Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2017/00196

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Баян-өндөрийн 3-114 тоотод оршин суух, Тээл овгийн Дэмчигийн Ганзоригт /ФА59013076/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Хөүп таун” ХХК-д холбогдох

“5 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ганзоригт, хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганзоригт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Ганзоригт миний бие 2015 оны 03 сард “Хөүп таун” ХХК-д байрны урьдчилгаа болгож 5 000 000 төгрөгийг бэлнээр тухайн үеийн борлуулагчид өгсөн. Тухайн үед эхний захиалагч 10 хүнд 5 000 000 төгрөг өгсөн тохиолдолд 2 000 000 төгрөгний гал тогооны тавилга өгөх урамшуулалтай байсан. Эхний 10 айлд багтаж 11-р байрны 53 тоот 2 өрөөг захиалсан. Өөрсдөө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 8 000 000 төгрөгийг хөөцөлдөж урьдчилгаанд оруулна гээд намайг ажлын газраас байр байгаагүй нь үнэн гэсэн тодорхойлолт авчир гэсэн. Тэр бичгийг нь өгсөн. Тэгээд надад та зээлээ хөөцөлд гээд ийм хуурамч гэрээ болон баримт хийж өгсөн. Тэгээд миний нас 55 наснаас дээш гарсан учир банкны зээл хөөцөлдөөд олдоогүй. Эргээд 5 000 000 төгрөгөө авъя гэхээр захирал ирж шийднэ, бичиг баримтыг чинь олно гэж явуулсаар байгаад өдий хүрлээ. Одоо болохоор тухайн үеийн бичиг баримт олдохгүй тухайн үеийн менежерүүд байхгүй гээд 5 000 000 төгрөгийг минь өгдөггүй ээ. Сая 2016.12 сард тухайн үеийн гэрээ хийсэн менежерийг өөрсдөө олж уулзаад надтай яриулж тухайн үед нь 5 000 000 төгрөг өгсөн гэж нотлоод байхад таны баримт байхгүй байна гээд мөнгийг маань өгөхгүй байна. Иймд “Хөүп таун” ХХК-аас урьдчилгаа болгож өгсөн 5 000 000 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 750 төгрөгийг тухайн байгууллагаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Хөүп таун” шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Дэмчиг овогтой Ганзоригтын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь манай компанид 2015 оны 03 сард 5 000 000 /таван сая/ төгрөгийг тушаасан гэх боловч энэ талаар өөрт нь болон манай компанид санхүүгийн болон ямар нэгэн бичиг баримт байдаггүй юм. Тухайн үедээ 11-р байрны 53 тоот /одоогийн 8-р байрны 53 тоот 4 давхарын 2 өрөө байр/-ыг захиалсан гэх боловч банкнаас зээл хөөцөлдөөд бүтээгүй юм. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байдаг. Танай “Хөүп Таун” ХХКомпаниас байр авах хүсэлттэй байгаа тул банкинд манайх урьдчилгаа төлсөн мэтээр гэрээ хийж өгөөч гэж хүссэний дагуу Д.Ганзоригтод туслах үүднээс холбогдох бичиг баримтыг гаргаж өгсөн. Гэвч банк түүнд зээл олгохоос татгалзсан. Энэ баримтыг тулгуурлан нэхэмжлэгч нь худлаа ярьж биднээс ирж хуурамч баримтаар 23 000 000 /хорин гурван сая/ төгрөгийг удаа дараа нэхэмжилсэн. Аль нэгэн байгууллагатай санхүүгийн харилцаанд орж бэлэн мөнгө тушаасан бол заавал мөнгө тушаасан баримтаа авдаг ёстой. Үнэхээр тухайн үед ажиллаж байсан борлуулагчид мөнгө өгсөн бол тэр борлуулагчаасаа бэлэн мөнгөний баримтаа нэхэмжлэх учиртай. Манай компани нь аль нэгэн харилцагч худалдан авагч хэн нэгнийг хохироох хүсэл зорилгогүй, хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Д.Ганзоригт гуайн 23 000 000 /хорин гурван сая/ төгрөг огт тушаагаагүй байж тушаасан мэтээр хуурамч бичиг баримтаар биднээс олон удаа нэхэж ирсэн. Сүүлд ирэхдээ ах нь худлаа ярьсан юм аа. 18 000 000 /арван найман сая/ төгрөгийг огт тушаагаагүй нь үнэн ахдаа 5 000 000 /таван сая/ төгрөгийг л гаргаад өгчих гээд байсан юм. Компанийн удирдлагууд санхүүгийн баримт байхгүй тул олгох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Иймд уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрэхдээ: Хариуцагч тал 5,0 сая төгрөгийг бэлнээр өгч, улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахгүй байхаар тохиролцьё гэхэд, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганзоригт нь хариуцагч “Хөүп таун” ХХК-д холбогдуулан “5 000 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд дээр талууд эвлэрсэн байна. Үүнд: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 5,0 сая төгрөгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахгүй байхаар эвлэрчээ.

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 94 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулахгүй байхаар эвлэрсэн бөгөөд, нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа 126 800 төгрөгийг илүү төлсөн байх тул энэ мөнгийг нэхэмжлэгчид буцаан гаргуулахаар заалаа. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1. Нэхэмжлэгч Д.Ганзоригтын хариуцагч “Хөүп таун” ХХК-аас нэхэмжилсэн “5 000 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 5,0 сая төгрөгийг бэлнээр өгч, улсын тэмдэгтийн хураамж 94 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулахгүй байхаар эвлэрсэн зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас улсын илүү төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамж болох 126 800 төгрөгийг Д.Ганзоригтод буцаан олгосугай.

      3. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА