| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулууны Тунгалаг |
| Хэргийн индекс | 128/2016/0004/З/ |
| Дугаар | 284 |
| Огноо | 2016-08-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 284
Ш.Сонинхүүгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Ш.Сонинхүү, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 329 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 464 дүгээр магадлалтай, Ш.Сонинхүүгийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ш.Сонинхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянгол дүүргийн 17 хороо 67 дугаар байрны арагшаа харсан 2 дугаар давхрын коридорын тагтыг ашиглах өргөтгөлийн ажлыг хийсэн билээ. Гэтэл Баянгол дүүргийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/816 дугаартай захирамжийг гаргасан бөгөөд уг захирамжийг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж иргэдэд ялгаатай хандаж гаргасан.
Мөн захирамжид даалгаснаар дүүргийн Засаг даргын орлогч Г.Энхболд болон дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй, захирамжид хэрэгжүүлэх ажиллагаа илт хууль бусаар явагдсан. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дээрх захирамжийн тэргүүн хэсэгт албадан буулгах газар, чөлөөлөх гэжээ. Газрын тухай хуульд албадан буулгах гэсэн нэр томьёо байхгүй бөгөөд харин газар чөлөөлөх тухай асуудал яригдах ёстой гэж үзэж байна. Газар гэж авч үзвэл миний барьсан өргөтгөл бол байрны гадаах шатыг ашиглаж хийсэн зүйл бөгөөд газар ч байхгүй өргөтгөлийг буулгасан ч шат нь байдгаараа байж байна.
Захирамжийн 2 дахь заалтад “энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Г.Энхболд, Өмч, газрын харилцааны албаны С.Бямбадоржид тус тус даалгасугай” гэсэн байна. Үүнээс харахад өргөтгөлийг албадан буулгах, газар чөлөөлөх ажиллагааг яг хэн гүйцэтгэх, ямар хугацаанд гүйцэтгэх тухай захирамжид огт зааж өгөөгүй байна. Дүүргийн Засаг даргын орлогч болон Өмч, газрын харилцааны албыг хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг захирамжаар даалгасан нь харагдаж байна. Гэвч хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй асуудал дээр хяналт тавина гэж юу байх билээ. Хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжүүлэх гэдэг бол илтэд өөр ойлголт юм. Хэн гардан хэрэгжүүлэхийг бүр тодорхой зааж өгсөн байх ёстой гэж би ойлгож байна.
Тухайлбал хувь хүн үү, төрийн байгууллага уу, эсвэл аж ахуйн нэгж, компани байх уу гэдгийг тодорхой зааж өгсөн байх ёстой байтал энэ талаар ямар ч үг, үсэг захирамжид дурдагдаагүй орхисноос “хэрэгжүүлэх” ажиллагааг дүүргийн Өмч, газрын харилцааны алба өөрсдөө сайн дурын үндсэн дээр, дур мэдэж, хууль бусаар ажилласан, ингэж ажиллах боломжийг Засаг дарга Д.Оросоо нээж өгсөн. Газрын албаны чиг үүрэгт ч хууль бусаар бусдын өмчид халдах эрх хуульчлагдаагүй байна.
Нөгөө талаар Засаг дарга захирамжиндаа дүүргийн Өмч, газрын харилцааны алба “хэрэгжүүл” гэж даалгасан үг, үсэг байхгүй байна. Ийм үгийг захирамжаас хайгаад олсонгүй. Гэвч захирамжийн зөвхөн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг авсан субъектүүд нь хяналтаа тавиагүй, тэр байтугай өөрсдөд нь захирамжаар үүрэг болгоогүй “хэрэгжүүлэх” ажиллагааг дүүргийн Өмч, газрын харилцааны алба дур мэдэн гүйцэтгэсэн, ингэхдээ иргэн Ш.Сонинхүү надад захирамжийг гардуулж өгөөгүй, захирамж гарсан юм байна гэдгийг би мэдээгүй байхад буюу 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр миний өмч хөрөнгийг хэн нь үл мэдэгдэх хүмүүсээр эвдэн сүйтгүүлж дотор нь байсан өөр иргэний өмчид халдаж, гэмт хэргийг үйлдчихээд маргааш нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр захирамж барьж ирэх ч шаардлага байгаагүй юм.
Хэрэгжүүлэх ажиллагааг хууль бусаар явуулж иргэн надад болон бусдад ч эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол учруулсан, нөгөө талаар жинхэнэ өөрсдөд нь даалгасан “хяналт тавих” ажлаа ч хийгээгүй юм. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр надад захирамж танилцуулж гарын үсэг зуруулсан материал дүүргийн Өмч, газрын харилцааны албанд болон тус газрын мэргэжилтэн Г.Хатанбаатарт байхгүй билээ. Миний өмч хөрөнгөнд халдах ажиллагаанд дүүргийн Өмч, газрын харилцааны хүмүүс өөрсдөө болон хаана ажилладаг нь тодорхойгүй, хэн нь үл мэдэгдэх хүмүүсийг дагуулж ирж гүйцэтгүүлсэн.
Иймд “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/816 дугаартай захирамжийг хүчингүй болгох, тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны хүмүүс иргэн миний өмчид зөвшөөрөлгүй халдсаны улмаас учирсан 24.065,485 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдүүдээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ш.Сонинхүү нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 67 дугаар байрны нэгдүгээр давхрын аваарын гарц, хоёрдугаар давхрын коридорын гадагш гарсан тагтыг ашиглан төмөр каракасан хийцтэй өргөтгөлийн угсралтын ажлыг гүйцэтгэн газрын зөрчил гаргасан байна. Иргэн Ш.Сонинхүү болон иргэн Отгонжаргал нарт Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасны дагуу дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17/01, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17/02 дугаар “өргөтгөлийн ажлыг зогсоож газар чөлөөлөх тухай” шаардах хуудас 2 удаа хүргүүлсэн боловч биелүүлээгүй.
Мөн иргэдээс ирүүлсэн гомдол, шуурхай мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-92/1757 дугаартай дүгнэлтээр “орон сууцны 67 дугаар байрны гадна талд 2 дугаар давхрын коридорын хэсгийн гадагш гарсан тагт, нэгдүгээр давхрын аваарын гарц, шатыг ашиглан хийгдсэн энэхүү зөвшөөрөлгүй баригдаж байгаа өргөтгөл нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1 дэх заалтуудын хэрэгжилтийг хангахгүй, мөн 2 дугаар давхрын коридорын тагтны хаалганы гэгээвчийн гэрэлтүүлэг болон улмаар болзошгүй аюул ослын үед аврах гарц, шат хязгаарлагдсан байна. Дээрх нөхцөл байдал нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтын дагуу зөвшөөрөлгүйгээр барьсан өргөтгөлийн барилгыг буулгах үндэслэлтэй нь тогтоогдсон байдаг.
Үүний дагуу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02-02/3169 дугаартай “арга хэмжээ авах тухай” албан мэдэгдлийг дүүргийн Өмч, газрын харилцааны албанд ирүүлсэн. Иймд иргэдээс ирүүлсэн гомдол, шаардах хуудас, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02-02/3169 тоот албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-2/1757 дугаар дүгнэлт мөн Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 26 зүйлийн 26.1.1-д тус тус заасны дагуу зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгах үндэслэлтэй дүгнэлт зэргийг үндэслэн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлж арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/816 “албадан буулгах, газар чөлөөлөх” тухай захирамж гарсан.
Дээрх захирамжийг иргэн Ш.Сонинхүүд утсаар мэдэгдэх гэсэн боловч утсаа удаа дараа аваагүй бөгөөд Өмч, газрын харилцааны албанаас түүний өмгөөлөгч А.Ганбатад тус захирамжийг гардуулсан болно. Зөвшөөрөлгүй баригдсан 2 давхар өргөтгөлийн барилгыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зөвхөн үүдний довжоо хэсгийг, 11-ний өдөр үндсэн хэсгийг дүүргийн, Өмч, газрын харилцааны албаны хяналтын дор албадан чөлөөлсөн болно.
Баянгол дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “ж”-д “газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх”, 29.1.3 “н”-д “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, 29.1.6 “а”-д “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах” гэж тус тус заасан нь хуулиар олгогдсон дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийн асуудал юм.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, Газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасан нь мөн уг хуулиар олгогдсон дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийн асуудал юм.
Иймд албадан буулгах ажиллагаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу явагдсан болно. Мөн нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргын захирамжид албадан буулгах ажлыг хэн хийхийг тодорхой зааж өгөөгүй байна гэжээ.
Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлд газар чөлөөлөх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллагын үүргийг заасан байдаг, 59.1.1-д “хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах”, 59.1.2-т “газар чөлөөлөх, албадан нүүлгэхэд хүч хэрэглэсэн буюу зохион байгуулалттайгаар саатуулсан, эсэргүүцсэн бол зохих журмын дагуу арга хэмжээ авах” гэж тус тус зааж хуульчилсан байдаг бөгөөд Газрын тухай хуулийн дагуу хэрэгжүүлэх байгууллага нь тодорхой байна гэж үзэж байна.
Иймд иргэн Ш.Сонинхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ш.Сонинхүү болон иргэн Отгонжаргал нарт “Газрын тухай” хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17/01, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17/02 дугаар “өргөтгөлийн ажлыг зогсоож газар чөлөөлөх тухай” шаардах хуудас 2 удаа хүргүүлсэн боловч биелүүлээгүй.
Нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргын захирамжид албадан буулгах ажлыг хэн хийхийг тодорхой зааж өгөөгүй байна гэжээ. Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлд газар чөлөөлөх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллагын үүргийг зааж өгсөн байдаг. Иймд албадан буулгах ажиллагаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиудын дагуу явагдсан тул иргэн Ш.Сонинхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 329 дүгээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Ш.Сонинхүүгийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/816 дугаар захирамжийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.6-д заасныг баримтлан 24.065.485 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 464 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 329 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтыг нэгтгэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 59 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Сонинхүүгийн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/816 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хохирол 24.065.485 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 болон 4 дэх заалтын дугаарыг 2, 3 болгон тус тус өөрчилж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ш.Сонинхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, маргааны үйл баримтыг илт үгүйсгэсэн дүгнэлт хийсэн зэрэг үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/816 дугаартай “Албадан буулгаж газар чөлөөлөх тухай” захирамж, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02-07- 92/1757 дугаартай “Барилгын өргөтгөлийн ажлын тухай” дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” 02-01/06 дугаартай шийдвэр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ерөнхий байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/001/03 дугаартай “улсын ахлах байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай” шийдвэр, 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдэл, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбар, хэргийн оролцогчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн Ш.Сонинхүүд 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 17/01 дугаартай шаардах хуудас хүргүүлсэн болох нь талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай байхаас гадна маргааны үйл баримтыг илт үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл хэсэгт Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх хэсэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийг тус тус үндэслэн гарсан захиргааны маргаан бүхий акт гарсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтээр 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 17/01 дугаартай шаардах хуудас хүргүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд энэхүү шаардах хуудсыг нэхэмжлэгчид хүргүүлэх үед Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гаргаагүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар нотлогдож байхад шүүх илт үндэслэл муутай дүгнэлт хийлээ.
Хэрэгт авагдсан газар чөлөөлөх үндэслэл болоод байгаа 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “барилгын өргөтгөлийн тухай” дүгнэлт нь агуулгын хувьд илт алдаатай гарсан бөгөөд үүнийг Мэргэжлийн хяналтын даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02-01/06 дугаартай улсын ахлах байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай шийдвэрээр өөрчлөлт оруулсан, мөн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/001/0 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байхад энэ үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт гаргах болсон улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгосон, мөн анх байцаагчийн дүгнэлт гаргаагүй байхад хугацаатай шаардах хуудас хүргүүлээд байгаа зэрэг нь өөр хоорондоо илт зөрүүтэй байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй хэт нэг талыг барьсан гэж үзэхэд хүргэж байна.
Мөн захиргааны хэргийг илтгэгч шүүгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй “барьсан барилгын түлхүүр нь хэнд байгаа юм... ” гэх мэт илт үндэслэлгүй асуултыг асууж хэрэгт хувийн сонирхлоор хандсан гэж миний бие үзэж байгаа бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдох тул дүгнэлт хэсэгтээ дурдаж өгнө үү.
2. Магадлалын хянавал хэсэгт “Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дэх хэсгийн агуулгаас дүгнэхэд Засаг дарга захирамжаар мэдэгдэл өгнө гэж заагаагүй, харин газрыг чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлнэ гэсэн агуулгаар ойлгогдохоор байна” гэж дүгнэсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь 57 дугаар зүйлийн 57.3-т “...зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө...” гэж заасан хуулийн агуулгаар нь нэхэмжлэгчийн хувьд ойлгож байгаа бөгөөд энэхүү хугацаатай мэдэгдлийг өгөхдөө мэдэгдэл хүлээн авсан этгээдийн гарын үсгийг дуурайлгах эсвэл хуурамчаар зурж хүргүүлж болох эсэх талаар зохицуулаагүйг шүүх бүрэлдэхүүн анхаар ч үзнэ үү.
Хэрэгт шинжээчийн дүгнэлт авагдсан байгаа бөгөөд нэхэмжлэгч Ш.Сонинхүүгийн гарын үсгийг дуурайлган зурсан үйл баримтыг давхар нотолж байгаа юм. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх хэсэгт заасан “барилга байгууламжийг шинээр барих” гэсэн хуулийн заалтыг баримталсан нь илт үндэслэлгүй байхад маргааны гол үйл баримтад дүгнэлт өгөөгүй нь шүүх мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргасан гэж үзэхээр байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхийн болон маргаан бүхий захиргааны актад дурдсан шиг 67 дугаар байрны орчны газарт барилга байгууламж шинээр бариагүй юм.
Хэрэв нэхэмжлэгчийг Барилгын тухай хуулийг зөрчин газар дээр барилга байгууламж шинээр барьсан гэж дүгнэж байгаа тохиолдолд энэ үйл баримтыг хариуцагч бичгийн нотлох баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Харин Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “барилга байгууламжийг засварлах, тоноглох гэж ашиглалтын хэвийн нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор барилга байгууламжийг бүхэлд нь буюу хэсэгчлэн засварлаж, нэмэлт болон тусгай тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг...” хэлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ш.Сонинхүүгийн 2 давхрын тагтанд барьж байсан өргөтгөл нь дээрх хэсэгт хамаарч байгаа болно. Огт ашиглагддаггүй байсан аваарын гарцыг ашиглах боломжтой болгож өгөхөөр байсан юм.
3. Магадлалын хянавал хэсэгт “...энэхүү хэргийн тохиолдолд “шаардах хуудас” гэсэн нэртэй боловч зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж буй газраа чөлөөлөхийг Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас мэдэгдсэн байгааг мэдэгдэх хуудас өгөөгүй, дүүргийн Засаг дарга газраа чөлөөлөх талаар мэдэгдээгүй гэж дүгнэх боломжгүй юм...” гэж дүгнэсэн нь мөн л хууль эрх зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “...орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон 1 дүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” нийтийн эзэмшлийн талбайд хамаарахаар зохицуулжээ.
Баянгол дүүргийн 17 дугаар хороо, орон сууцны 27, 66, 67 дугаар байрны орчны газрыг нийслэлийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 477 тоот шийдвэрийг үндэслэн тус 67 дугаар байрны “Хос багана” СӨХ-нд 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр газар ашиглуулах тухай гэрээг байгуулан 5 жилийн хугацаатайгаар нийт 3533 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл тус орон сууцны газрыг өнөөдрийн байдлаар СӨХ эзэмшиж байгаа бөгөөд уг СӨХ-өөс зөвшөөрөл авсны үндсэн дээр барилгын өргөтгөлийн зургийн дагуу иргэн Ш.Сонинхүү барилгын угсралтын ажлыг эхлүүлсэн.
Түүнчлэн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гарсан захирамжийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд албадан буулгах ажиллагааг явуулсныг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд дээрх захиргааны актыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар хууль, шүүхийн байгууллагад хандах эрхийг шууд зөрчиж хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг олгоогүйд нэхэмжлэгчийн зүгээс туйлын гомдолтой байна. Нэхэмжлэгч миний бие Засаг даргын захирамжийг хүлээн авч танилцаад дээд шатны захиргааны байгууллагад хандан гомдол гаргах, цаашлаад шүүхэд хандаж эрхээ эдэлсэн бол өнөөдөр шиг ямар нэгэн эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол хүлээхгүй байсан юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Би Баянгол дүүргийн Засаг даргын албадан буулгаж газар чөлөөлөх тухай захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл дээрх маргаан бүхий захирамжийг хэрэгжүүлэх субъект нь тодорхойгүй, утга агуулгын илэрхий алдаатай байгаа юм. Түүнчлэн уг маргаан бүхий захиргааны актыг иргэдээс ирүүлсэн өргөдлийг үндэслэн гаргасан гэж байгаа боловч тухайн иргэний өргөдөлд дурдсан бусад өргөтгөлийн асуудлыг шийдвэрлээгүй атлаа миний эд хөрөнгөнд хууль бусаар халдаж, маргаан бүхий захирамжтай танилцах түүнд гомдол гаргах боломжийг олгоогүй болно.
Түүнчлэн би өөрийн амьдарч буй 67 дугаар байрны 2 дугаар давхрын хойш харсан тагтанд барилгын өргөтгөлийн ажлыг эхлүүлэхдээ дараах бодит зардлуудыг гаргасан бөгөөд энэхүү зардлаа төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж 24.065.485 төгрөгийн бодит хохирол учраад байгаа юм. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 464 дүгээр магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хянавал:
Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/86 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14.1.17, 41.2.2, Газрын тухай хуулийн 27.4, 57.3, 57.4, 59, Барилгын тухай хуулийн 26.1.1 дэх заалт, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-92/1757 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий мэргэшсэн үнэлгээчин Г.Лхагвасүрэнийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг тус тус үндэслэн “...зөвшөөрөлгүй сунгаж барьсан өргөтгөлийг албадан буулгаж, газар чөлөөлөх”- өөр шийдвэрлэж, 2015 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд уг өргөтгөлийг албадан буулгаж, газар чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Ш.Сонинхүү “...захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй, ...хэрэгжүүлэх ажиллагаа илт хууль бусаар явагдсан, ...хэрэгжилтэнд хяналт тавих үүргээ захирамжид нэр заагдсан албан тушаалтнууд биелүүлээгүй, ...хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж ялгамжтай хандсан” гэх үндэслэлүүдээр маргаж, захирамжийг илт хууль бусад тооцон хүчингүй болгуулах, учирсан хохиролд 24 сая төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх зарим хэсгийг ханган Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/816 дугаар захирамжийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн зарим, зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Хавтаст хэргээс үзвэл: Иргэдийн гомдол, мэдээллийн дагуу Баянгол дүүргийн Өмч, газрын харилцаанаас албанаас 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байдлыг газар дээр нь шалгаж, “...нийтийн эзэмшлийн газар дээр барилгын өргөтгөл хийж байгааг тогтоон”, мөн өдрийн 17/01 дугаартай шаардах хуудсаар өргөтгөлийг буулгаж, газар чөлөөлөхийг Ш.Сонинхүүгээс шаардаж, “шаардах хуудсыг” өөрт нь гардуулж өгсөн, Ш.Сонинхүү нь шаардлагыг үл хэрэгсэж, өргөтгөлийг үргэлжлүүлэн барьсаар байсан тул дахин 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17/02 дугаартай шаардах хуудсыг хүргүүлэхэд хүлээж аваагүй, тэрээр нийтийн орон сууцны 67 дугаар байрны хойд талын хэсэгт төлөвлөгдөн баригдсан аваарын шатыг оролцуулан авралтын нөөц гарцыг таглан, мөн 2 дугаар давхрын нийтээр ашигладаг коридорын хэсгийн гадагш гаргасан тагтыг ашиглан 2 давхар өргөтгөлийг барьж, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусгасан, энэ үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
Түүнчлэн нийтийн зориулалттай орон сууцны барилгад өргөтгөл хийсэн нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг зөрчсөн болохыг тогтоож, уг өргөтгөлийг Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д зааснаар буулгах үндэслэлтэй талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 02-07-92/1757 дугаартай дүгнэлт гаргаж, энэ дагуу арга хэмжээ авахыг Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд мэдэгджээ.
Үүнээс үзвэл, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн “орчны газар”-ыг дур мэдэн ашиглаж барилгын өргөтгөл хийсэн нь тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол... уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх”, 57.4-т “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол ...уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах” эрхийг Засаг дарга нарт олгосны дагуу өргөтгөлийг албадан буулгаж, газар чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа уг хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, төрийн хяналт, зохицуулалттайгаар нийтээр эзэмших газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлөх эрхийг дүүргийн Засаг даргад Газрын тухай хуулийн дээрх зүйл, заалтаар олгосон, зөрчил гаргагч Ш.Сонинхүү нь “сайн дураар” газрыг чөлөөлүүлэх эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, тэрээр хууль зөрчиж, орон сууцны бусад оршин суугчдын эрхийг хөндөж нийтийн эзэмшлийн газар дээр орон сууцны барилгад дур мэдэн өргөтгөл хийсэн тул түүний “хууль бус үйл ажиллагааг” хуулийн дагуу хамгаалах үндэсгүй.
Нөгөө талаар Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглох”, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 26 дугаар зүйлийн 26.1-д “Барилгын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол... барилгын техникийн хяналтын улсын байцаагч дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ”, 26.1.1-д “тусгай зөвшөөрөлгүйгээр барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил, ...эрхэлсэн ...торгож, зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгах,...” гэж зааснаар, “өргөтгөл барьж хууль зөрчсөн болохыг тогтоож, буулгах үндэслэлтэй талаар” нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн улсын ахлах байцаагчийн 2015 оны 02-07-97/1757 дугаартай дүгнэлт гарсан, энэ дүгнэлт хүчин төгөлдөр байна.
Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 464 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ