Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1236

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        07          03                                        2020/ШЦТ/1236

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч хохирогч Л.С.,

шүүгдэгч хохирогч Б.М. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С. овогт Л.гийн С., С. овогт Б.ын М. нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 1614 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч хохирогч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Сантмаргац суманд 1983 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, “Гранд оргил хөгжил” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн оршин суух, С. овогт Л.гийн С..

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Гранд оргил хөгжил” ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух бүртгэлтэй, С. овогт Б.ын М..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.С. нь 2020 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Номин” худалдааны төвийн хажууд байрлах “Гранд оргил хөгжил” ХХК-ийн барилгын ажил дээр иргэн Б.М.тэй маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.М. нь 2020 оны 05  дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Номин” худалдааны төвийн хажууд байрлах “Гранд оргил хөгжил” ХХК-ийн барилгын ажил дээр иргэн Л.С.тай маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч Л.С. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч Б.М. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.М.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн хажуу талын барилга дээр өрөөндөө ороход манай барилгын хөдөлмөр хамгааллын инженер С. гэх залуу над руу уурлаад байсан. Өдөр нь ажлаас болж маргалдсан байсан. С. над руу уурлаад загнаад байхаар нь би пизда наадахыг чинь хийхгүй гэсэн чинь чи намайг пизда гэлээ гээд өрөөнөөс гараад ир гээд гарсан чинь намайг барилгын хашаанаас гараад ир гээд байхаар нь гараад гудамжинд С. бид хоёр харилцан зодолдсон. Биенийхээ нүүр хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохицгоосон. Газар унаад хэсэг дээр доороо ороод ноцолдсон. Газар унасан үедээ бас ганц нэг удаа бие биенээ гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- Хохирогч Л.С.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн хажуу талд байгаа “Гранд оргил хөгжил” ХХК-ийн барилгын ажил дээр байж байгаад талбайн инженер М.тэй ажлаас болж маргалдаад намайг пизда гэхээр нь би уурлаад хашаанаас гараад учраа олъё гээд барилгын хашаанаас хоёулаа гараад гудамжинд М. бид хоёр шууд зодолдсон. Ноцолдоод газар унаад хэсэг зууралдсан. Зодолдох үед бид хоёрын дээгүүрх хувцас хунар урагдаж тайлагдсан байсан. Газар унаж хэсэг зодолдсоны дараа өөрсдөө болиод салцгаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

- Яллагдагч Л.С.ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.М.ийн биед зүүн зовхи, хүзүү, баруун өвдөгт цус хуралт, дээд уруулд шарх, цус хуралт, зүүн хацар, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6541 тоот дүгнэлт /хх-ийн 16-17/,

- Л.С.ын яллагдагчаар өгсөн: “М. бид хоёр шууд зодолдсон. Ноцолдоод газар унаад хэсэг зууралдсан. Зодолдох үед бид хоёрын дээгүүрх хувцас хунар урагдаж тайлагдсан байсан. Газар унаж хэсэг ноцолдож зодолдсоны дараа өөрсдөө болиод салцгаасан. М. тухайн өдрөө цагдаад хандсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

- Б.М.ийн яллагдагчаар өгсөн: “С. бид хоёр харилцан зодолдсон. Биенийхээ нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохицгоосон. Газар унаад хэсэг дээр доороо ороод ноцолдсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Л.С. нь 2020 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Номин” худалдааны төвийн хажууд байрлах “Гранд оргил хөгжил” ХХК-ийн барилгын ажил дээр иргэн Б.М.тэй маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Б.М. нь 2020 оны 05  дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Номин” худалдааны төвийн хажууд байрлах “Гранд оргил хөгжил” ХХК-ийн барилгын ажил дээр иргэн Л.С.тай маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Л.С., Б.М. нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

          Л.С. нь 2020 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Номин” худалдааны төвийн хажууд байрлах “Гранд оргил хөгжил” ХХК-ийн барилгын ажил дээр иргэн Б.М.тэй маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

           Б.М. нь 2020 оны 05  дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Номин” худалдааны төвийн хажууд байрлах “Гранд оргил хөгжил” ХХК-ийн барилгын ажил дээр иргэн Л.С.тай маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.М., Л.С. нарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6455 тоот дүгнэлт, Л.С., Б.М. нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.С., Б.М. нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Л.С., Б.М. нар нь харилцан гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч  Л.С., Б.М. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С. овогт Л.гийн С., С. овогт Б.ын М. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С., Б.М. нарт тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА