| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0086/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2020-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 102
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, хохирогч Д.Н, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д ургийн овогт С-ийн Г-т холбогдох 2035000650081 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д ургийн С-ийн Г 1975 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 45 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 3 дугаар баг ...... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ........
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Г нь Увс аймгийн Давст сумын 01 дүгээр сарын багийн нутаг “Шүдэн уул” гэх нэртэй газарт 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бонго пронтер загварын 01-21 УБП улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 2035000650081 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг /хх-ийн 6-18 дугаар хуудас/,
2. Автомашинд болон ачаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22 дугаар хуудас/,
3. Хохирогч Б.Н-гийн “...Тэгтэл Б.М машинаа гаргаж чадахгүй байсан учир Г машин барихаар болоод Б.М бид хоёр Б.Мын портерыг араас нь түрсэн. Б.М түрээд ивсэн давснаас нэлээд зайтай дээшээ явахаар нь би портерын тэвш дээрээс давс аваад дугуйнд ивсэн давсныхаа урд нь ивэх гэж байгаад шавран дээр халтираад портерын доор орчихсон. Тэгтэл нөгөө портер хүч алдаад миний цээж дээгүүр гараад ухарчихсан. Портер дээгүүр гарсны дараа би босоод 2-3 алхаад унасан. Тэгээд Г микро автобусаа авч ирээд шууд Увс аймгийн давст сумын эмнэлэгт дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
4. Гэрч Ц.Б-гийн “...тэр орой 21:00 цагийн үед Г нь миний 95458916 дугаарын утас руу өөрийнхөө 99452480 дугаараас залгаад Н Давст сумын эмнэлэг дээр байна Н машинд давс ивэх гэж байгаад давс тэвэрч яваад халтираад уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би Улаангом сумаас өөрийнхөө дүү Т, түүний нөхөр Т болон өөрийн 3 хүүхдийнхээ хамтаар Тын машинтай Давст сум руу гарч 2020 оны 3 дугаар сарын 14-ээс 15-нд шилжих шөнө 03 цаг 00 минутын үед Давст сумын эмнэлэг дээр очиход манай нөхөр Н-гийн биеийн байдал хүнд хэвтэж байсан. ...Тэгээд Н-г компьютерт үзүүлэхэд олон яс хугаралтай уушги гэмтэлтэй гэж оношилж аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 16 гаруй хоног хэвтэн эмчлүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
5. Гэрч Б.М-ын “...Тэгээд машиныг үргэлжлүүлж хойшоо явуулж байхад Г ах машины урд талын хоёр дугуйг баруун тал руугаа дараад урд 2 дугуйгаа чагтлаад доошоо бага багаар буусан бөгөөд тухайн машин доошоо гулгаж бага багаар бууж байсан. Харин машины баруун тэвшний хажууд дугуйны харалдаа Н ах нөгөө том давсаа бариад машин дагаад алхаж байсан тэр үед би машины зүүн талд мөн адил машин дагаад явж байсан. ...Тэгээд нэг мэдэхэд Магсар энэ хүн давстайгаа уначихлаа гэж хэлсэн. Тэгээд Г ах машинаас буугаад бид нар бүгдээрээ Н ах дээр очиход Н ах цээжин дээр юм өвдөөд байна гэж хэлээд зогсож байсан ба түүний барьж явсан давс нь машины баруун талын арын дугуйны хажуухан талд газарт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
6. Гэрч С.М-ын “...Г ах машиныг жолоодож дээшээ зүтгэсэн бөгөөд тухайн үед машины баруун талд буюу жолоочийн эсрэг талд тэвшний хажуу талаас М, Алтанзул, Төгөлдөр нар давс ивээд зогсож байсан харин би жолоочийн талд буюу зүүн урд хэсэгт газарт тавьсан байсан давснуудыг авч байсан харин Н ах жолоочийн талд буюу машины зүүн хойд талын буланд давс бариад зогсож байсан. Тэгээд Г ах машиныг жолоодоод хаазлаад урагшаагаа 50-60 см орчим урагш зүтгээд машин буцаад хүч алдаад хойшоо ухарсан бөгөөд баруун талд ивсэн байсан давсыг даваад машин арагшаа жаахан яваад зогссон. Тэгээд машин хүч алдаад хойшоо ухраад зогссоны дараа Г ах машинаас буугаад Н ах руу очсон тэгээд бид яваад очиход Н ах машины жолооч талын буюу зүүн хойд талын дугуйны хажууд гараараа цээжээ бариад суучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/
7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Үзүүлэгч Б.Н-гийн биед гэмтэл учирсан байна. Цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдалт, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун талын 2, 4, 5 дугаар хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын 2, 3, 4, 5, 7 дугаар хавирганы далд хугарал, өвчүү, баруун дал ясны далд хугарал, баруун уушгины задрал, цээжний хөндийд цус, хий хуралдалт, уушги шалчийлт, хүзүүний 6 дугаар нугалмын гулсалт, хүзүүний 6 дугаар нугалмын баруун нум хэсгийн хугарал, цээжний баруун урд хэсэгт олон жижиг цус хуралт, баруун хацар, дээд уруулд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинээр үүссэн гэмтлүүд байна. Цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдалт, цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун талын 2, 4, 5 дугаар хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын 2, 3, 4, 5, 7 дугаар хавирганы далд хугарал, өвчүү, баруун дал ясны далд хугарал, баруун уушгины задрал, цээжний хөндийд цус, хий хуралдалт, уушги шалчийлт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 211 дугаартай дүгнэлт /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,
8. Шүүгдэгч С.Г-ын яллагдагчаар өгсөн: “...Тэгээд би дахин дээшээ хөдлөөд жаахан яваад буцаж машин хүч алдаж ухрахад эхний ивээс дээгүүр машины дугуй давж гарах шиг болсон тэгээд машин хүч алдаад хойшоо хурд аваад ухрахад жолооч талын буюу машины зүүн талын толинд жолоочийн арын хэсэгт зогсож байсан Н нь газарт уначихсан байх нь харагдсан тэгэнгүүт би машины тоормосыг гишгэхэд тоормос бараг барихгүй байсан тэгээд машиныг жолоочийн хүрдийг зүүн талдаа тултал дараад урд хоёр дугуйгаа чагтлаад машины хөдөлгүүрийг түлхүүрээр нь унтраагаад машинаа араатай чигт нь унтраахад машин зогссон. ...Тэгээд Төгөлдөр бид хоёр Н-г татаад босгоход Н нь Төгөлдөр бид хоёрт ёо ёо цээжин дээгүүр гарчихлаа, цээж орчихлоо өвдөөд байна гэж хэлсэн...” мэдүүлэг /хх-ийн 103-105 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Г нь Увс аймгийн Давст сумын 01 дүгээр багийн нутаг “Шүдэн уул” гэх нэртэй газарт 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бонго пронтер загварын 01-21 УБП улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдож байна. Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Б.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Шүүгдэгч С.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч С.Г нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.Г нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Г хохирогч Б.Н-д 1’500’000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, мөн шүүгдэгч нь хохирол, хор уршгийг бүрэн нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Нгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би машинд дайрагдсаны улмаас эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд миний эмчилгээний зардалд Г, М нар мөнгө төгрөг өгч, хоол хүнс, эм тарианы мөнгө зэргээр маш их тусалсан бөгөөд надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/-ээр тогтоогдож байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Д.Н-ийн /хх-ийн 55-56 дугаар хуудас/, гэрч Т.Б /хх-ийн 57-58 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118 дугаар хуудас/, Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 120 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах”-аар заасан байх тул энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлж болно” гэж заасан байна.
Шүүгдэгч С.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, ойлгож ухамсарлаж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон, хохирогч гомдол саналгүй гэснийг харгалзан түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Г-ын 494466 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Г-т буцаан олгохоор шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д ургийн овогт С-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ялаас шүүгдэгч С.Г-ыг чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч С.Г-ын 494466 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
4. Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА