Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2

 

Д.С-, А.О- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Прокурор                                        Г.Яндаг

Хохирогч                                        Г.Даваажав

Хохирогчийн өмгөөлөгч                Ц.Тодгэрэл

                                                       Б.Чинбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 258 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Н.Төгсбаярын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-гийн С-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  А-ын О- нарт холбогдох эрүүгийн 201509000606 тоот, 3 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х- овогт Д-гийн С- /регистрийн дугаар: **********/

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт А-ын О- /регистрийн дугаар: **********/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.С- нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны орой 18 цагийн орчим УБО 4781 улсын дугаартай НIJЕT маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдмын хөндий” гэх газарт зам тээврийн осол гаргаж иргэн Д.Ц-ын амь насыг хохироож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт,

Шүүгдэгч “Грийт грийн партнерс” ХХК-ийн захирал А.О- нь компанийн үйл ажиллагаанд ашигладаг 4781 УБО улсын дугаартай HIJET маркийн тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бус шаардлага хангаагүй байхад ажилд гаргасны улмаас 2015 оны 08 дугаар сарын 18-ны орой зам тээврийн осол гарч зам тээврийн ослын улмаас иргэн Д.Ц-ын амь нас хохирсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны  09 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 258 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Боржигон овогт А-ын О-д Дархан-Уул аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Х- овогт Д-гийн С-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508-р зүйлийн 508.1, 508.2, 509-р зүйлийн 509.2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Даваажавын “авах байсан хөдөлмөрийн хөлс 128,478,000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 15,300,000 төгрөг, илүү цагаар ажилласны 541,920 төгрөг, оршуулгын болон замын зардал 3,950,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг”-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, “36 сарын нөхөн олговор”-той холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3-р зүйлийн 3 дах хэсэгт зааснаар уг шаардлагаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар Д.С-ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах эрх хязгаарлах арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд эрх хязгаарлах арга хэмжээг зөрчвөл шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулах болохыг сануулж,

-Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг  дурдаж, мөрдөн байцаалтын шатанд Д.С-ын Монел маркийн индүү, Тошиба маркийн ЛСД зурагт, Самсунг маркийн хөргөгч, Тошиба маркийн угаалгын машин, 47-81 УБО улсын дугаартай HIJET маркийн тээврийн хэрэгсэл, А.О-гийн Голомт банк дахь 300510917, 2209261612, 3009351677, 3005104931, 3005101452 тоот дансуудыг битүүмжилсэн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, Д.С-ын №1032666 дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх хязгаарлах арга хэмжээг биелүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-, А.О- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээхээр… тус тус заажээ.

Прокурор Г.Яндаг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Дархан-уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч А.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.С-ад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Д.С-ад ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах эрх хязгаарлах арга хэмжээ авч шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгч А.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг тодорхой хугацаагаар заавал хасч, зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл хорих ялын аль нэгийг сонгож оногдуулахаар хуульчилж өгсөн байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаагүй бөгөөд, харин жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах эрх хязгаарлах арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нь нэмэгдэл ял бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Албадлагын арга хэмжээ”-ний төрөлд хамаарахгүй, шүүхээс тогтоох эрх хязгаарлах арга хэмжээний төрөлд заагдаагүй байхад шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээгээр хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Мөн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10/07/025/068 дугаартай дүгнэлтэнд: “...HIJET маркийн 4781 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгслийн текникийн байдалд тавих ерөнхий шаардлага МNS 4598:2011 улсын стандартын 5.14.3 дахь заалтын шаардлага хангаагүй гэх, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2498 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэнд: “автомашины зүүн хойд дугуй нь осолд нөлөөлсөн олон шалтгааны нэг нөхцөл байж болно..”, Тормосны накладка элэгдэж дууссан үед тоормосны зам уртсахад нөлөөлнө....” гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар жолооч Д.С-ын хурд хэтрүүлсэн, мөн уг зам тээврийн осол гарахад автомашины бүрэн бус байдал нөлөөлснийг нотолсон нотлох баримтууд байхад анхан шатны шүүх автомашины тормос бүрэн ажиллагаагүй байсан гэх байдал тогтоогдоогүй гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасан шүүхийн тогтоол дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байсан зэрэг үндэслэлүүдээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал буюу шүүгдэгч А.О-гийн оролцооны талаар буруу дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Бид энэхүү хэргийг шударгаар шийдүүлж А.О-д хуулийн дагуу хариуцлагыг хүлээлгэхийн төлөө хууль шүүхийн байгууллагад найдан хоёр жил гаруй хугацаанд цөхрөлтгүй явсаар ирсэн. Тийнхүү энэ хэрэг нь бүх шатны шүүхээр орж эцэст нь хяналтын шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 245 дугаартай шүүх хуралдаанд улсын яллагч А.Оюунгэрэлийн дүгнэлтээр “А.О-д холбогдох хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Бүрэн бус тээврийн хэрэгслийн улмаас зам тээврхийн осол гарахад А.О-гийн үйлдэл шалтгаант холбоотой байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах гэсэн хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах санал гаргасныг хяналтын шатны шүүх үндэслэлтэй гэж үзэн “А.О- нь илт бүрэн бус тээврийн хэрэгсэл ажилд гаргасны улмаас нийгмийн үнэт зүйл болох эрдэнэт хүний амь нас хохирсон байна” гэж дүгнэн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 21-ний өдрийн 44А дугаартай тотоол, Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 82 дугаартай магадлалыг хүчингүй болгож мөрдөн байцаалтын шатанд буцаасаар байтал анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ А.О-гийн гэм буруугийн талаар дүгнэхдээ: “А.О- нь тухайн тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бус шаардлага хангаагүй байхад ажилд гаргасны улмаас иргэн Д.Ц-ын амь нас хохирсон гэж үзэн 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-т заасан гэмт хэрэгг яллах дүгнэлт үйлдэж оруулсан боловч А.О- нь тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бус шаардлага хангаагүй байхад ажилд гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна” гэж дахин дүгнэжээ.

Миний хүү талийгаач Д.Ц- нь дөнгөж сургуулиа төгсөөд энэ байгууллагад орсон. Тухайн үед захирал гэх А.О- нь миний хүүг юм мэдэхгүйгээр нь далимдуулж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, зөвхөн ажилд авсан тушаал гаргасан байдаг. Мөн хүний эрүүл аюулгүй байдлыг хуулийн дагуу сахин хангаж чадаагүй хэрнээ та нарын цалинг дараа жилээс нэмж өгнө, дараа жилээс та нар ийм байдалтай шороо тоосонд дунд ажиллахгүй, менежерүүд болно гэх зэргээр худлаа найдвар төрүүлэн сайхан үгээр урхидаж байгууллагынхаа хамаг хүнд ажлуудыг хийлгэж байсаар хүүгийн минь амь насанд хүрсэн. Хүү маань надад “Ээжээ би энэ ажлаас гардаг юм билүү, цаг наргүй ажиллуулах юм, бас дээр нь тоос шороо ихтэй, хамаг л ажлаа хийлгэх юм бас би тоосны ч харшилтай болж байна. Гарах гэхээр дараа жилээс нөхцлийг чинь сайжруулна, цалин хөлсийг чинь ч нэмнэ гэх юм” гэж хүртэл хэлж байсан. Ямар хүнд нөхцөлд байсан болохоор л ийм залуухан хүүхэд хүртэл шантарч байхав дээ. Ингэж их ажиллуулчихаад илүү цагийн мөнгө ч өгөхгүй, өөрийн шуналаасаа болж эцэстээ миний хүүгийн эрдэнэт амийг биднээс авч одсон А.О-г гэм буруугүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Гэрчийн мэдүүлгүүд болон А.О-гийн мэдүүлгээр ч гэсэн миний хүү Д.Ц- энэ байгууллагын томилолтоор Сэлэнгэ аймгийн Шаамар суманд очиж ажилласан нь нотлогддог. Гэтэл А.О- захирлын хувьд хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөх наад захын дүрэм, журмыг биелүүлээгүй, миний хүүд албан ёсны томилолт бичиж өгөлгүйгээр наадмын баярын өдрүүдээр хөдөө явуулсан, ингэхдээ аюулгүй ажиллагааны зааварчилгаатай огт танилцуулаагүй, мөн тухайн тээврийн хэрэгслийг миний хүүд хүлээлгэж өгсөн ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй хирнээ бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр ажилд гаргасан гэж хэлсэн нь огт авцалдахгүй байна. Мөн гэрч Батмөнх нь өгсөн мэдүүлэгтээ “тухайн тээврийн хэрэгслийг хариуцдаг хүн байхгүй” гэж хэлж байгаа боловч байгууллагын удирдлагын хувьд захирал, менежер нь тухайн тээврийн хэрэгслийг ажилд гаргахдаа хүлээлцсэн акт үйлдэж, зааварчилгаатай танилцуулж ажилд гаргах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуульд заасан хэм хэмжээг зөрчсөнөөс энэ осол гарсан гэж би үзэж байна. Мөн үхсэн хүн үг хэлэх биш гэсэн байдалтайгаар хандаж миний хүүг олон жил машин барьсан туршлагатай гэх мэтээр мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл хэзээ жолооч болсон нь жолооны үнэмлэх дээр тодорхой бичигдсэн байгаа шүү дээ.

Мөн шийтгэх тогтоолын 7-р хуудаст “... А.О- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хзм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх байдал тогтоогдоогүй тул ... хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэжээ. Гэтэл А.О- нь Д.Ц-ыг ажилд авсан тушаал гаргаснаар хөдөлмөрийн харилцаа үүссэн, хөдөлмөрийн харилцаа үүссэний хувьд тухайн ажилтныг хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоогоор хангаж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдлыг ажил олгогч бүрэн хариуцах ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэх үндэслэлтэй.

Мөн тухайн шийтгэх тогтоолыг гаргах үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтүүд нь зөрүүтэй байхад бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг илүү үндэслэлтэй гэж үзэн 2015.09.16-ны өдрийн 10/07/025/068 тоот “Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай” дүгнэлтийг ач холбогдолгүй мэтээр үлдээсэн байна. Тухайн хэрэг 2015 онд болсон бөгөөд хэрэг учралын газарт анх хийсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь 2 жилийн дараа буюу 2017 онд хийсэн шинжээчийн дүгнэлт нь үнэн бодитойгоор гарна гэхэд хохирогч миний зүгээс эргэлзээтэй байгаа юм. Анхны буюу 2015.09.16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт дээр 5-р асуултын хариулт болох осол үйлдэгдэх үед дээрх автомашины ажлын тормос бүрэн бус ажиллагаатай байсан. 6-р асуултын хариулт болох Автомашины ажлын тормосны ялтас ашиглалтын хугацаанд элэгдэлтэй байсан нь хөдолгөөний хурдыг удаашруулах боломжгүй тул осол гарахад нөлөөлсөн. 7-р асуултын хариулт болох Осол үйлдэгдэх үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтаас шалтгаалсан гэсэн байгаа.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.06.02-ны шинжээчийн дүгнэлтээс үзвэл тормосны накладк нь нимгэрсэн буюу баруун хойд тормосны барбаны диаметр 179,5mm байхад наклад тэлсэн диаметр нь 179,1 буюу 0,4mm дутуу гарсан нь тормос ажиллахгүй байсныг харуулж байна /дүгнэлтийн 12-р хуудас зураг №70-77/, мөн автомашины зүүн хойд дугуй буюу өөр хээтэй дугуй нь энэхүү осол гарахад нөлөөлсөн гэсэн байна. Мөн 2017.05.18-ны өдрийн Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн Замын зохион байгуулалтын тасгийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Р.Цогтоогийн саналын 3-т “... нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан зэрэг заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан болсон байх магадлалтай” гэсэн байна. Дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон саналаас харахад байгууллагаас ажилтнаа томилолтоор явуулахдаа бүрэн бус тээврийн хэрэгслээр гаргаж явуулсан гэдэг нь нотлогдож байгаа бөгөөд тухайн дугуйг шүүгдэгч Д.С- болон талийгаач Д.Ц- нарын аль нэг нь сольсон гэх баримт алга байгаа юм. Өөрөөр хэлбэл анхнаасаа бүрэн бус тээврийн хэрэгслээр ажилд гаргасан байгаа.

Түүнчлэн хохирогч миний бие миний хүү ажлаа хийж яваад үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж үзэж байгаа бөгөөд байгууллагаас санаатайгаар үйлдвэрлэлийн ослын акт тогтоогоогүй гэж үзэж гомдолтой байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хууль болон иргэний хуульд заасан сэтгэл санааны хохирлоо барагдуулах хүсэлтэйгээ мен дахин хэлье.

Иймд А.О-д зохих хуулийн шийтгэлийг оноож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор Г.Яндаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүх А.О-г гэм буруугүй гэж дүгнэлт гаргасан нь хэт нэг талыг барьж, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үзэж байна” гэв.

Хохирогч Г.Даваажав  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хохирлын мөнгө гэхээсээ илүү, шүүгдэгч нарт хуулийн хариуцлагыг шударгаар хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна. Би хүүхдээ нас барснаас хойш жаргал гэдэг зүйлийг амсахгүйгээр амьдарч байна. Шүүгдэгч нар хийсэн үйлдлээ ухамсарлаагүй, миний хүүхдийн амь насыг хөнөөж монголын нэг айлыг уй гашуунд унагаасан үйлдэлд нь шүүгдэгч нарт хуулийн дагуу мэдрүүлж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүх шүүгдэгч А.О-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч хохиролтой холбоотой асуудлаа өөрөө ярих байх. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...А.О- гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хохирлын мөнгийг төлсөн, үүнийг нотлох баримт болж байгааг анхан шатны шүүх анхаарч үзэх ёстой байсан. Улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2498 дугаартай шинжээчийн “...Daihatsu Hijet маркийн 4781 УБО улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийн тоормос ажиллаж байна” гэсэн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч А.О-гийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гэтэл уг дүгнэлтийн 1 дэх заалт: “…Автомашины зүүн хойд талын дугуйн хээ харилцан адилгүй таллаж элэгдэж, элэгдлийн хязгаарт хүрсэн нь MNS4598:2011 стандартын 5.14.3-т заасан шаардлага хангахгүй байна.”

11 дэх заалт: “…Д.С-, А.О-, талийгаач Д.Ц- нар Хөдөлгөөний аюулгүй байдлын болон автотээврийн хэрэгсэлийн ашиглалтын ямар журам зөрчсөн эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд хамрах Замын цагдаагийн албан хаагчийн санал дүгнэлтээр хариулах болно”

Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн Замын зохион байгуулалтын тасгийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Р.Цогтоо, Захиргаа удирдлагын хэлтсийн Мэдээлэл судалгааны мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Х.Одбаяр, Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн Замын зохион байгуулалтын тасгийн мэргэжилтэн Цагдаагийн дэслэгч Ш.Батмөнх нарын …“Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 3.5-д: ... “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавихыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан болсон байх магадлалтай” гэсэн санал,

А.О-гийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн /1 хавтаст хэргийн 83 тал/ “...4187 УБО HIJET тээврийн хэрэгсэл манай компаний өмч мөн” гэх мэдүүлэг,

2015 оны 08 дугаар сарын 38 тоот ослын талаар гаргасан шинжээчийн: “... осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтаас шалтгаалсан” гэх дүгнэлт,

Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 245 дугаартай тогтоолд: “... Энэ хэргийн хариуцагчаар хуулийн этгээдийг татах ёстой атал иргэн А.О-г иргэний хариуцагчаар татаж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирлыг “Грэйт Грийн Партнерс” ХХК-с гаргуулсан нь буруу” гэсэн дүгнэлт зэрэгт А.О-гийн үйлдэл, холбогдлын талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад шүүхээс дүгнэлт хийхдээ хэрхэн үнэлж байгаа талаар анхаарч үзэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар иргэн З.Санчирыг татсан нь хуульд хэрхэн нийцэж байгаа болон энэхүү хариуцагч хохирол, төлбөрөөс ямар хэмжээгээр хариуцах эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 39.7 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Д.С-, А.О- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Шүүгдэгч Д.С-, А.О- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                                   ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                Б.МАНЛАЙБААТАР