Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 107

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Ж-ийн Э-д холбогдох 1935004850038 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Б ургийн овогт Ж-ийн Э, 1973 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ази, африкийн соёл иргэншил, хөгжлийн судлаач мэргэжилтэй, Хос хан хөхий ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ... хотхоны ...... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ..........

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ж.Э нь Хос хан хөхий ХХК-ийн захирлаар ажиллахдаа 110/35/10 кв-ын Улаангом дэд станцаас Өмнөговь хүртэлх 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг хүчитгэх тендерт шалгарч 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баруун бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн захирал Р.Н-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлаа хийх явцдаа 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаангом сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу эрчим хүчний сайдын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 101 дугаартай тушаалаар батлагдсан цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 640 дугаарт заасныг зөрчсөнөөс иргэн Э.С нь нөлөөллийн хүчдэлд нэрвэгдсэний улмаас түүний амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 1935004850038 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-гийн “...2019 оны 12 дугаар сарын 01-ний орой 17 цагийн үед С над руу гар утсаараа залгаж: Увс аймаг руу шугам засварын ажилд явж байна. 7 хоногийн хугацаанд эргээд ирнэ гэж хэлээд явсан. ...2019 оны 12 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед С өөрөө гар утсаараа над руу залгаж ярихад нь би түүнээс: Увс аймаг цагийн зөрүүтэй байдаг гэсэн наана чинь хэдэн цаг болж байна гэж асуухад тэр: 17 цаг 07 минут болж байна гэж хэлсэн. Мөн бид нар 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 цагт Увс аймагт ирээд өнөөдөр ажлаа эхэлсэн. Ажлаасаа бууж ирээд зочид буудалдаа амрах гээд байж байна гэж хэлсэн. ...Аймгийн төвөөс 20 гаруй км-ын зайтай газар ажиллаж байна. Ажлаас буугаад аймгийн төвд буудалд байрлаж байна. Байр хоолонд санаа зоволтгүй гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өглөө нөхөр бид хоёр эрт босоод С рүү нэг гар утсаар ярьдаг юм билүү гэж бодоод ажилд нь саад болоод яах вэ гэж бодоод яриагүй юм. Тэгээд 10 цаг өнгөрч байхад бэр Мөнгөнтуяа над руу утсаар ярьж С цахилгаанд цохиулаад нас барсан байна ш дээ гэж хэлсэн. Удалгүй Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Хархорин станцын ажилчид манай ажил дээр ирсэн. Мэдээж би сайхан хүүгээ алдсан цаана нь хоёр хүүхэд нь үлдсэн. Гомдолтой юу гэвэл гомдолтой байна. Гэхдээ би хамт ажиллаж байсан сайхан нөхдийг нь хэрэгт хийчихмээргүй байна. Мэдээж ажлын байр нь дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан болохоор ар гэрт нь нөхөн төлбөрийг нь гаргуулж авна. Хамт ажиллаж байсан хүмүүстэй уулзахад Сийг ажил үүргээ гүйцэтгэж байгаад нөлөөллийн хүчдэлд цохиулж нас барсан гэж байна... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80 дугаар хуудас/,

2. Гэрч П.М-ын “...тухайн үед 07 цаг өнгөрч байсан бөгөөд бид нар анкер солих ажлыг эхлүүлсэн бөгөөд гадна харуй бүрий, үүр цайгаагүй байсан ба  машиныхаа гэрлийг тусгаж ажлаа эхэлсэн юм. Тухайн үед би портер машинтайгаа босгох гэж байсан анкерынхаа хажууд зогсож байсан бөгөөд нөгөө бригадын хүмүүс анкер солих ажлаа эхлүүлж байсан юм. Тэгж байтал Б инженер намайг дуудаад аймгаас гагнуурын аппарат, мотор хоёрыг аваад ир гэж хэлсэн. Тэгээд би портер загварын машинтайгаа аймагт айлын гражид тавьсан гагнуурын аппарат болон моторыг авахаар явсан юм. ...Б над руу 07 цаг 53 минутад залгаад та наанаа байж бай гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд би граж дээрээ байж байтал Б дахин над руу хэсэг хугацааны дараа залгаад бригадын нэг хүн тогонд цохиулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82 дугаар хуудас/,

3. Гэрч Д.Г-ийн “ ...2019 оны 12 сарын 04-ний өглөөний 08 цагаас өдрийн 12 цагийн хооронд 4 цагийн хүчдэл таслах захиалга нь ДҮТ-ээс баталсан. 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 08 цагаас 12 цагийн хооронд хүчдэл таслах захиалга батлагдсан талаар Хос хан хөхий ХХК-ий захирал Э болон ерөнхий инженер Бид амаар мэдэгдсэн. ...Тэгээд би Б-тэй утсаар ярьсныг дараа 07 цаг 50 минутын үед гүйцэтгэгчийн захирал Э над руу гар утсаар залгаж ажил гүйцэтгэх боломжгүй боллоо захиалга таслалтыг хойшлуулж өгнө үү гэж мэдэгдсэн. Би түүнээс тухайн үед юу болсон талаар асуухад Э тодорхой хариу өгөлгүй утсаа тасалсан. ...Би Э руу залгаж ярьсан би түүнээс та нар хүчдэл таслах захиалга өгсөн. Та нар юу болов гэж асуухад тэр манай нэг хүн хүчдэлд нэрвэгдсэн гэж хэлэхэд би түүнээс яагаад хүчдэлд нэрвэгдэг юм бэ? Бид нар ажлын байр бэлдэж өгөөгүй, ажлын талбайг хүчдэлээс бүрэн чөлөөлөөгүй байхад яагаад ажилд орсон юм бэ? гэж асуухад тэр бид нар өглөө 07 цаг өнгөрөөд яараад ажилд орчихсон байсан гэж хэлсэн. ...Гүйцэтгэгч компани бол Улаангомоос Өмнөговь сумын тулгуур дээр байх хоёр хэлхээ зургаан утасны хүчдэлгүй гурван утсыг бидэнд мэдэгдэлгүй хүчдэл таслахаас өмнө буулгаж байгаад нэг хүн нь хүчдэлд нэрвэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 дугаар хуудас/,

4. Гэрч Н.Б-ийн “...ББЭХС-д 2019 оны 12 сарын 04-ний өдөр 08 цагаас 12 цаг хүртэл Улаангомоос Өмнөговь сум хүртэлх 110 кв-ын цахилгаан дамжуулах дугаар баганыг солих ажилтай тул цахилгаан таслах захиалга өгч ажилд орсон. 2019 оны 12 сарын 04-ний өдөр 07 цагт ажиллахаар бригадын бүрэлдэхүүнээ аваад ажлын талбай руу явсан. 07 цаг 40 минутад ажлын талбай дээр очоод техник механизмуудаа байрлуулж бэлдсэн. Би жолооч Мын хамтаар өчигдөр босгосон анкер тулгуураас төмөр хийц авч ирэхээр машинаар явж авах юм аа аваад буцаад солих анкер дээр ирсэн. Намайг ирэхэд механизмуудаа өргөчихсөн хүчдэлгүй хэлхээний хамгийн доод дамжуулагч фазын утсыг газарт буулгаж байсан. Тэгээд анкерын газардуулгын катанг утсыг тасалсан тул шинэ анкерт буцааж гагнаж бэхлэх ажилтай тул жолооч Мыг Улаангом руу цахилгаан үүсгэвэр гагнуурын аппарат, электрод зэргийг авчрахаар явуулчхаад эргээд хартал дамжуулагч утас газарт буусан С газар дээр унасан байсан. Хүмүүс орилж түүн дээр очсон. Тэгээд С дээр гүйгээд очиход Сийг дээшээ харуулсан хиймэл амьсгалыг Ц хийж байсан. Би тэнд байсан хүмүүсээс юу болсон талаар асуухад тэд нар нөлөөлөлд орчихлоо гэж байсан. С-ийн хамраас цус гарч байсан ба С хүчтэй амьсгалж байсан тул Э, Э, А нар эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр ирээд нас барсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

5. Гэрч Г.Ц-гийн “...газарт буулгасан утаснаас П-ын дэгээдэж татсан тороосыг талийгаач С салгасан ба салгах үед дуу чимээ гарсан ба харахад талийгаач урагшаа газар унасан, тухайн тороос, утас хоёроос талийгаач гараараа барьчихсан байдалтай байсан. Би автомашинаас буух гэхэд миний талын хаалгыг буулгаж буй тороос дарчихсан учраас хаалга онгойлгож бууж чадаагүй. Тэгэхээр нь би цонх онгойлгоод наад хүнээ салгаач гэж хэлэхэд 2 танихгүй ажилтан залуу талийгаачийн гар луу өшиглөж салгаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

            6. Гэрч Л.А-ын “...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаа эхэлсэн. Ямар компани туслан гүйцэтгэгчээр ирснийг би сайн мэдэхгүй тэр нарийн асуудлыг манай ерөнхий инженер мэдэж байгаа. Манай компани нийт 8 ажилчинтай Увс аймагт ирсэн. 2019 оны 12 дугаарын 04-ний өглөө 07 цаг өнгөрч байхад ажилдаа гараад ажил хийж байсан С тогонд цохиулаад ухаангүй байсныг инженер Э хиймэл амьсгал хийгээд би эмнэлэг дээр авч ирж өгсөн. Бид нар Улаангом сумаас 30 гаруй км газарт ажиллаж байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

7. Гэрч Б.Э-ын “...2019 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 07 цаг 40 минутын үед Улаангомоос 30 км-т байх цахилгаан дамжуулах агаарын шугамын 38 дугаар анкерын доод хөндлөвчөөс утсыг буулгахад нөлөөллийн хүчдэлд мастер ажилтай Э.С нь нэрвэгдсэн. Э.С цахилгаан дамжуулах агаарын шугамын 38 дугаар анкерын доод хөндлөвчөөс утсыг буулгахдаа автобишикаар татаж түгжээг буулгаж доош буулгасан. Автобишикийг Ц, М нар хоёр автобишикээр буулгаж байсан. Утсыг татаж буулгаад утас тороос хоёрыг салгахдаа нөлөөллийн хүчдэлд нэрвэгдсэн. ...Э.С-т 2019 оны 12 дугаар сарын 04-ний өглөө ажил эхлэхээс өмнө аюулгүй ажиллагааны зааврыг өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97 дугаар хуудас/,

8. Гэрч П.Мөнх-Эрдэнийн “...2019 оны 12 дугаар сарын 03-ны болон 04-ний өглөө бид нарыг шугамд гарахад инженер Э нь бид нарт болгоомжтой ажиллаарай гэж амаар хэлсэн бөгөөд Хос хан хөхий компани болон Э инженерийн хувьд албан ёсоор аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Мөн бид нарт хамгаалалтын хувцас бөгөөд бид нарыг ирэхэд Э инженер бид нарт эрээн цоохор цэрэг загварын нэхий дотортой дулаахан куртик, зузаан шар өнгийн резинин алгатай бээлий зэргийг өгсөн өөр ямар нэгэн аюулгүй ажиллагааны хувцас хунар, малгай, бээлий өгөөгүй. ...Манай компани ерөнхий инженер Э нь Н.П, Х.Х, С, Ц, А бид зургааг дуудаж Увс аймагт авч ирж ажиллуулсан бөгөөд би байгууллагынхаа ажлыг хийж байгаа гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-105 дугаар хуудас/,

9. Гэрч С.П-ын “...Намайг талийгаач С дээр очиход талийгаач нь тухайн цахилгааны утсыг гартаа барьчихсан. Түүний зүүн гарт цахилгааны утас наалдчихсан байдалтай, талийгаач өөрөө салганасан болон гарт нь байх тухайн цахилгааны утас нь сарчигнаад тог маслах дуу чимээ гарсан бөгөөд хүмүүс татаач ээ салгаач ээ гэх шиг болсон. Би С-ийн урд талын хувцаснаас нь татаад урагшаагаа өөр лүүгээ татаж газар унагасан. ...Тэгээд би цахилгааны утастай гар луу нь хамтад өшиглөж цахилгааны утсыг салгахад С нь чичирч салганахаа больсон бөгөөд тухайн утсанд тэнд байсан хүмүүсээс ойртоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108, 109 дүгээр хуудас/,

10. Гэрч Х.Б-ын “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газар дээр очиж танилцлаа. Нөхцөл байдлын хувьд Увс аймгийн 110/35/10 Улаангом дэд станцаас Өмнөговь сум хүртэлх 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын тулгуурыг ажил хийгдэж байсан байна. Энэ үед гүйцэтгэгч компанийн ажилтан осолд орж нас барсан байна. Гэрчүүдийн ярьж байгаар нөлөөллийн хүчдэлд нэрвэгдсэн гэж хэлж байна. Энэ нь цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдох байх. Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ий 2019 онд 110/35/10 Улаангом дэд станцаас Өмнөговь сум хүртэлх 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын тулгууруудыг хүчитгэх  ажилд тендер зарлаж Хос Ханхөхий ХХК гүйцэтгэгчээр шалгарч ажлаа хийж гүйцэтгэж байсан байна. Мөн Хос хан хөхий ХХК-ий ажил үүргийг гүйцэтгэхээр Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ий хангайн бүсийн ажилчид удирдлагадаа хэлэхгүйгээр хувиараа тохирч ирсэн гэж хамт ажиллаж байсан хүмүүс хэлж байна. Талийгаач С нь тулгуур солих үедээ хүчдэлгүй утас сольж байхдаа нөлөөллийн хүчдэлд орж нас барсан байх магадлалтай байна. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ий Хангайн бүсийн ажилчид гэрээтэй ирж ажиллаж байгаа тохиолдолд Цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой байсан. Гэхдээ ямар нэг гэрээгүйгээр ажилчид өөрсдөө ирж ажиллаж байгаа тохиолдолд  Хос Ханхөхий ХХК ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114 дүгээр хуудас/,

11. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “...Талийгаач Э.С-н биед гэмтэл учирсан байна. 2 гарын сарвуунд цэврүүтэлд, зулгаралт, түлэгдэлт, зүүн шуу, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, эрүү, баруун чихний дэлбэнд зулгаралт, арьсны өнгөц давхаргын түлэгдэлт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл учирсан байна. 2 гарын сарвуунд цэврүүтэлд, зулгаралт, түлэгдэлт, зүүн шуу, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, эрүү, баруун чихний дэлбэнд зулгаралт, арьсны өнгөц давхаргын түлэгдэлт, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Э.С нь цөсний хүүдий сэмжтэй наалдацат өөрчлөлттэй байжээ. Уг наалдацат өөрчлөлт нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Талийгаач Э.С нь цахилгаан гүйдлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. Талийгаач Э.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Талийгаач нь нас барах үедээ эрүүл буюу согтолтгүй байсан байна...” гэх шинжээчийн 71 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 124-125 дугаар хуудас/,

12. Шүүгдэгч Ж.Э-ы яллагдагчаар өгсөн “...Би очоод юу болсон талаар тэнд байсан хүмүүсээс асуухад тэнд байсан хүмүүс нөлөөллийн хүчдэлд орчихлоо гэж хэлж байсан. Тэгээд би тэнд байсан хүмүүсийг холдуулаад Ц, С хоёрын хажууд очиход Ц хиймэл амьсгал хийж байхад С 2 удаа уртаар амьсгаа авах шиг болоод царайн сонин болохоор нь би гүрээний судсанд гараа тавиад үзэхэд зүрхний цохилт муу сонсогдож байсан. Бид нар эмч дуудвал удах байх гэсэн үүднээс С-ийг машинд аваад Улаангом руу эмнэлэг рүү авч явсан. ...Эмнэлэг дээр С-ийг эмнэлэг рүү оруулахад эмч үзээд С-ийг нас барсан байна гэж хэлэхийг сонсоод түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-152 дугаар хуудас/,

13. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-15 дугаар хуудас/,

14. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-27 дугаар хуудас/,

15. Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1-р хх-ийн 36-38 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Э нь Хос хан хөхий ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 110/35/10 кв-ын Улаангом дэд станцаас Өмнөговь хүртэлх 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг хүчитгэх тендерт шалгарч 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баруун бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн захирал Р.Н-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

Хос хан хөхий ХХК болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨК-ийн хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй бөгөөд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ий хангайн бүсийн ажилчид болох Б.Э, Н.А, П.М, Х.Х, Л.А, Г.Ц, амь хохирогч Э.С нар нь Хос хан хөхий ХХК-ийн тендерийн ажлыг гүйцэтгэж байсан байна. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаангом сумын 2 дугаар багийн нутагт Хос хан хөхий ХХК-ийн тендерийн ажлыг гүйцэтгэх явцад амь хохирогч Э.С нь нөлөөллийн хүчдэлд нэрвэгдсэний улмаас нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Хос хан хөхий ХХК-ийн захирал нь шүүгдэгч Ж.Э болох нь 000016483 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх-ийн 25-26 дугаар хуудас/-гээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу Хос хан хөхий ХХК-ийн захирал Ж.Э хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих үүрэгтэй байна.

Мөн шүүгдэгч Ж.Э нь Эрчим хүчний сайдын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 101 дугаартай тушаалаар батлагдсан Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 640 дугаарт “нөлөөллийн хүчдэлтэй байгаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас унжсан утсанд газарт зогсоод хүрч ажиллахад цахилгааны хамгаалах хэрэгсэл (резинэн бээлий, штанг) хэрэглэх буюу уг утастай холбож чадавхийг нь тэнцүүлсэн металл тавцан дээр байрлаж ажиллана” гэж заасныг зөрчсөний улмаас амь хохирогч Э.С нөлөөллийн хүчдэлд нэрвэгдэж нас барсан байна.

Иймд шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон байна.

Шүүгдэгч Ж.Э болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, амь хохирогчийн эхнэр О.М нар 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Хохирол нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлүүлэх талаарх тохиролцоо” гэх хэлцэл байгуулсан байна. Энэхүү хэлцлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу нөхөн төлбөрт шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 75’000’000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон амь хохирогчийн эхнэрт төлөхөөр тохиролцсон байна.

Шүүгдэгч Ж.Э нь гэм хорын төлбөрт 24’551’723 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болно. Мөн энэхүү 24’551’723 төгрөгөөс 20’000’000 төгрөгийг дээрх хэлцлийн дагуу төлсөн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар тайлбарлаж, талууд маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Ж.Эыг гэм хорын төлбөрт 24’551’723 төгрөг төлснийг дурдаж, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ж.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч С.Ц /1-р хх-ийн 117 дугаар хуудас/, гэрч Б.Ч /хх-ийн 118 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 155 дугаар хуудас/, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 172-174 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Э нь Хос хан хөхий ХХК-ийн захирал ажилтай, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Номун Виллаж хотхоны 100-8-42 тоотод ганцаараа амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ж.Эд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Ж.Э-д хорих ял оногдуулахгүйгээр хөнгөн ял оногдуулж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн санал болгосон хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Ж.Э-ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал буюу анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял оногдуулахыг тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгчид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу “Хохирол нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлүүлэх талаарх тохиролцоо” гэх хэлцэлд заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ны дотор 55’000’000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон амь хохирогчийн эхнэрт төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж дүгнэв.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан тэнсэх гэх ойлголт нь шүүгдэгчид хорих ял оногдуулж уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хянан харгалзах хугацаа тогтоохоор тодорхойлсон байсан. Харин 2015 онд батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд ял оногдуулахыг тэнсэх, 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэж ялган хуульчилсан байна. Тодруулбал 2015 оны Эрүүгийн хуулийн үзэл баримтлал нь эрүүгийн эрх зүйн тэнсэх гэх ойлголтыг өмнөх хуулийнхаас өөрчилж, шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, хяналтын хугацаа тогтоохоор хуульчилсан. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэх тохиолдолд сонгох санкцтай буюу тухайн гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ялын аль нэгийг сонгож хэрэглэж болох тохиолдолд хэрэглэхээр хуульчилсан. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх тохиолдолд тухайн төрлийн гэмт хэрэгт хорих ялаас өөр төрлийн ял оногдуулах боломжгүй эсхүл зөвхөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хэрэглэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Ж.Э-ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зорчих эрх хязгаарлах, эсхүл хорих ял оногдуулахаар заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахыг тэнсэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор цоохор өнгийн өвлийн куртик 1 ширхэг, бор цоохор өнгийн даавуун материалаар хийгдсэн өвлийн өмд 1 ширхэг, хар өнгийн суран тэлээ 1 ширхэг, хар өнгийн хагас түрүүтэй өвлийн хос гутал, хар өнгийн оосортой бугуйн цаг 1 ширхэг, шар өнгийн хуруу хэсгээрээ резинтэй бээлий 2 ширхэг, хар өнгийн ханцуйгүй урд талаараа цахилгаантай майк 1 ширхэг, хар өнгийн босоо захтай, улаан өнгийн даавуун цамц 1 ширхэг, цайвар цэнхэр өнгийн дугуй захтай футболк 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, ногоон өнгийн оймс 1 хосыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Ж-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Э-д “Хохирол нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлүүлэх талаарх тохиролцоо” гэх хэлцэлд заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор 55’000’000 төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ж.Эд хяналт тавих үүргийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Шүүгдэгч Ж.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор цоохор өнгийн өвлийн куртик 1 ширхэг, бор цоохор өнгийн даавуун материалаар хийгдсэн өвлийн өмд 1 ширхэг, хар өнгийн суран тэлээ 1 ширхэг, хар өнгийн хагас түрүүтэй өвлийн хос гутал, хар өнгийн оосортой бугуйн цаг 1 ширхэг, шар өнгийн хуруу хэсгээрээ резинтэй бээлий 2 ширхэг, хар өнгийн ханцуйгүй урд талаараа цахилгаантай майк 1 ширхэг, хар өнгийн босоо захтай, улаан өнгийн даавуун цамц 1 ширхэг, цайвар цэнхэр өнгийн дугуй захтай футболк 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, ногоон өнгийн оймс 1 хосыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

         

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА