын төвийн орчимд байдаг нурсан эзэнгүй байшинд орхиод тухайн үедээ Б. бид хоёр 09 дүгээр сард буцаж Түнхэлд гэртээ очихдоо Б.той суманд таарч уулзаад бид 2 нөгөө түүсэн өвсөө санаад нурсан байшин дотор очиж үзэхэд хатчихсан байсан. Тоосоо аяганд хийж тостой холиод шавар болгоод Б. бид 2 тугалган цаасан дээр шатааж утааг нь хуйлсан мөнгөн дэвсгэрээр сорж хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105/,

- Гэрч Э.Ундармаагийн өгсөн: “...Э.Э. нь зан байдлын хувьд төлөв даруу, үгэнд сайн ордог, зөөлөн цайлган сэтгэлтэй, нөхөрсөг, хааяа ирж хүүхэд хардаг. Өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Бид нарын нүдэнд тамхи татаж, архи ууж байхыг нь хараагүй. Хүргэн ахтайгаа ажил хийгээд цалингаасаа аав ээждээ хэдэн төгрөг өгөөд өөртөө зарцуулж л амьдардаг. Гарын эв зүйтэй. Мужаан, цахилгаан хийдэг, техникийн сонирхолтой.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/,

- Э.Э.ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111/,

- Э.Э.ы ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 142/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Э.Э., А.Б. нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 14 дүгээр гудамжны 254/А тоот байшинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2484, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2485 тоот дүгнэлтүүд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 493, 496 тоот дүгнэлтүүд, А.Б., Э.Э. нарын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн 2019 оны 08 дугаар сард хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,  2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Э., А.Б. нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.Э., А.Б. нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тус тус анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

Шүүгдэгч нар нь хийсэн үйлдлийнхээ учир холбогдлыг чин санаанаасаа ухамсарлаж, гэмшиж байгаа болон шүүгдэгч нарын хувийн байдал, тухайлбал А.Б. нь спортын олон төрлөөр хичээллэн амжилт гаргаж байсан, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байх талаар мэдүүлж, гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа байдал шүүгдэгч Э.Э.ы ар гэрийн байдал буюу өвчний учир эмнэлэгийн хяналтад байдаг өндөр настай ээж, аавыгаа харж, асардаг нь зэргийг тус тус харгалзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Э.Энхсайхан, А.Б. нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар “2002002500193” гэсэн дугаар бүхий бичиглэлтэй цагаан өнгийн СиДи 1 ширхэг хураагдан ирсэнийг хэрэгт хавсаргаж,  Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд цэнхэр гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл гялгар уутны хамт 173.4 грамм жинтэй, мөн Кока кола гэсэн бичиглэл бүхий улаан өнгийн тагтай хуванцар савтай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай, гялгар уутны хамт 98.8 грамм жинтэй, Спрайт гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай, гялгар уутны хамт 173.8 грамм жинтэй, улаан өнгийн тагтай хаяггүй хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай, гялгар уутны хамт 116.0 грамм жинтэй, шар өнгийн тагтай хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай гялгар уутны хамт 135.9 грамм жинтэй, “1” дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйл гялгар уутны хамт 20.5 грамм жинтэй, 7. 2 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйл гялгар уутны хамт 10.8 грамм жинтэй, “3” дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйл гялгар уутны хамт 4.1 грамм жинтэй, дотор хэсэг нь хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн шаазан аяга 1 ширхэг, 10. Хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг тугалган цаас, хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон ТDB гэсэн бичиглэлтэй карт 1 ширхэг, хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон сим картны үүр 1 ширхэг, эвдэрч гэмтсэн улаан, ногоон, цэнхэр өнгийн асаагуур 4 ширхэг зэрэг эд зүйлсийг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт, хуйлсан AN6791696 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 12. Хуйлсан AJ0900437 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан NJ8162296 сери дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг устгахыг Монгол банкинд тус тус даалгаж,энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ : 

1. Шүүгдэгч Ц. овогт Э.ын Э., Х. овогт А.ийн Б. нарыг бүлэглэн 2019 оны 08 дугаар сард хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.Э., А.Б. нарт тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар Э.Э., А.Б. нарт тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Э., А.Б. нарт тайлбарласугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “2002002500193” гэсэн дугаар бүхий бичиглэлтэй цагаан өнгийн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж,

            - Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа цэнхэр гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл гялгар уутны хамт 173.4 грамм жинтэй, мөн Кока кола гэсэн бичиглэл бүхий улаан өнгийн тагтай хуванцар савтай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай, гялгар уутны хамт 98.8 грамм жинтэй, Спрайт гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай, гялгар уутны хамт 173.8 грамм жинтэй, улаан өнгийн тагтай хаяггүй хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай, гялгар уутны хамт 116.0 грамм жинтэй, шар өнгийн тагтай хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээний явцад хуванцар савыг дунд хэсгээр нь зүсэж 2 хуваасан байдалтай гялгар уутны хамт 135.9 грамм жинтэй, “1” дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйл гялгар уутны хамт 20.5 грамм жинтэй, 7. 2 дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйл гялгар уутны хамт 10.8 грамм жинтэй, “3” дугаартай цагаан өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг тоос мэт зүйл гялгар уутны хамт 4.1 грамм жинтэй, дотор хэсэг нь хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн шаазан аяга 1 ширхэг, 10. Хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг тугалган цаас зэргийг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт,

            - хуйлсан AN6791696 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 12. Хуйлсан AJ0900437 сери дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан NJ8162296 сери дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Монгол Банкинд,

            - хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон сим картны үүр 1 ширхэг, эвдэрч гэмтсэн улаан, ногоон, цэнхэр өнгийн асаагуур 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус даалгасугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА