| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1205/Э |
| Дугаар | 1223 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 1223
2020 07 02 2020/ШЦТ/1223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Т.С. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Т.ийн С.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00408 1449 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1991 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух, Б. овогт Т.ийн С..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.С. нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвартын эцсийн автобусны буудлын зүүн хойд талд байрлах 3 давхар ногоон өнгийн нийтийн байрны 208 тоот өрөөнд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Б.Баянмөнхийн Самсунг Эс6 загварын, иргэн С.Болорхундагын Ай фон 6 плас загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, С.Болорхундагат 250.000 төгрөгийн, Б.Баянмөнхөд 130.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Баянмөнх, С.Болорхундага нараас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 7-8/,
- Хохирогч С.Болорхундагын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр найз Баянмөнх бид хоёрын түрээслэн амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эцсийн автобусны буудлын зүүн хойд талд байрлах ногоон өнгийн 3 давхар нийтийн байрны 208 тоотод бид дөрөв 2.5 литр хэмжээтэй 2 ширхэг пиво уугаад сууж байсан бөгөөд Баянмөнх тэр үед фэйсбүүк чатаар найз Сараа гэх хүнийг дуудсан байсан. Сараа гэх хүнийг 19:00 цаг орчимд ирэх үед манай Батдаваа, Эрдэнэдаваа гээд хоёр найз гэртээ харихаар явсан. Авсан пиво ууж дуусгаагүй байхад манай найз Баянмөнх юм ярьж хэвтэж байсан бөгөөд Сарааг бие засах өрөөнөөс гарч ирсэнийг ч мэдээгүй нэг мэдэхэд би мөн адил унтаад өгсөн байсан. Намайг орой 00:10 цаг орчимд сэрэхэд Баянмөнх бид хоёр нэг орон дээр хэвтсэн байдалтай байсан. Тэгээд цаг харах гээд утсаа хайхад ширээн дээр байсан миний Ай фон 6 плас загварын гар утас байхгүй байсан. Би тэр үед Баянмөнхийг сэрээж утас яасан талаар асуухад Баянмөнх би мэдэхгүй гэсэн бөгөөд Баянмөнх өөрийн утсаа гаргаж залгах гэтэл Баянмөнхийн утас мөн адил байхгүй байсан. Тэгээд бид хоёр хажуу өрөөнд байдаг найзын утсаар өөрсдийнхөө дугаарууд руу залгахад хоёр утас холбогдохгүй байсан. Тэгээд Баянмөнх өөрийн фэйсбүүкээр орж, “Сакура Сакура Сакура” гэх фэйсбүүктэй Сараа гэх найзаасаа асуух гэхэд Сараа нь Баянмөнхийг блоклочихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
- Хохирогч Б.Баянмөнхийн өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Болорхундага бид хоёр түрээслэн амьдарч байгаа нийтийн байрандаа нэг дүү 2 найзын хамт пиво уугаад сууж байсан бөгөөд тэр үед Сараа гээд танил охин манайд ирсэн бөгөөд Сарааг ирэх үед манайд байсан найз нар болон дүү нар гэр гэртээ харьсан. Сараа манайд ирэхдээ таксины жолооч гэх хүний утаснаас залгаад ирчихлээ, гараад ир гэхээр нь би гарч угтаж авсан. Сараа, Болорхундага бид 3 пиво уухаар болоод 2.5 литр хэмжээтэй пиво хувааж уусан, тухайн үед миний бие өмнөх орой нь нойргүй ажилласан тул их ядарч байсан тул нэг л мэдэхэд унтаад өгсөн байсан. Болорхундага 00:00 цаг орчимд сэрээгээд утсаа хайгаад миний утас алга, залгаад өг гээд залгах гэхэд миний утас мөн байхгүй байсан. Сараа ууж байх үед миний утсыг оролдоод байх шиг байсан. Би тэр үед нээх юм бодоогүй болохоор юм хэлээгүй. Бид хоёрын утас байхгүй байсан тул хажуу өрөөнд байх хүний утсаар өөрсдийн дугаар луу залгахад холбогдохгүй байсан тул Сараагаас асууя гэж бодоод хүний утсаар фэйсбүүк орж, Сараагаас асуух гэхэд намайг блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Т.С. нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвартын эцсийн автобусны буудлын зүүн хойд талд байрлах 3 давхар ногоон өнгийн нийтийн байрны 208 тоот өрөөнд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Б.Баянмөнхийн Самсунг Эс6 загварын, иргэн С.Болорхундагын Ай фон 6 плас загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, С.Болорхундагат 250.000 төгрөгийн, Б.Баянмөнхөд 130.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч С.Болорхундага, Б.Баянмөнх нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.С.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.С.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч С.Болорхундагат 250.000 төгрөг, хохирогч Б.Баянмөнхөд 130.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.С.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Т.ийн С.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С.т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.С.ээс 250.000 төгрөгийг гаргуулан Бүлээн овогт Сүнжидмаагийн Болорхундага /РД:РГ97041518/-т, 130.000 төгрөгийг гаргуулан Сартуул овогт Баатархүүгийн Баянмөнх /РД:НШ98013112/-д тус тус олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА