Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 134/ШШ2017/00030

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч Ц.Наранчимэг, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1982 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 1 дүгээр байрны 46 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг Боржигин овогт Дэлгэрсайханы Дэлгэрнаран /РД:ЕА82050904, утас:88091618/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 1 дүгээр байрны 49 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг Харчин овогт Батсүрэнгийн Батмөнх /РД:ЕЙ90061013, утас: 99052592/,

 Хариуцагч: 1987 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 1 дүгээр байрны 49 тоотод оршин суух, Юнител ХХК-ийн Говьсүмбэр салбарт үйлчилгээний ажилтай, Охиндий овогт Энхбатын Одонтуяа /РД:МО87111705, утас: 88808446/ нарт холбогдох

гэм хорын хохирол 495 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дэлгэрнаран, хариуцагч Б.Батмөнх, Э.Одонтуяа, иргэдийн төлөөлөгч Д.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Дэлгэрнаран нь хариуцагч Б.Батмөнх, Э.Одонтуяа нараас гэм хорын хохирол 495 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Дэлгэрнаран шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 09 дүгээр сарын 20-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 1 дүгээр байрны 3-46 тоот орон сууцыг өөрийн садан төрлийн эгч болох Жаргалмаагаас худалдаж аваад 09 дүгээр сарын 23-ны өдөр нүүж орсон. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 07:00 цагт босоод ариун цэврийн өрөө рүү ортол маш их хэмжээний ус гоожиж байгааг олж харсан. Тэгээд Ус-Ду-д дуудлага өгсөн. Ус-Ду-аас ажлын хэсэг ирээд манай гэрийг үзчихээд дээд айлын хаалгыг тогшсон. Ажлын хэсэг ус алдалтыг зогсоох гэсээр байтал 9:00 цаг өнгөрсөн. 2 цаг ус дусаж гоожсон. Миний хувьд Дорноговь аймгаас дөнгөж шилжиж ирсэн учраас надад таньдаг мэддэг хүн байхгүй байсан. Ус-Ду-ын байцаагчаас 5 давхрын 49 тоот айлын хүмүүсийн утсыг мэдэх үү гэхэд эхнэр, нөхөр 2-ын утсыг олж өгсөн. Тэгээд Б.Батмөнх рүү утасдаад манайх дөнгөж шинээр нүүж ирсэн айл байгаа юм гээд учир байдлаа хэлэхэд өөдөөс хаанаас ус алдаж байгаагаа мэдэж байгаа юм уу эргүү авгай минь гэж уурлаад байсан учраас надад ярих боломж өгөөгүй, намайг нилээн бухимдуулсан. Тэгээд эхнэр Э.Одонтуяа руу нь залгаад танайхаас ингээд ус алдсан байна гэж хэлэхэд чи битгий өөдөөс орилоод бай гээд ярих боломж өгөөгүй. Ингээд 10 дугаар сарын 04-нөөс хойш 10 дугаар сарыг дуустал нэг орцонд айл сахалт амьдрах юм байна, эгчээ уучлаарай гээд ороод ирэх байх гэж харсан. Гэтэл нэг ч удаа манайхаар орж ирээгүй. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд иргэний маргаанаар хохирлоо барагдуулах нэхэмжлэл гаргасан. Өргөдөл гаргахдаа хана руугаа засвар оруулъя гэж бодоогүй. Банны өрөө, гал тогоо, коридорын жижигхэн хэсэгт ус алдсан.  Өмнө нь манай эгчийнх амьдардаг байхад дээд айлаас бас ус алдаад цав гарсан байсан. Айл өрхийн иргэний хариуцлага гэж байна. Энэ нь хувийн орон сууц биш, нийтийн орон сууц болохоор олон хүмүүсийг хүндэтгээд нийтийн орон сууцанд соёлтой амьдраарай гэж хэлмээр байна. Нэхэмжлэл гаргахад аймгийн үнэлгээний ажлын хэсгээр үнэлгээ гаргуулсан. Үнэлгээний ажлын хэсэг манай гэрт ирж ямар засвар хийх, ямар материал орохыг үнэлж, үнэлгээгээг хэрэгт хавсаргасан байгаа. Ус-Ду-д 10 дугаар сарын 04-ний өглөө би өөрөө дуудлага өгсөн учраас танай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж ус алдсан уу? Б.Батмөнх гэдэг айлын хайхрамжгүй үйлдлээс болж ус алдсан уу? гэсэн хүсэлтийг Ус-Ду” ОНӨҮГазарт өгөхөд хариу албан тоот өгсөн. Үүнийг хэргийн материалд хавсаргасан байгаа. Манай гэрийг судлаад засвар хийх байдлыг харахад чанарын алдагдалтай болсон. Зөвхөн ус гоожсон таазыг харахад ийш, тийшээ алаг цоохор дээвэртэй үзэмжгүй болж байна. Чанарын хувьд амархан хуураад унадаг болсон. Анх энэ байрыг худалдаж авахдаа 3-4 жил засвар хийх шаардлагагүй байр байсан. Засварыг таазны хэмжээнд банны өрөө, гал тогоо, коридорын нэг хэсгийн таазыг засуулъя гэсэн хүсэлтийн дагуу мэргэжлийн үнэлгээний хэсэгтэй зөвлөлдөж 495 000 төгрөгийн үнэлгээг гаргасан. Манай гэрийг алаг цоохор дээвэртэй биш, өмнөх шиг нь болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд замаск 30 кг нь 10000 төгрөг, эмульс 18 кг 100 000 төгрөг, пермед өнгө оруулагч 2 ширхэг нь 6000 төгрөг, цавуу 2 ширхэг нь 7000 төгрөг, хөнгөн өнхрүүш 2 ширхэг нь 8000 төгрөг, дундын хэмжээтэй багс 2 ширхэг 3000 төгрөг, хатуу шпатал 2 ширхэг нь 1000 төгрөг, ажлын хөлс нэг хүний 175 000 төгрөг, 2 хүн нийлээд 350 000 төгрөг, үнэлгээний ажлын хэсгийн  зардал 10000 төгрөг нийт 495 000 төгрөг гэсэн нэхэмжлэлийн үнийн дүн гаргасан. Иймээс хохирлыг минь барагдуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Б.Батмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 04-ний өглөө ус алдсан гэсэн Д.Дэлгэрнарангийн гомдлыг бидний буруугаас болоогүй хэмээн үзэж байна. Уг өдөр манайхаас ус алдсан шалтгаан нь  Ус-Ду ОНӨААТҮГ-ын ажилтан нь ажилдаа хайхрамжгүй хандаж алдаа гаргаснаас болсон байсан. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ус-ДУ ОНӨААТҮГ-т манайхаас дараалан бараг 2-3 хоног дуудлага өгч байж банны өрөөний холигч солиулсан. Гэтэл ирсэн ажилтан нь банны өрөөний холигчийг солихдоо майга шар гэдэг холбогчийг солилгүй хуучин холбогчоор нь холбосноос болж ус нэг нэг дуслаар манай банны өрөөний доогуур гоожсон, үүнийг хэн ч анзаарч хараагүй бөгөөд Ус-Ду ОНӨААТҮГ-ын ажилчид ч орж ирээд анзааралгүй сайн шалгасны үндсэн дээр тогтоосон учир бид уг гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ус дусал дуслаар гоожиж байдаг. Гэтэл тэр доод айлд тийм их хохирол учруулсан гэдэгт итгэхгүй байна. Ус-Ду-ын ажилчид банны өрөөнд 10 минут орчим хайж байж чийгтэй газрыг нь хайсаар байгаад босоо трубанд 00-н цаас тавьж үзэхэд ус бага хэмжээгээр норгосон. Энэ хооронд нэхэмжлэгч рүү залгаад хаанаас ус алдаж байгаагаа мэдэж байгаа юм уу? эргүү авгай минь гэж хэлсэн. Түүнээс биш турхираад дайраад байсан юм байхгүй.  Манай аймгийн ус хатуулаг ихтэй ус, тэгэхээр майга шар амархан элгэдээд цав гарах магадлалтай байдаг. Ингээд 2 хүнийг хооронд нь хэрүүл маргаан үүсгээд Ус-Ду-ынхан сайхан тайван сууж байна. Миний зүгээс 100 хувь Ус-Ду-г буруутгаж байна. Би үйлчилгээний хөлсийг өгөөгүй байсан ч гэсэн мэргэжлийн хүнээр холигчийг солиулсан. Би өөрөө холигчийг сольсон байхад ус алдсан бол нэг өөр хэрэг. Гэтэл мэргэжлийн хүнийг нь дуудаж мэргэжлийнх нь ажлыг хийлгэсэн. Иймээс Ус-Ду-г хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Мөн би үнэ тогтоох комиссын шийдвэрийг харсан. Үүн дээр бичигдсэн барилгын материалын үнийг судлах гээд Аз барилгын материалын дэлгүүрээс судалгаа хийсэн. Үнийн хувьд ийм үнэтэй байгаагүй, дээр нь ийм их хэмжээний материал орохгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Г.Одонтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд очно гэдгээ мэдээгүй байсан учраас хуучин майга шарыг нь хаясан байсан. Гэрчийн мэдүүлэгт майга шарыг хүн дараад хугалсан гэж хэлсэн байсан. гэтэл үүнийг бид нар дарж хугалахаар биегүй зүйл биш. Манай аймгийн ус хатуулаг ихтэй болохоор зэврээд элгэдэл хоргодлын хувьд хуучин болдог. Тэгэхээр шинэ майга шарыг хийгээгүй, хуучин майга шар дээр боосон байсан. Тиймээс Ус-Ду-ын буруутай үйл ажиллагаа байна гэж үзэж байна. Түүнээс биш манайх крантаа онгорхой орхиод ус алдуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч бид нарыг цагийн дараа ирсэн гэж байна. Тухайн үед манайх эзгүй байсан. Гэхдээ бид нар 1 цагийн дараа ирээгүй. 20 минутын дараа очиход Ус-Ду-ын ажилтнууд манай гэрийн гадаа хүлээгээд байж байсан. Тэгээд хамт гэр лүү ороод шалгатал Ус-Ду танайд ус алдаагүй байна гээд доод айл руу орсон. Дахиад танай доод айлд ус алдсан байна гэж буцаж орж ирсэн. Манай банны өрөөний наад талаар тоосгодсон плита байдаг. Тэгээд банны цаад доогуур харахад ус нэвчсэн байна гэж тогтоосон. Манайх банны өрөөний крантаа солиулсан. Тэгэхээр нэг, нэг дуслаар майга шар, шугамаа дагаж ус урссан байсан. Тэр нь хүний нүдэнд харагдахгүйгээр ус алдсан байсан. Ус-Ду-ын ажилчид ус алдсан байдлыг тогтоосон мөртлөө одоо болохоор манайхыг буруутгаад байна. Шинээр гаргаж өгсөн бичлэг дээр гэрчийн мэдүүлэг байгаа. Түүн дээр гэрч манай ажилтан майга шарыг сольсон бол ус алдах асуудал гарахгүй байсан гэж хэлсэн. Ус-Ду-ын ажилтан нь ажлаа дутуу хийгээд шинэ майга шарыг боож өгөөгүй, хуучныг нь эргүүлээд боосон. Дараа нь Ус-Ду-ын ажилтан боолтыг тайлахад шууд өмрөөд унасан. Манайх энэ байранд 2015 оны 04 дүгээр сард нүүж орсон. Нэхэмжлэгч өмнө нь ус алдаж байсан гэж байна. Манайх өмнө нь ус алдуулж байгаагүй. Хүнийг ингэж худлаа ярьж хохироож болохгүй. Тэр нь баримттай байх ёстой гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Дэлгэрнаран нь хариуцагч Б.Батмөнх, Э.Одонтуяа нараас гэм хорын хохирол 495 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нар нь ус алдаж гэм хор учруулсан үйлдэлд гэм буруугүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

Нэхэмжлэгч Д.Дэлгэрнаран нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 1 дүгээр байрны 46 тоот орон сууцыг 2016 оны 09 дүгээр сард худалдан авч, эзэмшиж байгаа бөгөөд түүний нэр дээр улсын бүртгэл хийгдээгүй талаар тайлбарлаж байгаа хэдий ч хариуцагч талаас түүнийг эзэмшигч, өмчлөгч биш гэж маргаагүй тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар шудрага эзэмшигчийн хувьд эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд учирсан гэм хорыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Б.Батмөнх, Э.Одонтуяа нар нь өөрсдийгөө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 1 дүгээр байрны 49 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаарх улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт  авагдаагүй хэдий ч нэхэмжлэгч талаас энэ талаар маргаагүй тул тэднийг тухайн орон сууцны өмчлөгч гэж үзэв.

 

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

Хариуцагч Б.Батмөнх, Э.Одонтуяа нарын өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 1 дүгээр байрны 49 тоот орон сууцны цэвэр усны шугамнаас 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ус алдаж, доод айл болох нэхэмжлэгч Д.Дэлгэрнарангийн эзэмшлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 1 дүгээр байрны 46 тоот орон сууцанд гэм хор учирсан үйл баримт  хэрэгт авагдсан фото зургууд, СД-ний бичлэг, Говьсүмбэр аймгийн НААҮ-ний Ус-Ду ОНӨААТҮГазрын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 275 тоот тодорхойлолт, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч У.Бат-Эрдэнэ, Г.Хишигтогтох нарын мэдүүлэг, зохигчдын маргаангүй тайлбар, шүүх хуралдааны явцад гар утсанд хийгдсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Сууц, өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т зааснаар өмчлөгч өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцах, Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар оршин суугч нь инженерийн шугам сүлжээнд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд тухай бүр эрх бүхий мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, завсарлуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргийн дагуу хариуцагч Б.Батмөнх, Э.Одонтуяа нар нь өөрийн өмчлөлийн орон сууцны банны өрөөний цэвэр усны холигч эвдэрсэн учраас 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймгийн НААҮ-ний Ус-Ду ОНӨААТҮГазарт хандан дуудлага өгснөөр засварчин А.Бүрэнтогтох ирж, холигчийг шинээр сольж засварласан болох нь гэрч А.Бүрэнтогтохын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.

Гэвч засварчин А.Бүрэнтогтох нь холигчтой хамт дагалдаж ирсэн майга шар буюу холбох хэрэгслийг солих шаардлагагүй гэж үзэж, зөвхөн холигчийг сольсон  боловч 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч нарын гэртээ байхгүй үед тухайн холбох хэрэгслийн гэмтэлтэй холбоотойгоор ус алдаж, улмаар доод айл болох Д.Дэлгэрнарангийн орон сууцанд гэм хор учирсан байна.  

Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр мэргэжлийн байгууллагын завсарчин тухайн холбох хэрэгслийг солих шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд солихгүй байж болохоор байгаа хэдий ч холигчийг сольж тавьснаас хойш 9 хоногийн дараа уг холбох хэрэгслийн ашиглалттай холбоотойгоор ус алдсан үйл баримтанд хариуцагч Б.Батмөнх, Э.Одонтуяа нар нь гэм буруугүй гэж үзлээ.

Учир нь хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр ус алдсан үйл явдалд тухайн орон сууцны өмчлөгч буруутай гэж үзсэн хэдий ч уг дүгнэлтийг гэрч У.Бат-Эрдэнэ, Г.Хишигтогтох нарын “...холбох хэрэгсэл нь мараалийн элэгдэлд орох, эсвэл хүчтэй дарж, татаж чангаасан тохиолдолд цав суух, гэмтэх магадлалтай” гэсэн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэхэд бодит байдалтай нийцээгүй, хариуцагч нарын зүгээс холбох хэрэгслийг гадны нөлөөгөөр гэмтээсэн болох нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй байна.

Иймд хариуцагч нар дээрх хуульд заасан үүргээ биелүүлж, өөрийн орон сууцны доторхи засвар үйлчилгээг хийлгэхээр мэргэжлийн байгууллагад хандсан боловч мэргэжлийн байгууллагын засварчин засварын ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн гэж үзэхэд эргэлзээтэй учир хариуцагч Б.Батмөнх, Э.Одонтуяа нарыг ус алдаж гэм хор учруулсан үйлдэлд шууд гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна. 

Мөн шүүх хариуцагч нарыг гэм хорын зардлыг хариуцах үндэслэлгүй, гэм буруугүй гэж дүгнэсэн учраас хэрэгт авагдсан гэм хорын зардлын нотлох баримтуудыг үнэлж, дүгнээгүй болно.

Нэхэмжлэгчийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учраас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Батмөнх, Э.Одонтуяа нараас гэм хорын хохирол 495 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Дэлгэрнарангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Дэлгэрнарангийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15 500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Хэрэгт авагдсан 3 ширхэг СД-ыг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

4.Нэхэмжлэгч Д.Дэлгэрнаран нь өөрт учирсан гэм хорын хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.НАРАНЧИМЭГ

                                           ШҮҮГЧИД                                           Ц.НАРАНЧИМЭГ

                                                                                                 Г.АЛГИРМАА