Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1222

 

 

 

 

 

 

 

 

 

  2020         07          02                                        2020/ШЦТ/1222

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Я.Сансар,

өсвөр  насны шүүгдэгч М.Х., түүний хууль ёсны төлөөлөгч Л.Наранчимэг, өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт М.гийн Х.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 1395 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 9, эцэг, эх, 2 эгч, 4 дүүгийн хамт оршин суух, Б. овогт М.гийн Х..

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч М.Х. нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан цайз” зочид буудлын зогсоолд байсан иргэн Б.Ишгэнхүүгийн эзэмшлийн 63-02 УБЦ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч Б.Ишгэнхүүгийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.Х. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Г.Ишгэнхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Х.аа гэдэг хүүхэн бас ирээд бид дөрөв Сэнгүр гэдэг 2 литрийн пиво 2 ширхэг, бас үлдсэн Болор архи уусан. Тэгээд Х.аа нь гэнэт ресепшн рүү орж ирээд наад хүүхнээ явуул, та нарыг явуулахгүй байна гэж хэлсэн гэхээр нь бид хоёр хориглоогүй, нөгөө хүүхэн явсан. Араас нь би гарч машин руу очиход миний машины түлхүүр байгаагүй. Тэгэхээр нь би буцаж орж ирээд Бямбабаярт ирээд би машины түлхүүрээ хаячихлаа гэхэд дүү хамт доошоо буугаад харахад миний 6302 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Алтан цайз” зочид буудлын зогсоолд байсан байхгүй болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- Гэрч Д.Бямбабаярын өгсөн: “Ишгэнхүү ах явлаа гээд машинаа асаах гээд машин дээрээ очтол машин нь байхгүй байсан ба буцаж очоод түлхүүрээ авах гээд Ишгэнхүү ах хувцсаа ухаж үзтэл түлхүүр нь байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

- Автомашины эвдрэл гэмтэлд учирсан хохирлын үнэлгээнд “үнэлгээгээр тогтоогдсон дүн 340.600 төгрөг” /хх-ийн 13/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.Х. нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан цайз” зочид буудлын зогсоолд байсан иргэн Б.Ишгэнхүүгийн эзэмшлийн 63-02 УБЦ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч Б.Ишгэнхүүгийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул М.Х.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           М.Х. нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан цайз” зочид буудлын зогсоолд байсан иргэн Б.Ишгэнхүүгийн эзэмшлийн 63-02 УБЦ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч Б.Ишгэнхүүгийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хохирогч Б.Ишгэнхүүгийн мэдүүлэг, гэрч Д.Бямбабаярын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч М.Х.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч М.Х.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

            Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Өсвөр насны шүүгдэгч М.Х.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул өсвөр насны шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б. овогт М.гийн Х.ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Х.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА