Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 1261

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        07          07                                        2020/ШЦТ/1261

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч С.Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт С.ын Э.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 1466 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1981 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн  хамт оршин суух, урьд Нийслэлийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 16 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Б. овогт С.ын Э..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 90-89 тоотод иргэн Б.Мөнгөнтуяагийн нүүрэн тус газарт ширээгээр цохиж, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Мөнгөнтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Найз Ариунаатай уулзаад 2.5 литрийн Сэнгүүр пиво 2 савыг уусан. Тэгэхэд Ариунаагийн нөхөр Э. ганцаараа 0.33 литрийн архи уусан. 22:00 цаг өнгөрч байхад Ариунаа нөхөр Э.тайгаа маргалдаж эхэлсэн. Төд удалгүй нөхөр Э. нь гэрийнхээ тавилгануудыг өргөж шидээд хагалж эвдлээд байсан. Тухайн үед би зурагтыг нь юмаар оноод хагалчихаж магадгүй гээд зурагтынх нь урд зогсч байхад Ариунаагийн нөхөр Э. модон ширээ өргөж аваад над руу шидсэн. Тэгэхэд  над руу шидсэн модон ширээ нь миний нүүр хэсэгт онож хамарнаас их цус гарсан. Над руу харж байгаад шидсэн болохоор санаатай шидсэн байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

- Гэрч Л.Ариунтунгалагийн өгсөн: “Тэгэхэд миний уур хүрээд нөхөртэйгөө жаахан маргалдсан. Нөхөр С.Э. уурлаад босч ирээд 4 хөлтэй модон ширээгээ гараараа өргөөд хана руу шидсэн. Тэгэхэд хажууд нь сууж байсан найз Мөнгөнтуяагийн нүүр хэсэгт нь онож гэмтээсэн. Бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ болсон асуудлыг бүгдийг нь санаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн: “Б.Мөнгөнтуяагийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 22/,

- С.Э.ы яллагдагчаар өгсөн: “Намайг унтаж байхад эхнэр сэрээгээд ганц уучих гээд байсан ба тэгэхэд миний утсанд чат ирээд дуугахарад эхнэр Ариунтунгалаг хэнээс чат ирээд байгаа юм бэ гэж уурлаад ширээн дээрээс хоёр ширхэг аяга аваад над руу шидэхээр нь би бултсан. Тухайн үед гэнэт миний уур хүрээд 4 хөлтэй модон ширээ гараараа аваад хана руу шидсэн. Тэгэхэд хананд ойгоод хананы хажууд сууж байсан хохирогч Б.Мөнгөнтуяагийн нүүрэнд онож гэмтээсэн. Эхнэр Ариунтунгалаг болон хохирогч Б.Мөнгөнтуяа нар согтуу байсан. Харин би архи уусан, гэхдээ өөрийгөө удирдах бүрэн чадвартай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

С.Э. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 90-89 тоотод иргэн Б.Мөнгөнтуяагийн нүүрэн тус газарт ширээгээр цохиж, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Мөнгөнтуяагийн мэдүүлэг, гэрч Л.Ариунтунгалагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 3859 тоот дүгнэлт, С.Э.ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Э.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Э.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй тул цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Э.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б. овогт С.ын Э.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Хохирогч Б.Мөнгөнтуяа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА