| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1231/Э |
| Дугаар | 1264 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 1264
2020 07 07 2020/ШЦТ/1264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
өсвөр насны шүүгдэгч Б.Х., түүний хууль ёсны төлөөлөгч А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш. овогт Б.ын Х.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 02081 1494 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн оршин суух, Ш. овогт Б.ын Х..
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.Х. нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тарвалин хотхоны 48д байрны 28 тоотод байрлах найз Б.Гантуяагийн гэрт хонож, өглөө гарахдаа Б.Түвшинжаргалын эзэмшлийн Жордан4 загварын пүүз, Б.Гантуяагийн эзэмшлийн Редми Нөт 8 маркийн гар утас зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 643.2000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Х. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Түвшинжаргалаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 7/,
- Хохирогч Б.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 09-ний шөнийн 03:00 цагийн орчим би гэртээ өөрийн дүү Б.Гантуяагийн хамт унтаагүй кино үзээд байх байхад манай дүүгийн 10 жилийн 14 дүгээр дунд сургуульд 2009-2015 он хүртэл хамт нэг ангид сурдаг байсан эмэгтэй найз Б.Х. манай дүүгийн утас руу залгаад би гэр бүлийнхэнтэйгээ муудалцсан, найз нь танайд очоод хонож болох уу гэж асуусан. Тэгээд би болно, хүрээд ир гэж зөвшөөрсөн. Тэгээд шөнийн 03:00 цаг өнгөрч байхад Б.Х. ирсэн. Ирээд хоол цай идэж уугаад бид нар амарцгаасан. Тэгээд өглөө 08:00 цаг өнгөрч байхад ариун цэврийн өрөөний тэнд чимээ гараад байхаар нь би ариун цэврийн өрөө орсон юм байна гэж бодоод хэвтэж байхдаа хоолойгоо зассан чинь учир зүггүй гэрийн хаалга онгойлгож гараад, гэрийн хаалга гаднаас нь хурдан хаагаад хаалгыг 2 удаа түгжсэн. Тэгээд дүү бид хоёр босоод утсаа хайхад манай дүүгийн орны хажууд байсан утас нь байхгүй аваад явсан байсан. Тэгээд гутал нь байхаар нь гайхаад гутлын тавиур дээр байсан өөрийн гутлаа хартал миний Жордан 4 загварын пүүзийг өмсөөд гаднаас дүү бид хоёрыг түгжээд зугатаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
- Насанд хүрээгүй хохирогч Б.Гантуяагийн өгсөн: “Тэгээд Б.Х. шөнө 03:00 цаг өнгөрч байхад манай гэрт ирээд хоол унд идээд унтаж амарсан. Тэгээд өглөө 07-08 цагийн хооронд манай эгч нэг тачигнасан дуу чимээ сонссон гэсэн. Тэгэхээр нь эгч хоолойгоо засаж, ханиалгасан чинь гараад гүйсэн байсан. Гараад гүйхээр нь очоод хартал өөрийнхөө гутлыг үлдээгээд манай эгч Түвшинжаргалын гутлыг өмсөөд гарсан байсан. Гарахдаа Х. нь бид хоёрыг гадна талаас түгжээд гараад явсан. Мөн тухайн үед гар утас байхгүй байхаар нь би эгч Түвшинжаргалын утсаар өөрийнхөө дугаар луу залгасан боловч авахгүй байсан. Тэгэхээр нь би миний юмыг авч ирж өг, цагдаад өглөө шүү гэхэд тэг тэг, янз бүрийн хүмүүстэй таарав аа гэсэн зүйл бичсэн байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Б.Х. нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тарвалин хотхоны 48д байрны 28 тоотод байрлах найз Б.Гантуяагийн гэрт хонож, өглөө гарахдаа Б.Түвшинжаргалын эзэмшлийн Жордан4 загварын пүүз, Б.Гантуяагийн эзэмшлийн Редми Нөт 8 маркийн гар утас зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 643.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Түвшинжаргал, Б.Гантуяа нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Х.г бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.Х.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Гантуяад 559.200 төгрөг, хохирогч Б.Түвшинжаргалд 84.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх тул уг хохирлыг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Х.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан Б.Х.д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Ш. овогт Б.ын Х.г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х.д 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Барам овогт Адъяагэрэлийн Бямбасүрэн /РД:ЛЮ77042300/-гээс 559.200 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Боржигин овогт Баярсайханы Гантуяа /РД:УЦ02320100/-д, 84.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ханангийн цоохор овогт Болормаагийн Түвшинжаргал /РД:УЮ92040801/-д тус тус олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА