| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00111/и |
| Дугаар | 137 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 137
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЖ66092105, Монголмууд овогтой Баатарын Отгонхүүгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 5 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд 16 настайгаасаа буюу 1982-1989 оны хооронд хонь, ямаа маллаж байсан. Одоо нас өндөр болж, тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учир Малчин суманд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд миний Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд 1982 оны 6 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонхүү нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн цалингийн тодорхойлолтод Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн малчин Баатар овогтой Отгонхүүгийн 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ш.Лхамхүү, Ш.Батнасан нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ш.Лхамхүү: Миний бие нь Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд 1967 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг дуустал малчин, саальчнаар ажилласан. Б.Отгонхүү нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Малчин нэгдлийн Баянмандал бригадад малчин болж байсан. Отгонхүүгийн аав Баатарынхтай манайх айл хошоо байсан учир би сайн мэдэж байна. Б.Отгонхүү нь 1989 оныг дуустал аав, ээжийн хамт мал маллаж байгаад хүнтэй суун тусдаа амьдралтай болж байсан. Тэр цагаас хойш нөхрийн хамт мал маллаж байгаад нэгдэл тарсан. Б.Отгонхүү нь одоо Сэлэнгэ аймаг амьдардаг. Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн даргаар н.Бадам, н.Бадарч, н.Баттөмөр гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Ш.Батнасан: Б.Отгонхүү нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн Баянмандал бригадад малчин болж байсан. Б.Отгонхүүгийн аав Баатарынтай манай аав Шарай гэсэн айлууд айл хошоо байсан, манайх агент хийдэг байсан учир би тэр хавийнхаа айлыг сайн мэдэж байна. Б.Отгонхүү нь 1982 оноос 1989 оныг дуустал аав, ээжийн хамт мал маллаж байгаад П.Поорой гэх хүнтэй суун тусдаа амьдралтай болж гэр бүлийн хамтаар тус нэгдэлдээ үргэлжлүүлэн мал маллаж байсан. Б.Отгонхүү нь одоо Сэлэнгэ аймаг амьдардаг. Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн даргаар н.Бадам, н.Бадарч, н.Баттөмөр гэх хүмүүс ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох Ш.Лхамхүүгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ш.Батнасангийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 441 тоот шийдвэр зэрэг баримтууд авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримт болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Отгонхүүгийн Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнааражиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Отгонхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Монголмууд овогтой Баатарын Отгонхүүгийн Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Отгонхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА