| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1142/Э |
| Дугаар | 1235 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 1235
2020 07 03 2020/ШЦТ/1235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
өсвөр насны шүүгдэгч Г.П.,
шүүгдэгч Н.Н., тэдгээрийн өмгөөлөгч О.Баяраа,
шүүгдэгч Г.О.,
шүүгдэгч С.М., тэдгээрийн өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Г.ийн П., Б. овогт Н.н Н. нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Г.ийн О., З. овогт С.гийн М. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 07349 0651 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Их тамир суманд 2003 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт оршин суух, Б. овогт Г.ийн П.,
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2001 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эмээ, эгч нарын хамт оршин суух, Б. овогт Н.н Н.,
Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Отгон суманд 1999 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, З. овогт С.гийн М..
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Б. овогт Г.ийн О..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.П., Н.Н., Г.О., М.М. нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарден резиденс” хотхоны гадна зогсоолд байсан иргэн Н.Гантулгын эзэмшлийн 76-49 УНӨ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашины 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.510.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үндсэн хүнс” ХХК-ийн хашааны урд талд байршуулж тавьсан иргэн Б.Амарсанаагийн эзэмшлийн 84-13 УАА улсын дугаартай Приус 30 маркийн автомашины 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.205.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Н.Н. нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн зүүн талд байрлуулан тавьсан 55-01 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, иргэн Д.Давхарбаярт 550.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.П. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/,
- Хохирогч Б.Амарсанаагийн өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16:00 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 84-13 УАА улсын дугаартай сувдан цагаан өнгийн Приус 30 маркийн автомашиныг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Үндсэн хүнс” компанийн үүдэнд байршуулсан ба 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 20 минут орчимд машин дээрээ ирээд харахад миний машины жолооч талын урд хаалганы урд байх жижиг гурвалжин цонхыг хагалсан байх ба миний машины 2 их гэрлийг авсан байсан ба урд гупер хэсгийг цуулж хагалсан, гуперны түгжээнүүдийг хугалсан, копутны түгжээг эвдсэн байдалтай байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Нийт 1.870.000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
- С.М.ын гэрчээр өгсөн: “...тэгээд маргааш нь Н.Н.аас мөнгөө авъя гэсэн чинь 3 салаа их гэрэл өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21/,
- Г.П.гийн яллагдагчаар өгсөн: “...тэгсэн М., О. хоёр Н. ахыг нэг машин байгаа, тэрийг худалдаад авчих гэтэл Н. надад мөнгө байхгүй, гэтэл М., Н. нар гэрэл хулгай хийгээд олоод өгчих тэгээд л болоо гэж хэлсэн... Улаанхуаран орчмоос шөнийн 02:00 цагийн орчим Приус 30 маркийн цагаан өнгийн автомашины урд талын гэрлийг Н. ах хулгай хийгээд авчихсан. Тэр шөнөө О., М. нарт уг гэрлээ М.ын гэрийн гадаа аваачиж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51/,
- Н.Н.ын яллагдагчаар өгсөн: “М.т нэг Аксент байгаа, худалдаж авах уу, мөнгөний оронд Приус 30 2 ширхэг гэрэл өгчих гэхээр нь би О.ын хашаанд очиж автомашиныг сонирхоод үзэхэд таалагдаад авахаар болсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98/,
- Хохирогч Н.Гантулгын өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 12-ны орой 22:00 цагийн үед гэртээ ирээд байрны гадна талд урд зогсоол дээр өөрийн 76-49 УНӨ автомашинаа байрлуулчихаад гэртээ ороод амарсан. Тэгээд шөнө 03:00 цагийн үед би бие засах гээд босох замдаа машинаа харахад бүх юм зүгээр, бүрэн бүтэн байдалтай байсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг 30 минутын үед миний хажууд тавьсан байсан машины жолооч над руу залгаж, машиныг чинь тоносон байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187/,
- Гэрч П.Түвшинтулгын өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын дундуур Н.тай шугаманд явж байхад 86700067 дугаараас над руу залгаад “ах аа, Н.тай ярья” гэхээр нь “хэн бэ?” гэж асуухад хэлэхгүй байхаар нь Н.ад утсыг нь өгсөн. Тэгээд тэр өдрийнхөө орой Н. бид хоёр шугамнаасаа буугаад явж байхад М., О. хоёр М.ын цагаан өнгийн Приус 20 маркийн машинтай ирээд бид хоёрыг аваад намайг гэр лүү хүргэж өгөөд Н., О., М. 3 яваад өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208/,
- “Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ /1-р хх-ийн 224/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 100-101/,
- Хохирогч Д.Давхарбаярын өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 31-ний шөнө 22:00 цагийн үед өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААИС-ын 3 дугаар байрны 203 тоот гэртээ ирсэн. Би гэр лүүгээ орохоос өмнө өөрийн эзэмшлийн 55-01 УБД улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг ХААИС-ын ертөнцийн зүгээр баруун талд хөл бөмбөгийн талбайн хажуугийн явган хүний зам дээр байрлуулчихаад гэр лүү орсон. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний 19:00 цагийн үед гараад ирээд асаасан чинь маш чанга дуу чимээ гарсан, би машинаасаа буугаад доошоо тонгойгоод харсан чинь машины доод хэсэгт 2 ширхэг боолт байсан. Тэгээд зөөлөн яндан алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 96/,
- Гэрч Т.Амартайваны өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө дүүгийн нөхөр болох Оюунбатын гэрт байсан тухайн өдөр би гадуур ажилтай явж байхад Оюунбат миний гар утас руу залгаад та орой 20:00 цагаас өмнө хүрээд ир, би Төв аймгийн Сэргэлэн сум орчихоод ирье, эндээс дэлгүүрийн бараа ачаад хүний машин янзалж өгчихөөд ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь явах юм гэж хэлсэн, тэгээд орой миний 70-67 УНМ улсын дугаартай Портер маркийн автомашиныг 21:00 цаг өнгөрч байхад авч гараад 04 дүгээр сарын 01-ний өглөө 07:00 цаг өнгөрч аваад ирсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 102/,
- Гэрч Я.Оюунбатын өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манай хуурай дүү Н.Н. над руу гар утсаар холбогдоод ах аа юм зөөх хэрэг болоод машин олоод өгөөч гэхээр нь би Т.Амартайван ахын машиныг аваад Улиастайн хуучин эцэс дээр орой 22:00 цагийн үед өгсөн. Тэгээд маргааш өглөө нь 08:00 цагт манай гэрт авч ирж өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104/,
- 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 109-111/,
- 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 114-115/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 85-89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Г.П., Н.Н., Г.О., М.М. нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарден резиденс” хотхоны гадна зогсоолд байсан иргэн Н.Гантулгын эзэмшлийн 76-49 УНӨ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашины 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.510.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үндсэн хүнс” ХХК-ийн хашааны урд талд байршуулж тавьсан иргэн Б.Амарсанаагийн эзэмшлийн 84-13 УАА улсын дугаартай Приус 30 маркийн автомашины 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.205.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Н.Н. нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн зүүн талд байрлуулан тавьсан 55-01 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, иргэн Д.Давхарбаярт 550.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Б.Амарсанаа, Н.Гантулга, Д.Давхарбаяр, гэрч П.Түвшинтулга, Т.Амартайван, Я.Оюунбат нарын мэдүүлэг, Г.П., Н.Н., С.М. нарын гэрчээр болон яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Г.П.г бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, шүүгдэгч Н.Н.ыг ганцаараа болон бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, шүүгдэгч Н.Н., С.М. нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахад бусдыг зориуд хүргэж, хатгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Г.П., шүүгдэгч Н.Н. нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч С.М., Г.О. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Д.Давхарбаярт учирсан 550.000 төгрөг, хохирогч Б.Амарсанаад учирсан 1.205.000 төгрөг, хохирогч Н.Гантулгад учирсан 1.510.000 төгрөгийн хохирол тус тус төлөгдсөн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх өсвөр насны шүүгдэгч Г.П.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч Г.О., С.М., Н.Н. нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Г.О., С.М. нарын бусдын гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, хатгасан санаа зорилго, Н.Н.ын дангаараа болон үргэлжилсэн үйлдлээр өсвөр насны Г.П.тэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Г.О., С.М. нарт тус тус 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Н.Н.ад үргэлжилсэн үйлдлээр болон дангаараа гэмт хэрэг үйлдсэнд нь 6 сарын хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч Г.П.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б. овогт Г.ийн П.г бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б. овогт Н.н Н.ыг дангаараа болон бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б. овогт Г.ийн О., З. овогт С.гийн М. нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахад зориуд хүргэж, хатгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.П.д өдөрт 3-аас /гурав/ дээшгүй цагаар, нийт 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.ад 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М., Г.О. нарт тус тус өдөрт 8-аас /найм/ дээшгүй цагаар, нийт 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.П., шүүгдэгч С.М., Г.О. нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Н.ад оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Н.Н.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.П., шүүгдэгч С.М., Г.О. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Н.Н.ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА