Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2017/00072/и |
Дугаар | 142/ШШ2017/00195 |
Огноо | 2017-02-07 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2017/00195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдава даргалж, шүүгч Б.Бямбасүрэн, Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-28-13 тоотод оршин суух, Долоон халзан овгийн Баярцогийн Цагаач /ФД82061332/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг,Баян-Өндөр сум, Оюут баг 2-28-17 тоотод оршин суух Чорос овгийн Эрдэнэбатын Ганхуяг /МУ88062077/-д холбогдох
“Ус алдсанаас учирсан гэм хорын хохирол 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Цагаач, хариуцагч Э.Ганхуяг, иргэдийн төлөөлөгч Н.Отгонням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Э.Ганхуяг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ганхуяг нь 2007 оноос хойш эхнэр хүүхдийн хамт тус орон сууцанд өдийг хүртэл амьдарч байна. Тус орон сууц шалнаас халдаг нэрийдлээр шаардлага хангахгүй PVC хоолойгоор шугам сүлжээ буюу сангийн асуудлыг шийдэж ашиглалтанд өгсөн. Тус хоолойг ил биш далд шалаар нь цутгаж явуулан паар болон цэвэр бохир усыг нь мөн энэ хоолойгоор холбосон байсан. Тус хоолой нь ЦТМ-с өгч байгаа даацыг даахгүй задарч ус алдах асуудал өвлийн цагт байнга гардаг байсан. Зориулалтын бус хоолой ашигласнаас болж асуудал гарах болгонд халаалтгүй 2-3 хонодог. Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа телевиз радиогоор 7 хоног бүр халаалтгүй шугам задарсан гэх мэдээлэл гардаг байсан. Задрах болгонд зохих албан газарт дуудлага өгч сардаа 15000-20000 төгрөгний засвар үйлчилгээ хийлгэдэг байлаа. 2015 онд 2-28-р байрыг подволтой болгох ажил явагдахад манай эгнээний айлууд мөнгө төлж паар болон сангийн шугамыг ил гаргуулж төмөр хоолойгоор сольсон. Түүнээс хойш асуудал багасаж 2015 оны өвлийг давсан. 2016 оны өвөл ус холболтын жийрэг олс лент нь хэт халсаны улмаас ус дусаж одоогийн байдлаар 6 удаа дуудлага өгч засварлуулж байна. Нэг удаагийн засвар байрны мөнгөн дээр 9000 төгрөг нийт 54 000 төгрөгний засвар хийлгэсэн. Санаатайгаар доод айл руу ус алдсан удаа байхгүй. Хариуцсан албан байгууллага мэргэжлийн хүмүүс ирж янзалж байгаа учир түүнд нь найдаж л яваа. Үнэхээр санаатайгаар крантаа онгойлгож юм аа эвдэж ус алдуулсан бол яая гэхэв. Орон сууц нь өөрөө буруу хийгдсэнийг тус хүн өөрөө мэдэж байгаа. Эхнэр маань ганцаараа ажилтай миний бие ажилгүй зуны хэдэн сард ажилтай байдаг. Иймд Б.Цагаачийн нэхэмжилсэн 1 000 000 төгрөгийг өгч чадахгүй. Ус алдлаа гэхэд 1 000 000 төгрөг орно гэж юу байхав. Бүтэн байрны засварын мөнгө. Иймээс энэ асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цагаач нь Э.Ганхуягт холбогдуулан ус алдсанаас учирсан гэм хорын хохирол 1 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Э.Ганхуяг нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад “... Б.Цагаачийн гэрлүү ус алдуулдаг гэдгээ хүлээн зөвшөөрч байх ба, энэ асуудалд зөвхөн өөрөө буруугүй, анх барилга барихдаа зориулалтын бус хоолой ашигласан, мэргэжлийн байгууллагад үргэлж хандаж ус алдах болгонд засуулдаг ... “ гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохиролыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар гэм хорын хохиролыг буруутай этгээдээс шаардах эрхтэй.
Хариуцагч, нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй бөгөөд Э.Ганхуягийн гэрийн доторх шугам хоолойноос ус алддаг болох нь хариуцагчийн өөрийнх нь тайлбараар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Э.Ганхуяг нь Б.Цагаачийнд ус алдсанаас учруулсан гэм хорын хохиролд гэм буруугүй болох нь нотлогдоогүй тул гэм хорын хохиролыг хариуцан арилгах үүрэгтэй.
“Ашид билгүүн” ХХК нь, нэхэмжлэгч Б.Цагаачийнд ус алдсаны улмаас учирсан хохиролыг 554 500 төгрөг гэж гаргасан тул дээрх үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн бөгөөд, үлдэх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 17 285 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Ганхуягаас 554 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цагаачид олгож, нэхэмжлэлээс 445 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 17 285 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН
Л.АРИУНЦЭЦЭГ