Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 120

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      эхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сумын 1 дүгээр баг, 14-19 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ90011609, Яргайт овогтой Гүнчингийн Орломын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Завхан аймаг, Баян тэс сумын 2 дугаар багт оршин суух, 1992 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ИБ92071034, Цагаанбаатар овогтой Дэмбэрмэдийн Нэргүйд холбогдох,

       Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Орлом, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагч Д.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Г.Орлом шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 12 дугаар сард Д.Нэргүйтэй гэр бүл болсон. 2013 оны 7 дугаар сарын 23-нд том охин Н.Нарангэрэлийг, 2014 оны 11 дүгээр сарын 01-нд бага охин Н.Нарантуяаг тус тус төрүүлсэн. Нөхөр Д.Нэргүйтэй амьдраад 2 сарын дараагаас эхлээд нөхөр маань муухай загнаад зодож цохиод хэл амаар доромжлоод надыг ердөө хүн гэж үзэхгүй 4 жил маш хүнд нөхцөлд амьдарсан. Энэ хугацаанд би өөрийнхөө аав, ээжийг Завхан аймгийн Баянтэс суманд амьдардаг гэрлүүгээ 1 удаа авч ирээд байгаа байдлаа хэлж ярилцаад надыг хүүхэдтэй минь хамт Улаангомд авч ирсэн. Би 4 жил амьдрах хугацаандаа ажил хийж байсан хэдий ч 3 удаа нөхөр Д.Нэргүйгээс салах зорилгоор өөрийнхөө аав, ээж дээр ирж байсан. Мөн хадам аав, ээжээ 3 удаа дуудуулж энэ талаар хэлж ярилцаад би танай хүүтэй амьдарч чадахгүй юм байна гэдгийг хэлж байсан. Би нөхөртэйгээ Хандгайтын гааль дээр ажиллаж байгаад танилцаад Завхан аймгийн Баянтэс суманд дагаж очоод амьдарсан юм. Би яг үерхэж найзалж байхдаа зан аашийг нь мэдэхгүйгээс амьдарна гээд дагаад очсон. Тэгээд хамт амьдраад удахгүй зан аашийг нь мэдсэн боловч би жирэмсэн байсан тул маш их тэвчиж байсан. Нөхөр ажил хийдэггүй, надыг хараад янз бүрийн үг хэл амаар доромжлоод, зодоод байхаар нь би 2016 оны 4 дүгээр сард бүр салахаар шийдээд Улаангомд өөрийн гэрт ирсэн. Бид 2 охин төрүүлсэн. Эхний хүүхэд дөнгөж 2 нас хүрч байхад ямар их ааштай юм гээд өвлийн хүйтэнд хаалгаар гаргаад шидчихээд өөрөө хажуугаар нь өнгөрөөд явсан гэх мэт. Би ер нь гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд амьдарч байсан тул одоо дахин амьдрах боломжгүйгээс өөрийн аав, ээж дээрээ ирсэн. Ер нь хүнлэг сэтгэл, хүн чанар байхгүй, надаас аав ээжийхээ өгсөн хувцас хунар, эд хогшил, хуримаар өгсөн мөнгө төгрөг нэхээд, чамайг ална, чамаар хэн ч дутахгүй, чамайг хэн ч хайж ирэхгүй гэх мэтээр дарамтад байлгадаг байсан. Би үнэхээр нөхөр Д.Нэргүйгээс маш их айж, хамт амьдарч байхдаа шөнө утдаггүй хэцүү хүнд байсан. Өөрийгөө энэ хүнээс салгаж 2 хүүхэдтэйгээ амар тайван амьдармаар байна. .... Мөн шүүхээс бидэнд эвлэрэх 2 сарын хугацаа өгөхөд бид эвлэрээгүй, дахин ирээд л миний аав ээж, намайг айдас түгшүүртэй байлгаж, зодож цохиж байна. Миний эцэг, эхийг хүн гэж үзэхгүй байна. Хүүхдүүдээ хэлэх хэлэхгүй үгээр харааж, зүхдэг. Би түүний төлөө дуугүй байгаад байх тусам улам хэрцгий, зэрлэг зан араншин гаргадаг боллоо. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2 охиноо өөрийн асрамжид авах, хүүхдүүддээ эцэг Д.Нэргүйгээс тэтгэлэг тогтоолгохыг хүсч байна. Түрүүчийн шүүх хуралдаан дээр эд хөрөнгийн талаар байгуулсан гэрээнээс татгалзаж байна. Учир нь түүнээс хойш Өөрөө ирж тэр эд хогшилоо ав, надад чамд хүргэх зардал мөнгө байхгүй. Ер нь чамд өгөөд байх юм байхгүй гэх мэтчлэн харааж, доромжлох нь ихэссэн. Иймд одоо эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

       Хариуцагч Д.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бидэнд эвлэрүүлэхээр өгсөн 2 сарын хугацаанд эвлэрэх ямар нэгэн боломж байгаагүй. Эхнэр надтай ярилцахаас татгалздаг, тэгээд миний уур хүрдэг. Мөн эхнэрийн бохир орчинд суудаг нь надад таалагддаггүй. Иймд би гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн. Харин би том охиноо өөрийн асрамжид авна. Миний хүүхдүүдийг миний эсрэг болгож хүмүүжүүлж байгаа. Тиймээс ядаж том охиноо аваад өөрийн эцэг, эхийнхээ хамтаар өсгөх боломж байна. Би өөрөө ажил төрөлгүй, орлогогүй тул хүүхдүүдийн тэтгэлэг төлөхөд хүндрэлтэй байна. Гэхдээ би хүүхдүүдээ хэзээ ч хаяхгүй. Тэдний сайн сайхны төлөө харж, хандах болно. Түрүүчийн шүүх хуралдаан дээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр эд хөрөнгөө авна гэсэн гэрээ хийсэн. Энэ гэрээнээс одоо би ч гэсэн татгалзаж байна гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

       Нэхэмжлэгч Г.Орлом нь хариуцагч Д.Нэргүйд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдаан дээр хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авч хянан шийдвэрлэлээ.

       Гэрлэгчид 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

      Иргэн Г.Орлом, Д.Нэргүй нар 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр охин Н.Нарангэрэл, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин Н.Нарантуяа нар төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.

        Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 4 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байгаа боловч тэд хамтран амьдрах хугацаанд болон тусдаа амьдрах хугацаанд нэхэмжлэгч Г.Орлом нь байнгын сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэлд өртдөг нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

      Мөн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч уг арга хэмжээ амжилгүй болжээ.

         Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцалж, мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо болон зохигчдын тайлбар зэргийг харгалзан охин Н.Нарангэрэл, Н.Нарантуяа нарыг эх Г.Орломын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

        Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Н.Нарангэрэл, Н.Нарантуяа нарыг тус бүр 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Нэргүйгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

      Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

        Харин хариуцагч нь шүүх хуралдаанд Том охиныг өөрийн асрамжид авна гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч тухайн нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй ба тухайн хүүхдийг өөрийн асрамждаа авснаар ямар орчин нөхцөлд, яаж өсгөх гэж байгаагаа нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Орломоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нэргүйгээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Орломд олгож, мөн хүүхдүүдийн тэтгэмж 3.955.200 төгрөгт /Баруун бүсэд тогтоогдсон амьжиргааны түвшин/ ногдох улсын тэмдэгтийн хураамж 78.233 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Яргайт овогтой Гүнчингийн Орлом, Цагаанбаатар овогтой Дэмбэрмэдийн Нэргүй нарын гэрлэлтийг цуцалсугай.

       2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Цагаанбаатар овогтой Нэргүйгийн Нарангэрэл, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Цагаанбаатар овогтой Нэргүйгийн Нарантуяа нарыг эх Г.Орломын асрамжид үлдээсүгэй.

    3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Н.Нарангэрэл, Н.Нарантуяа нарыг тус бүр 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Нэргүйгээр тэжээн тэтгүүлсүгэй.

       4. Зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнээс татгалзаж, тэдний дунд эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

     5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

       6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтандхүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.

       7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Орломоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нэргүйгээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Орломд олгож, мөн 78.233 /далан найман мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

        8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хариуцагч Д.Нэргүйгийн Охин Н.Нарангэрэлийг өөрийн асрамжид авна гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                          ДАРГАЛАГЧ,

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА