Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1239

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        07          06                                        2020/ШЦТ/1239

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан

улсын яллагч Б.Баярхүү,

Шүүгдэгч Х.А., түүний өмгөөлөгч Б.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А. овогт Х.гийн А.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 00031 0059 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Хүрмэн суманд 1995 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1024 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, А. овогт Х.гийн А..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А. нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 8.4887 гр жинтэй метафетамины агууламжтай, 10.8608 гр жинтэй дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай тус тус мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар 2020 оны 01 дүгээр сарын 12-15-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Хаппи таун” хорооллын 71 дүгээр байр, 101 тоот гэртээ хадгалсан. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрээсээ метафетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Б.Батболдод 800.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэг хэрэгт холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А. мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7/,

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-10/,

- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 19-28/,

- Б.Батболдын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18/,

- Гэрч Б.Батболдын өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн оройн 19-20 цагийн үед танил Х.Ануударийн Юнителийн дугаарт өөрийн 88042485 дугаарын утаснаас залгаад “Юм авъя” гэж асуутал Х.А.  надад “Хэдэд авах юм бэ?” гэхээр нь би “500-д авъя” гэж асуутал “Гэрт хүрээд ир” гэхээр нь гэрт нь буюу Кино үйлдвэрийн автобусны буудлын хойд талд байрлах Х.Ануударийн гэрт нь очоод байрных нь орцонд уулзсан. Би Х.Ануударын “Хаан” банкны данс руу өөрийн “Хаан” банкны 5024220138 дугаартай данснаас 500.000 төгрөг шилжүүлээд хариуд нь түгжээтэй жижиг ууттай мөс авсан. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Х.Ануударийн утас руу залгаад дахин мөс авах гээд асуутал Х.А. надад мөс өгөөгүй. Өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Х.Ануудариас мөс авах зорилгоор түүнтэй холбоо бариагүй. Ажил дээрээ байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. 2020  оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Х.Ануударийн гар утас руу залгаад зарах мөс байна уу гэж асуухад “байна, гэрт ирээд ав” гэж хэлсэн бөгөөд дансны дугаараа өгөхөөр нь 500.000 төгрөг шилжүүлээд гэрт нь очсон. Орцондоо гарч ирээд надад бага хэмжээний мөс өгснийг нь би машин дотроо сууж байгаад хэрэглэсэн. Маш бага хэмжээтэй байсан тул тэр дороо дуусчихсан болохоор гар утас руу нь мессэж бичээд дахиад жоохон юм өгчих гэхэд данс руу мөнгөө хийчих гэж хэлсэн. Би Х.Ануударийн данс руу дахин 300.000 төгрөг шилжүүлээд орц руу ороод мөс авсан. Тэр мөсөө машиндаа сууж байгаад байрных нь гадаа хэрэглээд дууссан. Ингээд 2 хоногийн дараа ажил дээрээ сууж байтал цагдаа нар ирээд намайг хар тамхитай холбоотой гэмт хэрэгт сэжиглэн шалгана гэж хэлээд хаанаас, хэнээс мөс авснаа хэл гэхэд нь би Х.Ануударийг үнэнээр нь хэлж зааж өгсөн. Надад худлаа ярих шаардлага байхгүй, нэгэнт болсон асуудлыг би үнэн зөвөөр хэлж өгсөн. Хоосон уут, хуйлсан мөнгөн дэвсгэрт нь машин дотор байсныг би сайн дураараа зааж өгч, цагдаа нар үзлэг хийгээд хураан авсан байгаа. Би 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Х.А.тай мөрдөнгийн үүдэнд тааралдахад “чи мэдүүлгээ өөрчил, надаас авсан гэж яах гэж хэлсэн юм, надаас аваагүй гээд хэлчихэж болох байсан, одоо мэдүүлгээ өөрчлөхгүй бол би чамайг хэрэгт чирнэ, юм зохиож ярина шүү” гэж дарамталсан. Гэсэн хэдий ч би мэдүүлгээсээ буцахгүй, үнэн юмыг үнэнээр нь хэлнэ. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-54/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 657 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ягаан өнгийн талстлаг зүйл, 3 талаас нь хайлуулж наасан гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, улаан өнгийн канттай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл хуйлсан АИ44964414 гэсэн сери дугаартай 10-тын дэвсгэрт зэргээс метафетамин илэрч байна. Гялгар уутанд хийсэн хар ногоон өнгийн зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрч байна.” гэх дүгнэлт /хх-ийн 67-72/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 658 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн “Б.Батболдын цүнхнээс хураан авч “1” гэж дугаарлав” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан N25027807 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн гялгар уут зэргээс метафетамин илэрч байна. “Б.Батболд” гэсэн хаягтай шээснээс метафетамин илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /хх-ийн 74-77/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 146 тоот: “Х.А. нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 82-83/,

- Х.Ануударийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Батка буюу Б.Батболд гэх залуу над руу утсаар яриад байн байн залгаад, мөс байна уу гэх утгатай юм асуугаад байхаар нь би байгаа, манай гэрт ирээд уулз гэж хэлсэн. Удалгүй 1 цаг орчмын дараа Б.Батболд манай гэрт ирээд 500.000 төгрөг данс руу хийхээр нь би мөс хүнээс олж өгье гэж хэлсэн. Тэгээд Б.Батболдыг эргээд холбогдъё гэж хэлж явуулаад, эргэж холбогдоогүй. Маргааш нь над руу мөнгө асуугаад,  нөгөөдөр бас залгаад мөнгөө асуугаад байхаар нь би утсаа аваад, юм олдохгүй байна гэж хэлээд уулзаагүй. Тэгж байтал гаднаас цагдаа нар орж ирээд үзлэг хийхэд хүний үлдээсэн байсан юмыг би өөрөө сайн дураараа зааж өгөөд хураалгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/,

- “Хаан” банкны 5024220138, 5057313670 дугаартай дансны хуулга /хх-ийн 149-160/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 39-42/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 33-35/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 45/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 47-48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Х.А. нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 8.4887 гр жинтэй метафетамины агууламжтай, 10.8608 гр жинтэй дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай тус тус мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар 2020 оны 01 дүгээр сарын 12-15-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Хаппи таун” хорооллын 71 дүгээр байр, 101 тоот гэртээ хадгалсан. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрээсээ метафетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Б.Батболдод 800.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэг хэрэг үйлдсэн болох нь Б.Батболдын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрч Б.Батболдын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 657, 658 тоот дүгнэлтүүд, Х.Ануударийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “Хаан” банкны 5024220138, 5057313670 дугаартай дансны хуулга, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Ануударийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.А.т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Х.А.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч шүүгдэгч нь 2019 оны 12 дугаар сарын 7-ний өдөр Ануударийн Мөрөөдөлийг төрүүлсэн болох нь хэргийн 117 дугаар хуудас дахь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх бөгөөд хүү Мөрөөдөл нь 7 сартай байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдал гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Х.А. нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа №1 дугаартай гялгар ууттай 8.2 грамм мөс гэх бодис, №2 дугаартай гялгар ууттай 0.3 грамм мөс гэх бодис, №3 дугаартай гялгар ууттай 0.7 грамм мөс гэх бодис, №4 дугаартай гялгар ууттай 11.2 грамм шавар гэх бодис, хар өнгийн, нүдний шилний хайрцаг, ногоон болон цагаан өнгийн 2 ширхэг асаагуур, улбар шар өнгийн жижиг хайч мэт зүйл, толгой нь хагарсан тарианы усны шил, өнгөгүй гялгар уутны тасархай, цагаан өнгийн салфетканы хэсэг, хар өнгийн тагтай жижиг гар жин,  №2 дугаартай хоосон гялгар уут зэргийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт даалгаж, АМ4496414 серийн дугаартай 10 төгрөг, АМ8184709 серийн дугаартай 20 төгрөг, хуйлсан N25027807 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг устгуулахаар Монгол банкинд, 20.000-тын дэвсгэрт 6 ширхэг, 10.000-тын дэвсгэрт 5 ширхэгийг улсын орлого болгуулахаар шийдвэрлэж,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч А. овогт Х.гийн Ануударийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А.т 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Х.А.д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

            4. Шүүгдэгч Х.А.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            5. Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр төрсөн Ануударийн Мөрөөдөлд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст тус тус даалгасугай.

            6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа №1 дугаартай гялгар ууттай 8.2 грамм мөс гэх бодис, №2 дугаартай гялгар ууттай 0.3 грамм мөс гэх бодис, №3 дугаартай гялгар ууттай 0.7 грамм мөс гэх бодис, №4 дугаартай гялгар ууттай 11.2 грамм шавар гэх бодис, хар өнгийн, нүдний шилний хайрцаг, ногоон болон цагаан өнгийн 2 ширхэг асаагуур, улбар шар өнгийн жижиг хайч мэт зүйл, толгой нь хагарсан тарианы усны шил, өнгөгүй гялгар уутны тасархай, цагаан өнгийн салфетканы хэсэг, хар өнгийн тагтай жижиг гар жин, №2 дугаартай хоосон гялгар уут зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт, АМ4496414 серийн дугаартай 10 төгрөг, АМ8184709 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хуйлсан N25027807 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг устгахыг Монгол Банкинд тус тус даалгаж, 20.000-тын дэвсгэрт 6 ширхэг, 10.000-тын дэвсгэрт 5 ширхэг зэргийг улсын орлого болгосугай. 

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.А.д авсан цагдан хорих таслан сургийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА