Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0686

 

    ГАБОАЖГ-ын нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагч Б.С, Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж нарыг оролцуулан, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын давж заалдах гомдлоор ГАБОАЖГ-ын нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.С, ахлах аудитор Ц.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр:

“...Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 7 дугаар зүйлийн 7.7, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг тус тус баримтлан ГАБОАЖГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.С, ахлах аудитор Ц.Б нарын үйлдсэн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 20/А0860273 ГСА-2021/18/СТА-ТШЗ дугаар төлбөрийн актыг хүчингүй болгож...” шийдвэрлэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.С давж заалдах гомдолдоо:

“...Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасны дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд аудит хийж, дүгнэлт гаргасан байдаг. Төрийн аудитын байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Санхүүгийн тайлангийн аудитыг хийж гүйцэтгэхдээ Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/124 дүгээр тушаалаар баталсан "Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайлангийн аудит хийх журам", АДБОУС-1240-ийг баримталснаас гадна Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/87 дугаар тушаалаар баталсан “Санхүүгийн тайлангийн аудит хийх ерөнхий чиглэл батлах тухай”, Үндэсний аудитын газрын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02/2055 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэл, зөвлөмж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2986 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу санхүүгийн тайлангийн аудит хийх ерөнхий чиглэлийг аудитад ашиглах аргачлал, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж, санхүүгийн тайлангийн аудит хийх ерөнхий чиглэлийг аудитад ашиглах аргачлал, зөвлөмжийн 2.1.2-т заасан горим сорилын хүрээнд тооцсон эрсдэл-2 хэсэгт хамаарах “тээвэр шатахуун, нормативд зардлыг бодит хэрэгцээнээс илүү төлөвлөн, тайлант хугацааны эцэст их хэмжээний худалдан авалт хийж, илүү нөөцөлж, үлдэгдлээр тайлагнах” гэсэн эрсдэлтэй асуудлыг шалгаж, улмаар Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт аудитаар тогтоосон тээвэр шатахууны зардлын зарцуулаагүй үлдэгдэлтэй холбоотой төлбөрийн акт тавьсан байдаг.

Гэтэл, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс энэхүү төлбөрийн актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

1. ГАБОАЖГ-аас төлбөрийн акттай холбоотой тайлбарыг Төрийн аудитын байгууллагад 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 56 тоот албан бичгээр ирүүлсэн ба уг тайлбарт “2020 он нь цар тахлын улмаас хорио цээрийн дэглэмд улс даяар шилжсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдал хувьсамтгай байж өвчний тархалт нөхцөл байдлаас хамаарч гадагш чиглэсэн ажлуудын төлөвлөлтөд өөрчлөлт орж тусгай нөхцөлд зохицсон хэлбэрээр үйл ажиллагаа явуулах шаардлагатай болсон ба үндсэн ажлаас илүүтэйгээр цар тахлын эсрэг үйл ажиллагаанд татагдан орж хүн хүч, шатахууны зардал маань урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдалд ажиллаж эргүүл, хяналт шалгалтын ажилд оролцон Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34, 51 дүгээр зүйлийн хэрэгжилтийг ханган ажиллах шаардлага үүссэн билээ” гэсэн байна.

Энэхүү тайлбараас харвал тус газар нь тайлант онд төлөвлөсөн үндсэн ажил үүргээ гүйцэтгээгүйгээс шатахууны зардал зарцуулагдаагүй үлдэгдэлтэй гарсан гэдгээ нотолж байгаа бөгөөд энэ нь Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 “Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ” 45.2.2 “төлөвлөсөн төсөл, арга хэмжээ хэрэгжээгүйн улмаас, тоо хэмжээ нь буурснаас бий болсон үлдэгдэл” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатын шүүхээс энэхүү нотлох баримтаар хүргүүлсэн тайлбарыг судлан шинжлээгүй байна.

2. ГАБОАЖГ нь тайлант хугацаанд /2020 онд/ шатахууны худалдан авалтыг хийхдээ бараа материалын тайлангаар сар бүр /1-12 сар/ хангалттай хэмжээний шатахууны үлдэгдэлтэй байхад худалдан авалтыг нэмж захиалан, өмнөх сарын үлдэгдлийг бүрэн зарцуулж дуусаагүй байхад нэмж худалдан авалтыг хийж, хэрэгцээнээс илүү нөөц бэлтгэсэн нь тайлант жилийн бараа материалын тайлангийн сар бүрийн үлдэгдлээр нотлогдож байна. /Хавтаст хэргийн 113 дугаар хуудсанд бараа материалын тайлангийн cap бүрийн үлдэгдлийг гаргаж тулган баталгаажуулсан нотлох баримт байгаа /

Энэ нь ГАБОАЖГ-ын Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, УСНББОУС 12-ын 35 дахь заалт, Сангийн сайдын 2006 оны 388 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Нягтлан бодох бүртгэлийн Дансны заавар”-ын 4.22-т “Төсөвт байгууллага нь бараа материалын өртгийг тодорхойлохдоо эхэлж авсныг эхэлж зарлагадах аргыг ашиглана. Эхэлж авсныг эхэлж зарлагадах аргын үед эхэлж худалдан авсан бараа материалыг эхэлж зарцуулна” гэсэн зааврыг баримтлаагүйгээс тус байгууллага нь сар бүрийн шатахууны үлдэгдэл бүрэн зарцуулагдаагүй байхад нэмж худалдан авалтыг хийсэн нь төсвийн шууд захирагч Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 7 дугаар зүйлийн 7.7-д “Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн хэмнэлт болон зарцуулагдаагүй үлдэгдлийг татан төвлөрүүлж, дахин хуваарилах замаар төсвийн үйл ажиллагаа зохицуулагдаж байдаг бөгөөд тус газар нь Төсвийн тухай хуулийг зөрчиж, төсвийн хөрөнгийг зөв зохистой зарцуулаагүй, үр ашиггүй, арвилан хэмнэлтгүй зарцуулж, төсвийн зарцуулаагүй үлдэгдлийг төсөвт буцаан бүрэн төвлөрүүлэлгүй, хэрэгцээ шаардлага нь тодорхойгүй байхад их хэмжээгээр нөөцөлж, үлдэгдлээр тайлагнасан байна.

Анхан шатны шүүхээс төрийн аудитын байгууллагаас нотлох баримтаар хүргүүлсэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шатахууны тайлангийн тулган баталгаажуулалт хийсэн 1-12 сарын үлдэгдлийг судлан шинжлээгүй байна. Тухайн байгууллагад үнэхээр шатахууны хэрэгцээ шаардлага байсан бол яагаад оны эхнээс сар бүр шатахуунаа зарцуулахгүй, үлдэгдэлтэй байсан эсэхийг тодруулаагүй байна.

3. Аймгийн Онцгой комисс болон аймгийн Засаг даргаас 2020 онд ГАБОАЖГ-т ковид цар тахлын үйл ажиллагаанд зориулан шатахууны нөөц бэлтгэх, хэдий хэмжээний нөөцтэй байх талаар албан бичгээр өгсөн ямар нэгэн үүрэг чиглэл байхгүй байна. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн албан бичиг байхгүй байна.

Аймгийн ГАБОАЖГ нь нэхэмжлэлдээ аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Гамшгаас хамгаалах тухай хууль, холбогдох хууль тогтоомжоор “аймгийн байгалийн болон химийн аюулыг үнэлж мэдээлэх алба” юм гэж дурдсаар байтал анхан шатны шүүхээс тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэлд хамааралгүй ковид цар тахлын үйл ажиллагаанд шатахууны нөөц бүрдүүлсэн нь зөв юмаа гэсэн шийдвэр гаргасан, мөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй”, 13.2.2-т “цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх” гэсэн заалтыг үндэслэн тухайн байгууллагыг баталсан төсвийн хүрээнд түлш шатахууны нөөц бүрдүүлсэн нь төсвийг үр ашиггүй төлөвлөж, зарцуулсан гэх үндэслэлд хамаарахгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь 1дүгээрт уг хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталж мөрдүүлсэн. Энэ хууль батлагдахаас өмнө ГАБОАЖГ-ын 2020 оны төсөв батлагдсан байсан, баталсан төсөвт ковидын үйл ажиллагаанд зориулан тусгайлсан нэг ч төгрөгийн зардал батлагдаагүй, зөвхөн өөрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд зориулсан төсөв батлагдсан. Тус газрын 2020 оны батлагдсан төсвийн хуваариар нотлогдож байна.

Мөн 2020 оны төсвийн төслийн Хөтөлбөрийн зорилт хэсэгт “Байгаль орчны тухай хууль тогтоомжийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх, байгаль хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх, ус цаг уур орчны шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх, сургалт, сурталчилгааны ажлыг гүйцэтгэхэд оршино” гэж тухайн төсвийн зориулалтыг ямар чиг үүрэг хэрэгжүүлэхээр төсөв батлуулж байгааг тодорхойлсон байна.

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасан бөгөөд дээрх хуулиар нөөц бүрдүүлэх шаардлагатай бол дараа оныхоо төсөвт тусгаж батлуулан зарцуулах хуулийн зохицуулалттай байна. Дээрх нөхцөл байдлыг судлан шинжлээгүйгээс анхан шатны шүүхээс ковидын үйл ажиллагаанд төсвөө зарцуулах нь зүйтэй гэсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна.

Энэ нь хавтаст хэргийн 218-221 дүгээр хуудсанд авагдсан тус газрын 2020 оны төсвийн төсөл, 2021-2022 оны төсвийн төсөөлөл гэсэн нотлох баримтаар харагдаж байна. 2 дугаарт уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан шаардлагатай нөөц гэдэгт яг ямар нөөцийг /нэр , төрөл нь тодорхойгүй/, хэдий хэмжээтэй нөөцлөх, хэн зөвшөөрөл олгох зэргийг тодорхой заагаагүй байна. Иймээс энэхүү хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь заалтыг шүүхийн үйл ажиллагаанд баримталсан нь нийцэхгүй байна.

4. Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын 2021 оны 07.26 - ны өдрийн 668 дугаар албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтод ... 2020 оны 11 дүгээр сараас эхлэн өөрсдийнх нь зардлаар эргүүл хяналт шалгалт, эрэл хайгуул, жижүүр постод үүрэг гүйцэтгүүлэх зэргээр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан томилгоот үүрэг гүйцэтгүүлэн ажиллаж байгаа болно” гэжээ. Уг тодорхойлолтод цар тахалтай холбоотойгоор төсвийн зардлаас ямар нэгэн нөөц үүсгэн авч үлдэх талаар чиглэл өгөөгүй, мөн албан бичигтээ 11 сараас эхлэн үүрэг өгсөн гэх боловч энэ талаар ирүүлсэн нотлох баримт байхгүй, харин аймгийн Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 29-30-ны өдрийн хурлын тэмдэглэлээр үүрэг өгөгдсөн байдаг.

Үүнээс харахад ГАБОАЖГ нь ковидын үйл ажиллагаанд зориулан шатахууны нөөц бэлтгэх ямарч хэрэгцээ шаардлага байгаагүй нь харагдаж байгаа бөгөөд эрх зүйн үндэслэл байхгүй, үүрэг чиглэл өгөгдөхөөс өмнө үед тухайн жилийн төсвийн үйл ажиллагаа аль эрт хаагдсан байна.

5. Мөн аймгийн ГАБОАЖГ нь 2020 оны 1 сараас эхлэн 12 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүр шатахууны үлдэгдэлтэй тайлагнаж ирсэн бөгөөд өмнөх сарын шатахууны үлдэгдэл бүрэн зарцуулагдаагүй байхад дараагийн худалдан авалтыг хийж, нөөцийн илүүдэл үүсгэснээс харахад ямар хэрэгцээ шаардлага байгаагаа бүрэн тодорхойлоогүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, арвилан хэмнэлтгүй, зөв зохистой удирдаагүй нь харагдаж байна.

Энэ нь УСНББОУС 12-ын 35 дахь заалт, Сангийн сайдын 2006 оны 388 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар”-ын 4.22-т “Төсөвт байгууллага нь бараа материалын өртгийг тодорхойлохдоо эхэлж авсныг эхэлж зарлагадах аргыг ашиглана. Эхэлж авсныг эхэлж зарлагадах аргын үед эхэлж худалдан авсан бараа материалыг эхэлж зарцуулна” гэсэн зааврыг зөрчсөн, мөн сар бүрийн шатахууны үлдэгдэл бүрэн зарцуулагдаагүй үлдэгдэлтэй байхад нэмж худалдан авалтыг хийсэн нь төсвийн шууд захирагч Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 7 дугаар зүйлийн 7.7-д “Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Төсвийн тухай хуулийн хүрээнд төсөв нь өөрөө зарцуулаагүй үлдэгдлээ татан төвлөрүүлж, эргэн хуваарилагдах төсвийн зарчимтай. Шүүхийн байгууллагаас дээрх нөхцөл байдлыг судалж үзээгүй байна.

6. Аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/1112 дугаартай албан бичигт аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шатахууны зардал олгоогүй гэжээ. Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаалаар баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам-ын 2.1.4-д зааснаар байгууллага иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу тус сангаас зардлыг санхүүжүүлэх зохицуулалттай байдаг. Тухайн байгууллагаас ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад зардал олгохгүй нь тодорхой юм. Гэтэл ГАБОАЖГ нь 2020 онд Засаг даргын нөөц сангаас шатахууны зардал шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргад гаргасан хүсэлт байхгүй, нотлох баримтаар ирүүлээгүй байна. Мөн уг албан бичгийн 2-т “Аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас хуваарь гарган хатуу хөл хорионы үед иргэдийн хөдөлгөөнийг багасгах, зорилгоор төрийн байгууллагуудад өөрийн автомашин болон албан хаагчдаар эргүүл хийлгэх, баталгаат бус замаар зорчигчдыг таслан зогсоох үүрэг чиглэлийг өгч ажиллуулсан. “эргүүл хийх хуваарийн хуулбарыг хавсаргав" гэжээ. Албан бичигт хавсарган ирүүлсэн нотлох баримтууд нь 2021 онд баталсан эргүүлийн хуваариуд байгаа нь 2020 оны үйл ажиллагаанд огт хамааралгүй нотлох баримт байна. Аймгийн Онцгой комиссоос 2020 онд баталсан эргүүл хийх болон хяналт шалгалтын хуваарь байхгүй байна.

Үүнээс харахад анхан шатны шүүхээс ГАБОАЖГ нь аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан эсэх талаар нотлох баримт аваагуй, нотлох баримтаар ирүүлсэн эргүүлийн хуваарь нь 2021 онд хамааралтай, 2020 оны эргүүлийн хуваарийг гаргуулан аваагуй, судлан шинжлээгүй байна .

7. Төсвийн захирагч Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т “ ... төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих” гэж заасан байтал удирдлагын зүгээс хяналтын чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлээгүйгээс сар бүр шатахууны үлдэгдэлтэй зарцуулагдаагүй байсаар байтал нэмж худалдан авалтыг хийж, 1 дүгээр гарын үсэг зурсаар байсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн “төсвийн зарцуулаагүй үлдэгдлийг буцаан төвлөрүүлэх заалт зөвхөн мөнгөн гүйлгээний хүрээнд хэрэгжинэ, санхүүгийн байдлын тайланд илэрхийлэгдсэн бараа материалын үлдэгдлийг мөнгө болгон хувиргаж төсөвт төвлөрүүлэх хуулийн зохицуулалт байхгүй” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь төсвийн захирагч, санхүүгийн ажилтны зүгээс шатахуун зарцуулах хэрэгцээ шаардлага нь тодорхойгүй, тухайн сардаа зарцуулах боломжгүй, төсвийн жил дуусаж байхад шатахууны зарцуулаагүй үлдэгдэл мөнгийг бараа хэлбэрт шилжүүлэн мөнгөний үлдэгдэлгүй мэтээр тайлагнаж залилангийн шинжтэй үйлдэл гаргасан байгааг судлан шинжлээгүй, сэлбэг, бичиг хэргийн материал нь хөрөнгийн шинжтэй бодитоор оршин байдаг, тоолж болдог бол шатахуун нь зардлын шинжтэй нэг удаад шууд хэрэглэгдэж байдаг бараа гэдгээрээ онцлогтой юм. Мөн тухайн байгууллагын 2020 оны жилийн эцсийн тооллогын бүртгэлд шатахууны талон 1 ш гээд үнийн дүнг бөөн дүнгээр 2,082,408.00 төгрөгөөр бүртгэсэн нь бодитоор тоолоогүйг харуулж байна. Шатахууны талоноор бүртгэсэн бол үнэт цаас хэлбэртэй, мөнгөн дэвсгэртээр 5,10,20 мянга гэх мэтээр хэмжигдэх ёстой. Мөн хариуцагч гэдэгт нягтлан бодогч Ц.Ц байгаа нь хяналт тавих эрх бүхий албан тушаалтан өөрөө шатахуун талоноо эзэмшиж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн харагдаж байна. Анхан шатны шүүхээс бараа материал дансанд бүртгэсэн шатахуун нь биетээр бодитой оршин байгаа эсэх, хаана байсан эсэх зэргээр жилийн эцсийн тооллогын бүртгэлийг судлан шинжлээгүй байна.

9. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “төрийн байгууллага үйл ажиллагааныхаа зардлаас бодитоор хэмнэлт гарган, хуулиар хүлээсэн гамшгийн эрсдэлийг бууруулах нөөц бүрдүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн ...” гэж тайлбарласан бөгөөд энэ нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд батлагдсан төсвийг гамшгийн нөөц бэлтгэхэд өөр зориулалтаар ашигласнаа нотолсоор байтал анхан шатны шүүхийн шийдвэрт “нэгтгэн дүгнэвэл, төсвийн байгууллагын хувьд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор, батлагдсан төсвийн хязгаарт багтаан нөөц бэлтгэсэн үйл ажиллагаа нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг зөрчөөгүй, төсвийг үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулсан гэж үзэхгүй ба бараа материалын үлдэгдэл нь төсөвт буцаан төвлөрүүлэх үлдэгдэлд хамаарахгүй” гэжээ. Үүнээс харахад нэхэмжлэгчийн тайлбар, шүүхийн дүгнэлт 2 зөрүүтэй байна.

Иймд, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 20/А0860273 ГСА-2021/18/СТА-ТШЗ дугаартай төлбөрийн актыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар нь 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2 дугаар сарын 22-ны өдрийн хооронд ГАБОАЖГ-ын 2020 оны санхүүгийн тайланд аудит хийж, тээвэр шатахууны зардлын зарцуулаагүй үлдэгдэл 1,799,000.00 төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлээгүй зөрчил илрүүлсэн гэж үзэж 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 20/А0860273 ГСА-2021/18/СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай акт оногдуулсан байна.

Нэхэмжлэгчээс 2020 оны төсөвт, түлш шатахууны зардалд 3,396,400.00 төгрөг төсөвлөж, тухайн онд 3,106,184.00 төгрөг зарцуулснаас үзэхэд батлагдсан төсвийг хэтрүүлээгүй бөгөөд түлш шатахууны үлдэгдэл нь төсвийн татан төвлөрүүлэх зарцуулаагүй үлдэгдэлд хамаарахгүй, санхүүгийн тайланд илэрхийлэгдсэн бараа материалын үлдэгдлийг мөнгө болгон хувиргаж төсөвт төвлөрүүлэх хуулийн зохицуулалт байхгүй, аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос үүрэг хүлээлгэсний дагуу орон нутгийн хэмжээнд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас сэргийлэх, тэмцэх ажилд оролцохдоо нөөцөлсөн түлш шатахууныг зарцуулсан ба төсвийг хэтрүүлээгүй тул үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулсан гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан дээрх актыг хүчингүй болгуулахаар маргасанд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хэргийн оролцогчид Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар нь тээвэр шатахууны зардлын зарцуулаагүй үлдэгдэл 1,799,000.00 төгрөгийн үлдэгдэл шатахууны карттай байгаа тухайд маргаагүй бөгөөд энэ тохиолдолд дээрх үлдсэн хөрөнгийг улсын төсөвт жил дуусахад буцаан шилжүүлээгүй нь буруу эсэхэд маргааны гол үйл баримт оршиж байна.

Маргаан бүхий актаар Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “.төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 7 дугаар зүйлийн 7.7-д “... төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ.” 45 дугаар зүйлийн 45.2-т “Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ:” гэж заасныг үндэслэл болгосон бөгөөд мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2-т “төлөвлөсөн төсөл, арга хэмжээ хэрэгжээгүйн улмаас, эсхүл тоо хэмжээ нь буурснаас бий болсон үлдэгдэл” гэж заажээ.

Тухайн оны хувьд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас төлөвлөсөн ажил хийгдээгүй учир нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийн шатахууны төсөвлөгдсөн хөрөнгөөс үлдэгдэл бий болсон байна. Ийнхүү өмнө авсан шатахууныг хэрэглэж дуусаагүй байхад нөөц үүсгэн дахин шатахуун авсан үйлдэл нь төсвийн хөрөнгийг хэмнэлттэй хэрэглэх хуульд заасан зарчмын зөрчсөн үйлдэл болсон буюу нэгэнт хэрэглэж чадаагүй үлдэгдэл бүхий үнийн дүнг жилийн эцэст төсөвт буцаан шилжүүлэх ёстой байжээ.

Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуулийн 7.7-д заасанчлан төсвийн үлдэгдэл дүнг төсвийн ерөнхий дансанд буцаан төвлөрүүлсний дараагаар дараа оны төсвөөс дахин шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх боломжтой байхад урьчилан  нөөц үүсгэсэн Төсвийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл байх тул хариуцагчийн хангалттай нөөцтэй байхад илүүдэл нөөц үүсгэж, Төсвийн хуульд заасан хэмнэлттэй, үр ашигтай байх зарчмыг зөрчсөн гэх тайлбар хууль зүйн үндэслэл бүхий байна.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн “нэхэмжлэгчийн төсвийн зарцуулаагүй үлдэгдлийг буцаан төвлөрүүлэх заалт зөвхөн мөнгөн гүйлгээний хүрээнд хэрэгжинэ” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үлдэгдэл нь мөнгөн гүйлгээ, биет шатахуун зэрэг бүхий л төлөвт байгаа хөрөнгийг ойлгох тул анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 7 дугаар зүйлийн 7.7, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг тус тус баримтлан ГАБОАЖГ-аас Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Сарантуяа, ахлах аудитор Ц.Б нарт холбогдуулан гаргасан, “Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.С, ахлах аудитор Ц.Б нарын үйлдсэн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 20/А0860273 ГСА-2021/18/СТА-ТШЗ дугаар төлбөрийн актыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын  журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА