Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0675

 

Н.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Н.Э, түүний өмгөөлөгч З.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 618 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Н.Э-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Татварын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 618 дугаар шийдвэрээр:

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн гээд 54.1.6-д заасныг баримтлан Н.Э-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Татварын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Татварын газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалуудын дагуу урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.5-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн татварын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, амлалтаа биелүүлээгүй эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, амлалтаа биелүүлэхийг даалгах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Э түүний өмгөөлөгч З.Ц нар давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 618 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж, хэргийг хянуулж байна.

1. Шүүхийн шийдвэрт: “Нэхэмжлэгчээс Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалуудыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 212 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 279 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны  шүүх хуралдааны 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/29 тоот тогтоолоор нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах талаар зохицуулаагүй, харин нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг, уг эрхийг эдэлсэн тохиолдолд үүсэх үр дагаврыг нарийвчлан зохицуулжээ. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/29 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байна”, “... Дээрх нөхцөл байдлаас үл хамаарч нэхэмжлэгчийг шилжүүлэн томилсон, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актууд болон үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул ... Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалуудын дагуу урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэнтэй нэхэмжлэгч Н.Э, түүний өмгөөлөгч нар санал нийлэхгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 212 дугаар шийдвэрээр Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Н.Э-г өмнө эрхэлж байсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон. Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 279 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/29 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 212 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 279 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нийслэлийн Татварын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрхээс дүгнэхэд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/29 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 212 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 279 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосон тул нэхэмжлэгч Н.Э-г Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилсон Нийслэлийн Татварын газрын даргын гаргасан 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалууд тус тус хүчин төгөлдөр болж байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч Н.Э нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас халагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Н.Э-г урьд нь эрхэлж байсан албан тушаалд нь хэвээр үлдээж, үргэлжлүүлэн албан ажлыг нь хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

2. Шүүхийн шийдвэрт: “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах талаар зохицуулаагүй, харин нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг, уг эрхийг эдэлсэн тохиолдолд үүсэх үр дагаврыг нарийвчлан зохицуулжээ” гэж дүгнэсэнтэй нэхэмжлэгч Н.Э, түүний өмгөөлөгч нарын хувьд мөн л санал нийлэхгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуульд “Хяналтын журмаар гомдол гаргах, түүнийг шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172, 178 дугаар зүйлд заасан журмыг баримтлана” гэж зохицуулжээ.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэлд “шүүх хуралдаан 10 цаг 01 минутад эхэлж, 10 цаг 08 минутад дууссан” гэж “шүүх хуралдаан үргэлжилсэн хугацааг худал бичсэн” гэж нэхэмжлэгч хэлдэг.

Тус шүүх хуралдаанд хариуцагч болох Нийслэлийн Татварын газрын дарга С.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар хоюул оролцож, нэхэмжлэгч Н.Э ганцаараа оролцсон байдаг. Нэхэмжлэгч Н.Э шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ “татах хүсэлттэй” гэж хэлсэн. Нэхэмжлэлээсээ “татгалзана” гэж огт хэлээгүй.

Нөгөө талаар хэргийн зохигчийн, тодруулбал нэхэмжлэгч Н.Э-ийн хуульд заасан эдлэх эрх үүргийг сайтар тайлбарлаж, ойлгуулж өгөөгүй байдаг. Нэхэмжлэгч Н.Э энэ тухай одоо ч гэсэн гомдолтой тухайгаа хэлдэг.

ГУРАВ. Шүүхийн шийдвэрт: “Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаал нь нэхэмжлэгч, хариуцагч нарын зөвшилцлийн дагуу дээрх захиргааны актуудыг зөвтгөж гарсан, нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна. Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д захиргааны акт илт хууль бус байх нөхцөлүүдийг хуульчилсан бөгөөд дээрх маргаан бүхий захиргааны акт нь уг нөхцөлүүдийн алинд ч хамаарахааргүй байна. Нөгөөтэйгүүр илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх бөгөөд дээрх тушаал болон өмнө гарсан шилжүүлэн тушаалуудын дагуу нэхэмжлэгч нь Налайх дүүргийн Татварын газрын дарга, даргын тур орлон гүйцэтгэгчээр ажиллаж ажил үүргээ гүйцэтгэсэн, уг тушаалыг илт хууль бус захиргааны актад тооцсоноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй томилсон байна.

Иймд Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэснийг нэхэмжлэгч Н.Э, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байна.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаалыг нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна гэж дүгнэжээ. Энэ нь ч зөв. Тэгсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэсэн үндэслэлүүд нь ойлгомжгүй болжээ.

Тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулбал, нэхэмжлэгч Н.Э-д холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар хариуцагч буюу Нийслэлийн Татварын газрын талаас хяналтын журмаар гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэрэг эцэслэн шийдвэрлэх хараахан болоогүй байхад, өөрөөр хэлбэл 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр болсон давж заалдах шатны шүүх хуралдаанаас 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр товлогдсон Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан хүртэл хугацаанд, тодруулбал “анхан болон давж заалдах шатны шүүх асуудлыг нэгэнтээ шийдвэрлэчихээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэрэг хараахан ороогүй, тухайлбал шүүхийн шийдвэр бүхэлдээ хүчин төгөлдөр болоогүй” байх үед Нийслэлийн Татварын газрын дарга С.Э 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 216 дугаар тушаал гаргаж, Н.Э-г Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүрэгт ажлаас 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргаар томилж, Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэж байжээ.

Ийнхүү Нийслэлийн Татварын газрын дарга С.Э нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тасралтгүй явуулах болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчмыг зөрчин, шүүн таслах ажиллагааны эрхэд халдаж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэн дураар авирлаж, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15, 42 дугаар зүйлийн 42.1.7-д заасан “албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлсөн, ... халсантай холбоотой асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй”, үүнтэй “... холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглоно” гэснийг үл хайхарч, 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 216 дугаар тушаал гаргасан нь буруу, хуулийг ноцтой зөрчиж байжээ.  

Дээрх 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж илт хууль бус гарсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37.6, 47.2, 47.3, 47.4-д: “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно”, “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна”, “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “Захиргааны акт -ыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох”, 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэснийг тус тус баримтлан Нийслэлийн Татварын газрын даргын гаргасан 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагатай байна.

Иймд Нийслэлийн Татварын газрын дарга С.Э-ын гаргасан 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.

Дөрөв. Шүүхийн шийдвэрт “... Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргаар томилсон ч тус газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгчээс мөн уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 462 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээрх шийдвэр, магадал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 32, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаар тогтоолуудаар хүсэлтийг хангахаас татгалзжээ. ... Дээрх нөхцөл байдлаас үл хамаарч нэхэмжлэгчийг шилжүүлэн томилсон, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актууд болон үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул Нийслэлийн Татварын газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох ... шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэнтэй нэхэмжлэгч Н.Э, түүний өмгөөлөгч нар санал нийлэхгүй байна.

Дээр дурдсанаар Нийслэлийн Татварын газрын дарга С.Э-ын гаргасан 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаал нэгэнт хууль зөрчиж гарсан байх тул нэхэмжлэгч Н.Э-д “Сахилгын шийтгэл ногдуулж төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр ажлаас нь халсан” Нийслэлийн Татварын газрын дарга С.Э-ын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаал ч мөн хууль зөрчиж гарсан, үндэслэл муутай байна.

Дээрх 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн өдрийн 216, 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж илт хууль бус гарсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37.6, 47.2, 47.3, 47.4-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно”, “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, “Захиргааны актын захиргааны актыг гаргах гол аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна”, “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “Захиргааны акт...-ыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох”, 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэснийг тус тус баримтлан Нийслэлийн Татварын газрын даргын гаргасан 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Б. Нийслэлийн Татварын газрын дарга С.Э-ын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдийн 90 дүгээр тушаалаар Н.Э-г Төрийн албаны тухай хууль ноцтой зөрчсөн гэж сахилгын шийтгэл ногдуулж төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр ажлаас нь халахдаа Татварын ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслээгүй, харин Татварын ерөнхий газрын төрийн захиргаа удирдлагын газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/701 тоот мэдэгдлийг үндэслэсэн нь тогтоогддог.

Энэ талаар гэрч Ж.Б-ын мэдүүлэгт: “Би Татварын ерөнхий газрын дэд дарга, мөн Ёс зүйн хорооны дарга. Н.Э-г Ёс зүйн хороогоор оруулах гэхээр би татгалзсан. Надаас асуухаар би “Э-г дуудахгүй” гэсэн. Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.О жинхлээгүй байсан. Энэ нь ёс зүйн хороогоор хэлэлцэх ёсгүй асуудал байсан. Н.Э нь 2 хоног, тодруулбал хагас, бүтэн сайн өдөр суусан байсан. 1 дэх өдөр зогссон.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албан зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ж.Б: Э-д сахилгын шийтгэл ногдуулах Татварын ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн хорооны тухайн хуралдаанд миний бие биечлэн оролцоогүй. Төрийн албан зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн байсан гэжээ.

Нийслэлийн Татварын газрын дарга С.Э-ын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/936 дугаар албан бичигт Н.Э-г “Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”-даа Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тоотыг үндэслэсэн. Н.Э-ийн асуудлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцсэн боловч энэ тухай надад болон манай байгууллагад мэдэгдэж санал авсан зүйл байхгүй гэжээ.

Татварын ерөнхий газрын дарга Т.Б 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/432 tootoop H.Э-ийн хүсэлтийн талаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.З-д ханджээ.

Үүнд: Н.Э-г Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байхад Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39 тушаалаар Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргаар томилсон нь хууль бус болохыг анхан шатны шүүхийн 2009 оны 212 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2009 оны 279 дүгээр магадлалаар тус тус тогтоожээ.

Гэвч 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Татварын газрын удирдлагатай тохиролцсоны дагуу Н.Э нь нэхэмжлэлээ татаж авахдаа “Уулзалтын протокол” хөтөлжээ.

Н.Э-г ажлаа өгөх үед буюу 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дүүргийн Татварын хэлтсийн ажлын төлөвлөгөө 104.8 хувийн биелэлттэй байжээ.

Ажлаас халагдах үндсэн шалтгаан нь Татварын хэлтсийн дарга байсныхаа хувьд дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Б-ийн мэдэлд байдаг Кекшюүзан хөгжил сантай холбоотой татварын 711 сая төгрөгийн өрийг хууль бусаар хуйвалдан хүчингүй болгохын эсрэг шаардлага тавьснаас болсон.

Н.Э-д холбогдох ёс зүйн асуудлыг хэлэлцэхдээ Засгийн газрын 97 тоот тогтоолын холбогдох заалтуудыг зөрчсөн. 1. Нийслэлийн Татварын газраас санал аваагүй, 2. Арга хэмжээ авах тухай Н.Э-д мэдэгдэж тайлбар аваагүй. 3. Н.Э-г хуралд биечлэн оролцуулах арга хэмжээ аваагүй. 4. Н.Э нь 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Налайхад очсон. 3 дугаар сарын 13, 14-ний өдрүүд амралтын өдрүүд тaapcaн. Байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, суулт, ажил хаялт, өлсгөлөн зарласныг бодитой тогтоогоогүй Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/701 тоот албан бичгийг үндэслэж ажлаас халсан нь хангалтгүй зэрэг баримтууд цугларсан гэж нэхэмжлэгч Н.Э ярьдаг.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолд “Татварын ерөнхий газрын даргад хандсан хүсэлттэй холбоотой “шинээр бий болсон баримт” юм. Ёс зүйн хорооны шийдвэрийг Татварын ерөнхий газрын дарга Т.Б-н 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/432 тоот албан бичгээр хүчингүй болгоогүй байна” гэжээ.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаар тогтоолд “ ... Н.Э-г “Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халсан” маргаан бүхий 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалыг Нийслэлийн Татварын газрын дарга буюу эрх бүхий албан тушаалтан нь хаяглагдсан этгээдэд сөрөг үйлчлэлтэй, өмнө гаргасан захиргааны актаа Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан үндэслэлээр дахин хянаж, акт гаргах ажиллагааг дахин хийх эрхтэй. Ийнхүү нэхэмжлэгч Н.Э-ийн хувьд эерэг үйлчлэлтэй актыг дахин, эсхүл шинээр гаргах, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд, эсхүл өөр ажил албан тушаалд томилоход Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар тогтоол саад болохгүй, маргаан бухий захиргааны актын улмаас Н.Э-ийн төрийн албанд эргэж орох эрхийн хязгаарлалт нь 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон, үүнээс хойшхи хугацаанд нэхэмжлэгчийн төрийн албанд орж ажиллах эрх, уг тогтоолын улмаас хязгаарлагдаагүй болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаар тогтоол гарсны дараа Татварын ерөнхий газраас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 03/426 тоот албан бичгээр Н.Э-д хариу өгөхдөө “Таныг төрийн албанд ажиллах эрхтэй” гэснээс бус “Тус алба нь тодорхой ажлын байраар хангах үүрэгтэй гэж тусгаагүй байна” гэж Дээд шатны шүүхийн шийдвэрийг үл хайхарч, “биелүүлэхгүй” гэсэн хариу өгч байжээ.

Дээрх үндэслэлээр Нийслэлийн Татварын газрын дарга С.Э-ын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдийн 90 дүгээр тушаал хууль зөрчиж гарсан, үндэслэл муутай байдаг.

5. Амлалтаа биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, амлалтаа биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн тухайд, Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд тодорхой нөхцөл тавьж хэлцэл хийгдсэн байх бөгөөд уг хэлцэл нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27.1-д “Төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана”, 27.1.2-т “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах”, 27.1.5-д “Төрөөс орон байраар хангагдах” гэжээ.

Төрийн албан хаагч нь дээрх баталгааг зөвхөн төрийн алба хаах хугацаандаа эдлэх боломжтой бөгөөд уг баталгааг нөхөн эдлүүлэх, дүйцүүлэх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн “Амлалтаа биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, амлалтаа биелүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэснийг нэхэмжлэгч Н.Э, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөхгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 465 дугаар магадлалд “Нэхэмжлэгчийн “... Нийслэлийн Татварын газар болон Татварын ерөнхий газрын тухайн үеийн удирдлагын зүгээс надад олон зүйлийн амлалт өгч, түүнийгээ албан бичгээр албажуулсан боловч 3 сар гаруйн дараа намайг ажлаас халж, өнөөдрийг хүртэл амлалтаа биелүүлэхгүй 10 жил болж байгаа нь миний хөдөлмөр эрхлэх эрх болон бусад олон эрх ашгийг ноцтой зөрчсөн” эс үйлдэхүй” болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд шүүгч бодитой хандахын оронд намайг олон жилээр яллаж байгаа Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргаас чөлөөлсөн хэргийг дахин сөхөж асуудалд өрөөсгөл хандаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хаагдсан” мэтээр дүгнэн шийдвэрээ гаргасанд маш их гомдолтой байна ...” гэх давж заалдах гомдлыг шууд үгүйсгэх боломжгүй байна.

Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг гүйцэд тодруулсны үндсэн дээр хэрэгт хамааралтай, маргааныг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, Н.Э-ийн “... Татварын ерөнхий газар болон Нийслэлийн Татварын газрын тухайн үеийн удирдлагын хэлсэн амлалтаа биелүүлээгүйгээс 10 жил хохирч байна ...” гэх агуулгаар хариуцагч байгууллагын эс үйлдэхүйтэй маргаж байгаа үйл баримтыг бодит нөхцөл байдалтай холбогдуулан тайлбарлах замаар Н.Э-ийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 419 дүгээр тогтоолд “... Н.Э-ээс хариуцагчийн "хууль бус" гэх эс үйлдэхүйг анхнаасаа тэдгээрийн өгсөн амлалттай холбон тайлбарладаг, энэ талаарх үйл баримтыг бодит нөхцөл байдалтай холбогдуулан дүгнэлт хийх” тухай заажээ.

Эдгээр зүйлүүдтэй холбогдуулан хэлэхэд “нэхэмжлэгч Н.Э анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд удаа дараа хүсэлт гаргаж, давж заалдах шатны шүүхийн магадлал, тогтоолуудад дурдсан “хэрэгт хамааралтай, маргааныг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулж” өгсөн. Гэтэл хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс хянамгай анхаарч, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасангүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “... Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн” гэсэнтэй нэхэмжлэгч Н.Э, өмгөөлөгч нар огтхон ч санал нийлэхгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан Н.Э-гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Татварын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Нийслэлийн Татварын газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалуудын дагуу урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай, Захиргааны ерөнхий хуулийн 47.1, Төрийн албаны тухай /2002 оны хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.5-д тус тус заасныг баримтлан” Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, амлалтаа биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, амлалтаа биелүүлэхийг даалгах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус шийдвэрлэснийг бүгдийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 618 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Э-ээс “Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216, 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалуудын дагуу урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, амлалтаа биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, амлалтаа биелүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Гэвч дээрх маргаан бүхий Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39, 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53, 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаар актуудыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс өмнө шүүхэд хандаж, эцэслэн шийдвэрлүүлсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байх тул анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ...” байгаа гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь мөн өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ба улмаар 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тушаалаар Н.Э-г мөн өдрөөс эхлэн тус Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргаар жинхлэн томилжээ.

Нэхэмжлэгчээс   дээрх   тушаалуудыг   эс   зөвшөөрч   нэхэмжлэл   гаргасанд

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 212 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 279 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/29 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

Үүний дараагаар Нийслэлийн Татварын газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсанд нэхэмжлэгчээс эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 462 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Ийхүү дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хянан шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Үүнээс гадна Нийслэлийн Татварын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаалаар Н.Э-г Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүрэгт ажлаас 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс Налайх дүүргийн Татварын хэлтсийн даргаар томилсон бөгөөд нэхэмжлэгчээс тус тушаалыг мөн илт хууль бус болохыг тогтоолгохоор, амлалтаа биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, амлалтаа биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагууд гаргажээ.

Нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.15-д “төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх” гэж зааснаар Улсын дээд шүүх хянан шийдвэрлэж, тухайн маргааныг эцэслэн шийдвэрлээгүй буюу Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/29 дүгээр тогтоол  гараагүй байхад хариуцагчаас 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар тушаалыг гаргасан хэмээн тайлбарлаж байна.

Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус байх нөхцөлүүдийг хуульчилсан бөгөөд маргаан бүхий 216 дугаар тушаал нь илт хууль бус байх аль ч шинжийг хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл захиргааны акт илт хууль бус байх гэдэг нь утга агуулгын илэрхий алдаатай, актыг баталсан байгууллага тодорхойгүй, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, гүйцэтгэх этгээд тодорхой бус, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зэрэг тухайн актыг биелүүлэх боломжгүй анхан шатны алдааг ойлгох бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий 216 дугаар акт нь хууль зөрчиж гарсан эсэх нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй юм.

Мөн амлалтаа биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, амлалтаа биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэлээс үзвэл Нийслэлийн Татварын газрын дарга С.Э болон нэхэмжлэгч Н.Э нар уулзан тодорхой нөхцөл тавьж, тохиролцсон бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах”, 61.1.5-д “орон байраар хангагдахад төрөөс дэмжлэг үзүүлэх” гэж заасан төрийн албан хаагчийн нийтлэг баталгаатай холбоотой эрх зүйн үр дагавар үүсгэж байх тул захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байна.

Гэвч энэхүү утгаар дээрх баталгаа нь зөвхөн төрийн албан хаагчийн эдлэх эрх байх бөгөөд нэхэмжлэгч нь Татварын ерөнхий газрын дэргэдэх ёс зүйн хорооны 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар гаргасан дүгнэлтийн дагуу Нийслэлийн Татварын газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл хүлээн ажлаас халагдсан байгаа тохиолдолд дээрх эрхээр хангагдах боломжгүй тул хариуцагчийн амлалтаа биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, амлалтаа биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын Н.Э, түүний өмгөөлөгч З.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА