| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1144/Э |
| Дугаар | 1164 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 1164
2020 06 23 2020/ШЦТ/1164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М. даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Б.Ганзориг,
шүүгдэгч Ч.М., түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Ч.ын М.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01173 0806 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, Б. овогт Ч.ын М..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.М. нь 2020 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” нэртэй зочид буудлын 1 давхарт байрлах бааранд хохирогч Б.Туултай “найзтай маргалдсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар хоёр гарыг нь дарж, мушгин түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тэр өдөр эрүүл байсан. Хулангоо, Туул, Тэгшбуян нар гаднаас орж ирээд хэрүүл өдсөн. Тэгээд би Б.Туулд хандан “чи уучихсан байна, битгий хэрүүл өдөөд бай, чамтай юм ярихгүй” гэтэл Б.Туул өөрөө намайг эхэлж үсдсэн. Би ч гэсэн тодорхой хэмжээгээр Б.Туулын үснээс зулгаасан. Төд удалгүй Хулангоо, Туул, Тэгшбуян нар миний үснээс зулгаагаад, намайг өшиглөөд байсан. Тухайн үед миний нүүр, гуя хөхөрсөн байсан ба үс маань нэлээн унасан. Би гурван эмэгтэй хүний өөдөөс ямар ч хариу үйлдэл үзүүлж чадаагүй, өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн. Энэ явдал ерөнхийдөө 1 минут хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн. Би Б.Туулын хурууг мушгих бололцоо ч байгаагүй. Энийгээ ч гэсэн би өргөдөл бичээд цагдаагаар шалгуулна гэж байсан. Туулын хуруу хугарсны хувьд хэлэхэд цуг байсан хүмүүс нь намайг зодож байхдаа Туулын хурууг дарсан ч байж болно. Би өөрийгөө хурууг нь хугалаагүй гэж бодож байна. Үнэхээр хугарсан байлаа гэхэд Б.Туул өөрийнхөө буруутай үйлдлээс болоод хугалсан байх. Тухайн үед би Хулангоо гээд найзаа бодоод цагдаа, Шүүх эмнэлэгт хандаагүй. Тухайн үед би үзүүлсэн бол бас хөнгөн гэмтэл гарах байсан. Туултай ямар нэгэн өс хонзонгийн харилцаа байхгүй. Нэгнийгээ бараг таньдаггүй шахуу хүмүүс. Хулангоо гэдэг эмэгтэйтэй нь ерөнхийдөө найзууд байсан. Б.Туулын хуруу хугарсан асуудал өөрийнх нь буруутай үйлдлээс болсон.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Туулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” зочид буудлын 1 давхарт байрлах бааранд М. таарсан. М. надтай маргалдсан. Би чимээгүй гэсэн чинь миний үснээс зулгааж, зодсон. Миний баруун талын хөл, өвдөг хэсэгт цохисон. Миний хоёр гарнаас бариад дарсан, зүүн гарын ядам хуруу эвгүй болсон. Ядам хуруу унжсан байсан. Эмнэлэгт үзүүлсэн чинь хугарсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
- Гэрч Ж.Тэгшбуянгийн өгсөн: “Б.Туултай хамт 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” нэртэй зочид буудлын 1 давхарт байрлах бааранд суух гэж байхад М.тай таарсан. М. маргалдсан. Б.Туул “чимээгүй” гэж хэлсэн чинь үсдсэн. Б.Туулын зүүн талын ядам хуруу нь эвгүй болсон гэхээр нь эмнэлэг орж үзүүлсэн чинь хугарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2600 тоот: “1.2. Б.Туулын биед зүүн гарын ядам хурууны 3-р шивнүүрийн зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 3.5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/,
- Шинжээч Т.Чимэд-Очирын өгсөн: “Б.Туулын биед учирсан гэмтэл нь гарыг мушгиж дарах үед үүсэх боломжтой, харин үснээс зулгаах үед үүсэх боломжгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101/,
- Ч.М.гийн гэрчээр өгсөн: “Туул, Тэгшбуян хоёр хоорондоо тэр маргааны талаар ярьсан байсан бөгөөд тэрнээс болоод Туул нь надтай маргалдаж, улмаар намайг үсдэж авсан. Тэр үед Тэгшбуян нь 00-ын өрөө явчихаад эргэж ирээд над руу Туул, Тэгшбуян нар нь дайрч үсдэж авсан. Туул намайг үсдэхээр нь би зөрүүлээд Туулыг дарж үсдэлцсэн. Ингээд тэр лоунжны хамгаалагч нар ирж бид нарыг салгасан. Тэгэхэд Туул гарынх нь шөрмөс татчихлаа гэж байсан. Тэр үед хурууг нь хугарсан гэдгийг мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,
- Ч.М.гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4559 тоот: “Ч.М.гийн биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун даланд зулгаралт, гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх дүгнэлт /хх-ийн 70/,
- Гэрч Ц.Ариунзаяагийн өгсөн: “Зүс таних Ч.М. нь 2-3 эмэгтэйтэй маргалдаад, хоорондоо үсдэлцээд байж харагдсан. Би очиж дундуур нь ороод салгах гэсэн боловч салахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 105/,
- Б.Туулын хохирогчоор өгсөн: “Би Ч.М. гэх эмэгтэй цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед хэн хэн нь харилцан үсдэлцсэн, ингээд миний хоёр гарнаас Ч.М. нь бариад хуруунуудыг дарсан, тэгэхэд миний зүүн гарын ядам хуруу эвгүй болж хугарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
- Б.Туулын ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 49/,
- Б.Туулын хохирогчоор өгсөн: “...Тэгтэл Ч.М. миний хоёр гарнаас бариад хуруунуудыг дарсан. Тэгтэл зүүн гарын ядам хуруу эвгүй болчихоор нь М.гаас салаад хуруугаа хартал ядам хурууг хөдөлгөх гэхэд хөдлөхгүй, унжсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Ч.М. нь 2020 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” нэртэй зочид буудлын 1 давхарт байрлах бааранд хохирогч Б.Туултай “найзтай маргалдсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар хоёр гарыг нь дарж, мушгин түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Туул, гэрч Ж.Тэгшбуян, шинжээч Т.Чимэд-Очир нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2600 тоот дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.М.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.М.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Б.Туулд баримтаар 105.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ч.М.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.М. нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Барзууд овогт Ч.ын М.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.М.гаас 105.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ямбийхан овогт Баатаржавын Туул /РД:ПБ87101369/-д олгосугай.
5. Хохирогч Б.Туул нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Ч.М.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА