| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/00107/и |
| Дугаар | 142/ШШ2017/00198 |
| Огноо | 2017-02-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2017/00198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө-9 “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 36-10 тоотод оршин суух, Сартуул овгийн Түвдэнбалжирийн Золжаргал /ИЮ871221662/-д холбогдох
“85 837 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбасүрэн, хариуцагч Т.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 оны 11 сард Скайтел ХХК-ий салбарын захирал Д.Бямбасүрэн манай албан газарт байгууллагын багц гэх утас, дугааруудыг гэрээ хийж худалдсан. “Скайтел” ХХК-д 1 хүний утас дугаарын төлбөр 200 000 гаруй төгрөг төлж авсан. Миний бие уг утас дугаарыг 1 сар гаруй хугацаанд хэрэглэж байсан бөгөөд уг утас нь чанарын шаардлага хангахгүй нэг өдөр л асахаа больсон. Утас засварын газар очиж засуулах гэж оролдсон боловч Скайтелийн энэ утас засвар авахгүй маш муу утас байна лээ засахгүй гэж хэлсэн. Удалгүй ар гэрт минь уй гашуу тохиож уг утас дугаарыг дахин ашиглаагүй нэг ч удаа яриагүй. Утас сим карт хайрцаг сав дагалдах хэрэгсэлүүд нь бүрэн бүтэн шинээрээ байгаа тул уг утсаа буцааж авна уу. Миний бие хэрэглэж байсан хугацааныхаа төлбөрийг төлж байсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Т.Золжаргалд холбогдуулан “85 837 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
Т.Золжаргал нь “Скайтел” ХХК-тай 2012 он 11 сарын 09-ны өдөр дараа төлбөрт Postpaid NICE үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91007005 дугаарын эзэмшигч болж гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, хэргийн 7-11 дүгээр хуудас дахь дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, бусад баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...утсыг хэрэглэж байтал нэг л өдөр унтарсан. Засварын газарт үзүүлэхэд засвар авахгүй гэсэн. Барьж байсан хугацааныхаа ярианы төлбөрийг төлж байсан. 2013 онд төлбөр төлсөн байгаа бол утсаа барьж л байсан байна. Би өөр дугаар авч дата авч байсан шиг санагдаж байна... “ гэж тайлбарласан.
Дараа төлбөр гэрээний 6.2-т хэрэглэгчийн үүргийг заасан байх ба 6.2.4-т “өмнөх сард ашигласан үйлчилгээний төлбөрөө дараа сарын 05-наас 25-ны дотор бүрэн төлөх”, 6.2.6-д “хэрэглэгч нь өөрийн ашигласан хэрэглээний төлбөрийг гэрээнд заасан тариф, нөхцөлийн дагуу гэрээний 6.2.4-д заасан хугацаанд тогтмол төлөх”, 6.2.8-д “хэрэглэгчийн дугаартай холбоотой аливаа хэрэглээний төлбөр, тооцоог бүрэн хянах” үүрэгтэй, 8.3-д “хэрэглэгч нь санаатай буюу санамсаргүй байдлаар гар утсаа бусдад ашиглуулах гар утасныхаа аль нэг програмыг буруу ажиллуулснаас үүдэн гарах аливаа үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна” гэж заажээ.
Т.Золжаргал нь нэгэнт өөрийнхөө нэр дээр дугаар авч, гэрээ байгуулан 91007005 дугаарыг хэрэглэж байсан болох нь нотлогдож байх тул уг дугаартай холбоотой ямар нэгэн төлбөр тооцоог гэрээнд заасны дагуу хариуцан арилгах үүрэгтэй байна. Иймд хариуцагч Т.Золжаргалаас 91007005 дугаарын төлбөр болох баримтаар нотлогдож буй 52 218 төгрөгийн шаардлагыг хангаж, баримтаар нотлогдоогүй 30 619 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 4 550 төгрөг улсын орлогод оруулсныг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1д заасныг баримтлан хариуцагч Т.Золжаргалаас 52 218 төгрөг гаргуулан “Скайтел” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 30 619 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 4550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА