Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0669

 

Ц.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Батмаа, нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, Ц.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 612 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн гомдлоор Ц.Т-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 612 дугаар шийдвэрээр:

“...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 44 дүгээр зүйлийн 44.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Ц.Т-ийг албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/87 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Ц.Т-ийг урьд эрхэлж байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Тамгын газрын дарга, улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,227,272.25 /арван долоон сая, хоёр зуун хорин долоон мянга, хоёр зуун далан хоёр/-төгрөгийг Ц.Т-д олгож, түүний нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгаж ...” шийдвэрлэжээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:

“...Ц.Т-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 612 дугаартай шийдвэрийг хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн "Ц.Т-ийг албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай" 6/87 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Ц.Т-ийн урьд эрхэлж байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Тамгын газрын дарга, улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,227,272 төгрөгийг Ц.Т-д олгож, түүний нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаартай тушаал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт биш юм.

Учир нь хэрэгт авагдсан Ц.Т-ийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сары 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/259 дугаартай албан бичиг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримт болон нэхэмжлэгчийн гаргасан өөрийн тайлбар, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 3 сарын хугацаанд тус газрын Орон тооны зөвлөх албан тушаалд ажилласан зэрэг үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрөө Төрийн захиргаа удирдлагын газрын даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргатай харилцан тохиролцсон нь тогтоогддог.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 28 ны өдрийн Б/87 тушаалаар Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Улсын ахлах байцаагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын Орон тооны зөвлөх, Улсын ахлах байцаагчаар томилж өмнө эрхэлж байсан албан тушаал, зэрэг дэв, нэмэгдэл зэргийг хэвээр тооцон олгож шийдвэрлэсэн.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно ...”, 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж тус тус заасантай нийцдэг.

Орон тооны зөвлөх гэсэн албан тушаалын хувьд хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нь Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-д “батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох” бүрэн эрхийн хүрээнд тогтоосон орон тоо юм.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Журам батлах тухай” 34/31 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 3.2, 3.4-д тус тус заасны дагуу Ц.Т-ийг тус агентлагт олон жил ажилласан мэдлэг, ур чадвар, дадлага, туршлага, ажлын үр дүнг харгалзан ажиллуулсан болно.

Иймд Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.Т-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

3. Ц.Т-ийн урьд эрхэлж байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” 145 дугаартай тушаалаар тус газрын Төрийн захиргаа удирдлагын газар нь 3 хуваагдаж бүтцийн хувьд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл Төрийн захиргаа удирдлагын газрын чиг үүрэг нь Хууль эрх зүй, дотоод хяналтын газар, Бодлого, төлөвлөлтийн газар болон Тамгын газарт шилжиж өөрчлөгдсөн.

Гэтэл анхан шатны шүүх дээрх асуудлыг тодруулалгүй Тамгын газрын дарга албан тушаалд эгүүлэн томилсон нь учир дутагдалтай. Мөн нэхэмжлэгч нь Орон тооны зөвлөх, Улсын ахлах байцаагчаас чөлөөлөгдөх хүсэлтийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан.

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17.227.272.25 /арван долоон сая, хоёр зуун хорин долоон мянга, хоёр зуун далан хоёр/ төгрөгийг Ц.Т-д олгож, түүний нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгасугай” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/115 тушаалд гомдол гараагүй, Ц.Т-ийн өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэрийг гарсан байх тул 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17.227.272.25 / арван долоон сая, хоёр зуун хорин долоон мянга, хоёр зуун далан хоёр/ төгрөгийг даалгасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Ц.Т нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш тус газрын орон тооны зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаад 2020 оны 11 сарын 18-ны өдөр өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан үйл баримт хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч энэ асуудлаар маргаагүй.

Гэтэл анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,227,272 төгрөгийг олгож, түүний нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгаж шийдвэрлэсэн нь хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 612 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Ц.Т-ийг албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/87 дугаар тушаалын 1 дэх заалтаар тус газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, улсын ахлах байцаагч Ц.Т-ийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2 дахь заалтаар Ц.Т-ийг тус газрын Орон тооны зөвлөх, улсын ахлах байцаагчийн албан тушаалд мөн өдрөөс томилжээ.

Иймд нэхэмжлэгч Ц.Т-ээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган “... албан тушаалаас чөлөөлөх талаар төрийн албаны хуулийн холбогдох ямар нэгэн хууль зүйн үндэслэл дурдаагүй, ямар шалтгаанаар чөлөөлж байгаа нь тодорхойгүй байдлаар буюу төрийн албаны тухай хуульд заасан журмыг илт зөрчсөн” гэсэн үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар захиргааны акт илт хууль бус байх тохиолдолд тухайн захиргааны акт анх гарахдаа хууль зөрчсөн үйлдэл гаргахыг үүрэг болгосон, нэхэмжлэгчид хамааралгүй болон хуульд үндэслэн гараагүй байхыг ойлгоно.

Нэхэмжлэгчээс хариуцагч нь тухайн байгууллагын зохион байгуулалтад байхгүй бүтцийн албан тушаалд нэхэмжлэгчийг томилсон нь хууль бус хэмээн маргаж байх ба хэрэгт авагдсан Шадар сайдын 2016 оны 103 дугаартай тушаалаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бүтцийг баталсан бөгөөд тус газрын зохион байгуулалтын бүтэц болон хариуцагчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/45 тушаалаар баталсан албан тушаалын жагсаалтад нэхэмжлэгчийн хашиж байсан “орон тооны зөвлөх” гэсэн албан тушаалын орон тоо байгаагүй байна.

Гэсэн хэдий ч гэрч И.Х-ийн “...өмнөх тушаалын чиг үүргээр Төрийн захиргаа, удирдлагын  газрын дарга буюу Ц.Т дарга тушаалын төслийн үндэслэл, агуулга бүх зүйлийг хянадаг байсан ... Ц.Т дарга руу тушаалын төслийг 2-3 удаа бичиж оруулж байсан ... Ц.Т дарга хэлэхдээ энэ бол сэлгэн ажиллаж байгаа зүйл биш. Орон тооны зөвлөх гэсэн албан тушаал байхгүй бөгөөд тус заалтыг үндэслэх боломжгүй зүйл гэж хэлж байсан ...” гэх мэдүүлгүүдээр нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг өөрөө хянасан, тухайн тушаалын үр дагаврыг мэдэх бүрэн боломжтой албан тушаал эрхэлж байсан ба акт гарсны дараагаар 3 сарын хугацаанд цалин хөлсийг тогтмол авсан зэргээс үзвэл өөрөө хүлээн зөвшөөрч байсан, энэ талаар тухайн үедээ актыг хүчингүй болгуулах үндэслэлээр маргах эрхтэй байсан тул тус акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй, илт хууль бусад тооцох шинжийг агуулаагүй гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр, маргаан бүхий актын төсөлд нэхэмжлэгч нь “Төрийн албан тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3” гэх хэсгийг хасуулсан нөхцөл байдал гэрч И.Х-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон тус актын төсөл бүхий нотлох баримтаар тогтоогдох бөгөөд нэхэмжлэгчийг Төрийн албан тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.” гэж зааснаар шилжүүлэн ажиллуулсан нь хэдийгээр маргаан бүхий актад бичгээр тусгаагүй боловч хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан зүйл байхгүй, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Б-ийн тайлбар зэргээр нэхэмжлэгчийн өөрийн зөвшөөрлийн дагуу шийдвэрлэсэн харилцаа байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс хариуцагчид хандан “...миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас орон тооны зөвлөх албан тушаалд ажиллах боломжгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д заасан үндэслэлээр чөлөөлж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргасан бөгөөд хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар Ц.Т-ийг төрийн албанаас түр чөлөөлөх шийдвэр гарч нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн харилцаа нэгэнт дуусгавар болсон байх тул төрийн албан хаагчийн хуульд заасан эрхээр хангагдах боломжгүй болсон байна.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч тухайн актыг илт хууль бус болохыг тогтоолгоход нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх ашиг байхыг шаардах бөгөөд энэ тохиолдолд нэгэнт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/115 дугаар тушаал хүчин төгөлдөр байгаа, уг акттай маргах шаардлагагүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 612 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Т-ээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМА