Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 136

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант баг, Булагийн 16 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ66110908, Хольдог овогтой Түвдэнгийн Маамуугийн,

      Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Т.Маамуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд 1984 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд Улаангом сумын 3 дугаар дунд сургуульд үйлчлэгчээр тус тус ажилласан. Миний тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Миний ажиллаж байсан 3 дугаар дунд сургууль нь намайг ажилд ороход Улаангом хотын 8-н жилийн 3 дугаар дунд сургууль байсан бөгөөд дараа нь Улаангом хотын 10 жилийн 3 дугаар дунд сургууль болсон юм. Иймд миний 1984 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Улаангом сумын 3 дугаар дунд сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Маамуу нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

       Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрт түүний 1984 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом хотын 8-н /сүүлд 10-н жил болсон/ жилийн 3 дугаар сургуульд үйлчлэгчээр тус тус ажилласан тухай бичилт хийгдсэн байна.

      Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 234 тоот лавлагаанд Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984, 1988 оны материал, 3 дугаар 10-н жилийн сургуулийн захирлын 1988 оны тушаалыг шүүн үзэхэд Т.Маамуутай холбоотой баримт гаргаагүй гэх боловч тухайн архиваас гаргаж ирүүлсэн Увс аймгийн Улаангом хотын 8-н жилийн 3 дугаар дунд сургуулийн захирлын 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот тушаалаар үйлчлэгч Т.Маамууг баярын бичиг, 30 төгрөгөөр шагнасан тухай, Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн захирлын 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 30 тоот тушаалаар үйлчлэгч Т.Маамуугийн ээлжийн амралтыг 7 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тогтоосон тухай, мөн захирлын 1990 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 07 тоот тушаалаар үйлчлэгч Т.Маамууг мөн өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд авагджээ.

      Түүнчлэн Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр ажиллаж байсныг нотлох Баярын бичиг хэрэгт авагдсан байх ба уг баярын бичигт Эрхэлсэн ажилдаа олон жилийн идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг сайшаан тэмдэглэж, аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав гээд 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 59 гэжээ.

     Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн З.Жаргал, Р.Нарантуяа, Н.Гэжээ нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч З.Жаргал: Би 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар 8-н жилийн сургуульд үйлчлэгчээр ажилд орон ажиллаж байхад 1988 онд Т.Маамуу нь манай сургуульд үйлчлэгчээр ажилд орж байсан. Т.Маамуугийн аав Түвдэн нь 3 дугаар сургуулийн манаачаар, ээж Сөмбөөн нь үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан учраас сайн санаж байна. Т.Маамуу нь ажилдаа хариуцлагатай, сайн ажилчин байсан Т.Маамуу нь 1988 оноос 1991 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд Улаангом сумын 3 дугаар сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байсан. 3 дугаар 8-н жилийн сургууль нь 1988 оны 10 дугаар сард 3 дугаар 10-н жилийн дунд сургууль гэх нэртэй болж байсан. Увс аймгийн Улаангом сумын 3-р сургуулийн захирлаар Г.Мягмаржав, хичээлийн эрхлэгчээр Д.Отгон гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Р.Нарантуяа: Би 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар 8-н жилийн сургуульд үйлчлэгчээр ажилд орон, ажиллаж байна. Энэ хугацаанд буюу 1988 онд Т.Маамуу нь манай сургуульд үйлчлэгчээр хүний оронд ажилд орж байсан. Т.Маамуугийн аав Түвдэн нь манай сургуулийн манаачаар, ээж Сөмбөөн нь үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан. Т.Маамуу нь ажилдаа хариуцлагатай сайн ажилчин байсан. Т.Маамуу нь 1988 оноос 1991 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд Улаангом сумын 3 дугаар сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байсан. Намайг 1989 онд жирэмсэний амралтаа аваад 1990 оны 2 дугаар сард ажилд ороход Т.Маамуу нь ажлаас гарчихсан байсан. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар сургуулийн захирлаар Г.Мягмаржав, хичээлийн эрхлэгчээр Д.Отгон гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Н.Гэжээ: Миний бие нь 1985 оны 2 дугаар сард Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны сум хариуцсан зохион байгуулагчаар ажилд ороход Т.Маамуу нь тухайн байгууллагад үйлчлэгчээр ажиллаж байсан. Одоогийн Монгол Ардын намын байранд Депутатын танхим гэж гүйцэтгэх захиргааны Боловсролын хэлтэс, Зохион зааварлах хэлтэс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтэс гэх 3-н хэлтэс байрлан үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэр үед танхимын үйлчлэгчээр н.Аюуш, н.Гомбо, Т.Маамуу гэх хүмүүс ажилладаг байсан. Тухайн үед миний өрөөг Т.Маамуу цэвэрлэдэг байсан. Т.Маамууг яг хэдэн жил ажилласан талаар би сайн мэдэхгүй байна. Аж ахуйн тасгийн даргаар н.Баяртогтох гэх хүн ажиллаж байсан. Нягтлан бодогчоор Ё.Маамуу гэх хүн ажилладаг байсан гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарууд хэрэгт авагдсан байна.

        Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Маамуугийн 1984 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 8-н жилийн болон 10-н жилийн 3 дугаар дунд сургуульд тус тус үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Маамуугийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хольдог овогтой Түвдэнгийн Маамуугийн 1984 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 8-н жилийн болон 10-н жилийн 3 дугаар дунд сургуульд тус тус үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Маамуугийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                           ДАРГАЛАГЧ,

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ГЭРЭЛТУЯА