Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 100

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А ургийн овогт Т-н А-д холбогдох 2035000000086 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн А ургийн овогт Т-н А, 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суудаг, урьд  Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: .........

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.А нь Увс аймгийн Улаангом 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Тоосгон уул ХХК-ий хашаанаас 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус компанийн эзэмшлийн хоёр ширхэг аккумлятор цэнэглэгч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 366’666 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000086 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ын “...2019 оны 10 дугаар сард Улаангом сумын 4-р багт байрлах “Тоосгон уул” ХХК-ий хашаанаас манай байгууллагын 2 ширхэг цэнэглэгч алга болсон тухайн аккумлятор цэнэглэгчийг 2019 оны 5 дугаар сард шинээр худалдан авсан юм тухайн үед нэг ширхгийг 200’000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэтэй 2 ширхэг цэнэглэгч нийт 400’000 төгрөгийн үнэтэй цэнэглэгч хулгайд алдсан юм. ...2019 оны 5 дугаар сард шинээр худалдан авсан болохоор бүрэн ажиллагаатай байсан...” /хх-ийн 39 дүгээр хуудас/,

2. Гэрч Б.Б-ийн “...Би 2019 оны 10 дугаар сард гэртээ байж байгаад аккумлятор цэнэглэгч хэрэг болоод найз нөхдөөсөө асууж байтал манай С гэх найз манай нэг найзад аккумлятор цэнэглэгч байж магадгүй гэж хэлээд А гээд хүн рүү утсаар залгасан юм. ...А “Тоосгон уул” ХХК-д түр ажиллаж байсан гэсэн тэгээд С найз бид хоёр Аоос 1 гэсэн дугаартай дөрвөлжин цагаан өнгийн аккумлятор цэнэглэгч аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

3. Гэрч С.У-ын “...Улаангом сумын 11-р багийн нутагт байрлах “М Март” худалдааны төвийн байрны урд талын засмал замаар баруун зүгт явж байхад Алдараагийн компанийн хашааны тэнд байж байхад энд зогсож бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би зам дээр зогсож байхад А тухайн хашаа руу гүйж ороод 10 орчим минут болоод гарч ирэхдээ аккумлятор цэнэглэдэг цагаан өнгийн хайрцагтай 2 ширхэг зүйлийг аваад гараад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

4. Гэрч С.Б-ын “...Улаангом сумын нутагт явж байхад над руу 95533555 дугаараас А гэгч нь залгаж яриад хаана байна гэхээр нь би Улаангомд ажлаар ирчихсэн байна гэхэд манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэдний гэрт яваад очсон. А гэртээ байсан бөгөөд хувцасны шкаф дотроос дөрвөлжин цагаан өнгийн аккумлятор цэнэглэгч гаргаж ирээд чи үүнийг хөдөө аваачаад зараад өг гэж хэлэхээр нь би хэнийх юм бэ? гэж хэлэхэд миний цэнэглэгч байгаа юм би ашиглахгүй байгаа гэж А хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

5. Увс Финанс-Аудит ХХК-ий эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “...2019 оны 10 дугаар сарын байдлаар Улаангом суманд 2 ширхэг аккумлятор цэнэглэгчийн зах зээлийн үнэ цэний баримжаа 366’666 төгрөг болохыг тодорхойлов” гэх 113 дугаартай дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас,

6. Шүүгдэгч Т.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би аккумлятор цэнэглэгчийг ганцаараа хулгайлсан, хэн нэгэнтэй хамтарч хулгайлсан зүйл байхгүй, аккумлятор цэнэглэгчийг хулгайлахаар урьдаас ярьж тохирсон зүйл байхгүй. Надтай хамт гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хүн байхгүй. Би тухайн аккумлятор цэнэглэгчийг аваад алхаад харьчих боломжтой ойрхон байсан бөгөөд С.Ут хөлс төлж байгаа учраас түүний машинаар гэртээ хүргүүлсэн. Би Ут таксины мөнгө гэж 3’000 төгрөг өгсөн юм аа...” гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.А нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Тоосгон уул ХХК-ий хашаанаас 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус компанийн эзэмшлийн хоёр ширхэг аккумлятор цэнэглэгч хулгайлж авсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б, гэрч Г.Б, С.У, С.Б нарын мэдүүлэг болон шүүгдэгч Т.А-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Аын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Т.Аыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.А нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байна. Тодруулбал шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Т.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Тоосгон уул ХХК-д 366’666 /гурван зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна. Шүүгдэгч Т.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь “...Т овогтой А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан. ...Одоо манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл гомдол санал, хүсэлт байхгүй болно...” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Балжиннямын мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Т.Б /хх-ийн 57-58 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Д.О /хх-ийн 62 дугаар хуудас/-ын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар хуудас/, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 114 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.А эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “2 жил хорих ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгч “хорих ял оногдуулахыг тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх” эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А ургийн овогт Т-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА