| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0084/Э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2020-07-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 112
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С ургийн овогт Д-ын М-т холбогдох 2035000000072 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн С ургийн овогт Д-ын М, 1995 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эгч, ах, дүү нарын хамт Увс аймгийн Ховд сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ............
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 32-92 УВЗ улсын дугаартай мустанг-5 загварын мотоцикл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4а, 3.4в, 12.1, 10.8в дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчиж, иргэн Т.И-ын жолоодож явсан УАЗ 31512 загварын 60-96 УВЗ улсын дугаартай авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч З.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000072 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, автомашин болон мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-20 дугаар хуудас/,
2. Хохирогч З.Т-ын “...Ховд сумын чиглэлд өөрийн хүү Д.М-ийн хамтаар мотоциклтой явсан. Тэгээд сумын төв рүү орж ирээд Ц гэдэг айлын хажуу талын өнцгөөр эргэх гэсэн чинь урдаас машин гарч ирээд аль аль нь яах ийх зуургүй, мөргөлдчихсөн үү, шүргэчихсэн үү яасан юм бүү мэд тас хийж дуугараад унасан тэрнээс хойш яаг юу болоод байгааг сайн мэдээгүй. Нэг мэдсэн чинь нэг хүн бууж ирээд эмнэлэг дуудна энэ тэр гэж ярьж хэлж байсан өөр бусдаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
“...Тухайн үед манай хүү М нь хашаа дагаад чигээрээ явж байсан юм. Тухайн автомашин нь хашааны тойрох хэсэг буюу булангаас зүүн талаас гарч ирээд миний зүүн хөлийг мөргөсөн юм. ...Тухайн үед манай хүү М нь хэдэн км хурдтай явж байсан талаар би хэлж мэдэхгүй байна. Мөн тухайн автомашины жолооч хэдэн км болон хир зэрэг хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Би тухайн автомашины ирж байгааг хараагүй хашааны өнцгөөр нэг мэдэхэд гараад ирсэн. ...Би тухайн зам тээврийн ослоос нийт эмчилгээний зардал болох 600’000 төгрөгийн хохирол учирсан мөн зүүн хөлдөө 10 хадаас хадуулаад 1’000’000 төгрөгийн хохирол учирсан. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,
3. Гэрч Т.И-ын “...2020 оны 04 сарын 02-ны өдрийн 11 цагийн орчим Увс аймгийн Ховд сумын Засаг дарга Түмэндэмбэрэл гэх хүнийг Өмнөговь сумаас тосож авах зорилгоор тамгын газрын ажилтан Оь гэх залуугийн хамт явахаар өөрийн эзэмшлийн УАЗ 469 загварын 60-96 УВХ дугаартай автомашинаараа Оийн гэр болох Ховд сумын гэр хороололд очиж аваад хорооллоос гарах гээд Оийн хамт явж байтал хорооллын дээд өнцөгт ирээд би хашаагаа шахаад баруун гар талд дараад эргэж байтал урдаас хурдтай мотоцикл гарч ирээд автомашины жолооч тал буюу автомашины зүүн урд талын хэсгээр мотоциклийн зүүн талын гар хэсэгт мөргөлдөөд зогссон юм. ...Би нармалдаж 2 дугаар араагаараа явж байсан болохоор хэдэн км хурдтай явж байсан талаараа сайн хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
4. Гэрч Ч.О-ийн “...бид хоёр машинд орж суугаад шууд хөдөлсөн, тээврийн хэрэгсэл дотор бид хоёроос өөр хүн байгаагүй бид хоёр хоёулхнаа явсан. Манай гэрийн үүдэн дээрээс хөдлөөд 50-100 метр орчим явсан байх яаг сайн мэдэхгүй байна, ойрхон болсон юм манайхаас хөдлөөд урагшаа хорооллоос гардаг хашааны өнцөг эргэж байхад урдаас мотоцикл хальт үзэгдээд тас гэж дугараад хажуу тийшээ унасан. Тэгээд бид хоёр шууд зогсоод машинаасаа буугаад очсон чинь машины зүүн талд нэг эмэгтэй хүн хэвтчихсэн хашхираад миний хөл бэртчихлээ, гээд хашхираад байсан хажууд нь мотоциклын жолооч залуу суугаа байдалтай хөлөө бариад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
5. Гэрч П.Б-гийн “...би гадагшаа гараад хашааны заагаар харсан чинь цагаан өнгийн жаран ес загварын автомашин урагшаа харсан байдалтай зогсож байсан харин Ц гэдэг айлын хашааны үүдэнд байдаг машины чиргүүлийн хажууд улаан шар өнгийн мотоцикл зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,
6. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 257 дугаартай “...Үзүүлэгч З.Т-ын биед гэмтэл учирсан байна. Зүүн дунд чөмгөний доод 1/3 хэсгийн бутарсан далд хугарал, зүүн шилбэний шаант яс, тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн хөндлөн далд хугарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хацарт зулгаралт баруун нүдний гадна буланд зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, цээжний зүүн хажуу хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн дунд чөмгөний доод 1/3 хэсгийн бутарсан далд хугарал, зүүн шилбэний шаант яс, тахилзуур ясны дунд 1/3 хэсгийн хөндлөн далд хугарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
7. Замын цагдаагийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дугаартай “...УАЗ-31512 загварын 60-96 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т овогтой И /оп82060810/ 32-92 УВЗ улсын дугаартай мустанг-5 загварын тээврийн хэрэгслийн жолооч Д овогтой М /оп95062011/ нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. ...Жолооч Т овогтой И нь /оп95062011/ 3.4а энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн, бүтэн байдлыг хангах гэсэн заалт осол гарахад нөлөөлөөгүй байна. 32-92 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийн жолооч Д овогтой М нь /оп95062011/ 3.4а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)... 12.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн нь 10.8в баруун гар тийш нэвтрэх үйлдлийг зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явж гүйцэтгэнэ осол гарахад шууд шалтгаан болсон байна. ...Жолооч Д овогтой М нь 32-92 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй байна. 32-92 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийг “А” ангиллын жолоочийн үнэмлэхтэй жолооч жолоодно...” гэх дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 32-92 УВЗ улсын дугаартай мустанг-5 загварын мотоцикл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4а, 3.4в, 12.1, 10.8в дэх хэсэгт заасныг зөрчиж, иргэн Т.Иын жолоодож явсан УАЗ 31512 загварын 60-96 УВЗ улсын дугаартай авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдож байна. Уг зам тээврийн ослын улмаас хохирогч З.Тын биед хүндэвтэр гэмтэл учирсан байна.
Шүүгдэгч Д.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэх гэмт хэргийг хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч Д.М нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчиж, болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч З.Т нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй шүүгдэгч Д.М нь хохирогч З.Т-ыг эмчилгээ хийлгэж байгаа гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Т-ын цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хохирогч З.Т нь мөрдөн байцаалтын шатанд “...Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч С.Н /хх-ийн 52 дугаар хуудас/, С.Н /хх-ийн 53 дугаар хуудас/, С.М /хх-ийн 55-56 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 178 дугаар хуудас/, Увс аймгийн Ховд сумын Шивэр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 176 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь Увс аймгийн Ховд сумын 2 дугаар багт мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Мийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Мт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт 4 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С ургийн овогт Д-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.М-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Д.М-т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Мт мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт 4 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч З.Т-ын цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11, 36.12 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.М-т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА