Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 1267

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         07          07                                       2020/ШЦТ/1267

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Г.Ч.,

шүүгдэгч Ү.А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Г.ын Ч., И. овогт Ү.ын А. нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1906 05240 1572 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Багануур дүүргийн 5 дугаар хороо, нарийн 25 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, НЧ95061505 регистрын дугаартай, Б. овогт Г.ын Ч..

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, И. овогт Ү.ын А..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ч. нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Энхтайвантай маргалдаж, таарамжгүй харьцаа үүсгэн түүний толгой хэсэгт цохиж, өшиглөх зэргээр биед нь халдаж, түүний нүүр, доод мөчинд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ү.А. нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Эрдэнэхандтай маргалдаж, таарамжгүй харьцаа үүсгэн түүний толгой хэсэгт цохиж, үсдэх зэргээр биед нь халдаж, биед нь нүүрэнд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хамтран амьдарч байсан Г.Ч.тэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хараа дэлгүүрийн урд өөрийн танил эмэгтэй Эрдэнэханд, түүний танил дүү Нараа бид 3 очиж уулзсан. Тэгэхэд Ч. согтуу над руу дайрч, үсдэж, цохиж зодсон бөгөөд Эрдэнэхандыг Ч.тэй хамт явж байсан эмэгтэй дайраад зууралдаад байсан. Намайг Ч. үсдэж, гараараа нүүрэн хэсэгт цохиж, мөн хөлөөрөө толгой өшиглөж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27/,

- Хохирогч Д.Эрдэнэхандын өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 18:00 цагийн үед би найз залуу болох Энхтайвантай хамт 2.5 литр 2 том пиво гэрт нь хувааж уугаад сууж байтал Энхтайваны найз Ч. гэх эмэгтэй уулзмаар байна гээд утсаар яриад байсан. Бид хоёр Энхтайваны гэрээс гараад Ч.тэй нь уулзах гээд Хас захын доод талын угаалгын газрын доор явж байтал Ч. нь нэг хүүхэнтэй машинтай явж байсан. Машинаас Ч. хамт явж байсан халимаг шар өнгийн үстэй 30 орчим насны эмэгтэй хоёр бууж ирээд намайг манай дүүг яагаад оролдоод байна гэж хэлээд над руу дайрсан. Намайг үсдэж аваад миний нүүрийг маажсан тухайн үед би хамгаалаад нүүрээ гараараа дарсан байсан. Мөн зүүн талын нүдийг цохиж, гэмтээсэн, дух, толгой руу цохисон, миний биед учруулсан гэмтлийг Ч.ийн найз гэх эмэгтэй намайг үсдэж, нүүр маажиж гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22/,

- Гэрч О.Нарантуяагийн өгсөн: “Эрдэнэханд эгч залгаад Хараа нэртэй дэлгүүрийн өмнө хүнд зодуулж байна гэж хэлэхэд би очиход Эрдэнэханд эгчийг үл таних эмэгтэй дороо оруулчихсан үсдээд нүүрэн хэсэгт цохисон ба хэдэн удаа цохисныг сайн хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10584 тоот: “1.Д.Эрдэнэхандын биед нүүрэнд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 36/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10585 тоот: “1.Б.Энхтайваны биед нүүр, доод мөчинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 40/,

- Г.Ч.ийн яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр найз болох Ү.А.тай хамт гэртээ байж байсан. Тэгээд хуучин хамт амьдардаг байсан залуу болох Б.Энхтайванаас эд зүйлсээ авах талаар утсаар яриад А.ы хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хараа нэртэй дэлгүүр дээр уулзсан. Тэгээд би Б.Энхтайвантай уулзаж маргалдаж байгаад түүнийг цохиж зодсон бөгөөд Ү.А. цаана Б.Энхтайвантай хамт явсан эмэгтэйтэй үлдсэн, яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан би Б.Энхтайвантай зодолдож байгаад гудамнаас гараад ирэхэд цагдаа нар ирчихсэн Б.Энхтайван бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 51/,

- Ү.А.ы яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 08 дугаар сарын 30-ны оройн 19:00 цагийн үед найз болох Г.Ч.ийн гэрт очоод хамт хоёр хоёр пиво уусан. Тэгтэл Г.Ч. намайг хоёулаа  хамт хүнтэй уулзаад ирмээр байна гээд бид хоёр Дарь-Эхэд байрлах Хараа нэртэй хүнсний дэлгүүрийн гадна очсон. Тэгээд тэр дэлгүүрийн гадна хуучин хамтран амьдардаг байсан залуутайгаа уулзсан бөгөөд гэнэт үл таних хоёр эмэгтэй хүрч ирээд Энхтайванаас юун хүүхнүүд юм бэ гээд маргалдаж эхэлсэн бөгөөд Ч. Энхтайванг аваад гудам руу орохдоо надад хандаад наад хоёр хүүхнээ наанаа харж байгаарай гэхэд хөгшин эмэгтэй нь намайг үсдэхээр нь харилцан үсдэлцэж байгаад би гараараа тэр эгчийн нүүр хэсэгт хоёр удаа цохисон. Тэр үед Г.Ч. гарч ирээд бид хоёрыг салгасан бөгөөд Ч. бид хоёр шууд Энхтайван руу яваар очиход Ч. Энхтайваны толгой хэсэгт нэг удаа өшиглөсөн. Удалгүй Мөнхөө гэх залуу цагдаад дуудлага өгөөд араас нь цагдаа  нар ирээд Ч., Энхтайван нарыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 56/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Ч. нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Энхтайвантай маргалдаж, таарамжгүй харьцаа үүсгэн түүний толгой хэсэгт цохиж, өшиглөх зэргээр биед нь халдаж, түүний нүүр, доод мөчинд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан, Ү.А. нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Эрдэнэхандтай маргалдаж, таарамжгүй харьцаа үүсгэн түүний толгой хэсэгт цохиж, үсдэх зэргээр биед нь халдаж, биед нь нүүрэнд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Г.Ч., Ү.А. нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

          Г.Ч. нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Энхтайвантай маргалдаж, таарамжгүй харьцаа үүсгэн түүний толгой хэсэгт цохиж, өшиглөх зэргээр биед нь халдаж, түүний нүүр, доод мөчинд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан, Ү.А. нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Эрдэнэхандтай маргалдаж, таарамжгүй харьцаа үүсгэн түүний толгой хэсэгт цохиж, үсдэх зэргээр биед нь халдаж, биед нь нүүрэнд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Энхтайван, Д.Эрдэнэханд нарын мэдүүлэг, гэрч О.Нарантуяагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10584, 10585 тоот дүгнэлтүүд, Г.Ч., Ү.А. нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Ч., Ү.А. нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч нар гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Г.Ч., Ү.А. нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч  Г.Ч., Ү.А. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Г.ын Ч., И. овогт Ү.ын А. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч., Ү.А. нарт тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА