Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 104

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т ургийн овогт С-ын С-д холбогдох 2035000000099 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т ургийн овогт С-ын С 1989 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.С нь Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн нутагт 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр С.Н-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000099 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч С.Н-гийн “...эхнэр бид хоёр Б.С-ын буйр луу явж байтал эхнэр бид хоёрын араас жижиг цагаан суудлын машинтай хүн сигналдаж гүйцэж түрүүлээд урд талд гарч зогсоод машин барьж ирсэн зүс танихгүй залуу бууж ирээд намайг мотоциклоос бууж амжаагүй байтал чи биз Н.Д-гийн 3 тооны бяруу хайж ирлээ тэр бяруунуудыг чинь бид нар авчихсан юм уу гээд шууд миний нүүр лүү гараараа цохисон. Би тухайн үед нүүрээ дараад суухад толгойны ар дагз хэсэг рүү цохиж байсан. Тухайн үед миний толгой эргээд зарим зүйлийг сайн санахгүй байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

2. Гэрч Л.Б-ийн “...тэр үед машин барьж явсан зүс таних залуу бууж ирээд та нар бяруу хайж ирсэн тэр бярууг чинь бид нар авчихсан юм уу гээд манай нөхөр С.Н-г мотоциклоосоо буух гэж байтал нүүр хэсэг рүү гараараа цохисон тэр үед машинаас С бууж ирээд хараад зогсож байсан тэгээд нөгөө залуу манай нөхрийг нүүр нүдгүй толгой хэсэг рүү цохиж байсан би Б.С-ыг энэ хүнээ аваач хүн алах гэж байна гэхэд Б.С хамт ирсэн хүнээ салгаж авахгүй байсан тэр үед би манай нөхрийг цохиж байсан залууг хойноос нь татаж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

3. Гэрч Л.Ц-ийн “ ... С.Н-гийн эхнэр Л.Б над руу утсаар залгаж манай нөхөр С.Н хүнээр зодуулчихлаа мотоцикл унаж чадахгүй байна бид хоёр Боршоон голын гүүрний хажууд байна гэж хэлсэн би тэгээд нөхрийнхөө машинаар том хүү Д.Б-ийг аваад Боршоо голын гүүрний хажууд очиход С.Н, Л.Б нар байсан. Тухайн үед С.Н толгойгоо бариад газар суучихсан нүүр хэсэг цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

4. Гэрч Б.Сын “...С.С машинаас буугаад та хоёр манай найзыг бяруу хулгайлсан гэж хардаад байгаа юм уу гэхэд С.Н гэх залуу эхнэрээ мотоциклоосоо буулгаад өөрөө мотоциклоо хажуу талаараа унагаагаад та муусайн юмнууд нутаг дээрээ хүн дээрэлхэж байгаа юм уу гээд шууд С.Сийг заамдаад авсан тэр үед би машин дотор сууж байхад С.С С.Н гэх залууг гараараа нүүр хэсэг рүү нэг удаа цохисон тэр үед би шууд машинаас буугаад очих хооронд С.С дахин нэг удаа нүүр хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “...Үзүүлэгч С.Н-н биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын мурийлт, зүүн хөмсгөнд язарсан шарх, зулгаралт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын мурийлт, зүүн хөмсгөнд язарсан шарх, зулгаралт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 366 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

6. Шүүгдэгч С.С-ийн яллагдагчаар өгсөн “...Би тэр үед машинаасаа буугаад мотоцикл барьж явсан Н гэх залууг “манай найз хэл муутай хүн юм чи тэрийг далимдуулж бяруу ачиж явсан гэх зэргээр хулгайд хардлаа” гэж хэлэхэд С.Н та нар нутаг дээрээ намайг дээрэлхэж байгаа юм уу гээд шууд мотоциклоосоо бууж ирээд намайг заамдаад бариад авахаар нь би шууд зөрүүлээд нүүр хэсэг рүү нь хоёр удаа цохисон...” /хх-ийн 35-37 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч С.С нь Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн нутагт 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр С.Н-гийн нүүр хэсэгт 2 удаа цохиж  хохирогч С.Н-гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын мурийлт, зүүн хөмсгөнд язарсан шарх, зулгаралт, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.С нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч С.Сийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч С.Н-гийн “...Миний биед халдаж зодсон С.С нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул надад гомдол тэмцэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/-ээр, хохирогч С.Н-гийн “...надад учирсан хохирлыг С.С нь бүрэн барагдуулсан ямар нэгэн гомдол байхгүй...” гэх тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/-оор  тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.С-өөс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Н.С /хх-ийн 15-16 дугаар хуудас/-ын мэдүүлэг, гэрч Т.М /хх-ийн 17-18 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Д.Т /хх-ийн 19-20 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.С анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 3 хүүхдийн хамт мал аж ахуй эрхэлдэг, Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багт оршин суудаг болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирон гэж дүгнэв.

Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт С-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.С нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 4. Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА