| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1213/Э |
| Дугаар | 1224 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 1224
2020 07 02 2020/ШЦТ/1224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч П.О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан У. овогт П.ийн О.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 1609 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, У. овогт П.ийн О..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.О. нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-279 тоотод иргэн У.Цэндсүрэнтэй маргалдан түүнийг зодож, нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/,
- Эрүүгийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Даваасүрэнгийн илтгэх хуудас /хх-ийн 4/,
- Хохирогч У.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай хашаанд нөхрийн эгч П.О.гийн гэр байдаг юм. 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр П.О. эгч архи уучихсан манай ээжтэй утсаар хэрэлдээд манай гэрт орж ирээд надад “чи намайг архичин гэж ээждээ хэллээ” гээд бид хоёр хэрэлдсэн. Тэгтэл П.О. эгч миний үснээс зулгаагаад, хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би П.О. эгчийг доош нь дарж газарт унагаагаад цагдаад дуудлага өгсөн. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө тухайн үед намайг толгойгоороо мөргөсөн гэж бодоод мэдүүлэг өгчихсөн байна лээ. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй, би зодуулсандаа гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “...У.Цэндсүрэнгийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 14-15/,
- П.О.гийн яллагдагчаар өгсөн: “Гэртээ найз охин Чимгээтэй хамт нэг шил 0.5 литрийн архи хувааж уусан. Өмнө нь Цэндсүрэнгийн ээж нь намайг утсаар архичин гэж хэлсэн болохоор би тухайн үед Цэндсүрэнгийн гэрт нь орж, Цэндсүрэнд танай ээж намайг архичин гэж хэллээ. Чи намайг ээждээ архичин гэж хэлсэн байна гэж хэлээд бид хоёр хоорондоо хэрэлдээд, үсдэлцээд, би нүүрэнд нь гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас П.О. нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-279 тоотод иргэн У.Цэндсүрэнтэй маргалдан түүнийг зодож, нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул П.О.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
П.О. нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-279 тоотод иргэн У.Цэндсүрэнтэй маргалдан түүнийг зодож, нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч У.Цэндсүрэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6811 тоот дүгнэлт, П.О.гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.О.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч П.О.г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч П.О.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У. овогт П.ийн О.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА