Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 112

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн 1511006064, регистрийн 4011139 дугаартай, Таваг чулуу ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, регистрийн 4012534 дугаартай Дулааны 2 дугаар станц, Дулааны шугам сүлжээ Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газарт холбогдох,

         Авто ачигч түрээсийн үйлчилгээний гэрээний дагуу ажлаар хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга, хариуцагч Ю.Сайнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Таваг чулуу ХХК-ийн захирал Ц.Түмбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Түмбаяр нь 2016 онд Дулааны 2 дугаар станц, Дулааны шугам сүлжээ Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газраас зарласан тендерт зохих журмых нь дагуу холбогдох материалаа бүрдүүлж оролцож, тус тендерт шалгарсан. Ингээд Төрийн болон орон нуггийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хугацаандаа тендер зарлагч Дулааны 2 дугаар станц, Дулааны шугам сүлжээ Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газрын захирал Д.Ядамжавтай гэрээ байгуулсан. Дараа нь 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зун ажиллах шаардлага гарсан тул гэрээний хугацааг дахин нэг жилийн хугацаагаар сунгахаар болж тухайн үед захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж ажиллаж байсан Т.Цэдэнбалжиртай 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэг жилийн хугацаагаар гэрээгээ сунгасан. Гэтэл тус газрын шинэ захирал Ю.Сайнжаргал нь ажлаа хүлээж авсаныхаа дараа тус байгууллагын захирал солигдсон тул хуучин захиралтай хийсэн гэрээ хүчин төгөлдөр бус, энэ гэрээг цуцлах шаардлага байхгүй гэж гэрээг албан ёсоор цуцалж, дуусгавар болгоогүй байж, хүчин төгөлдөр хэвээр байгаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Миний бие Ю.Сайнжаргал захиралтай хэд хэдэн удаа уулзаж, асууж үзсэн боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул шүүхэд хандаж байна. Иймд Дулааны 2 дугаар станц, Дулааны шугам сүлжээ Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Авто ачигч түрээсийн үйлчилгээний гэрээ-ний дагуу ажлаар хангуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Дулааны 2 дугаар станц, Дулааны шугам сүлжээ Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газрын захирал Ю.Сайнжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Түмбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, Дулааны шугам сүлжээ Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газартай 2 сарын хугацаатай түрээсийн үйлчилгээний гэрээ байгуулсан нь үнэн. Гэрээний хугацаа дууссаны дараа түр орлон гүйцэтгэгч Т.Цэдэнбалжиртай тендер болон сонгон шалтгаруулалт зарлахгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1 жилийн хугацаатай гэрээг сунгасан байсан. Тухайн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/82 тоот тушаалаар хүчингүй болгож, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалт зарлаж, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн А.Мундагбаатарын универсаль тракторыг мото цагт 50.000 төгрөгөөр ажиллах санал ирүүлснийг шалгаруулан авч гэрээ байгуулсан болно. Иймд цаашид манай байгууллага Таваг чулуу ХХК-тай хамтран ажиллах боломжгүй болно гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Таваг чулуу ХХК нь хариуцагч Дулааны 2 дугаар станц, Дулааны шугам сүлжээ Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан Авто ачигч түрээсийн үйлчилгээний гэрээний дагуу ажлаар хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         Хэрэгт авагдсан Авто ачигч түрээсийн үйлчилгээний гэрээ-нээс үзэхэд Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, Дулааны шугам сүлжээ Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газар болон Таваг чулуу ХХК нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр А-003/2016 тоот гэрээ байгуулагдсан байх ба тухайн гэрээний дагуу Таваг чулуу ХХК нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд авто ачигч машинаар нүүрс сеткинд түрж овоолох, мөн үнс ачих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхдээ мото цагт 63.000 төгрөгөөр үйлчилгээ үзүүлэхээр тохиролцож, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

           Хэдийгээр гэрээний 10.3-т Гэрээг нэг талын санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасан байх боловч хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/82 тоот тушаалаар тухайн гэрээг хүчингүй болгож, гэрээг цуцалжээ.

      Гэтэл Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан байх ба гэрээний 10.3 дахь заалт нь уг хуулийн заалттай нийцээгүй байна.

           Хариуцагчаас Нэхэмжлэгч нь ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр манай байгууллагатай гэрээ байгуулсан, тухайн гэрээний нэг жилийн төсөв нь ойролцоогоор 35-45 сая төгрөгийн өртөгтэй тул заавал сонгон шалгаруулалт зарлаж, ийм төрлийн гэрээ байгуулагдах ёстой гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзажээ.

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар дээрх гэрээ нь шууд гэрээ байгуулах харилцаа-нд хамаарахгүй байгаагаас гадна гэрээний нийт өртөг нь 2015 онд 45.639.000 төгрөг, 2016 онд 34.443.900 төгрөгөөр гүйцэтгэгдэж байсан тухай Кат ковш түрээсийн тооцоо гэх баримтаас тогтоогдож байна.

       Мөн гэрээний 2 дахь хэсэгт ... Гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно гэж заасан байх ба Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 68 тоот Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнэ-ийг баталсан тогтоолд шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар нь ажил гүйцэтгэхэд 10.000.000 төгрөгийн өртөгтэй байхаар зохицуулжээ.

           Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан Авто ачигч түрээсийн үйлчилгээний гэрээ-ний хувьд төсөвт өртөг нь жилдээ 35-45 сая төгрөг байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар нээлттэй сонгон шалгаруулалтын журмыг хэрэглэн ийм төрлийн ажил, үйлчилгээг худалдан авахаар байна.

          Түүнчлэн хариуцагчийн гэрээг цуцалж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, улмаар иргэн А.Мундагбаатартай Авто ачигч түрээсийн үйлчилгээний гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй байгааг дурдах нь зүйтэй.

        Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Дулааны 2 дугаар станц, Дулааны шугам сүлжээ Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газарт холбогдох, Авто ачигч түрээсийн үйлчилгээний гэрээний дагуу ажлаар хангуулах тухай нэхэмжлэгч Таваг чулуу ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Таваг чулуу ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Дулааны 2 дугаар станц, Дулааны шугам сүлжээ Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газарт холбогдох, Авто ачигч түрээсийн үйлчилгээний гэрээний дагуу ажлаар хангуулах тухай нэхэмжлэгч Таваг чулуу ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Таваг чулуу ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                      ДАРГАЛАГЧ,

                                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ГЭРЭЛТУЯА