| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1216/Э |
| Дугаар | 1266 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 1266
2020 07 07 2020/ШЦТ/1266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч С.Н., түүний өмгөөлөгч Б.Чинбат,
гэрч Г.Сувдаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт С.ийн Н.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 0910 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1974 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, Б. овогт С.ийн Н..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Н. нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 653 тоотод оршин суух гэртээ Г.Дүүрэнбаяртай маргалдах явцдаа 2 гарыг нь мушгиж хавиран Г.Дүүрэнбаярыг унагасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н. мэдүүлэхдээ: “Тэр өдөр эхнэр бид хоёр муудалцсан юм. Тэгээд орой орж ирээд хэвтчихээр нь би хүүхдэдээ бантан хийж өгөх гээд мах хэрчээд тогоон дээр тавьчихсан байсан. Бантангийн гурил зуурчих гэснээс болж маргалдаад, эхнэр дүүгээ дуудсан юм. Дүү нь ирээд гараад явах гэж байхдаа хэрүүл хийсэн. Манай өрөө их жижигхэн л дээ. Өргөөшөө 1 метр, уртаашаа 2 метр юм. Г.Дүүрэнбаяр араас татахдаа бантангийн шөл асгасан. Тэнд нэлээн маргаан, хэрүүл уруул болсон юм. Хүүхдээ тэвэрчихсэн үед над руу дайраад байсан. Хүүхдээ тавьчингуут гайгүй болчихно. Тэгсэн чинь яг цаашаа хараад шөлөн дээр хальтирч унаад шилэн ширээг дагзаараа мөргөөд унасан. Түүнээс би цохиж, зодсон юм бол байхгүй, үсэнд нь ч гар хүрээгүй. Намайг үсдэж дарсан, доороос жийсэн. Би тэгэхээр нь “боль оо, үс тавь” л гэсэн. Тэгээд хэрүүл даамжраад байхаар нь би цагдаа дуудсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Сувдаа мэдүүлэхдээ: “Манай нөхөр заамдсан ч юм байхгүй, унахад нь бүр тэр цаана зогсч байсан. Ер нь нэг ч гар хүрээгүй. Хохирогч өөрөө хальтирч унасан. Шалан дээр шөл асгарсан байсан тул нуруугаараа ширээ мөргөөд, тэгээд толгойгоороо газар унасан. Тухайн үед нь би хажууд нь зогсч байсан. Унахаас нь өмнө шөлийг бага зэрэг арчсан байсан. Учир нь шалан дээр аягүй их тостой байсан юм. Өөрөө шөлөн дээр бөгсөөрөө унасан тул газраар нэг шөл асгарсан юм. Манай нөхөр лүү өөрөө дайрч давшлаад байсан болохоор урагшаа алхаж байгаад л унасан байх. Би бас сайн анзаараагүй л дээ. Ямар ч байсан унасан. Манай нөхөр хол байсан. Баруун талаараа унасан байх аа. Нөхөр тэр үед 1 метр гарангийн зайтай гал тогооны шкафны тэнд зогсч байсан. Би төрсөн дүүтэйгээ дотно харилцаатай, өс хонзонгийн асуудал байхгүй. Анх би хэрэлдчихсэн, ууртай ч байсан болохоор худлаа мэдүүлэг өгсөн юм. Дүү бид хоёр замдаа ярьж тохиролцож байгаад адилхан мэдүүлэг өгсөн юм. Манай дүү худал мэдүүлэг өгч байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Г.Дүүрэнбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би “та болиоч” гээд гарнаас нь татсан чинь эргэж хараад миний гарыг гараараа мушгиад буцалж байсан халуун тогоотой хоол руу түлхэж унагаахаар нь “яанаа түлэгдчихлээ” гээд босоод иртэл хүргэн ах намайг цамцнаас гараараа миний хоолойг шахаж боож байгаад миний баруун хөл рүү зүүн хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед би шилэн ширээ толгойгоороо мөргөөд цементэн шалан дээр толгойгоороо мөргөж унасан. ...Манай эгч Сувдаа нөхөр Н.той маргалдсан гэж намайг утсаар дуудахаар нь би Н.ын гэрт очсон. Намайг гэрт ороход Н., Сувдаа хоёр хэрэлдээд байж байсан. Тэгэхээр нь би эгчийгээ аваад гэрээс нь гарах гэтэл Н. гаргахгүй Сувдаа эгчийг заамдаад түлхэхээр нь би Н.ыг болиоч гээд араас нь татахад Н. эргэж хараад миний гарыг мушгисан. Тэгээд хэрэлдээд байж байтал Н. намайг түлхээд тогоотой хоолон дээр унагаасан. Тэгээд Сувдаа эгч бид хоёр Н.той ноцолдож байхад Н. намайг заамдаад хавирч газарт унагаасан. Би Н.од хавируулаад газарт унахдаа шилэн ширээн дээр нуруугаараа цохигдоод шалан дээр толгойн баруун хэсгээр унасан. Би босоод цагдаад дуудлага өгөх гэтэл миний утас унтарчихсан байсан. Тэр үед Н. цагдаад дуудлага өгч, удалгүй цагдаа ирсэн. Тухайн үед Н.оос өөр надтай ноцолдож, намайг газарт унагаасан хүн байхгүй. Шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүдийг миний биед хүргэн ах Н. учруулсан. ...Тухайн үед би өөрөө хальтирч унасан зүйл байхгүй. Сувдаа эгч одоо нөхөртэйгөө эвлэрсэн болохоор нөхрөө өмөөрч мэдүүлэг өгөөд байна гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 18-19, 49-50/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3553 тоот: “Г.Дүүрэнбаярын биед баруун зулайн зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/,
- Гэрч Г.Сувдаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед Г.Дүүрэнбаяр өөрөө шөлөн дээр хальтирч унаад толгойгоороо газарт унасан юм. ...Г.Дүүрэнбаярын өгсөн мэдүүлэг худлаа. Тухайн үед тийм зүйл болоогүй. Тухайн үед Г.Дүүрэнбаяр газарт асгарсан байсан тогоотой шөлөн дээр хальтирч нуруугаараа шилэн ширээн дээр унаж, толгойгоороо газарт унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46, 55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
С.Н. нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 653 тоотод оршин суух гэртээ Г.Дүүрэнбаяртай маргалдах явцдаа 2 гарыг нь мушгиж хавиран Г.Дүүрэнбаярыг унагасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Дүүрэнбаярын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3553 тоот дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Н.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Н.од прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хэрэг болсон гэх цаг хугацаанд байсан гэрч Г.Сувдаа нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...манай дүүгийн хоёр гарнаас барьж байгаад баруун хөлөөрөө хөл өшиглөж унагаагаад, тэр үед манай дүү унахдаа шилэн ширээг толгойгоороо мөргөж унасан...” гэж, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Г.Дүүрэнбаяр С.Н.ын гарнаас нь таттал С.Н. Г.Дүүрэнбаярыг цааш нь түлхсэн. Г.Дүүрэнбаяр унахдаа тогоотой хоолон дээр унасан. ...босч ирээд С.Н.той зууралдаж байгаад асгарсан шөлөн дээр өөрөө хальтираад шилэн ширээг нуруугаараа мөргөөд толгойгоороо газарт унасан...” гэж, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...би 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэг өгөхдөө худлаа мэдүүлэг өгчихсөн юм...” гэж, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хохирогчтой нүүрэлдүүлэн авсан мэдүүлэгтээ “...Г.Дүүрэнбаяр газарт асгарсан байсан шөлөн дээр хальтирч нуруугаараа шилэн ширээн дээр унаж, толгойгоороо газарт унасан...” гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Манай нөхөр лүү өөрөө дайрч давшлаад байсан болохоор урагшаа алхаж байгаад л унасан байх. Би бас сайн анзаараагүй л дээ. Ямар ч байсан унасан.” гэж өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэх бөгөөд гэрч Г.Сувдаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “ гэр бүлийн гишүүн” хамтран амьдрагчийнхаа түүний эрх зүйн байдлыг нь хүндрүүлж болох мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж эрс зөрүүтэй мэдүүлэгүүдийг өгсөн байх тул түүний мэдүүлгийг шүүх бодитой гэж үзэн нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэв.
Хорин хохирогчид хууль сануулан мэдүүлэг авсан байх бөгөөд түүний удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэгийг үнэлсэн болно.
Нөгөөтэйгүүр, Г.Дүүрэнбаярын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн биед баруун зулайн зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн “олон” удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, хохирогч өөрийн болгоомжгүй үйлдлээс шалтгаалан биедээ олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлийг авсан гэж үзэх үндэслэл тогтоохгүй байна.
Иймд С.Н.ыг хохирогч Г.Дүүрэнбаярын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч С.Н.од ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт С.ийн Н.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н.од 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА