Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 113

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Мянган багт оршин суух, 1935 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОМ35090513, Бурд овогтой Нооноогийн Охины нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багт оршин суух, 1979 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОМ79112313, Хольдог овогтой Балжиннямын Тогтуурт холбогдох,

          Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Н.Охин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б.Тогтуурт 300.000 төгрөг зээлсэн ба түүнээс хойш худал хэлээд миний мөнгийг өгөхгүй өдий хүрлээ. Иймд Б.Тогтуураас 300.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. Миний бие 2 чих дүлий, 2 хөл муу тул төрсөн охин О.Жавзанг итгэмжлэлээр явуулав гэжээ.

         Хариуцагч Б.Тогтуур шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Н.Охины 300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулна гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жавзан шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Тогтуурын хариу тайлбартай танилцлаа. 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлнө гэхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг шүүх хурал оруулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Н.Охин нь хариуцагч Б.Тогтуураас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Тогтуур нь нэхэмжлэгч Н.Охины нэхэмжлэлийншаардлага болох 300.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч Б.Тогтуур нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 300.000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.650 төгрөгөөс 4.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 4.825 төгрөгийг, хариуцагч Б.Тогтуураас 4.825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Охинд олгох нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчБ.Тогтуур нь 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд нэхэмжлэгч Н.Охинд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Охины улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.650 /есөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийн тал хувь буюу 4.825 /дөрвөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 4.825 /дөрвөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг, хариуцагч Б.Тогтуураас 4.825 /дөрвөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Охинд олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ГЭРЭЛТУЯА